Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2018/00062/и |
Дугаар | 1006 |
Огноо | 2018-05-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралданы танхимд хийсэн шүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар дөчин мянгат, 40-2 тоотод байрлах, “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, “ЗГАБ” УТҮГ-т холбогдох,
Гэрээний үүрэгт 71 138 146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Р” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдоржоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК нь 2014 онд хариуцагч байгууллагын засвар үйлчилгээнд зориулж 100 857 146 төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр тохиролцоод 3 талт гэрээ байгуулсан. Үүнд захиалагч тал “ЗГАБ” УТҮГ, хөрөнгө оруулагч тал нь “Р” ХХК, гүйцэтгэгч тал нь “Фоунтэйн снип” ХХК гэсэн 3 этгээд оролцоод 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13/02 тоот хамтран ажиллах гэрээ юм. Тус гэрээний 1.2 дахь заалтаар “Б” тал нь /нэхэмжлэгч/ төсөвт тусгасан 100 857 146 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулна гэж, мөн гэрээний 2.2-т гэрээний хугацаа 10 жил байна, гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож сунгаж болно гэж тус тус заасан. Үүний дараа “Фоунтэйн снип” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн байрны 180 м.кв талбайд засвар үйлчилгээг хийж дуусгаад “ЗГАБ” УТҮГ-т хүлээлгэж өгсөн. Уг засварын ажлыг хүлээж авсан, хүлээлгэж өгсөн талаар “ЗГАБ”-д Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шалгалт хийсэн талаарх шалгалтын материалд тодорхой дурдсан байгаа. Засварын ажлыг дууссаны дараа “Р” ХХК нь уг 180 м.кв талбайгаас 80 м.кв талбайг нь түрээслэсэн.
2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Эд хөрөнгө хөлслөх” гэсэн нэмэлт гэрээг “ЗГАБ” УТҮГ болон “Р” ХХК нарын хооронд байгуулагдсан. Энэ гэрээний гол зорилго нь хөрөнгө оруулалттай холбоотойгоор түрээсийн төлбөрийг сард 1 100 000 төгрөг байхаар тохиролцсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь “Биг ойл” ХХК-тай 55 м.кв талбайг түрээслэхээр гэрээ хийсэн бөгөөд тус компани нь “Пикатили ТМХ” ХХК гэсэн нэртэй болсон тул үргэлжлүүлээд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 он хүртэл түрээсийн гэрээгээ дахин байгуулсан. Түрээсийн төлбөрийг сард 800 000 төгрөгөөр тохиролцсон. Мөн үлдсэн 29 м.кв талбайг нэхэмжлэгч нь “Үүрий авто сервис” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Одоогоор тус гэрээний дагуу нийтдээ 9 900 000 төгрөгийг төлбөрт авсан байгаа. Нийт “Р” ХХК нь 26 900 000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж дээрх компаниудаас авсан байгаа. Манайхыг бусдад түрээслээд явж байх хугацаанд хариуцагч “ЗГАБ” нь “Пикатили” ХХК-тай манай байгууллагын байгуулсан гэрээг таслан зогсоогоод, манайх түрээсийн төлбөрийг авах ёстой гээд 2018 оны 01 дүгээр сараас эхлэн гэрээ байгуулаад түрээсийн төлбөрийг авсан байдаг. Манай компанийн нийт хөрөнгө оруулалтаар зарцуулсан 100 857 146 төгрөгөөс 71 000 000 орчим төгрөгийн үлдэгдэл тооцоогоор гарч байгаа. Ийм учраас оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөн гаргуулах шаардлагатай байна. Одоо “ЗГАБ” нь “Пикатили” ХХК-иас ашиг орлогоо аваад эхэлсэн учраас энэ хэсгийн гэрээг цуцлагдсан гэж ойлгож болно. “Үүри авто сервис” ХХК-ийн хувьд манайд төлсөн түрээсийн төлбөр төлсөн баримтуудыг хэрэгт өгсөн. Суутгаж авсан 29 719 459 төгрөгийг хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулахаас өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 02-ноос 2016 оны 06 дугаар сарын 02-ныг хүртэлх 27 орчим сарын түрээсийн төлбөрт тооцон авсан гэж үзэж болно. Үүн дээр маргаан байхгүй. Бидний нэхэмжлэлийн шаардлага бол анх засварын ажилд зориулж хөрөнгө оруулсан тэр мөнгөний үлдэгдэлд 71 138 146 төгрөг гаргуулах гэсэн, энэ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. “Р” ХХК-аас 3 талт гэрээний дагуу “Фоунтэйн снип” ХХК-ийн захирал Д.Батбаярт 100 857 146 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай бармит хэрэгт байгаа, уг мөнгөөр засварын ажлыг гүйцэтгэж дуусгаад хүлээлгээд өгсөн, хөрөнгө оруулалтын мөнгөнөөс түрээсийн төлбөрийг тооцож явна гээд талууд тохиролцсон зэрэг нь бүгд нотлогдсон байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “ЗГАБ” УТҮГ-аас шүүхэд гаргасан болон шүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан эд хөрөнгө түрээслэх гэрээгээр “Р” ХХК нь 80 м.кв талбайг сард 1 100 000 төгрөгөөр түрээсэлсэн боловч өнөөдрийг хүртэл “ЗГАБ”-д нэг ч төгрөг төлөөгүй. Энэ төлөхгүй байгаа шалтгаанаа 100 857 000 төгрөгийг хөрөнгө оруулалт буюу засварын ажлын хөлсөнд суутгаж байна гэдэг боловч энэ мөнгийг “Фоунтэйн снип” ХХК-д өгсөн эсэх тухай нотолж чадаагүй байгаа. Нөгөө талаар ийм тохиролцоо хийгдээгүй гэдэг нь нотлох баримтууд болох “ЗГАБ”-аас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтод 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/93 тоот албан бичиг илгээсэн бөгөөд үүнд зарим өрөө талбайг чөлөөлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор “Р” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллах гэж байна гэж тусгасан. Гол нь засварын ажилд оруулсан хөрөнгийн зарим хэсгийг түрээсийн төлбөрт оруулан тооцуулах зөвшөөрлийг хүсэж байна гэсэн.
Хэрэв талуудын хооронд хөрөнгө оруулалтын мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгана гэсэн хүсэл зориг анхнаасаа байгаагүй гэдэг нь энэ албан бичгээс харагдаж байна. Сангийн яамнаас хариуг өгөхдөө 29 719 420 төгрөгийг засварт тооцож түрээсийн төлбөрөөс чөлөөлөхийг дэмжсэн байдаг. Иймд түрээслэгч тал буюу нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 02-ноос хойш 27 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Ингээд талуудын хооронд гэрээ хийгдсэнээс хойш буюу 2014 оны 03 сараас өнөөдрийг хүртэлх хугацааг бодохоор 50 сар буюу 4 жил 2 сар болж байгаа. Үүнээс Сангийн яамны зөвшөөрсөн 27 сарыг хасахад 23 сарын түрээсийн төлбөрийг “Р” ХХК манайд өгөх ёстой. Үүнийг сард 1 100 000 төгрөгөөр тооцоход 23 300 000 төгрөгийн тооцоо байна гэж үзэж байна.
“ЗГАБ”-ын өмч хөрөнгө түрээслэх харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмч хөрөнгийг түрээслүүлэх журам”, Төрийн өмчийн хорооны 2007 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмч хөрөнгийн түрээсийн хөрөнгийн үлгэрчилсэн загвар” зэрэг эрх зүйн актуудаар зохицуулагддаг харилцаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д “...төрийн өөрийн өмч хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд тус заалтад нийцүүлэн Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын 13 дахь заалтад төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа Сангийн яамнаас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно гэж зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь энэ журмын 2 дахь заалтын түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал урсгал засварыг хариуцах бөгөөд Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно гэснийг зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1.-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр дамжуулан түрээсэлж болно” гэсэн, мөн 318 дугаар зүйлийн 318.3., 318.4.-т заасныг тус тус заасныг зөрчсөн гэрээ байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагад түрээсийн гэрээг бүртгүүлэх шаардлагад нийцээгүй тул энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Ийм хүчин төгөлдөр бус гэрээний үр дүнд нэхэмжлэгч нь бусдын эд хөрөнгийг ашиглаад бүтэн 23 сар ашиглан, дур мэдэн бусдад дамжуулан түрээслээд үндэслэлгүй хөрөнгөжсөн, 26 900 000 төгрөгийг бусдаас үндэслэлгүйгээр олж авсан байна. Энэ байдлууд нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 493 дугаар зүйлийн 493.2.-т заасны дагуу бусдаас үндэслэлгүйгээр олж авсан 26 900 000 төгрөгийг “ЗГАБ”-д төлөх, хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан үр дагаврыг тооцож авах хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал нь бодитойгоор манай талбайг эзэмшсэн. Тэгэхээр эзэмшсэн хугацааны төлбөрийг манайд төлөх нь тодорхой. Энэ мөнгө бол манайд орох байсан мөнгө гэж үзэж байна. Үлдэх мөнгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн гэрээ тул үндэслэлгүй гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож, гэрээг дүгнэхдээ талуудын хооронд үүссэн бодит харилцааг дүгнэх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгуулага дээрх журамд нийцүүлэн 55 м.