Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/00757

 

 

 

 

 

 

 

   2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/00757

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

нэхэмжлэгч:  КБ ХХК

хариуцагч: МК-д холбогдох,

МК ХХК болон КБ ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ-ний ххх  тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 сарын 30-ны өдөр хүлээн авч 2017 оны 6 сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , хариуцагч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , хариуцагч КБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я , нарийн бичгийн даргаар Н.А  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МК ” ХХК болон КБны хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 2-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байрны 2 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж байна. Иргэн Я.С  2007 оны 11 -р сарын 3-ны өдөр “МК ” ХХК-тай 156 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, 48А байр 2 тоот 384.23 м.кв орон сууцыг нийт 130,000 ам.доллараар худалдан авахаар тохиролцон, гэрээний төлбөрийг гэрээний 3.1-д заасан хуваарьт хугацаанд нь буюу 2009 оны 12 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Дээрх гэрээний 3.1-д орон сууцны төлбөрийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон ба мөн гэрээний 4.6-д байрны төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр нь олгох бөгөөд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд уг байрны албан ёсны өмчлөгч нь МК ХХК байна гэж харилцан тохиролцсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 9-ний өдрийн 6746 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон байрны төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн ба уг өдрөөс өмчлөх эрх үүссэн гэж үзнэ гэж дүгнээд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 2 тоот 384,23 мкв талбай бүхий сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.С ийг тогтоож шийдвэрлэсэн. Мөн Нийслэл дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 9 сарын 30-ны өдрийн 613 тоотоор ирүүлсэн баримтаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 48А байрны 2 тоот 384,23 мкв орон сууц нь МК ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт 2010 оны 5 сарын 12-ны өдөр бүртгэгдэж, 2010 оны 9 сарын 2-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээгээр МК ХХК нь КБ, Параскай ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан болохыг мэдсэн юм.

Нэхэмжлэгч нь уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж 2007 оны 11 сарын 3-ны МК ХХК-тай 156 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ 2009 оны 12 сарын 10-ны өдөр бүрэн биелүүлэн уг байрны өмчлөгч болсон, мөн гэрээний дагуу урьдчилан төлсөн мөнгө, хөрөнгөөр бүтсэн эд хөрөнгө, орон сууц байтал МК ХХК болон КБ нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг Параскай ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. МК ХХК, КБ нь 2010 оны 9 сарын 2-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 2 тоот орон сууцыг барьцаалахдаа хууль ёсны өмчлөгч болох Я.С ээс зөвшөөрөл аваагүй хэлцэл хийсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байх тул Иргэний хуулийн 56.1.8 дах хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд 2010 оны 9 сарын 2-ны өдрийн 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48А байрны 2 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон барьцаанаас чөлөөлж өгнө үү? гэв.

 

Хариуцагч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаний зүгээс Хөх тэнгэр цогцолбор хотхоныг 2007 оноос иргэдээс захиалга авсны үндсэн дээр барьж эхэлсэн. Өнөөдрийн маргаан бүхий орон сууцыг 2007 оны 11 сарын 3-ны өдөр МК ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээг МК ХХК нь орон сууцны барилгын ажлыг дуусгамагч Я.С т шилжлүүлэн өгөх үүргийг хүлээж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд төлбөрийг төлөх үүрэгтэй энэ үүргээ 2009 оны 12 сарын 10-ны өдөр зохих төлбөрийг бүрэн төлж биелүүлсэн. 2010 оны 9 сарын 2-ны М Фикс капитал ХХК нь Параскай ХХК-ийн зээлийн барьцаанд уг орон сууцыг тавьж КБнаас зээл авсан. Захиргааны хэргийн шүүх дээр МК ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэх шийдвэр гарсан. Ер нь МК ХХК-ний буруутай үйлдлээс болоод Я.С  гэх хүн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхгүй, гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж аваагүй ийм нөхцөл байдал үүссэн. Тиймээс манай компаний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч КБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс 2010 оны 9 сарын 2-ны өдөр МК ХХК-тай барьцааны гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. 2010 оны 5 сард маргаан бүхий эд хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ албан ёсоор М Фикс капитал ХХК-ний нэр дээр гарсан. МК ХХК-нь Хөх тэнгэр цогцолборыг бүгдийг нь өөрийн нэр дээр удаа дараа гаргаж явсан. 2010 оны 5 сарын 13-наас хойш 4 сарын дараа барьцааны гэрээ байгуулж МК ХХК нь Параскай ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан үйл баримт харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлснөөр өмчлөх эрх үүснэ гэх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бүртгэгдсэн бүртгэлээр өмчлөх эрхийг үүсгэдэг. МК ХХК-тай 2010 оны 9 сарын 2-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулахад тухайн үл хөдлөх эд хөрөнгө МК ХХК-ийн нэр дээр байсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг харж гэрээ байгуулсан. Я.Сарантуяа гэх иргэний хувьд 2007 онд гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчид хамааралтай гэх ямар нэгэн баримт байхгүй байсан. 2015 онд захирамж гаргуулж хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон боловч барьцааны гэрээнээс хойш 5 жилийн дараах үйл баримт байгаа үүнийг анхаарч үзнэ үү. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.С  нь хариуцагч КБ ХХК, МК ХХК-уудад холбогдуулан МК ХХК болон КБ ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 48А байрны 02 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагыг бүрэн дэмжин оролцлоо.

Хариуцагч МК ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагч КБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа барьцааны гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд “МК ” ХХК бүртгэлтэй байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэгдсэн бүртгэлээр өмчлөх эрхийг үүсгэдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Маргааны зүйл болж буй барьцааны гэрээ “КБ” ХХК болон “МК ” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан байх ба маргаж байгаа барьцааны зүйл нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 48А байрны 02 тоот орон сууц байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Я.С  нь 2007 оны 11 сарын 03-ны өдөр хариуцагч МК ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 8-9 тал/-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа 48А байрны 02 тоот 4 өрөө, 384,23 метр квадрат орон сууцыг 2010 оны 10 сарын 20-ны өдөр барьж гүйцэтгүүлэхээр захиалан 130,000 ам.доллароор үнэ тохиролцсон байна.

Дээрх гэрээ “худалдах-худалдан авах” нэртэй боловч агуулгын хувьд нөхцөл, хугацаа, талуудын эрх, үүрэг зэргээр тодорхойлогдож байгаа хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд МК ХХК болон Я.С  нарын хооронд үүссэн харилцаа нь захиалагч дутуу барилгад хөрөнгөө оруулан орон сууцаа захиалсан, гүйцэтгэгч захиалгын дагуу оруулсан хөрөнгөөр орон сууцыг барьж босгосон байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан,“ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

Нэхэмжлэгч Я.С  нь орон сууцны үнэд 2007 оны 12 дугаар сарын 01 өдөр 26,000 ам.доллар, 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 65,000 ам.доллар, 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 26000 ам.доллар, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13000 ам.долларыг тус тус МК ХХК-д төлж, төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан МК ХХК-ийн 2007 оны 12 сарын 1-ний өдөр, 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн огноо бүхий кассын орлогын ордер нэртэй баримт /хэргийн 10 тал/-аар тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь заалтад ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 заалтад Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан, Я.С  нь орон сууцны үнийг 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд бүрэн төлж барагдуулсан, гэрээний 4.6-д төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр нь олгож өмчлүүлэхээр тохирсон байхад МК ХХК орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, төлбөр бүрэн төлж өмчлөх эрх үүссэнээс хойш 2010 оны 9 сарын 02-ны өдөр бусад этгээдийн зээлийн үүрэгт КБтай зээлийн барьцааны гэрээг Я.С ийн оролцоогүйгээр түүний эрх ашиг сонирхлыг зөрчиж байгуулжээ.

МК ХХК нь нэхэмжлэгчийн хөрөнгөөр гүйцэтгэж 48а байрны 2 тоот орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь КБ ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  барьцаалсан байна.

Я.С  нь МК ХХК-д холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл шаардлагууд шүүхэд гаргасны дагуу шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 09-ний өдрийн 6746 /Хэргийн 12-13 тал/, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 375 дугаартай шүүхийн шийдвэр /Хэргийн 14-18 тал/-үүдээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон 48а байр 2 тоот 384,23 метр квадрат талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Я.С ийг тогтоож, Мфикс компаний нэр дээр өмчлөлд нь бүртгэсэн бүртгэл болон бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Я.С ийн өмчлөлд бүртгэж, түүний нэр дээр гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

Я.С  нь орон сууцны төлбөрийг 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд бүрэн төлж барагдуулсан байхад МК ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь заалтад заасан ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууц болон авто зогсоолуудыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дөх заалтад заасан барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь заалтад заасан Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх... гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь заалтад заасан барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх гэсэн шаардлагыг тус тус зөрчсөн байна.

Иймд КБ ХХК болон МК ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 2-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний 3.1.-дэх хэсэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 48а 2 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтад зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэстэй ба дээр дурдсан орон сууцыг барьцааны хөрөнгө гэж үзэхгүй, барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Зохигч талууд нэхэмжлэгч Я.С  уг орон сууцыг ашиглалтад орохоос болон барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө орон сууцанд амьдарч байсан эсэх талаар баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгч барьцааны гэрээ байгуулагдах болон орон сууцыг ашиглалтад хүлээн авахаас өмнө уг орон сууцанд амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгч болон хариуцагч МК ХХК нар нь хариуцагч КБ ХХК-ийг орон сууцуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон гэсэн тайлбар гаргасныг  боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан нэртэй баримтад барьцаа хөрөнгөтэй танилцсан талаар дурдагдсан байх тул барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон гэх тайлбар үгүйсгэгдсэн гэж үзсэн, уг үйл баримт нь шүүх нэхэмжлэлийг дээр дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэхэд саад болохгүй үйл баримт гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуульд нийцүүлэн хуваарьласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь заалтыг баримтлан МК ХХК болон КБ ХХК нарын хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний 3.1.-д заасан, хавсралт 48А дугаар байр хуудасны, ххх тоот хаягт байрлах орон сууц барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Я.С ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ бүхий, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, ххх тоот хаягт байрлах орон сууц үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Я.С ээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 1 195 450  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МК ХХК-иас 1 195 450  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.С т олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.УРАНЧИМЭГ