Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1555

 

Я.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/00757 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Я.С-н нэхэмжлэлтэй, хариуцагч “М Капитал” ХХК,  “К Банк” ХХК-д тус тус холбогдох

М Капитал ХХК болон К Банк ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 48А дугаар байрны 02 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “К Банк” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, өмгөөлөгч Б.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг гаргасан тайлбартаа: Я.С 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “М Капитал” ХХК-тай 156 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, 48А байр 2 тоот 384.23 м.кв орон сууцыг нийт 130.000 ам.доллараар худалдан авахаар тохиролцон, гэрээний төлбөрийг гэрээний 3.1-д заасан хуваарьт хугацаанд нь буюу 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Дээрх гэрээний 3.1-д орон сууцны төлбөрийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон ба мөн гэрээний 4.6-д байрны төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр нь олгох бөгөөд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд уг байрны албан ёсны өмчлөгч нь “М Капитал” ХХК байна гэж харилцан тохиролцсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон байрны төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн ба уг өдрөөс өмчлөх эрх үүссэн гэж үзнэ гэж дүгнээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 2 тоот 384,23 мкв талбай бүхий сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.С-г тогтоож шийдвэрлэсэн. Мөн Нийслэл дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 613 тоотоор ирүүлсэн баримтаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 48А байрны 2 тоот 384,23 мкв орон сууц нь “М Капитал” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдэж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээгээр “М Капитал” ХХК нь К Банк, Параскай ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан болохыг мэдсэн юм. Нэхэмжлэгч нь уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж 2007 оны 11 дугаар сарын 03-ны “М Капитал” ХХК-тай 156 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн биелүүлэн уг байрны өмчлөгч болсон, мөн гэрээний дагуу урьдчилан төлсөн мөнгө, хөрөнгөөр бүтсэн эд хөрөнгө, орон сууц байтал М Капитал ХХК болон К Банк нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг Параскай ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. “М Капитал” ХХК, К Банк нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 2 тоот орон сууцыг барьцаалахдаа хууль ёсны өмчлөгч болох Я.С-с зөвшөөрөл аваагүй хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48А байрны 2 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М Капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өнөөдрийн маргаан бүхий орон сууцыг 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “М Капитал” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээг “М Капитал” ХХК нь орон сууцны барилгын ажлыг дуусгамагч Я.С-т шилжлүүлэн өгөх үүргийг хүлээж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд төлбөрийг төлөх үүрэгтэй энэ үүргээ 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохих төлбөрийг бүрэн төлж биелүүлсэн. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны “М Капитал” ХХК нь “Параскай” ХХК-ийн зээлийн барьцаанд уг орон сууцыг тавьж К Банкнаас зээл авсан. Захиргааны хэргийн шүүх дээр “М Капитал” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэх шийдвэр гарсан. Ер нь “М Капитал” ХХК-ийн буруутай үйлдлээс болоод Я.С гэх хүн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхгүй, гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж аваагүй ийм нөхцөл байдал үүссэн. Тиймээс манай компаний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “К Банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай зүгээс 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “М Капитал” ХХК-тай барьцааны гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. 2010 оны 5 сард маргаан бүхий эд хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ албан ёсоор “М Капитал” ХХК-ийн нэр дээр гарсан. “М Капитал” ХХК-нь Хөх тэнгэр цогцолборыг бүгдийг нь өөрийн нэр дээр удаа дараа гаргаж явсан. 2010 оны 5 дугаар сарын 13-наас хойш 4 сарын дараа барьцааны гэрээ байгуулж “М Капитал” ХХК нь “Параскай” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан үйл баримт харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлснөөр өмчлөх эрх үүснэ гэх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бүртгэгдсэн бүртгэлээр өмчлөх эрхийг үүсгэдэг. М Капитал ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулахад тухайн үл хөдлөх эд хөрөнгө “М Капитал” ХХК-ийн нэр дээр байсан. Я.Сарантуяа гэх иргэний хувьд 2007 онд гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчид хамааралтай гэх ямар нэгэн баримт байхгүй байсан. 2015 онд захирамж гаргуулж хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон боловч барьцааны гэрээнээс хойш 5 жилийн дараах үйл баримт байгаа үүнийг анхаарч үзнэ үү. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь заалтыг баримтлан М Капитал ХХК болон К Банк ХХК нарын хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний 3.1.-д заасан, хавсралт 48А дугаар байр хуудасны, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48а байрны 2 тоот хаягт байрлах орон сууц барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Я.С-н нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ бүхий, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу гудамж, 48а байрны 2 тоот хаягт байрлах орон сууц үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Я.С-с улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 1 195 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Капитал ХХК-иас 1 195 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.С-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “К Банк” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Я.С нь 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу олж авсан гэх 48А байрны 02 тоот орон сууцны асуудлаар маргаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Я.С нь 2015 оиы 10 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар, Баянзурх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6746 тоот Шийдвэрээр уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөор тогтоогдсон байна. Үүнээс харахад Я.С-г шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг олж авсан ч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд одоо ч уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болоогүй гэж үзнэ. Түүнчлэн, анхан шатны шүүх "М Капитал" ХХК болон Я.С нарын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" гэж үзсэн атлаа мөн хуулийи 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтыг давхар хэрэглэж буй нь хууль хэрэглээний том алдаа юм. Гүйцэтгэгч нь захиалагчийн эсхүл өөрийн материалаар ажлыг гүйцэтгэх бөгөөд энд үнийг хэзээ төлсөн байх нь өмчлөх эрх үүсэхэд ач холбогдолтой биш байна. Харин захиалгын гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжүүлэх асуудал нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасны дагуу үр дүн бүрэн бий болсны дараагаар хийгдэх асуудал юм. Энэ тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хувьд мөн л Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан зохицуулалт хэрэглэгдэх юм. Хариуцагчийг Иргэний хуулийи 157 дугаар зүйлийн 157.6.2 болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийпн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг зөрчсөн гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Банк тухайн орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалахдаа аливаа гуравдагч этгээдийн эрх байсан гэдгийг мэдээгүй, мэдэх ямар ч боломжгүй байсныг нотолж байна. Энэ тохиолдолд банкны хувьд Иргэний хуулийп 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу шударга барьцаалагч байна. Гэтэл анхан шатны шүүх банкийг хууль зөрчсөн гэж үзэж барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоныг ойлгох боломжгүй байна. Мөн банкны зүгээс Зээлийн барьцааны гэрээнд барьцаалуулагчаас баталгаа гаргуулж, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй тухай зохицуулалтыг тусгасан нь хуулийн хүчин төгөлдөр юм.

