Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2018/01041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүргийн  дүгээр хороо, дугаар байрны 21 тоот хаягт оршин суух, В-  //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүргийн  дугаар хороо, дугаар хороолол, давхарын  тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Г ХХК-д холбогдох

 

590,280,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У, түүний өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Г ХХК-ийн захирал М.М, түүний өмгөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч В- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  В- нь М.М олон жил хамтран ажиллаж, нөхөрлөж ирсэн бөгөөд Г ХХК-ийн шаардлагатай материалын зардлыг БНХАУ-аас В- нь гаргахаар Г ХХК-ийн захирал М-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр  хамтран ажиллаж байсан. Г ХХК нь  В-д 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 305,619 ам.долларын өглөгтэй байсан бөгөөд талууд тохиролцож Г ХХК-ийн төлөх өрийн хэмжээг 300,000 ам.доллар болгон төлбөр төлөх хугацааг 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар захирал М- нь өөрийн гараар тооцооны баримтад гарын үсгээ зурж баталгаажуулсан. Г ХХК нь В-д төлөх 300,000 ам.долларыг 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч төлөх 300,000 ам.долларын төлбөрөөс 50,000 ам.долларт Мерседес бенз маркийн автомашиныг өгч, үлдэгдэл 250,000 ам.долларыг төлөөгүй тул 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдэж 250,000 ам.долларын төлбөрт дүүргийн дугаар хороо дугаар хороолол тоот хаягт байрлах барилгын зоорийн давхрыг В-д шилжүүлэхээр 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Талууд 02 тоот тооцоо нийлсэн актыг нэг хувь үйлдэж эх хувийг нь М- өөрөө авч, В-д хуулбарласан хувийг өгсөн бөгөөд актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба М- маргадаггүй. Өнөөдөр л 50,000 ам.долларт Мерседес бенз маркийн автомашин өгсөн тухай ярьж байна. Г ХХК нь хоёр талын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1, 2, 4-т заасны дагуу дүүргийн  дугаар хороо  дугаар хороолол тоот хаягт байрлах барилгын зоорийн давхрыг нийт 250,000 ам.долларт тооцон В-д шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч гэрээнд заасан үүргээ зөрчсөн бөгөөд Монгол Улсад ирэх болгонд М-ад хандан гэрээнд заасан зоорийн давхрыг шилжүүлж өгөхийг мэдэгдэж байсан боловч удахгүй шилжүүлнэ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ арай гараагүй байна гэх зэргээр өнөөдрийг хүртэл хохироосон. 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлийг байхгүй болгосон тул гэрээний үнийн дүн болох 250,000 ам.доллар буюу 590,280,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Иймд Г ХХК-иас 590,280,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “нийт компанийн тооцоог 300,000 ам.доллараар хаана, 2011 оны 8 дугаар сарын 01-нээс өмнө дуусгана” гэж Г.С бичиж би гарын үсэг зурсан. 50,000 ам.долларт Мерседес бенз маркийн автомашиныг өгсөн. 02 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаанд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу дүүргийн хороо, хороолол тоот хаягт байрлах барилгын зоорийн давхрыг БНХАУ-ын иргэн В-гийн нэр дээр гаргуулж өгөхийг шаардсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан үнийг төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В- // нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу  дүүргийн дугаар хороо,  дугаар хороолол, барилгын зоорийн давхрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 250,000 ам.доллар буюу 590,280,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Хариуцагч Г ХХК нь худалдах худалдан авах гэрээний үнийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч В- // нь хариуцагч Г ХХК-ийн захирал М-тай тохиролцож БНХАУ-д гарсан шаардлагатай зардлыг төлөх, бараа материал шилжүүлэх, гаалийн татвар төлөх зэргээр хамтран ажиллаж байгаад 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд үүссэн өр төлбөрийг тооцож, 300,000 ам.долларыг төлөхөөр тохиролцож, үүнээс  Г ХХК нь 50,000 ам.долларт Мерседес бенз маркийн автомашиныг хүлээлгэн өгч, 02 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгааг бичгээр үйлдэн байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “нийт компанийн тооцоог 300,000 ам.доллараар хаана, 2011 оны 8 дугаар сарын 01-нээс өмнө дуусгана” гэж талууд гарын үсэг зурж, тооцоо нийлсэн. Энэхүү тооцоог үндэслэн 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэрэгт 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 250,000 ам.доллар, 100,000 ам.доллар гэсэн өөр дүнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ авагдсан боловч энэ 2 гэрээ нь нэг гэрээ бөгөөд татвараас болж өөр, өөр үнийн дүн бүхий гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй /хх-ийн 62,71 тал/ гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас талуудын хооронд үүрэг үүсээгүй, өөрөөр хэлбэл эд хөрөнгө шилжүүлэх үүрэг үүсээгүй гэж маргаж буй тайлбарын үндэслэлээ нотлоогүй мөн дээрх төлбөрийн тооцоог нотлох баримтыг үгүйсгээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд төлбөр тооцооны үүргийг 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний шууд утгаар авч үзвэл, өмнөх хэлцлийн төлбөр төлөх үүргийн дүнгээр эд хөрөнгө худалдан авах агуулгатай 2 талын хүсэл зориг бүхий тохиролцоо хийгдсэн байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг худалдан авах үнээ төлөөгүйгээс эд хөрөнгөө шилжүүлэх үүрэггүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг үгүйсгэхгүй байхын зэрэгцээ энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг үнэн зөв гэж итгэн өмчлөх эрх шилжүүлэн өгнө гэж хүлээсэн нэхэмжлэгч талыг буруутгах боломжгүй байх ба үүрэг шилжсэн хэлцэл хэрэгжээгүйгээс анхны төлбөр тооцооны хэлцэл дуусгавар болоогүй учраас хэлцлийн үр дагавар арилаагүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ бодитоор хэрэгжсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх хуулиар журамласан хэлбэр хэрэгжиж байж хүчин төгөлдөр шинжийг агуулах байсан бөгөөд энэ тохиолдолд гэрээ бодитоор хэрэгжээгүй тул талуудын хооронд үүссэн төлбөр тооцооны гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэг шилжсэн хүсэл зоригийн илэрхийллээр авч үзэх үндэслэл бий болсон гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна гэж заасан зохицуулалтаар талуудын хооронд байгуулагдсан анхны гэрээний шаардах эрхийн хугацаа нь 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд худалдах-худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй гэж үзэж шаардлагаа өөрчлөн анхны гэрээний үүрэг шаардсан нь тасалдал бий болсон, үүрэг шилжсэн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу, хариуцагч нь тооцоо нийлсэн акт болон тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу 250,000 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн Вальютын ханш /2,361.12 төгрөг/-аар тооцоход 590,280,000 төгрөгийг төлөх үүргээ хэрэгжүүлэх, мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тохиролцсон дүнгээр шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч “Г” ХХК-иас 250,000 ам.доллар буюу Монгол банкнаас зарласан нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2,361.12 төгрөгөөр тооцож 590,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В- //-д олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                              

            1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 590,280,000 /таван зуун ерэн сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч В- //-д олгосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,200,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас илүү төлөгдсөн 90,650 төгрөгийг, хариуцагч Г ХХК-иас 3,109,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч В- //-д  олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