кв талбайг “Пикадили ТМХ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн түрээсийн гэрээ байгуулан ашиглуулж байгаа учир уг талбайг нэхэмжлэгчээс хүлээн авсан. Харин үлдэх талбайг нэхэмжлэгч чөлөөлж өгөөгүй, одоог хүртэл “Үүри авто сервис” ХХК-д түрээслүүлсэн хэвээр байна гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч “ЗГАБ” УТҮГ-т холбогдуулан засварын ажлын хөлсөнд төлсөн төлбөрийн үлдэгдэл буюу 71 138 146 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу төлбөрийг суутгал хэлбэрээр түрээсээс чөлөөлж, хөнгөлөлт үзүүлж, 29 719 000 төгрөгийг төлснөөр хоорондын тооцоог дуусгавар болгосон, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаар тогтоолоор тус компанитай байгуулсан гэрээг цуцалж, шинэчлэн байгуулахыг даалгасан байдаг, түрээсийн гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.1.-д заасныг зөрчиж зөвшөөрөлгүй байгуулсан, мөн Иргэний хуулийн 318.3.-т заасныг зөрчсөн учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч “ЗГАБ” УТҮГ нь өөрийн оффисын хойд талын хэсэгт байрлах /180 м.кв/ байранд засвар үйлчилгээ хийлгэхээр “Р” ХХК болон “Фоунтэйн снип” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ХАГ 13/02 тоот гэрээг байгуулжээ.
Уг гэрээний 1.2-д зааснаар “А” тал буюу хариуцагч “ЗГАБ” УТҮГ нь засвар хийх байрыг бэлэн болгох, “Б” тал буюу нэхэмжлэгч “Р” ХХК нь засварын зардалд төсөвт тусгасан 100 857 146 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх, “В” тал буюу “Фоунтэйн снип” ХХК нь оруулсан хөрөнгөөр буюу 100 857 146 төгрөгийг засварын ажилд зарцуулан уг ажлыг гэрээний 2.1-д заасан 2014 оны 01 дүгээр сарын 15-наас 02 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд чанартай хийж гүйцэтгэх үүргүүдийг тус тус хүлээсэн байна.
Дээрхээс үзэхэд хариуцагч “ЗГАБ” УТҮГ, нэхэмжлэгч “Р” ХХК нь гүйцэтгэгч “Фоунтэйн снип” ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.
2. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХАГ 13/02 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч “Фоунтэйн снип” ХХК нь хариуцагч байгууллагын оффисын хойд хэсгийн 180 м.кв талбайтай байрны засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж дуусган 2014 оны 03 дугаар сарын 02-нд актаар хүлээлгэн өгсөн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаартай тогтоол, түүний хавсралт болох 2016 оны 10 дугаар 22-ны өдрийн “ЗГАБ” УТҮГ-ын түрээсийн асуудалд хяналт, шалгалт хийсэн тайлан”-д заасан байх ба энэ талаар зохигчид маргаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Р” ХХК-иас хөрөнгө оруулалт гэх 100 857 146 төгрөгийг гүйцэтгэгч “Фоунтэйн снип” ХХК-д шилжүүлэн өгсөн, “Фоунтэйн снип” ХХК нь ажлын үр дүн болох засвар хийсэн байрыг хариуцагч буюу захиалагч “ЗГАБ” УТҮГ-т хүлээлгэн өгсөн үйл баримт нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13-2/3665 тоот Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газрын албан бичиг, 100 857 146 төгрөг хүлээж авсан тухай 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Фоунтэйн снип” ХХК болон “Р” ХХК-ийн тамга бүхий баримт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаартай тогтоол, түүний хавсралт болох 2016 оны 10 дугаар 22-ны өдрийн “ЗГАБ” УТҮГ-ын түрээсийн асуудалд хяналт, шалгалт хийсэн тайлан” зэргээр нотлогджээ.
3. Талуудын хооронд байгуулсан ХАГ 13/02 тоот гэрээний 4.2-т “Б” тал /“Р” ХХК/ нь өөрөө хөрөнгө оруулсан байраа түрээслэн ажиллаж, оруулсан хөрөнгөө түрээсийн төлбөрөөс суутган тооцно” гэж, 2.2-т “А” /“ЗГАБ” УТҮГ/ тал, “Б” /“Р” ХХК/ талын гэрээний хугацаа нь 10 жил байна. Гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож сунгаж болно” гэж заасан байх ба үүнтэй холбоотойгоор зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ХАГ 13/02-ын хавсралт “Эд хөрөнгө хөлслөх түрээсийн гэрээ” нэртэй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээг байгуулжээ.