Түүнчлэн шүүх хариуцагчийг буруутгахдаа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дах заалтыг зөрчсөн гэжээ. Нэгэнт бий болсон үр дагавар буюу барьцааны гэрээ байгуулагдаж, барьцааны эрх үүссэний дараа хийгдэх үүргийг уг хуулийн заалтаар зохицуулсан болохоос барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө мэдэгдэж, зөвшөөрөл авах тухай зохицуулаагүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэгч Я.С нь хариуцагч “К Банк” ХХК-д, хариуцагч  “М Капитал” ХХК-д тус тус холбогдуулан “М Капитал” ХХК болон “К Банк” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 48А байрны 02 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М Капитал” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч “К Банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Я.С нь 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч “М Капитал” ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “М Капитал” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа 48А байрны 02 тоот 4 өрөө, 384.23 м.кв талбай бүхий орон сууцыг 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр барьж ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх, захиалагч Я.С нь орон сууцны төлбөрт 130 000 ам.долларыг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Я.С нь орон сууцны төлбөрт 130 000 ам.долларыг хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлж, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан талаар нэхэмжлэгч Я.С, хариуцагч “М Капитал” ХХК  маргаагүй.

Харин хариуцагч “М Капитал” ХХК орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, харин уг 48а байрны 2 тоот орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад “К Банк” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт  барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 09-ний өдрийн 6746 дугаар шийдвэрээр Я.С-г дээрх 48а байрны 2 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон, Нийслэл дэх захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаар бүхий Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон 48а байр 2 тоот 384,23 м.кв талбай бүхий орон сууцыг  “М Капитал” ХХК-ийн өмчлөлд нь бүртгэсэн бүртгэл болон 000106169 тоот бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Я.С-н өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон. /хх-ийн 12-18/

Анхан шатны шүүх талуудын тохиролцоо, гэрээний хэрэгжилтийн явц байдал зэргийг харгалзан  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь  хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь буруу биш  байна.

Харин Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан. Учир нь хариуцагч “К Банк” ХХК-ийн хувьд хариуцагч “М Капитал” ХХК -тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний  дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон 48а байр 2 тоот 384,23 м.кв талбай бүхий орон сууцыг  90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь барьцааны эрх үүсгэх үедээ  улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Барьцаалуулагч буюу хариуцагч “М Капитал” ХХК  нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан үүргээ биелүүлээгүй явдал барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх, барьцааны зүйлийг барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх  үндэслэл  болохгүй юм.

Хариуцагч “К Банк” ХХК болон “М Капитал” ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 48а 2 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул  орон сууцыг  барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “К Банк” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.