Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01150

 

 

 

 

 

 

 

 

   2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01150

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч Л ХХК 

хариуцагч: Г-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 107 910 313,1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 сарын 4-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Г  нь Л ХХК-тай 2 удаагийн зээлийн гэрээ хийн нийт 70,000,000 төгрөгийн зээл авсан.

1. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-16/01 дугаартай гэрээ байгуулан 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй  20,000,000 төгрөг,

2. 2017 оны 2 сарын 2-ны өдөр ЗГ-17/03 дугаартай гэрээ байгуулан нэг сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй  50,000,000 төгрөг зээлж авсан.

Эхний хэдэн саруудад хүүгээ төлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл зээлийн хүүгээ төлсөн. Түүнээс хойш гэрээний үүргээ үл биелүүлж, ямар ч харилцаа холбоогүй алга болсон. Олон удаа утсаар нь залгаж, мэссеж бичсэн боловч хариу өгдөггүй. Иймд

1. ЗГ-16/01 тоот гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 19,852,172,75 төгрөг, 2017 оны 6 дугаар сараас хойш 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл төлөөгүй 9 сарын хүү болох 9,822,746,19 төгрөг, гэрээний 3.1.3, 6.3 дугаарт заасны дагуу зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдлийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүнд 1,662,855,66 төгрөг, нийт 31,337,774,6 төгрөг,

2. ЗГ-17/03 тоот гэрээний дагуу үндсэн зээл 50,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 49,976,474 төгрөг, 2017 оны 6 дугаар сараас хойш 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл төлөөгүй 8 сарын хүү болох 21,927,868,41 төгрөг, гэрээний 3.1.3, 6.3-т заасны дагуу зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдлийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүнд 4,668,196,09 төгрөг нийт 76,572,538,5 төгрөг буюу бүгд 107,910,313,1 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Л -иас 70,000,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөө бололцоогоороо төлж барагдуулна гэжээ.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л  нь хариуцагч А.Г т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,910,313,1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч А.Г  нь нэхэмжлэлийг гардан аваад, Л  ББСБ-аас 70,000,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөө бололцоогоороо төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч А.Г  2018 оны 4 сарын 11-ий өдөр нэхэмжлэлийг гардан авч хариуцагчийн эрх үүрэг нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан ба нэхэмжлэлд тайлбараа бичгээр ирүүлж, 2018 оны 5 сарын 10-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж хэрэгтэй танилцсан.

Хариуцагч 2018 оны 5 сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон шүүх хуралдааны товыг 2018 оны 5 сарын 10-ны өдөр хүлээн авч мэдсэн боловч шүүх хуралдаанд ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж, хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд, талуудын тайлбаруудыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч А.Г , нэхэмжлэгч Л ХХК нар нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-16/01 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ЗГ-17/03 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг сарын 4,5%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар тус тус зээлэн авсан ба гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон, зээлдэгч А.Г  2 зээлийн үүрэгт нийт 5 350 000 төгрөг төлсөн болох нь нотариатаар гэрчлэгдсэн зээлийн гэрээнүүд, зээл буцаан төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 7-8, 10-11, 13-16-р хуудас/

Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулан зээлдүүлэгч Л ББСБ ХХК мөнгийг зээлдэгч А.Г т гэрээ байгуулсан өдрүүдэд бүрэн шилжүүлсэн болох нь /хх-ийн 7-8, 10-11, 13-16-р хуудас/ зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно. 

Гэрээгээр Л ББСБ ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан  ЗГ-16/01 дугаартай зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан ЗГ-17/03 дугаартай зээлийн гэрээгээр 50.000.000 төгрөгийг зээлдэгчид тус тус шилжүүлэх, зээлдэгч А.Г  нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд хүсэл зоригоо нэгтгэн гарын үсэг зурсан, гэрээнд маргаагүй тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-т заасны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний шинж агуулгыг илэрхийлсэн, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. /х.х-ийн 8-10-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээнд заасан үүргээ зээлдүүлэгч бүрэн биелүүлсэн, зээлдэгч тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй буруутай байна.

Л ХХК  нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орж, уг зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

А.Г  нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээлийг хүү, гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2,  Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн мөнгийг хүлээн авч, өөрөө захиран зарцуулсан, нэхэмжлэлээр шаардаж буй дүнг үгүйсгээгүй. /х.х-ийн 25-р хуудас/

Зээлдэгч 2 удаагийн гэрээгээр 20,000,000 төгрөг нэг удаа, 50,000,000 төгрөг нэг удаа нийт 70 000 000 төгрөг зээлж авсан. 20 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт гэрээний хугацаа хэтрүүлэн 147 827,25 төгрөг, үндсэн хүүнд 2 963 074,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 88 917,32 төгрөг, 50 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт гэрээний хугацаа хэтрүүлэн 23,526 төгрөг, үндсэн хүүнд 6 634 595,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14 459,13 төгрөг тус тус төлсөн гэж нэхэмжлэгч тал зээлийн төлөлтийн тооцооллын хүснэгт 1, 2 гэсэн баримтаар нотолж /хэргийн 15,16 хуудас/ байгаа. Хариуцагч тал энэ тооцоололд маргаагүй болно.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн тохиролцсон хуваарийг зөрчиж, гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2017 оны 2 сарын 28, 2017 оны 3 сарын 02-ны өдөр хүүгийн хамт зээл хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй буруутай  болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. ”Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” ба мэтгэлцээний үндэслэл болгож ямар нэг баримт ирүүлээгүй тул хуулийн 72.3.”Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж зааснаар мэтгэлцээгүй, баримт ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болж байна.

Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага ногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд зохигчид гэрээний 3.1.3.-т, зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй үндсэн хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулснаар нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ба хариуцагч А.Г оос 1. ЗГ-16/01 тоот гэрээний үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс хугацаа хэтүүлэн төлөгдөөгүй үлдэгдэл 19,852,172,75 төгрөгийг 2017 оны 6 дугаар сараас хойш 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл төлөөгүй 10 сарын хүү болох 9,822,746,19 төгрөг, гэрээний 3.1.3, 6.3-т заасны дагуу зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдлийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүнд 1,662,855,66 төгрөг, нийт 31,337,774,6 төгрөг,

2. ЗГ-17/03 тоот гэрээний дагуу үндсэн зээл 50,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 49,976,474 төгрөг, 2017 оны 6 дугаар сараас хойш 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл төлөөгүй сарын хүү болох 21,927,868,41 төгрөг, гэрээний 3.1.3, 6.3-т заасны дагуу зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдлийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүнд 4,668,196,09 төгрөг нийт 76,572,538,5 төгрөг буюу 2 зээлийн үүрэгт бүгд 107,910,313,1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар талуудад хураамжийг хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Г оос зээлийн үүрэгт бүгд 107 910 313,1/нэг зуун долоон сая есөн зуун арван мянга гурван зуун арван гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697 502 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 697 502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.УРАНЧИМЭГ