Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК -д холбогдох

11,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Уламбаяр, хариуцагчийн төлөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтанбулаг худалдааны чөлөөт бүс нь 2007 оны 11 сард Г ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2007 оны 11 сарын 5-ны өдөр 40 дугаартай “Эрх олгох тухай”, 2007 оны 11 сарын 5-ны өдөр “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 44 дугаартай захирамжаар 4 га газрыг “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, агуулахын аж ахуй, зочид буудлын барилга байгууламж”-ын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 5 сарын 23-ны өдөр 08/34 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-г, 2008 оны 5 сарын 23-ны өдөр 64 дугаартай “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 7 сарын 3-ны өдөр А/64 дугаартай захирамжаар “газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй” үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан. Алтанбулаг чөлөөт бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд 2017 оны 12 сарын байдлаар аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөрөөс нийт 756,789,400 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр өр үүсээд байна. Иймд гэрээний үүргийг хангуулахын тулд Г ХХК-аас “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 4.3-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй” гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд 1,327,000 төгрөг, 2010 онд 1,680,000 төгрөг, 2011 онд 1,680,000 төгрөг, 2012 онд 3,000,000 төгрөг, 2013 онд 3,360,000 төгрөг, 2014 онд 713,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд нийт 11,760,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас 2009 оноос 2014 оныг дуустал 6 жилийн газрын төлбөр нийт 11,760,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Тус компанид 2007 оны 11 сарын 5-ны өдрийн 40 тоот “Эрх олгох тухай”, 2007 оны 11 сарын 5-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 44 тоот захирамжаар 4 га газрыг “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, агуулахын аж ахуй, зочид буудлын барилга байгууламж”-ийн зориулалтаар олгосон байна. Нэхэмжлэгч талаас 2009 оноос 2014 оныг хүртэл нийт 11,760,000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд хууль зүйн үндэслэлгүйгээр газрын төлбөр нэхэмжилсэн байна. Газар эзэмших эрх олгосноос хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй бол газрын эзэмших эрх цуцлагдана. Нэхэмжлэгч нь эрх цуцлагдсанаас хойш 5 жилийн дараа буюу их хэмжээний төлбөр хуримтлуулсны үндсэн дээр 2014 онд гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна. Энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх 2008 онд цуцлагдах үндэслэлтэй байсан байна. Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул газрын төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл бүрдсэн. Газрын төлбөрийг 2009 оноос эхлэн жил бүр тогтсон хугацаа хэмжээгээр төлөхөөр анхнаасаа тогтсон байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт “тогтсон хугацааны туршид шаардлага гаргах хөөн хугацаа гурван жил” байхаар хуульчилсан байна. Нэхэмжлэгч 2014 онд газар эзэмшүүлэх гэрээг цуцалснаас хойш 4 жил хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан газрын төлбөрт 11,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч А болон Г ХХК нарын хооронд 2008 оны 5 сарын 23-ны өдөр 08/34 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ” нэртэй гэрээ /хх-11-14 тал/ байгуулагдаж, Г ХХК-д 06 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” /хх-26 тал/ 2008 оны 5 сарын 26-ны өдөр олгогдож, газар эзэмшүүлэх гэрээгээр  Г ХХК нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 2 га газрыг эзэмших, газрын төлбөрийг 2009 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаанд нь төлөх үүргийг хүлээсэн байх ба Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн 2014 оны 7 сарын 3-ны өдрийн А/64 дугаартай “Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай” захирамж /хх-20 тал/-аар газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй, эрхийн гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй үндэслэлээр Г ХХК-ийн газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг тус тус цуцалж, бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Г ХХК нь хуулийн этгээдийн нэрийг Г ХХК болгон өөрчилсөн болох нь хэрэгт баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч А  нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтад зааснаар газрын төлбөрийн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй тул хариуцагчаас газрын төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтад “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасны дагуу газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь 2009 оны 1 сарын 1-ний өдрөөс 2014 оны 7 сарын 3-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 2009 оны газрын төлбөрт 1,327,000 төгрөг, 2010 оны газрын төлбөрт 1,680,000 төгрөг, 2011 оны газрын төлбөрт 1,680,000 төгрөг, 2012 оны газрын төлбөрт 3,000,000 төгрөг, 2013 оны газрын төлбөрт 3,360,000 төгрөг, 2014 оны газрын төлбөрт 713,000 төгрөг, нийт 11,760,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй газрын төлбөрийн хэмжээ болон тооцоололд маргаагүй бөгөөд өөрийн татгалзлын үндэслэлийг эхний 2 жилийн төлбөрийг төлсөн байхад түүнийг хасч тооцоогүй, мөн эрхийн гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй бол газар эзэмших эрхийг цуцлах байтал 2014 онд гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь төлбөр хуримтлагдах нөхцөл болсон, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр тайлбарласан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг эхний 2 жилийн газрын төлбөрийг төлсөн гэдгийг шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа зөвшөөрч байх боловч хариуцагч эхний 2 жилийн төлбөрийг төлсөн гэх атлаа 2009 болон 2010 оны төлбөр нэхэмжилсэн шалтгааныг тодруулахад тодорхой тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нь эрхийн гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй бол газар эзэмших эрхийг цуцлах ёстой байхад цуцлаагүй гэх боловч газар эзэмших эрхийг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн 2014 оны 7 сарын 3-ны өдрийн А/64 дугаартай “Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай” захирамжаар хүчингүй болгосон байх тул уг захирамжийг гарах хүртэлх хугацаанд хариуцагчийг тухайн газрыг эзэмшсэн гэж үзнэ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ” гэж, 7 дугаар зүйлийн 7.4.11.-т “газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарах Монгол Улсын татварын нэг төрөл байна.

Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд татварын хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан зохицуулсан байх бөгөөд хуулийн 11.1.-д “...Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, мөн зүйлийн 11.2-т “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж тус тус заасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт Татварын Ерөнхий хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарахгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан газрын төлбөрийн тооцоололд маргаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг эхний 2 жилийн газрын төлбөрийг төлсөн болохыг зөвшөөрч байх тул хариуцагч Г ХХК-аас 2011 оны газрын төлбөрт 1,680,000 төгрөг, 2012 оны газрын төлбөрт 3,000,000 төгрөг, 2013 оны газрын төлбөрт 3,360,000 төгрөг, 2014 оны газрын төлбөрт 713,000 төгрөг, нийт 8,753,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2009 оны газрын төлбөр 1,327,000 төгрөг, 2010 оны газрын төлбөр 1,680,000 төгрөг, нийт 3,007,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Газрын төлбөрийн тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Г ХХК-аас 8,753,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А албанд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3,007,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Г ХХК-аас 154,998 төгрөгийг гаргуулан төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР