Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2021/007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагч Ю.Бурмаад холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/07 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т , түүний өмгөөлөгч Л.Бор, хариуцагч Ю.Бурмаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нар оролцов.        

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр 04-ний хуралдсан.

Хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхэд хурлын даргад төлөөлөгч Д.Ө, Х.Т  нар нэр дэвшсэн. Төлөөлөгч Д.Өтай холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бий учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, эрх бүхий албан тушаалтан Д.Ч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт хязгаарлалтыг танилцуулж, мэдэгдэл тайлбар гаргах талаар танилцуулсан.

Төлөөлөгч Д.Ө-гийн төрсөн эгч Д.Э, Д.Г-гийн төрсөн хүү Г.А нь хамаарал бүхий этгээд гэж үзэж байгаа бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасныг зөрчиж, Ганбатын Амаржаргал нь ашиг сонирхлыг зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бөглөөгүй. Дагвын Эрдмаа нь Ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бөглөсөн боловч хуралдаан даргалагч Ю.Бурмаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй байгааг мэдсээр байж, хамаарал бүхий этгээд Дагвын Эрдмааг ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж үзэж санал хураалтад оролцуулсан. Мөн төлөөлөгч Г.Амаржаргал нь Ашиг сонирхлыг зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бөглөхгүйгээр санал хураалтад оролцсон.

Санал хураалтаар төлөөлөгч Дагвын Өлзиймаа 11 санал, төлөөлөгч Хөхбандийн Түвшинбат 10 санал авсан.

2.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгч Бадрайн Мөнхсайхан Ванданхүүгийн Батжаргал нар дэвшсэн. Мөн дээрхийн адил ашиг сонирхлын зөрчил үүссээр байхад хурлыг үргэлжүүлж хууль зөрчсөн. Төлөөлөгч Бадрайн Мөнхсайханы нөхөр болон Ч.Өлзийбаяр, төрсөн дүү Бадрайн Оюунболорын нөхөр болох Г.Ариунсан, мөн нэр дэвшигч В.Батжаргалын эхнэр болох Д.Буянжаргал, В.Батжаргалын хүргэн болох Г.Амаржаргал нар ашиг сонирхол үүссэнийг мэдсээр байж мэдэгдэл, тайлбар гаргалгүй санал хураалтад оролцсон. Санал хураалтаар Д.Мөнхсайхан 12 санал, В.Батжаргал 9 хүний санал авсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж заасан.

Мөн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 4.1.7.бүх шатны төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” тус тус заасан.

Дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох дээрх ажиллагаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1-т Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.”, 8.2-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.”, 11.1-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;” гэж заасныг тус тус зөрчиж гэж үзэж гомдол гаргаж байна. Эдгээр хууль тогтоомжийг зөрчиж, төрийн албыг төрлийн алба болгож байна гэж үзэж байна.

Иймд ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус шийдвэрүүдээс хамаарч миний сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/07, 1/09 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурлын үйл явц тэр чигтээ хууль зөрчсөн. Нийтийн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой. Тиймээс ч нийтийн албанд ажиллагсдын хориглох зүйл гэж байдаг. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол түүнээс урьдчилсан сэргийлэх тухай хууль эдгээр хуулиудад нийтийн албан тушаалтан яаж ажиллах ёстойг зааж өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт  “...хууль бус захиргааны акт...” гэж ямар байдлыг хэлэх вэ гэхээр эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хэлнэ гэж заасан байдаг. Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаанаас гарсан тогтоолыг уг заалттай холбогдуулан хөндөж ярья. Захиргааны акт гаргах шаардлага бодит нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой. Иргэдийн хуралд оролцох төлөөлөгч нар санал өгөхдөө ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хуралдаан даргалагч судлах ёстой байсан. Төлөөлөгч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол түүнээс урьдчисан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдэгдэл, тайлбар гаргах ёстой.  Гэтэл нэр бүхий төлөөлөгч нар мөн хуулийн 3.4, 6.5, 8.11, 8.12 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж үйл ажиллагаа явуулсан. Мөн хуулийн 4.1 дэх хэсэгт заасан хүмүүс, 3.1 дүгээр зүйлд заасан хамаарал бүхий этгээд гэж “...нийтийн албан тушаалтны ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагч, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ...” гэж заасан. Үүнийг зөвхөн төрсөн ах, дүүс гэж ойлгож болохгүй. Мөн хуулийн 7.2.5. “...ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх..” гэх мэт заалтуудыг тус тус зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24.4 дэх хэсэгт зааснаар “...захиргааны шийдвэр гарах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шинжлэн судлах үүрэгтэй...” гэж заасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2. “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байхад хамаарал бүхий хүмүүс татгалзах үүргээ биелүүлээгүй. Д.Өлзиймаагийн хувьд өөрийн төрсөн эгч Д.Эрдмаа, зээ дүү Г.Амаржаргал нар санал өгч хууль зөрчсөн. Хурлын нарийн бичгийн дарга н.Чимэдцэрэн хууль зөрчиж болзошгүй байна шүү гэсэн байдлаар тайлбар мэдээлэл өгсөн байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2 дахь хэсэгт заасан зөрчил үүсэж магадгүй байна шүү гээд тайлбарлаж өгсөөр байхад хуралдаан даргалагч хамаарал бүхий хүмүүсээр санал өгүүлсэн. Тэд өөрсдөө ч татгалзаагүй. Захиргааны байгууллагын хамгийн гол зүйл бол оролцогчийг сонсох ажиллагаа явуулах өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж тайлбар гаргах, санал гаргах боломжоор нь хангах ёстой байдаг. Гэтэл хамаарал бүхий хүмүүсээр санал өгүүлж тухайн үйл ажиллагааг дуусгасан. 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 05/13855 дугаартай албан бичигт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол түүнээс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3.1.11.“...олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц...” байдлыг бий болгосон байна гэж үзсэн. Г.Амаржаргал нь ашиг сонирхлын мэдүүлэг бөглөөгүй санал хураалтад оролцсон нь хурлын тэмдэглэлээс харагдаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 31.1 дэх хэсэгт зааснаар “...хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно..” гэсэн заалт мөн зөрчигдөж байгаа. Хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол Хурлын дарга төлөөлөгч нарт энэ хууль хамаарна. Монгол улсын Үндсэн хуулийн 63.2 дахь хэсэгт зааснаар “...хурлын тогтоол нь үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байх...” ёстой. Гэтэл 1/07 дугаар тогтоол нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны хуульд үндэслэсэн ашиг сонирхлын зөрчилтэй, захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас татгалзан гарах боломжийг хангах зарчмыг алдагдуулсан. Хуралдааны тэмдэглэлээс харахад бид ард иргэдээс сонгогдсон учраас бидэнд ашиг сонирхлын зөрчил хамаарахгүй гэсэн асуудлын талаар яригдаж бичигдсэн байсан. Х.Т ыг ял шийтгэлтэй хүн иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон тухай яригдаж байна. Одоогийн хуулиар ялтай байдал гэсэн хэсгийг хүчингүй болгосон. Х.Т  нь 2020 онд торгох ялаар шийтгүүлээд маргааш нь шийтгэлээ төлж барагдуулсан. Торгох ялын тухайд торгуулийн ялыг төлснөөр ялгүйд тооцогддог. Цагдаагийн газраас ял, шийтгэлгүй гэсэн лавлагаа гарсан байсан. Иймээс Анхдугаар хуралдааны тогтоол хууль зөрчиж гарсан болохоор эрх зүйн зөрчилтэй, хууль бус  акт байна. Иймд тус актыг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Ю.Бурмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж хуралдааныг хамгийн ахмад настай төлөөлөгч Ю.Бурмаа би даргаласан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Яам агентлаг, дээд шатны хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж зааснаар хуулиар олгогдоогүй онцгой бүрэн эрхийнхээ дагуу хуралдсан. 11 дүгээр зүйл Хурлын даргыг сонгох, 11.1-д Аймаг, нийслэл сум дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэж заасан.

Ардчилсан нам орон нутгийн сонгуулиар 13 суудал авч олонхи болоод намын дүрэм журмын дагуу намын бүлгийн хурлаас 10 хүний саналаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвших эрхээ авсан Д.Өлзиймааг нэр дэвшүүлж 11 хүний саналаар хурлын дарга болсон. Нэр дэвшигч X.Түвшинбат нь сонгох, сонгогдох эрхээ эдэлж өөрийгөө дэвшүүлж 10 хүний санал авсан. Тухайн хуулиудаар ашиг сонирхлын зөрчилтэй гээд санал өгүүлэхгүй байвал бусад төлөөлөгчдийн сонгох, сонгогдох эрх, сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг нутгийн өөрөө удирдах байгууллага, хүний эрхийн асуудал, сум орон нутгийн хөгжил, сумын хурлын бүрэн эрх, төлөөлөгчийн бүрэн эрх алдагдах байсан. Бусад сумуудын дарга, төлөөлөгч нартай санал солилцоход эхнэр, нөхөр, хүргэн, бэр, төрсөн ах дүүс нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдон, нэгжийн хуулийн дагуу хурлаа зохион байгуулсан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс бидний ойлгож байгаагаар Авлигын хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад ард түмний сонгож гаргасан төлөөлөгчид санал өгөхгүй гэсэн заалт байхгүй тул, төрийн захиргааны тангараг өргөсөн албан хаагч эрх бүхий албан тушаалтан Д.Чимэдцэрэн нь хурлын хуралдаанд дэмжлэг туслалцаа үзүүлж чиглүүлж өгөх байтал хуралд хөндлөнгөөс оролцож албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хэтэрхий нэг талыг барьж хуралдаан үймүүлж байсан. АН-ын бүлгийн дарга О.Хумбаагаас завсарлага авах санал гарч 20 минут завсарласан. Хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авч хуульд хориглосон заалт байхгүй ч Д.Эрдмаа, Ч.Өлзийбаяр нар мэдүүлгийн хуудас бөглөж, Г.Амаржаргал, Г.Ариунсан нар мэдүүлэг бөглөх шаардлагагүй гэж шийдвэр гаргасан. Хурал даргалагч Ю.Бурмаа хэрвээ энэ 2 төлөөлөгчийг санал өгүүлэхгүй гэвэл ард түмний сонголт, энэ хүмүүсийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөнө. Ах, дүү яриад байвал сумын бүх л хүн ах, дүү болно. Энэ хуулиудыг барина гэвэл мөн л төлөөлөгч Х.Т ын хамаарал бүхий этгээд нь В.Батжаргал, Д.Буянжаргал, Ч.Өлзийбаяр, Б.Мөнхсайхан нар байгаа, бүгд санал өгсөн.Төлөөлөгч Д.Эрдмаа нь ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бөглөсөн. Би шийдвэр гаргахдаа:

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.2-т хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах санал дүгнэлт гаргах, санал хураалгах, хурлын төлөөлөгчийн бүрэн эрх зөрчигдсөн гэж үзсэн.

Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх зөрчил үүссэн тухай мэдэгдлийг тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүйг сонгосон.

Х.Т  нь Хурлын даргаар сонгогдвол Засаг даргад нэр дэвшигч Б.Мөнхсайхан, В.Батжаргал нартай ажил үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл 4.1 энэ хуулийн үйлчлэл Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. Авлигын эсрэг хууль 4 дүгээр зүйл хуулийн үйлчлэлд хамаарах этгээд 4.1.1 төрийг улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан /даргаар сонгогдсон тохиолдолд энэ үйлчлэлд хамааран ашиг сонирхол үүснэ гэж ойлгосон/.

Д.Өлзиймаа нь хурлын даргаар сонгогдон ажиллавал Засаг даргад нэр дэвшигч Б.Мөнхсайхан, В.Батжаргал нартай ямар ч хамааралгүй гэж үзлээ.

Ардчилсан намын үндсэн дүрмээ баримталж бүлгийн шийдвэрийг дагасан. Төлөөлөгч Х.Т  намын нэрийн өмнөөс нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон байж намын бүлгийн шийдвэр зөрчиж эсрэг намын төлөөлөгчидтэй хуйвалдаж байна гэж үзлээ.

Орон нутгийн сонгууль болохын өмнө иргэн Ё.Цэцэгмаагаас сумын сонгуулийн хороонд нэр дэвшигч Х.Т ын нэрийг татуулах гомдол гаргасан, эрүүгийн хэргээр шүүхэд өгсөн шийдвэр нь сонгуулийн хороонд ирсэн хариуг өгөөч, мөн аймаг, сумын АН-ын даргад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ийм ёс зүйгүй хүнийг дэвшүүлэхгүй байх тухай гомдол ирүүлсэн. /Уг гомдолд хүний шүд хуга цохиж, толгой дээрээс тогоотой үнс асгаж, эмэгтэй хүний гэдэс, сав руу өшиглөж, зүй бус үг хэллэгээр доромжилсон тухай өгүүлсэн байсан/. Эрүүл мэндэд хохирол учруулсан төлөөлөгч Х.Т ад ямар арга хэмжээ авсан тухай гомдлын хариуг байнга шаардаж байна.

Төлөөлөгч Б.Мөнхсайхан мэдэгдлээ бөглөчих, эдгээр хуулиудад төлөөлөгч санал өгөхгүй гэсэн заалт алга байна, төлөөлөгчийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж санал өгүүлэхгүй гэвэл АН-ын бүлгийн 12 төлөөлөгч хуралд суухгүй ээ гэж хэлснийг тунгааж хурлын хуралдаан өөрсдийн баталсан дэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулиараа шийдвэрлэсэн.“ гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Өлзиймаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтын дагуу хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч Ю.Бурмаа даргалсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Яам агентлаг, дээд шатны хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхийн дагуу хуралдсан.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Хурлын даргыг сонгох, 11.1-д Аймаг, нийслэл сум дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэсний дагуу сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам 13 суудал авч олонх болоод намын дүрэм журмын дагуу намын бүлгийн хурлаас 10 хүний саналаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвших эрхээ авч Д.Өлзиймааг нэр дэвшүүлж 11 хүний саналаар хурлын даргаар сонгогдсон.

Нэр дэвшигч Х.Т  нь хурлын даргад нэр дэвших эрхгүй гэж намын бүлгээс шийдвэр гаргасан байхад Х.Т  нь өөрийн нэрийг дэвшүүлж 3 хүний санал авсан. Намд 4-р багийн иргэн Ё.Цэцэгмаагаас гомдол ирсний дагуу эрүүгийн хэрэгт холбогдсон гэж үзээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дүгээр заалтын дагуу сумын иргэдийн хурлын даргад нэр дэвшүүлээгүй болно.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын дагуу гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсаны дагуу хурлын төлөөлөгчөөс чөлөөлөх, огцруулах хүсэлтэй байна.

Ардчилсан намын үндсэн дүрэм 3.7.3. намын ёс зүй, сахилга батыг чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх. 3.9.1.19. бүх шатны намын байгууллагын хурлын болон УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчсөн.

Д.Эрдмааг мэдэгдлээ гаргасан байна, төлөөлөгч Г.Амаржаргалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт заасан хамаарал бүхий этгээд гэсэн ойлголтод хамаарахгүй хэдий ч садан төрлийн холбоотой байгаа нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан "олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц" нөхцөл байдал бий болж гэж үзсэн байсан. Тэгвэл мөн ялгаагүй 21 төлөөлөгч дотор Х.Т ын садан төрөл болох төлөөлөгч В.Батжаргал, Д.Буянжаргал, Ч.Өлзийбаяр, Б.Мөнхсайхан, Г.Ариунсан, Г.Амаржаргал нар байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан "олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц" нөхцөл байгаа тул садан төрөл Ванданхүүгийн Батжаргалын төрөлтийн лавлагааг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан. Х.Т ын энэ үйлдлийн ард ялагдалтайгаа эвлэрч чадахгүй байгаа В.Батжаргалыг төрөл садан, хадам ах нь гэдгийг Баянговь сумын ард иргэд бүгд мэднэ. Иргэн хүний хувьд миний бие 2 охин, зээ хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг жирийн л эмэгтэй хүн. Ах, эгч дүүс өөр өөрийн амьдралтай, өөр байгууллагад ажилладаг. Ард түмний сонголтоор тус тусын тойрогт хамгийн өндөр саналуудыг авч, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өөрөө удирдах ёсны байгууллагад төлөөлөгч болсон.

Би сонгуулийн үр дүнгээр байгуулагдан сонгогддог албан тушаалд сонгогдсон.

Хоёр ба түүнээс дээш хүн хурлын даргад нэр дэвшвэл нууцаар санал хураадаг, хэн надад санал өгснийг би таашгүй. Энэ алба нь өөрөө өөрийнхөө төлөө ч саналаа өгч болдог сонгуулийн алба. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтад хурлын даргад санал өгч болохгүй гэсэн заалт байхгүй. Зөвхөн манай сумд биш 330 суманд бүгд хамаатан садан тэр ч бүү хэл ээж нь хүүдээ санал өгсөн тохиолдол ч байна. Энэ нь эд хөрөнгө хуваарилах, зарцуулах төрийн захиргааны алба биш нутгийн өөрөө удирдах байгууллага юм.

Би төрсөн эгч болон зээ дүүгээ надад санал өгснийг юугаар нотлох юм бэ. Миний зээ дүү ч бас төлөөлөгч Х.Т ын хүргэн хүн. Нууц санал хураалтыг хэн ч нотлохгүй энэ бол хардалт. Анхдугаар хуралдааныг би зохион байгуулаагүй. Хурлаас гаргасан тогтоолыг тухайн хурал өөрөө хүчингүй болгодог хуулийн заалттай. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар бол “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” бөглөх байсан ч анхдугаар хуралдаан хоног заасан хуультай, дээр нь тухайн хурал хуулийн хугацааны хамгийн сүүлийн өдөр хуралдсан. АН-ын 12 төлөөлөгч, хурлын төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж санал өгүүлэхгүй гэвэл хуралд оролцохгүй гэдгээ хуралдаан дээр мэдэгдсэн.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.13-т Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна гэж заасан. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, цар тахал тархсан, тухайн сумд зуд болж малчид отор нүүдэл хийгээд явсан энэ цаг үед сонгууль явуулахад хүрвэл танхимаас өөрийгөө нэр дэвшүүлсэн хүн үү, тэр асар их зардлыг хэн хариуцах, сум орныхоо цаг үетэй уялдуулан тухайн хуралдаан хуулийн дагуу хуралдаж, ард иргэдийн сонголтыг хүндэтгэсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Т аас тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагч Ю.Бурмаа, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон Д.Өлзиймаа нарт холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/07, 1/09 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү нэхэмжлэлээс “Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/09 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” тухай шаардлагыг тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11/ШЗ2020/0170 дугаар Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй захирамж хүчин төгөлдөр болсон.

Иймд Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөж Хурлын даргаар сонгогдсон Д.Өлзиймааг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/07 дугаар тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн ирцтэйгээр хуралдаж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад төлөөлөгч Ю.Бурмаа даргалж, тус хуралдаанаар Сонгуулийн хорооны тайлан сонсох, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Хуралдааны дэг хэлэлцэх, Намын бүлэг байгуулах тухай асуудал хэлэлцэх, Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, Тооллогын комисс байгуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, Сумын Засаг даргыг сонгон уламжлах зэрэг асуудлыг хэлэлцэн баталжээ. 

Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/07 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удидлагын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б, 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтуудыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн олонхийн санал авсан Д.Өлзиймааг хурлын даргаар сонгосонд тооцсон байна.

Нэхэмжлэгч Х.Т “...Төлөөлөгч Д.Өлзиймаагийн төрсөн эгч Д.Эрдмаа, Д.Гансмаагийн төрсөн хүү Г.Амаржаргал нь хамаарал бүхий этгээд бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчиж, Г.Амаржаргал нь ашиг сонирхлыг зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бөглөхгүйгээр санал хураалтад оролцсон. Д.Эрдмаа нь мэдэгдлийг бөглөсөн боловч хуралдаан даргалагч Ю.Бурмаа илт ашиг сонирхлын зөрчилтэй байгааг мэдсээр байж, хамаарал бүхий этгээд Д.Эрдмааг санал хураалтад оролцуулсан...” гэж, харин хариуцагч Ю.Бурмаа “...хамаарал бүхий этгээдүүдийг санал хураалтад оролцуулахгүй гэвэл төлөөлөгч нар бүгд хоорондоо ах, дүү, хамаатан, садан болно, хурлын ирц бүрдэхгүйд хүрэхээр байсан тул хуралдаан даргалагчийн хувьд өөрсдийн баталсан дэг болон хуулиараа төлөөлөгчдийн сонгох, сонгогдох эрхийн дагуу санал хураалтад оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Д.Эрдмаа, Ч.Өлзийбаяр нар мэдүүлгийн хуудас бөглөж, Г.Амаржаргал, Г.Ариунсан нар мэдүүлэг бөглөх шаардлагагүй гэж шийдвэр гаргасан. Төлөөлөгч Х.Т ын хамаарал бүхий этгээд болох В.Батжаргал, Д.Буянжаргал, Ч.Өлзийбаяр, Б.Мөнхсайхан нар мэдүүлэг бөглөөгүй, бүгд саналаа өгсөн...” гэж маргажээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг, 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг, 3.1.7-д “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг, 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” тус тус хэлэхээр нарийвчлан хуульчилжээ.

Төлөөлөгч Д.Эрдмаа нь Д.Өлзиймаагийн төрсөн эгч болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрөл садангийн лавлагаанаас харагдах бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээд мөн байна,  харин түүний төрсөн эгчийн хүүхэд Г.Амаржаргал нь дээрх хуулийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээдэд хамаарахгүй, харин Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлэхээр заасны дагуу Д.Өлзиймаагийн садангийн хүн болох нь төрөл садангийн лавлагаа, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбаруудаар тогтоогдож байна.

Төлөөлөгч В.Батжаргал нь Х.Т ын эхнэр Авирмэдийн Намхайнямбуугийн төрсөн ах болох нь төрсний, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанууд, хурлын хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогч нарын тайлбаруудаар тус тус нотлогдож байгаа бөгөөд түүний хамаарал бүхий этгээд мөн байна.  

Шүүх хуралдаанд хариуцагч, гуравдагч этгээд нар нь Х.Т ын хамаарал бүхий этгээд гэж В.Батжаргал, Д.Буянжаргал, Ч.Өлзийбаяр, Б.Мөнхсайхан нарыг дурдаж байгаа боловч Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлээс харахад нэр дэвшигч Д.Өлзиймаагийн хамаарал бүхий этгээд гэж төлөөлөгч Д.Эрдмаа, Г.Амаржаргал нарыг, нэр дэвшигч Х.Т ын хамаарал бүхий этгээд гэж төлөөлөгч В.Батжаргал нарыг Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бөглөх, улмаар санал хураалтад оролцуулахгүй байх талаар төлөөлөгч нараас санал гаргасны дагуу төлөөлөгч Д.Эрдмаа нь Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл бөглөж, харин Г.Амаржаргал, В.Батжаргал нар тус мэдэгдлийг бөглөхөөс татгалзаж, хуралдааны дэг, төлөөлөгч нарын олонхийн шийдвэр, мөн хуралдаан даргалагч Ю.Бурмаагийн шийдвэрийн дагуу нийт төлөөлөгчид санал хураалтад оролцжээ.

Мөн тус хуралдаанаар хурлын дэгийг хэлэлцэхдээ төлөөлөгчид хурлын ирцийг 80 хувиас дээш байж олонхи болохоор, дэгийн 1.6.5 /төлөөлөгч шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ/, 1.6.6 /Энэ журмын 1.6.5-д заасны дагуу төлөөлөгч санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй/ дахь хэсгүүдийг хасаж баталсан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.”, 8.3-т ”Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно.”, 8.4-т ”Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана” гэж тус тус заасан бөгөөд энэ нь тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэдэгдэл гаргах, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан зохицуулалт юм.

Харин Хурлын төлөөлөгч нар болон нэр дэвшигч нарын хувьд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд хурлын даргыг сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр болохоос хамаарал бүхий этгээдүүдэд хамаатай удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх үйл ажиллагааг явуулсан захиргааны шийдвэр гаргаж байгаа үйлдэл биш тул дээрх хуулийн заалтад хамаарахааргүй байна.

Түүнчлэн Монгол улсын Авилгатай тэмцэх газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 05/13855 дугаар албан бичигт “...Баянговь сумын хурлын дээрх нэр бүхий төлөөлөгч нар нь хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлыг зөрчилтэй гэж ойгогдохуйц нөхцөл байдал бий болсон байна. Цаашид Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан авига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэх, хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргах тохиололд тухай бүр мэдэгдэл, тайлбарыг гаргаж байх, хуульд заасан хориглолт хязгаарлалтыг баримтлан ажиллах талаар сумын удирдлагуудад албан бичгийг хүргүүлсэн болно” гэжээ.

Тиймээс олон нийтийн зүгээс ашиг сонирхлыг зөрчилтэй гэж ойгогдохуйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн эрх бүхий албан тушаалтан авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэхдээ хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргах тохиололд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу тухай бүр мэдэгдэл, тайлбарыг гаргаж ажиллахаар байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасны дагуу АН-ын бүлгээс Д.Өлзиймааг, мөн хуулийн 11.3-т “Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн... ...нэрийг дэвшүүлж болно” гэж заасны дагуу Х.Т  нэрээ дэвшүүлж, Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өрсөлдөж, дээрх хуулийн 11.4-д “Хурлын даргад… …хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно”, 11.6-д “Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй” гэж заасны дагуу нийт 21 төлөөлөгчид нууцаар санал хурааж, Х.Т  10, Д.Өлзиймаа 11 хүний санал авчээ.

Нууцаар санал хурааж байгаа тохиолдолд тухайн төлөөлөгч нэр дэвшигч нарын хэнийг ч сонгох эрхтэй, хэнд санал өгсөн эсэхийг хөндлөнгийн хүн мэдэхгүй бөгөөд үүнийг тогтоох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч өөрөө өөртөө санал өгөх эрх, улмаар төлөөлөгч нь хамаарал бүхий этгээдэд санал өгөх, өгөхгүй байх эрх нь нээлттэй бөгөөд хуулиар хориглосон зүйл байхгүй байна.

Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б-д “Хурлын дарга... ... сонгох”-оор заасны дагуу Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 1/07 дугаар тогтоол гарсан байх ба уг тогтоол нь дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”,  23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана.”,  23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 23.8-т ”Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.”, 25.2-т “…Хурлын даргыг сонгох… …тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч гарын үсэг зурна” гэж тус тус заасантай нийцжээ.

Иймд Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/07 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/332 дугаар Шийтгэх тогтоолоор Х.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэсэн, энэ нь Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б, 23 дугаар зүйлийн 23.1, 23.6, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Т ын гаргасан “Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 1/07 дугаар тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА