Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 119/2023/0024/З |
Дугаар | 221/МА2023/0729 |
Огноо | 2023-12-07 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2023/0729
“Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б*******” ХХК
Хариуцагч “Э*******” ТӨХК
Хариуцагч “Э*******” ТӨХК-ийн ЭБЦТС/202301001 дугаартай “АС утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд “Г*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Э*******” ТӨХК, тус компанийн ЭБЦТС/202301001 дугаартай “АС утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ЭБЦТС/202301001 дугаартай АС утас нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэр болон түүний дагуу гарсан Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай Т1-94 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах,
-дахин үнэлгээ хийхийг ЭБЦТС/202301001 дугаартай АС утас нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд даалгах, “Б*******” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э*******” ТӨХК-д даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, Б.Ж*******
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 119/2023/0024/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас “Э*******” ТӨХК, тус компанийн ЭБЦТС/202301001 дугаартай “АС утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ЭБЦТС/202301001 дугаартай АС утас нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэр болон түүний дагуу гарсан Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай Т1-94 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах,
-дахин үнэлгээ хийхийг ЭБЦТС/202301001 дугаартай АС утас нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд даалгах, “Б*******” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э*******” ТӨХК-д даалгах”-аар маргасан байна.
2.Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр:
“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 19 дүгээр зүйлийн 19.2, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн “Э*******” ТӨХК, тус компанийн ЭБЦТС/202301001 дугаартай АС утас нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ЭБЦТС/202301001 дугаартай АС утас нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэр болон түүний дагуу гарсан “Э*******” ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Т1-94 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг ЭБЦТС/202301001 дугаартай АС утас нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд даалгах, “Б*******” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э*******” ТӨХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ...анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянцагаан нь шүүх хуралдаанд тендерт шалгарсан гэх "Г*******” ХХК нь мөн үйлдвэрлэгчийн танилцуулга, сертификат, бүтээгдэхүүний танилцуулга ирүүлээгүй байхад тендерт шалгаруулсан нь хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан CD /2-т/-д “Г*******” ХХК-иас тендерийн баримт бичигт гаргаж өгсөн "Х" компанийн товч танилцуулга, техникийн тодорхойлолт, тус компанийн Байгаль орчны удирдлагын тогтолцооны гэрчилгээ, Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын гэрчилгээ, Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, Бүтээгдэхүүний чанарын шаардлагын гэрчилгээ /ган голчтой хөнгөн цагаан утас 7 төрлөөр/ ACSR-ын туршилтын протокол /7 төрөл/-ууд авагдсан бөгөөд Үнэлгээний хорооноос ТШЗ-д заасан шаардлагыг хангасан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм" гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй гэж үзэж байна.
Учир нь "АС утас" нийлүүлэх тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/ хавсралт техникийн тодорхойлолтод Тросс 35 гэж заасныг манай компани хангаагүй буюу ирүүлсэн материал нь дутуу гэж үзэж тендерээс хасах шийдвэрийг гаргасан хэрнээ гуравдагч этгээд "Г*******” ХХК-иас Тросс 35 гэж заасантай холбоотой нэг хуудас ч баримт өгөөгүй байхад түүнийг шаардлагад нийцсэн гэж хариуцагчаас дүгнэснийг анхан шатны шүүх зөв гэж дүгнэж байгаа нь хэт нэг талд үйлчилсэн, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээс өөр аргагүй.
3.2.Шүүхээс дээрх байдлаар дүгнэсэн нь нотлох баримтуудыг ямар ч үндэслэлгүйгээр гуравдагч этгээдэд ашигтайгаар шийдэхээр хүчээр тааруулсан гэж хардахаар байх ба учир нь "Х" компанийн товч танилцуулга гэх баримтаас үзэхэд тус компани нь зөвхөн цахилгааны утас, кабель үйлдвэрлэдэг, тросс үйлдвэрлэдэггүй болох нь харагдаж байх ба "АС утас" болон тросс гэдэг бол 2 тусдаа өөр өөр бүтээгдэхүүнүүд, мөн 1/ техникийн тодорхойлолт, 2/ Байгаль орчны удирдлагын тогтолцооны гэрчилгээ, 3/ Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын гэрчилгээ, Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, 4/ Бүтээгдэхүүний чанарын шаардлагын гэрчилгээ /ган голчтой хөнгөн цагаан утас 7 төрлөөр/ 5/ ACSR-ын туршилтын протокол гэх баримтууд нь зөвхөн "АС утас"-тай холбоотой баримтууд, тэр дотор тросс гэх нэг ч баримт байхгүй байхад түүнийг Тросс 35-ын материал гэж дүгнэж байгаад гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл манай компанийн зүгээс "АС утас"-тай холбоотой бүх шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхөөс гадна Тросс 35-тай холбоотой БНХАУ-ын Рэн чиү хотын Ж цахилгаан холбооны хэрэгсэл ХХК-ийн лабораторийн шинжилгээний бичиг орчуулгын хамт, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдсэн баримтыг гаргаж өгсөн байхад Тросс- 35-ын шаардлагыг хангахгүй гэж үзсэн хэрнээ гуравдагч этгээдийн зүгээс ядаж манай компанийн гаргаж өгсөн Тросс-35-тай холбоотой баримтуудын аль нэгийг нь ч тендерийн баримт бичигтээ огт хавсаргаагүй орхигдуулсан байхад тендер шалгаруулалтаас хасах байтал шаардлагад нийцсэн гэж шүүхээс дүгнэж байгаа нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг зөрчихийн зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.
Харин манай компанийн Тросс-35-тай холбоотойгоор гаргаж өгсөн БНХАУ-ын Рэн чиү хотын Ж цахилгаан холбооны хэрэгсэл ХХК-ийн үйлдвэрийн лабораторийн шинжилгээний бичиг нь тухайн бүтээгдэхүүний сертификатыг бүрэн орлодог баримт тул үйлдвэрлэгчийн зүгээс гаргаж өгсөн дээрх хоёр баримтын аль нэгийг нь тендерийн баримт бичигт хавсаргадаг учир үүнийг зөрчил гэх үндэслэлгүй болно.
3.3. Мөн шүүхийн шийдвэрт “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.20-д "Монгол Улсын гарал үүсэлтэй бараа" гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг", Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д "тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг" ойлгохоор тус тус заасан ба "Б*******" ХХК-ийн УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээг дотоод /Монгол Улс/-ын үйлдвэрлэгч гэдгийг нотолсон баримт гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Угаасаа хуулиар эрх олгоогүй этгээдээс лавлагаа, тодорхойлолт авчихаад, тэр байгууллага нь “манайд хамаагүй, эрх бүхий этгээд байдаг юм бол тэндээс нь асуу, манайхаас лав тийм зүйл аваагүй” гэсэн агуулгатай хариу авчихаар тэрийгээ үндэслээд татгалзсан шийдвэр гаргаж байгаа асуудлаар огт дүгнэлт хийхгүй, ганцхан өгүүлбэрээр “дотоодын үйлдвэрлэгч биш” гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн энэ талаар манай компаниас хүсэлт гаргахаар хүлээж авдаггүй хэр нь манай компанийн баримтыг тооцохгүй гэх боловч өөр юу байвал болох байсан гэдэг талаар дүгнэлт хийдэггүй, өөрөөр хэлбэл тохирлын гэрчилгээ нь дотоодын үйлдвэрлэгч гэдгийг нотлохгүй гэж дүгнэж байгаа бол тийм хуульд зааснаар тийм баримтаар дотоодын үйлдвэрлэгч гэдгийг нотлох ёстой байсан талаар дүгнэлт хийх ёстой байтал хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 "тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг" гэж ойлгохоор заасныг буруу тайлбарлаж, гадаадаас "АС утас" импортоор оруулж ирээд Монгол Улсын стандартад нийцэж байгаа эсэхийг шинжлүүлсэний үндсэн дээр тохирлын гэрчилгээ авсан мэтээр ойлгон дүгнэлт хийсэн буруу ба "Б*******" ХХК-ийн УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээнд Монгол Улсын хуулийн этгээд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг "Х" ХХК-ийн "М” үйлдвэрт үйлдвэрлэсэн "АС буюу хөнгөн цагаан цахилгаан дамжуулах утас" нь стандартад нийцсэн гэж үзэж тохирлын гэрчилгээ олголоо гэдгийг тэрхүү гэрчилгээн дээрх бичвэрүүдээс маш тодорхой харж болохоор байхад анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн.
Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Тохирлын баталгаа нь тохирлын гэрчилгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна", 14.2-т “Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрнө", 14.3-т "Тохирлын гэрчилгээг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага олгоно", 14.4-т "Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна" гэж тус тус зааснаас үзэхэд "Хар чонот" ХХК-д Монголын Улсын Стандарт, хэмжил зүйн газраас олгосон УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад төдийгүй олон улсад ч хүчин төгөлдөр болох нь тодорхой байхад түүнийг яагаад үнэлж дүгнэн дотоодын давуу эрх тооцохгүй талаар дүгнээгүй нь хуульд нийцэхгүй.
Түүнчлэн хэдийгээр тендерийн бичиг баримттай холбоотойгоор манай компани нь өрсөлдөөнийг хязгаарласан талаар гомдол гаргаагүй боловч хариуцагчийн зүгээс "АС утас"-ны гарал үүслийг буюу дотоодын үйлдвэрийнх гэдгийг нотлохыг шаардаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна", 11.1.2-т “үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх, үндэсний стандарт, техникийн норм байхгүй тохиолдолд Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, 11.1.3-т "барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй", 11.1.4-т "энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард “эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэх” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
3.4.Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...дээрх "АС утас" нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх талаар нэхэмжлэгч талаас үндэслэл бүхий тайлбарлаж маргаагүй...” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй.
Анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ тендер шалгаруулалтын хууль бус шийдвэрийг үндэслээд бараа материалаа нийлүүлсэн гэдэг нөхцөл байдал, энэ талаар хариуцагчаас гаргаж өгсөн баримтад үндэслэсэн байдаг бөгөөд шүүхээс хууль бус болохыг нь тогтоохоос өмнө амжуулаад хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлээд дуусгавал тэр нь буцаах боломжгүй, хууль ёсны болдог мэтээр хэт нэг талыг барьсан байна.
Манай компанийн хувьд албан ёсны борлуулалтын гэрээг "Хар чонот" ХХК-тай байгуулсан, цаашид олон олон энэ мэт тендерт оролцохын зэрэгцээ хуулийн дагуу гомдлоо хууль, шүүхийн байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлж байхад нэгэнт болоод өнгөрсөн учраас эрх чинь сэргэхгүй мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цаашилбал Монгол Улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бүх хуулийн этгээдүүд тендерт оролцох, шударгаар материалаа үнэлүүлэх, тендерт шалгарч, ажил гүйцэтгэх эрхтэй байтал хэрхэн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй гэх байдлаар дүгнэж байгааг ярьдаг хууль гэгддэг шүүгч хүнээс гарсан үг, шүүхээс хийсэн дүгнэлт гэхэд маш ойлгомжгүй байна.
Шүүхийн шийдвэр гэдэг зөрчигдөж болзошгүй болон зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах хууль, эрх зүйн хэрэгсэл байтал хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байгаад харамсаж байх ба учир нь нэхэмжлэгчийн зүгээс хуулийн хугацаанд багтаан нэхэмжлэлээ шүүхэд гаргаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулахаар хүсэлтээ гэрээ байгуулагдахаас өмнө гаргасан байхад түүнийг шийдвэрлэхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т заасан хугацааг зөрчиж, хэтрүүлснээс болж, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хооронд гэрээ байгуулагдаж, бараа материалаа нийлүүлэх нөхцөл байдлыг бий болгосон хэрнээ одоо манай компанийн эрх хэрхэн сэргээхийг асууж байгаа нь доромжлол мэт санагдаж байна.
3.5.Даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх бөгөөд энэ нь эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр байдаг. Мөн маргаан бүхий тендер нэгэнт явагдаад, бараа нийлүүлэх ажил гүйцэтгээд дууссан болох нь үйл баримтуудаар тогтоогдсон..." гэх дүгнэлтийг хийж, дахин үнэлгээ хийхийг даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зөрчиж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасны дагуу хариуцагчаас 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр татгалзсан шийдвэрээ аль хэдийнээ гаргасан тул нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Сангийн яаманд хандаж гомдлоо гаргаснаар шууд шүүхэд хандах нөхцөл бүрдсэн тул энэ хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар хариуцагчид өөрт нь хандаж гомдол гаргах процесс журам хуульчлагдаагүй болно.
3.6.Анхан шатны шүүхээс манай компанийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан нэг үндэслэл болох "...гуравдагч этгээд "Г*******” ХХК-ийн 2021 онд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн 67.6 сая төгрөгийн ЖС-БН- 04/2021 дугаар гэрээнд АС25 утас 2.6 сая төгрөг, АС-50 утас 2.4 сая төгрөг буюу нийт 5 сая төгрөгийн АС утас нийлүүлсэн байх бөгөөд уг гэрээний дагуу нийлүүлсэн бусад бараа нь АС утас биш, уг тендерт холбогдолгүй барааг ижил төстэй бараа нийлүүлсэнд тооцохгүй, мөн 2022 онд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн 238.8 сая төгрөгийн ЖС-БН-08/2022 гэрээнд АС 25 утас, 19.8 сая төгрөг, АС-50 утас 17.6 сая төгрөr буюу нийт 37.4 сая төгрөгийн АС утас нийлүүлсэн байх бөгөөд бусад бараа нь АС утас биш, уг тендерт холбогдолгүй бараа тул ижил төстэй бараа нийлүүлсэнд тооцохгүй. Эхний зарласан тус тендерт энэхүү 238.8 сая төгрөгийн гэрээг оруулаагүй, ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагагүй гэсэн үндэслэлээр дахин үнэлгээгээр хасагдсан бөгөөд 2 дахь удаагаа зарласан тендерт 238.8 сая төгрөгийн гэрээг нэмж оруулсан нь тус гэрээ хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй, иймээс "Г*******” ХХК-ийн дээрх 2021, 2022 онуудад АС утас нийлүүлсэн гэрээний нийлбэр 42.4 сая төгрөг буюу санал болгож буй төсөвт өртгийн 60 хувьд хүрэхгүй, дөнгөж 12 хувь орчим болж байхад өмнөх тендерт энэ зөрчлийн улмаас хасагдаж байсан компанид илт давуу байдал олгож хувийн ашиг сонирхлын үүднээс зориудаар дахин шалгаруулсан байна" гэх үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс:
1.Дотоодын давуу эрх тооцох,
2.Нэхэмжлэгч гуравдагч этгээд компаниудын Тросс 35 материалтай холбоотой хэсэгт үндэслэлгүй дүгнэлт хийсэн,
3.Гуравдагч этгээд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын мэдээлэл шаардлага хангахгүй гэсэн 3-хан үндэслэлээр маргасан байхад нэг үндэслэлд нь огт дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг барьсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.7, 107.4-т тус тус заасныг зөрчиж байна.
Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.4-т "Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл", 2-т Тус заалтад шаардах туршлагын төсөвт өртөг нь 2021, 2022 онуудад ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний нийлбэр нь санал болгож буй төсөвт өртгийн 60 хувиас дээш байх. Ижил төстэй гэдэгт зөвхөн АС утас нийлүүлсэн материалыг гэж ойлгоно" гэж заасныг гуравдагч этгээд "Г*******” ХХК нь хангахгүй байхад тендерт шалгаруулсан нь хууль бус гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байхад энэ талаарх бүх баримтууд нь хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ шүүх энэ талаар дүгнэлт хийвэл гуравдагч этгээдийн эсрэг дүгнэлт хийгдэхээс айсан уу, эсхүл санаатай дүгнэлт хийлгүй орхисон уу гэдгийг мэдэхгүй ч санаандгүй орхисон гэж үзэхэд эргэлзээтэй ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан үр дагаварт хүргэж байна.
Тус давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэж, хэргийг зөв шийдвэрлэсэн эсэхийг хянаж, магадлал гаргадаг байтал анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй асуудлыг зөв эсэхийг хянах боломжгүй, цаашилбал нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлүүдэд бүрэн дүгнэлт хийсэн тохиолдолд 3 үндэслэлийн 2 нь үндэслэлгүй байсан ч үлдэж байгаа 1 үндэслэл нь хангах үндэслэлтэй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах боломжтой байтал ийнхүү дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.
3.7.Мөн анхан шатны шүүхээс манай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ манай компанийн маргаж байгаа бас нэг үндэслэл болох Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаар тогтоолоор батлагдсан "Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй барааны жагсаалт"-ын 13-т “Өнгөт болон хар төмөрлөгийн бүтээгдэхүүн", 13.5-д "Өнгөт төмөрлөг бүтээгдэхүүн /катодын зэс, зэсийн хайлш, зэс утас, зэс голтой уян кабел, бүрээсгүй хөнгөн цагаан /ган голтой/ АС утас, хөнгөн цагаан голтой бүрээстэй СИП кабель, хүчний болон хоёрдогч хэлхээний кабель, холбогч эд анги" гэж заасанд ямар ч эргэлзэх зүйлгүйгээр багтсан байхад түүнийг харгалзан үзээгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгоно", 10.1.1-т "Монгол Улсын гарал үүсэлтэй болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд", 10 дүгээр зүйлийн 10.1-т "Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно", 101.2-т "Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн Газар батална" гэж тус тус заасныг хариуцагч нар нь зөрчиж байна гэж маргасан асуудлын талаар огт дүгнэлт хийгээгүй нь мөн л хуульд нийцэхгүй байна.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хүрээнд гаргасан шийдвэрүүд нь ихэвчлэн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, экспортыг дэмжих, эдийн засгаа солонгоруулахад чиглэгдэж байгаа бөгөөд түүний хүрээнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор дээрх Засгийн газрын тогтоолыг гаргаж, дээрх хуульд шаардлагатай өөрчлөлтийг хийсэн болох нь хэнд ч ойлгомжтой байхад яагаад ийм жижиг зүйлээр шалтаглан төрийн бодлогын эсрэг, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан талаар дүгнэлт хийх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан.
Хэдийгээр дотоодын үйлдвэрийн бараа материал нийлүүлэхэд давуу байдал тооцохоор заасан боловч түүнийг ямар байгууллагаас олгосон ямар баримтаар нотлох талаар холбогдох хууль тогтоомж, журамд заасан зүйл байхгүй, мөн хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс манай компанийн санал болгосон "АС утас" нь дотоодын буюу Монгол Улсад үйлдвэрлэгдсэн гэдэгтэй маргадаггүй, гагцхүү тэр нь хөдөлшгүй баримттай байх ёстой гэх боловч тэр нь ямар баримт байвал болохыг өөрсдөө ч мэддэггүй.
Тиймээс энэхүү асуудал нь зөвхөн энэхүү тендерээр дуусах асуудал биш бөгөөд цааш цаашдын тендер шалгаруулалтуудад давтан яригдах, маргаан дагуулах асуудал байхад шүүхээс түүнийг авч үзэлгүй, дүгнэлт хийлгүй орхигдуулж байгаа нь хуульд нийцэхгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ", 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ", 11.6-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй" гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.“Барилга Эрч” ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 хоногийн дараа буюу 30-ны өдөр “Э*******” ТӨХК болон гуравдагч этгээд “Г*******” ХХК-ийн хооронд “АС утас” нийлүүлэх ЭБЦТС/Б1-13/2023 дугаар гэрээ байгуулагдаж, нийт 436.059.525 төгрөгийн үнэ бүхий “АС” утсыг захиалагчийн ажлын хэсэг мөн оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч гэрээ дүгнэгдсэн, өөрөөр хэлбэл хэрэг хянан шалгах ажиллагааны явцад бараа 100 хувь нийлүүлэгдэж, ажил гүйцэтгэгдсэн байгаатай холбогдуулан давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндаваагаас нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулахад:
Тэрбээр “…хууль бус болох нь тогтоогдвол хохирлын асуудлыг ярих, цаашилбал дараа дараагийн тендерт яг энэ үндэслэлээр дотоодын давуу эрх тооцохгүй байгаа нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс одоогийн шаардлагаараа явж байгаа. Шүүхээс гэрээ байгуулахыг даалгах боломжгүй боловч дахин үнэлгээ хийж, дотоодын давуу эрх тооцох ёстой байсан эсэх, мөн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох боломжтой. Нэгэнт хэрэгжчихсэн учраас цаашдын үр дагавар шаардахгүй гэж үзэж байна. Харин дараа дараагийн тендерт энэхүү асуудал саад болох учраас зайлшгүй дүгнүүлж, шийдвэр гаргуулах шаардлагатай байна…” гэж тайлбарлах боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа уг акт хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй энэ тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Учир нь дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой эсэхийг харгалзан үзэх ёстой.
2.Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерт “дотоодын давуу эрх тооцоогүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор баталсан “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-ын 13.5-д “…зэс утас, зэс голтой уян кабель, бүрээсгүй хөнгөн цагаан (ган голтой) АС утас, хөнгөн цагаан голтой бүрээстэй СИП кабель, …” гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн санал болгосон АС утсанд дээрх хууль болон журамд заасны дагуу дотоодын давуу эрх тооцох бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна.
Учир нь Стандарт, хэмжил зүйн газраас “Хар чонот” ХХК-д 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 2 жилийн хугацаатай олгосон Мон-Сип үйлдвэрийн хавсралтад заасан бүрээсгүй гант /АС/ хөнгөн цагаан цахилгаан дамжуулагч утас, Мон-Сип үйлдвэрийн хавсралтад заасан XLPE полиэтилен тусгаарлагч болон бүрээстэй /СИП/ хөнгөн цагаан цахилгаан дамжуулагч утсыг тус тус MNS/IEC 61089:2000 стандартад нийцэж байгааг нотлох УБД0002240 дугаар тохирлын гэрчилгээг нэхэмжлэгч тендерийн баримт бичигт хавсаргаж өгсөн, энэхүү тохирлын гэрчилгээ нь зөвхөн стандарт, норматив тенхикийн баримт бичгийн шаардлага хангаж байгааг нотлохоос гадна дотоодод үйлдвэрлэсэн АС утас болохыг давхар нотлох “тохирлын баталгаа” болно.
Засгийн газрын дээрх тогтоолд хавсралтын тэргүүг “…тохирлын баталгаатай барааны жагсаалт” гэж тодорхойлсон, мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэсэн ч, уг хуулийн 14.1-т “Тохирлын баталгаа нь тохирлын гэрчилгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна”, 14.3-т “Тохирлын гэрчилгээг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага олгоно”, 14.4-т “Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна” гэж тус тус зааснаас үзэхэд “Х” ХХК-д олгосон Тохирлын гэрчилгээтэй АС утас нь Засгийн газрын 2019 оны 90 дүгээр тогтоолд заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай бараанд хамаарахаар байна.
Мөн Үнэлгээний хорооноос Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандаж 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 356 дугаар албан бичгээр “Х” ХХК-ийн үйлдвэрлэдэг АС, СИП утсыг Монгол Улсад үйлдвэрлэдэг эсэх талаар лавлагаа хүссэний хариу албан бичигт “МҮХАҮТ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон олборлосон бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход гарал үүслийн гэрчилгээ олгодог. Дотооддоо нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэсэн эсэхийг тухайн салбарын эрх бүхий байгууллагаас тодруулна уу…” гэсэн нь “Х” ХХК-ийн үйлдвэрлэдэг АС утсыг Монгол Улсад “үйлдвэрлээгүй” буюу “дотоодын давуу эрх тооцохгүй” гэж дүгнэх үндэслэл болохгүй, түүнчлэн АС утсыг дотооддоо борлуулж, худалдах гэж буй энэ тохиолдолд Танхимаас бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагагүй.
Гэтэл Үнэлгээний хороо тухайн үед нэхэмжлэгчийн санал болгосон АС утасны Тохирлын гэрчилгээг зөвхөн стандарт, шаардлага хангасан болохыг тогтоохоос бус дотооддоо үйлдвэрлэснийг нотлох баримт биш гэж дүгнэн, үнэлгээ хийхдээ дотоодын давуу эрх тооцоогүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Монгол Улсын гарал үүсэлтэй …бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд”-д тендерийн үнэлгээ хийхдээ давуу эрх олгоно гэснийг зөрчсөн байхад шийдвэрт Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхдээ холбогдох хууль, журмын зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэжээ.
3.Харин Үнэлгээний хорооны “…нийлүүлэхээр санал болгосон тросс 35-ын холбогдох баримтуудыг ирүүлээгүй…” гэснийг анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан “…санал болгосон тросс 35-ын үйлдвэрлэгч БНХАУ-ын “Ж” компаниас танилцуулга болон үйлдвэрлэгчийн сертификатыг тодорхой шалтгааны улмаас тендерийн баримт бичигт өгөөгүй…” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байгаа талаар зөв дүгнэсэн ч “Голд Хангай” ХХК-ийн санал болгосон АС утасны үйлдвэрлэгчийн танилцуулга, техникийн тодорхойлолт, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, АCSR-ын туршилтын протокол зэрэг баримтууд нь тухайн АС утсанд л хамаарахаас бус АС утсыг тогтоогч тросс 35-д хамааралгүй, өөрөөр хэлбэл тендерийн баримт бичигт заасан шаардлагыг тросс 35-ын тухайд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль аль нь бүрэн хангаагүй байна.
4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгох”-оор заасан, гэвч дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн санал болгосон тросс 35 нь ТШЗ-ийн 19.6 “Техникийн тодорхойлолтод дурдсан чанар, материал, тоног төхөөрөмжийн заавар, стандарт, барааны тэмдэг, каталогийн дугаар зэрэг тухайн бараанд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлох баримтгүй” тул зөвхөн АС утсанд дотоодын давуу эрх тооцоогүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх нь хангалтгүй юм.
Тендерт шалгарсан “Голд Хангай” ХХК-ийн хувьд мөн л тросс 35-тай холбоотой ТШЗ-ийн 19.6-д заасан шаардлага бүрэн хангагдаагүй, мөн ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын талаарх шаардлагыг ч үнийн дүнгийн хувьд хангасан эсэх нь эргэлзээтэй байх боловч нэхэмжлэгчийнхээс 24.709.685 төгрөгийн бага үнэ санал болгосон, нэгэнт тендер шалгаруулалт явагдаж дууссан, АС утас бүрэн нийлүүлэгдсэн тул “дотоодын давуу эрх тооцоогүй” гэсэн шалтгаанаар давж заалдах гомдлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Харин шийдвэрийн Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болох 1 дүгээр зүйлийн 1.1-ийг баримтлах шаардлагагүй болохыг цаашид анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Барилга Эрч” ХХК-ийн захирал Д.О*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН