Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00749

 
 

*******,*******,******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1105 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгч:*******

Нэхэмжлэгч:*******

Хариуцагч:******* үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар

 

нэхэмжлэл: 2019.03.06-ны өдрийн Б/268, Б/269, Б/270 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан зохигчдийн гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ: ******* хангамжийн хэлтсийн орлогч даргаар,******* санхүү, бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор,******* хөгжлийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Бид ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан эрх үүргээ шударгаар биелүүлж ажиллаж байсан. 2019.03.06-ны өдрийн Ерөнхий захирлын Б/270, Б/269, Б/268 дугаар бүхий тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна. 1. Ерөнхий захирлын .... тушаалын үндэслэл нь******* үйлдвэр ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан... ажлаас нь чөлөөлсөн байдаг ч Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 40.5-г зөрчсөн үндэслэлгүй юм. 2.******* үйлдвэр ХХК-ийн захиргаа Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ямар ч ажилтанг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь чөлөөлөх тохиолдолд урьдчилан мэдэгдэж хуулиар эрхээ хамгаалах боломжийг олгосон Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Ийнхүү Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах, дараагийн ажил албан тушаалаа олох зэрэг ажилтны амьдрах эх үүсвэрээ баталгаажуулахад чиглэсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. 3.******* үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, томилох, өөр ажилд шилжүүлэх, дэвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа дээр дурдсан үндэслэлүүдийг ханган хэрэгжүүлэх эрхийг олгосон байтал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, урьдчилсан нөхцөл, шаардлагыг ямар нэгэн байдлаар хангалгүй шууд тухайн ажилтанд хамааралгүй асуудлаар буруутган үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна.******* үйлдвэр ХХК-ийн дүрэмд Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрх хэмжээ нь дүрмийн 9.17-д ТУЗ нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 9.17.19-д Компанийн бүтэц зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хүний нөөцийн бодлогыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих эрхийг олгосон ба өнөөдрийн байдлаар надад ТУЗ-өөс үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт гарсан, орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан зэрэг асуудлаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл болгож буй Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019.03.06-ны өдрийн 91 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсын Засгийн газар эрх олгох тухай 1991.01.04-ний өдөр батлагдсан хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай. гэж мөн хуулийн 2-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэсэн агуулгыг багтаасан хуулийг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь дээрх хуулийг үндэслэн гарсан Монгол улсын Засгийн газрын 2019.03.06-ны өдрийн тогтоолд дурдсан санхүүгийн ямар нөхцөл байдал үүсээд байгаа, түүнд ажилтан бид ямар хамааралтай болох, Засгийн газрын тогтоолоор бүтэц зохион байгуулалтыг ямар тушаал, шийдвэр, тогтоолоор өөрчлөөд байгаа түүнд яагаад зөвхөн бидний хэдэн ажилтнуудыг хамруулаад байгаа талаар урьдчилан мэдэгдэлгүй ялгаварлан гадуурхах байдлаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хуульд заасан үндэслэл, өөрийн мэдлэг ур чадвараа харамгүй зарцуулж бүхий л сэтгэл, зүрхээрээ ажиллаж байсан биднийг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Засгийн газарт эрх олгох хуульд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын аливаа гэрээ конвенцод заасан нөхцөлийг зөрчилгүй гүйцэтгэхээр заасан байтал энэхүү үүргээ үл тоон хэн нэгэн хүний үгээр ажиллаж байгаад Монгол улсын засгийн газар,******* үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 16.4-т заасан зүйл даалтуудыг мөн зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан нь ажил олгогч зөвхөн 40.1-д заасан үндэслэлүүдээр л ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халж, чөлөөлж болно гэсэн шууд утгыг илэрхийлдэг. Энэ ч утгаараа Ерөнхий захирлын Ажлаас чөлөөлөх тушаал дээрх хуулийн үндэслэлийг баримтлалгүй ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй байна. Мөн******* Үйлдвэрийн Ерөнхий захирал нь Монгол улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүхий л дагаж мөрдөх ёстой үүргээ зөрчиж ажлаас чөлөөлж байгаа нь Хууль дээдлэх үндсэн зарчмыг бүдүүлгээр үл хүндэлж байна гэж үзэхээр байна. Иймд******* үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2019.03.06-ны өдрийн Б/270, Б/268, Б/269 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2016.06.27-с******* үйлдвэр ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг маргаантайгаар эзэмшиж байсан Монголиан коппер корпорейшн ХХК-ийн талаас санал болгож томилогдсон, уг компанийн эрх ашгийг төлөөлөн******* үйлдвэр ХХК-д ажиллаж байсан эрх бүхий удирдах албан тушаалтнууд юм. Нэхэмжлэгч нар нь******* үйлдвэр ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах, ерөнхий журам, Худалдан авах комиссын үйл ажиллагааны журмын дагуу******* үйлдвэр ХХК-д шаардлагатай бүхий л бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих эрхийг эдэлж ажиллаж байхдаа Монголиан коппер корпорейшн ХХК-д давхар ажиллаж байсан. Нэхэмжлэгч нар нь ажил олгогч Монголиан коппер корпорейшн ХХК-иасаа сар бүр 7,400,000 төгрөгийн цалин авч байснаас гадна******* үйлдвэр ХХК-д удирдах ажил албан тушаалд давхар ажиллаж байхдаа дунджаар 10 гаруй сая төгрөгийн цалин авч байсан. 3. Нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2019.03.06-ны өдрийн Б/268, Б/269, Б/270 тушаалуудын үндэслэл болсон Монгол улсын Засгийн газрын 2019.06.03-ны өдрийн 91 дүгээр тогтоолын үндэслэл нь Монгол улсын Их хурлын 2017.02.10-ны өдрийн******* үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоол болно. УИХ-ын 2017 оны 23 дугаар Тогтоолоор: МУ-ын ЗГ-ын 2016.06.13-ны өдрийн 330 дугаар тогтоолын******* үйлдвэр ХХК-ийн болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан коппер корпорейшн ХХК-д эзэмшүүлэхийг зөвшөөрсөн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож,******* үйлдвэр ХХК-ийн болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчийн үйлдвэрийн статустайгаар ажиллуулах арга хэмжээг авч ажиллахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Засгийн газар /Ж.Эрдэнэбат/ нарт даалгаж шийдвэрлэсэн байдаг. УИХ-ын 2017 оны 23 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2018.01.04-ний өдрийн 7 дугаар Тогтоолоор: Оросын холбооны улсын Засгийн газрын эзэмшлээс Монголиан коппер корпорейшн ХХК-д шилжсэн******* үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400,27 сая ам.долларын төлбөрийг хавсралтад дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох,******* үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн арга хэмжээг зохион байгуулахыг Оюуны өмчийн улсын бүртгэлийн газарт /Ц.Ням-Осор/-т даалгаж шийдвэрлэсэн. 4. Дээр дурдсан УИХ-ын 2017 оны 23 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан Засгийн газрын 2018.01.04-ний өдрийн 7 дугаар Тогтоолын дагуу******* үйлдвэр ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчээс Монголиан коппер корпорейшн ХХК гэсэн 1 хувьцаа эзэмшигч нь хасагдсан учир******* үйлдвэр ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд:******* үйлдвэр ХХК нь зөвхөн 1 хувьцаа эзэмшигчтэй гэсэн өөрчлөлтийг 2018.01.15-ны өдөр ОӨУБГазарт бүртгэсэн. 5. Нэхэмжлэгч нарыг санал болгож төлөөлөл болгож томилуулсан Монголиан коппер корпорейшн ХХК нь дээр дурдсан УИХ, Засгийн газрын тогтоол, Улсын бүртгэлийн дагуу 2017.02.10, 2018.01.15-ны өдрөөс******* үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсанаар Монголиан коппер корпорейшн ХХК-ийн******* үйлдвэр ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг өмчлөх эрх Төрд буюу МУ-ын Засгийн газарт бүрмөсөн шилжсэнтэй холбоотойгоор тус компанийн төлөөлөл эдгээр нэхэмжлэгч нар нь 100 хувийн төрийн өмчит******* үйлдвэрийн мөнгөн болон бусад эд хөрөнгө өмчийг захиран зарцуулах, хөгжлийн бодлогыг тодорхойлж, удирдан чиглүүлэх, бүх төрлийн гэрээ, хэлцэл, худалдан авах ажиллагааг удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах зэрэг удирдах ажил албан тушаал эрхлэх хууль эрх зүйн боломжгүй, үндэслэлгүй болсон учраас эдгээр нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 6. Нэхэмжлэгч нарыг Монголиан коппер корпорейшн ХХК-ийн төлөөлөл болгож******* үйлдвэрт ажиллуулах, томилох шийдвэр гаргасан нэхэмжлэгч нарын ажил олгогч Монголиан коппер корпорейшн ХХК нь******* үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу******* үйлдвэрт ТУЗөвлөл ажиллахгүй болсон, нөгөө талаас******* үйлдвэрийн цор ганц хувьцаа эзэмшигч Засгийн газрын гаргасан 2018.01.04-ний өдрийн 07 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан 2019.03.06-ны өдрийн 91 дүгээр Тогтоолын дагуу Засгийн газар, ТӨБЗГазраас******* үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралд өгсөн чиглэл, олгосон эрхийн дагуу Ерөнхий захирал нь 2019.03.06-ны өдөр тушаал гаргаж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болно. 7. Нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хууль болон ЗГ-ын 2019 оны 91-р Тогтоол нь Үндсэн хуулийн зөрчсөн талаар Цэцээс аливаа дүгнэлт, тогтоол гараагүй болно. 8. Нэхэмжлэгч нар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн, ажил үүрэг, албан өрөөгөө хүлээлгэн өгсөн 2019.03.06-ны өдрөөс хойш 1 сар 02 өдрийн дараа, тушаалаа хүлээн авсан өдрөөс хойш 1 сар 02 хоногийн дараа буюу 2019.04.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах 1 сарын хугацааг болон Иргэний хуулийн 74.1, 76.1, 76.4, 82.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тус тус хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг болон хэргийг бүхэлд нь хүчингүй болгоно уу гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1105 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *******,*******,******* нарын******* үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2019.03. 06-ны өдрийн 268, 269, 270 дугаар тушаалыг хүчингүй болгох, *******г одоогийн бүтцээр Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргаар,*******ыг одоогийн бүтцээр Санхүү, ня-бо бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор,*******ыг одоогийн бүтцээр Хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар *******,*******,******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нар тус бүр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж олгох, нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан баримтуудыг нэхэмжлэгч нарт өгөхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тухайд: 1. Магадлалын хянавал хэсэгт /10-р талд/: Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэж болох хэдий ч энэ нь анхан шатны шүүхийн хийх ажиллагаа бөгөөд талуудын нотолгооны үүрэгт хамаарах юм. гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх тушаалыг******* үйлдвэр ХХК-иас*******,******* нарт 2019.03.11-ний өдөр, *******д 2019.03.13-ны өдөр тус тус гардуулан өгсөн талаар нотлох баримтыг хэрэгт авагдсан байдаг. Энэхүү нотлох баримт нь******* үйлдвэр ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Бүртгэлийн дэвтэрт тухайн хэлтсийн мэргэжилтэн Г.Номмандах гэдэг хүн гардуулсан талаар тэмдэглэл үйлдсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээг зөвтгөж өөрчилсөн хэдий ч хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. 2. Магадлалын хянавал хэсэгт /9-р талд/: Гэвч нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. Гэж заасан байтал ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш нэг сар 2 хоног өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. 3. Магадлалын хянавал хэсэгт /10-р талд/: Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэж болох хэдий ч энэ нь анхан шатны шүүхийн хийх ажиллагаа бөгөөд талуудын нотолгооны үүрэгт хамаарах юм. гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэрэвзээ анхан шатны шүүх ХХША-нд шаардлагатай нотлох баримтыг нэмэлтээр цуглуулаагүй, эсвэл хангалттай нотлох баримт цуглаагүй байхад хэргийн хянан шийдвэрлэсэн тохиолдолд Давж заалдах шатны шүүх уг асуудлын талаар дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдал бүрдэх ба ингэснээр хэргийг шүүхээс гарах шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй учир хэргийг нэг мөр шийдвэрлэх үндэслэлээр анхан шатны шүүхэд хэрэг маргааны дахин хэлэлцүүлэхээр буцаах байтал хангалттай нотлох баримт цуглаагүй, уг асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэх ёстой хэмээн дүгнэсэн атлаа ИХШХШТХ-н 168.1.7 хэргийг шийдвэрлэж байгаа нь Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд шийдвэр, магадлал нь Иргэний хуулийн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн заалт, ИХШХШТХ-н буруу тайлбарласан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзэж шийдвэр, магадлал гаргаагүйн улмаас шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул тус шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах эсвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, С.Ганзул нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг хүлээн авч танилцаад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэмээн үзэж энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд: магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: ...ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тушаалуудад Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй. Мөн энэ талаарх журмыг болон хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээг баримтлаагүй байна. Мөн хариуцагч тал ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тушаалуудын хууль зүйн үндэслэлийн талаар хангалттай нотлох баримт, гаргаж мэтгэлцээгүй байна. Гэвч нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-д заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн байна гэж анхан шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хууль, эсхүл 1991 оны Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль-ийн алийг хэрэглэх эсэх дээр өөр өөр дүгнэлт хийсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс 1991 оны Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж хэргийг шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн******* үйлдвэр ХХК-ийн 2019.03.06-ны өдөр Б/268, Б/269, Б/270 дугаар тушаалуудад Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй гэж дүгнэсэн үндэслэлээ магадлалд тодорхой заагаагүй нь ИХШХШТХ-н 116.2-т нийцээгүй хэмээн үзэж байна. 1. Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн******* Үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалууд нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан. Тушаалуудын үндэслэл болсон Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль, Засгийн газрын 2019.03.06-ны өдрийн 91-р тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хууль тогтоомж нь Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоосон, мөн бусад шүүхэд маргаан үүссэн асуудал байхгүй, мөн нэхэмжлэгч нар нь ажлаас чөлөөлсөн тушаалуудын үндэслэл болсон дээрх хууль тогтоомжид маргаагүй. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-т заасан бүрэн эрхийн хүрээнд МУ-ын Засгийн газар улс орны эдийн засгийг хангахад нэн чухал үүрэг бүхий үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр тусад нь онцгой дэглэм тогтоож. Засгийн газар шууд хяналтандаа авч ажиллуулах хуульд заасан онцгой шаардлага, онцгой харилцаа үүссэн буюу Засгийн Газрын 91 дүгээр тогтоолыг******* үйлдвэр ХХК дээр хэрэгжүүлж ажиллахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын Ч.Ганбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг ажилласан болох нь хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн 4-р хавтаст хэргийн 82, 65-66,73-74, 75-79-р хуудас, 3-р хавтаст хэргийн 200-202, 238-244-р хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдоно. Энэ бол Засгийн газарт хуулиар олгосон эрх, үүрэг юм. Угтаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан 2016.06.13-ны өдрийн 330-р тогтоолоор******* үйлдвэр ХХК-ийн 49 хувийн хувьцааг Монголиан коппер корпорейшн ХХК-д хууль бусаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн асуудалтай холбоотой юм. Энэ асуудлаар УИХ-аас 2017.02.10-ны өдөр 23-р тогтоол гарч: Засгийн газар уг асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэхгүйгээр, түүний бүрэн эрхэд халдаж******* үйдвэр-ийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс хууль бусаар татгалзаж, Монголиан коппер корпорейшн ХХК-д шилжүүлсэн гэж үзэж Засгийн газрын 330-р тогтоолыг хүчингүй болгосон. Энэхүү УИХ-ын 23-р тогтоол мөн өнөөдөр хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч нарыг ажлаас халсан тушаалуудын хууль зүйн үндэслэл болсон 1991 оны Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 91-р тогтоол өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр, үүнтэй нэхэмжлэгч нар маргадаггүй. Иймд Засгийн газрын 91-р тогтоолоор үйлдвэрийн бүх удирдах ажилтнуудыг чөлөөлөхийг Ерөнхий захирал Бадамсүрэнд даалгасан /эрх олгогдсон/-ны дагуу нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалууд хууль бус байх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нар хууль бусаар, биднийг ялгаварлан гадуурхаж халагдчихлаа л гэж яриад байхаас******* үйлдвэр ХХК-ийн дүрэм, журамд зааснаар сонгон шалгарууралтанд орж хууль ёсны дагуу хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар ярьж мэтгэлцдэггүй.******* үйлдвэр ХХК-ийн 49 хувийн хувьцааг анхнаасаа Монголиан коппер корпорейшн ХХК-д шилжүүлсэн нь хууль бус учир энэхүү компанийн эрх, ашгийг төлөөлж, тус компанийн засаглалыг хэрэгжүүлэхээр томилогдсон этгээдүүдийг чөлөөлөх нь зүй ёсны хэрэг төдийгүй, эдгээр хүмүүсийг чөлөөлөхгүйгээр Засгийн газрын онцгой дэглэм тогтоох, үйлдвэрийг хяналтандаа авах ажил үр дүнгүй юм. Эдгээр нэхэмжлэгч нараас гадна 5 удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь мөн ижил хууль, тогтоомжийг үндэслэн чөлөөлсөн бөгөөд эдгээр хүмүүс нь******* үйлдвэрийн санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөц, хуулийн хэлтэс газар зэрэг бүхий л удирдлагыг гартаа авч удирдаж байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч нар Монголиан коппер корпорейшн ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, компанийн 49 хувийн удирдлагыг******* үйлдвэр ХХК-д хэрэгжүүлж байсан гэдэг нь тэдгээрийг томилсон цаг хугацаа, мөн Монголиан коппер корпорейшн ХХК-д ажиллаж, давхар 4,999,476 төгрөгийн цалин авдаг байсан нь 4-р хавтаст хэргийн 206-208, 214-215,217-219 хуудсанд авагдсан баримтаар хөдөлшгүй нотлогдоно. Иймд нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцааг шударгаар, хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх, Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл, ажил олгогчийн санаачилгаар бус Засгийн газраас Х.Бадамсүрэнд эрх олгосны дагуу нэхэмжлэгч нарыг ажлаас нь чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлгүй юм. 2. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газраас тогтоох онцгой дэглэмийг хэрэгжүүлэх хүрээг тодорхой заасан ба үүнд, үйлдвэрийн бүтэц, үүргийг тогтоох, бүх шатны удирдах ажилтныг томилох байдлаар хяналтандаа авахыг хуульчилсан ба Засгийн газрын 91-р тогтоолоор энэ үүргийг Ерөнхий захиралд өгсөн. Монголиан коппер корпорейшн ХХК нь******* үйлдвэрийн ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болсноор хэвийн ажиллаж байсан үйлдвэрийн бүтцийг өөрчилж, шинэ бүтэц бий болгож өөрийн хүнийг томилох зэргээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба Засгийн газар онцгой дэглэм тогтоосноор ерөнхий захирал 2019.03.06-ны өдөр түр бүтцийг баталсан юм. Нэхэмжлэгч нарын удирдан ажиллаж байсан Санхүү, бүртгэлийн хэлтсийг, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Хөгжлийн бодлогын газрын хэлтсийг Хөгжлийн хэлтэс, мөн Хангамжийн хэлтсийг Худалдан авалт, хангамжийн хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй ажил албан тушаалд томилох боломж, үндэслэл байхгүй. Иймд, ИХШХШТХ-н 176.2.3-т заасныг удирдлага болгон магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******,*******,******* нар 2019.04.08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, ажлаас чөлөөлөх тухай Ерөнхий захирлын тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгохыг тус тус шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэлийн шаардлагын талаар

а/. ******* 2019.04.08-ны өдөр******* үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019.03.06-ны өдрийн Б/270 дугаар тушаалыг хүчингүй болгох, Хангамжийн хэлтсийн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан байна. /хх1-н 1/

С.Сүхбат 2019.04.08-ны өдөр******* үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019.03.06-ны өдрийн Б/268 дугаар тушаалыг хүчингүй болгох, Санхүү, бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ. /хх1-н 59/

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019.05.20-ны өдөр 142/ШЗ2019/02683 дугаар захирамж гаргаж /хх1-н 130/ хэргийг нэгтгэсэн байна.

б/.******* 2019.04.08-ны өдөр******* үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019.03.06-ны өдрийн Б/269 дугаар тушаалыг хүчингүй болгох, Хөгжлийн бодлогын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан /хх1-н 146/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019.05.20-ны өдөр 142/ШЗ2019/02689 дугаар захирамж гаргаж /хх1-н199/ хэргийг *******гийн нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар шаардлагаа тодруулж ******* Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргын,******* Санхүү, ня-бо бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн,******* Хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан байна.

в/. Шүүхэд гаргасан нэхэмжлэгч нарын шаардлагыг хянан үзвэл, шүүх нэхэмжлэгч нарын шаардлагыг ажилтны гаргасан хэмжээнд зөв тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл, ******* нь Хангамжийн хэлтсийн орлогч даргаар,******* нь Санхүү, бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор,******* нь Хөгжлийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байгаад халагдсан ба урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа ...******* нь Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргын,******* нь Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн,******* нь Хөгжлийн хэлтсийн даргын ажилд тогтоолгох.. гэж тодруулсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

Иймд шүүх ******* нь******* үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2019.03.06-ны өдрийн Б/270 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргын ажилд тогтоолгох,

С.Сүхбат нь хариуцагчийн 2019.03.06-ны өдрийн Б/268 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ня-бо бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажил тогтоолгох

Д.Нэмэхбаяр нь ажил олгогчийн 2019.03.06-ны өдрийн Б/269 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжлийн хэлтсийн даргын ажилд тогтоолгохыг тус тус шаардсан гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцсэн байна.

2. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон мөн шийдвэрийг хэвээр үлдээсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зохигч нар гомдлын үндэслэл болгосон тул энэ талаар тухайлан дурдах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс Монголиан Коппер Корпорейшн ХХК-д шилжсэн******* үйлдвэр ХХК... энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын ИХ Хурлын Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Засгийн газарт .... Их хурлын 2017.02.10-ны өдрийн 23-р тогтоолын 2-р даалгасан байна...уг тогтоол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцийн 2018.02.28-ны өдрийн 03 тоот дүгнэлт гарсан байна...Засгийн газрын 2019.03.06-ны өдрийн 91-р тогтоолоор******* үйлдвэр ХХК.. үйл ажиллагааг шууд хяналтдаа авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилохыг******* үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралд.... төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар өөрчлөн зохион байгуулах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчинй бодлого, зохицуулалтын газарт тус тус даалгасан байна....******* үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал өөрт нь олгосон эрх, үүргийн хүрээнд ... удирдлага, зохион байгуулалтын бүтэц /түр/-ийг баталж *******..*******..******* нарыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна....нэхэмжлэгч нар Монголиан коппер корпорейшн ХХК,******* үйлдвэр ХХК-д удирдах ажил албан тушаалд давхар ажиллаж байсан гэх тайлбар үндэслэлгүй байна... гэсэн дүгнэлт хийсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гомдлоор хянахдаа ...ажлаас чөлөөлсөн тушаалуудад... Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй.. энэ талаарх журмыг болон хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээг баримтлаагүй байна.... хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалуудын хууль зүйн үндэслэлийн талаар хангалттай нотлох баримт, гаргаж мэтгэлцээгүй байна....гэвч нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн бөгөөд энэ талаар хариуцагч мэтгэлцсэн нь үндэслэлтэй байна.... ажилтан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна... гэж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

3. Нэхэмжлэгч нар нь шүүхэд хандахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

а/. Хэрэгт авагдсан баримтаар, 2019.03.06-ны өдрийн Б/270 дугаартай тушаалыг ******* 2019.03.13-ны өдөр, Б/268 дугаартай тушаалыг******* 2019.03.11-ний өдөр, Б/269 дугаартай тушаалыг******* 2019.03.11-ний өдөр тус тус хүлээн авч /хх 1-н 222/ нэхэмжлэгч нар 2019-04-08-ны өдөр шүүх хандсан нь тогтоогджээ.

 

Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

 

Нэхэмжлэгч нар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх баримтгүй байх тул нэхэмжлэгч нарын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

б/. Хугацааг сэргээх эсэх асуудал нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хөндөгдөнө.

Нэхэмжлэгч нар хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй тул хугацааг сэргээх буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсгийн зохицуулалт энд хэрэглэгдэхгүй юм.

4. Ажил олгогч 2019.03.06-ны өдөр Б/268, Б/269, Б/270 дугаартай тушаал гаргахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-т ...Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай... гэж заажээ.

 

2019-03-06-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг эрх бүхий этгээд буюу Монгол Улсын Засгийн газар гаргасан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан ажиллагаа байна.

 

Засгийн газрын 2019-03-06-ны өдрийн 91-р тогтоолд ...Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтанд авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай...Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн... үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд зөвшөөрсүгэй....компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилохыг******* үйлдвэрийн Ерөнхий захиралд... гэжээ.

 

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 2019-03-06-ны өдрийн 91-р тогтоолын 2.1-н ...компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоох... эрхтэй байна.

 

Хариуцагч нь эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд******* үйлдвэрт зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нь баримттай байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-г зөрчөөгүй гэж үзнэ.

5. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд маргааны талаар дүгнэлт хийнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэгч талаас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 210,600 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