| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2019/0099/Э |
| Дугаар | 296 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 296
М.Дт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн М.Дт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
У овгийн Мын Д, 1995 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...” дээд сургуульд оюутан, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .../,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
М.Д нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байх биллъярд тоглоомын газрын үүдэнд иргэн Э.Дөлгөөнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас У овогт Мын Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хянан шийдвэрлэх эд мөрийн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч орсон. Анхан шатны шүүхээс М.Дыг цагаатгахдаа хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухай дүгнэлт хийгээгүй. Улсын яллагчийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар цагаатгах тогтоолд бичих ёстой. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэхдээ “М.Д нь иргэн Э.Дөлгөөнийг түлхэж унагасан болох нь тогтоогдож байна. Дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Дөлгөөний биед 2 шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийн М.Дыг цагаатгаж, хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заажээ.
Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан шатны шүүх ямар учраас үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэвэл М.Дын эрх зүйн байдал хүндрэхээр байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор анхан шатны шүүхээр дахин дүгнэлт хийлгэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Дт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Дт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц. ОЧ