Энэ гэрээний 1.1-д зааснаар хариуцагч нь өөрийн эзэмшлийн хөрөнгө буюу ХАГ 13/02 тоот гэрээний дагуу засварласан 180 м.кв талбайнаас 80 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар нэхэмжлэгчид түрээслүүлэх, 2.1-д зааснаар түрээслэгч нь сарын түрээсийн төлбөрт төлөх 1 100 000 төгрөгийг оруулсан хөрөнгөөс буюу 100 857 146 төгрөгөөс суутган тооцуулж байхаар, энэ нэмэлт гэрээ нь ХАГ 13/02 тоот гэрээний адил хүчин төгөлдөр байхаар тус тус харилцан тохиролцсон байна.
4. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13-2/3665 тоот Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газрын албан бичигт “ ...29 719 459 төгрөгийн их засварт тооцон түрээсийн төлбөрөөс чөлөөлөхийг дэмжиж байгаа болно” гэж дурдсан байх ба үүний дагуу зохигчид 2014 оны 03 дугаар сарын 02-ноос 2016 оны 06 дугаар сарын 02-ныг хүртэл 27 сарын түрээсийн гэрээний үүрэгт дээрх 29 719 459 төгрөгийг нэхэмжлэгч төлснөөр тооцохоор харилцан тохиролцож, энэ талаар маргаагүй байна.
5. Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1., 320 дугаар зүйлийн 320.1.-д зааснаар талууд, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө хөлслөх түрээсийн гэрээ”-ний хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХАГ 13/02 тоот ажил гүйцэтгэх гэрээний хугацаагаар буюу 10 жилээр тооцож тохиролцсон ба үүнээс үзэхэд түрээсийн гэрээний хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 08-нд дуусахаар байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаартай тогтоол, түүний хавсралт болох 2016 оны 10 дугаар 22-ны өдрийн “ЗГАБ” УТҮГ-ын түрээсийн асуудалд хяналт, шалгалт хийсэн тайлан”-д талуудын хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ХАГ 13/02-ын хавсралт “Эд хөрөнгө хөлслөх түрээсийн гэрээ”-г цуцлах, шинэчлэн байгуулахыг “ЗГАБ” УТҮГ-т даалгаж заасан байх ба үүний дагуу хариуцагч талаас Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3.-т зааснаар нэхэмжлэгч талд түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх баримтгүй байна.
6. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ХАГ 13/02-ын хавсралт “Эд хөрөнгө хөлслөх түрээсийн гэрээ”-нд гэрээний зүйл болох 80 м.кв талбайг бусдад дамжуулан хөлслөх талаар талууд тохиролцоогүй байх боловч нэхэмжлэгч “Р” ХХК нь уг талбайн 55 м.кв талбайг нь 2015 оны 09 дүгээр сарын 10-наас эхлэн “Биг ойл” ХХК-д, 2016 оны 01 дүгээр сарын 13-наас эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл “Пикадили ТМХ” ХХК-д тус тус сард 800 000 төгрөгөөр, үлдэх талбайг нь 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл “ Үүри авто сервис” ХХК-д сард 300 000 төгрөгөөр түрээслүүлж байсан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх компаниудаас түрээсийн төлбөрийг хүлээн авсан тухай “Р” ХХК-ийн тамга бүхий бэлэн мөнгөний орлогын баримтууд, “ Үүри авто сервис” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0929 тоот албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 015 тоот “Р” ХХК болон “Үүри авто сервис” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/12 тоот “Пикадили ТМХ” ХХК-ийн албан бичиг зэрэг баримтуудаар нотлогджээ.
Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1.-д зааснаар түрээслэгч нь эд хөрөнгийг дамжуулан түрээслэхдээ зөвхөн түрээслүүлэгчийн зөвшөөрлийг авах зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн түрээсэлж байгаа 80 м.кв талбайг бусдад дамжуулан түрээслэхийг хариуцагчид мэдэгдсэн, түүнээс зөвшөөрөл авсан баримт хэрэгт байхгүй байна.
7. Хариуцагч тал нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ХАГ 13/02-ын хавсралт “Эд хөрөнгө хөлслөх түрээсийн гэрээ”-ний зүйл болох 55 м.кв талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа “Пикадили ТМХ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн түрээсийн гэрээ байгуулсан болох нь “ЗГАБ” УТҮГ-ын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот “Түрээслэгчийн сонгон шалгаруулалтын комиссын хурлын тэмдэгдэл” , “ЗГАБ” УТҮГ-ын санхүүгийн тэмдэг бүхий “Пикадили ТМХ” ХХК-иас түрээсийн төлбөр төлсөн тухай кассын дансны хуулгууд зэргээр нотлогдсон.
Үүнээс үзэхэд дээрх 55 м.кв талбайг түрээслүүлэгч буюу хариуцагчид Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5.-д зааснаар буцаан өгсөн гэж үзэхээр байна.
Харин түрээсийн зүйлийн үлдэх хэсэг буюу 25 м.кв /талуудын тайлбарласнаар 29 м.кв гэх/ талбайн хувьд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 015 тоот “Р” ХХК болон “Үүри авто сервис” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу “Үүри авто сервис” ХХК эзэмшин ашиглаж байгаа бөгөөд түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй байна.
8. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу түрээсийн төлбөрт 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 2018 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 19 сарын хугацаанд сард 1 100 000 төгрөгөөр тооцон 20 900 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос одоог хүртэл хугацаанд сард 300 000 төгрөгөөр тооцоход 4 сар 13 хоногийн төлбөрт 1 330 000 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар хариуцагчид төлөх үүрэгтэй байна.
9. Нэхэмжлэгч тал нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буюу талуудын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХАГ 13/02 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн эзэмшлийн эд хөрөнгийг засварласан зардалд төлсөн 100 857 146 төгрөгийн үлдэгдлийг нэхэмжилснээр, хариуцагч тал нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн “Пикадили ТМХ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулснаар тус тус Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4.-т зааснаар түрээсийн гэрээг цуцлахаар хэн аль нь шаардах эрхтэй.
10. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1.-д “Биелүүлэх хугацаа нь болсон, 2 этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно”, 238.4.-т “ Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд, их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ.
Талуудын хоорондох 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХАГ 13/02 тоот гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ХАГ 13/02-ын хавсралт “Эд хөрөнгө хөлслөх түрээсийн гэрээ”-нүүд харилцан холбоотой буюу нэхэмжлэгч талын түрээсийн төлбөрт сард 1 100 000 төгрөг төлөх мөнгөн төлбөрийн үүргийг, хариуцагч тал нь өөрийн эд хөрөнгөд засвар хийлгэхэд зарцуулсан зардалд нэхэмжлэгч талд төлөх 100 857 146 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээс тооцох талаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлж, ХАГ 13/02 тоот гэрээний 4.2-т “ Б тал /“Р” ХХК/ нь өөрөө хөрөнгө оруулсан байраа түрээслэн ажиллаж, оруулсан хөрөнгөө түрээсийн төлбөрөөс суутган тооцно” гэж заасан байна.
Үүнээс үзэхэд зохигчид хэн аль нь түрээсийн гэрээгээ цуцалж, мөнгөн төлбөрийг бие биедээ гүйцэтгэх үүрэгтэй, мөн шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1., 238.4.-т заасны дагуу нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт 2016 оны 06 дугаар сарын 02-ноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд төлөх ёстой нийт 22 230 000 төгрөгийг хасч тооцоход, засварын ажлын төлбөрийн үлдэгдэл болох 48 908 146 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг үлдсэн гэж үзэхээр байна.
11. Хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Р” ХХК болон “ Үүри авто сервис” ХХК-ийн хооронд байгуулсан “Эд хөрөнгө хөлслөх түрээсийн гэрээ”, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Р” ХХК болон “Биг ойл” ХХК-ийн хооронд байгуулсан “Эд хөрөнгө хөлслөх түрээсийн гэрээ”, нэхэмжлэгч талаас гаргасан 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Засварын ажил хүлээн авсан акт” зэрэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, “Тэс петролиум” ХХК зэрэг нэр бүхий 7 байгууллагын түрээсийн төлбөрийн тухай хүсэлтүүд, “ЗГАБ” УТҮГ-аас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хүсэлт явуулсан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/49 тоот албан бичиг, “Өнөөдөр сонин”-ы 2017 оны 12 дугаар сарын 07, 15-ны өдрийн, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаарууд зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, зохигчдын гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргүүдийг харилцан тооцож, нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт төлөх ёстой нийт 22 230 000 төгрөгийг хасч, хариуцагчаас засварын ажлын төлбөрийн үлдэгдэлд 48 908 146 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч компанид олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 513 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагас улсын тэмдэгтийн хураамжид 402 491 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1., 238.4.-т зааснаар хариуцагч “ЗГАБ” УТҮГ-аас 48 908 146 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22 230 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 513 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 402 491 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА