Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2021/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил, нэхэмжлэгч С.Эрдэнээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч Н.Ууганболд нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар С.Эрдэнээгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хуралдаан даргалагч Л.Нармандах нарт холбогдох “Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “С.Э миний бие Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа, хурлын тэргүүлэгчээр 3 дахь удаагаа сонгогдож байна. Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11:40-д эхэлж, 18:40-д цагт өндөрлөсөн.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох үйл ажиллагаа 2 удаа явагдаж эхний санал хураалтаар Н.Ууганболд, С.Э бид хоёрт өгсөн санал тэнцсэн байсан. Учир нь 21 төлөөлөгчийн 10 саналыг С.Эрдэнээд, 10 саналыг Н.Ууганболдод өгсөн байсан ба 1 саналын хуудас хоёуланг нь дугуйлсан байсан юм. Ингээд энэ санал хураалтыг хүчингүй болгож ахин санал хураалт явуулсан юм.

Дараагийн санал хураалтаар нэр дэвшигч Н.Ууганболд 11 төлөөлөгчийн санал авч сонгогдсон байна гэж Ж.Дааханжав зарласан бөгөөд 2 дахь удаагийн санал хураалтын саналын хуудсыг шалгах явцад 9 хуудас тэмдэглэгээтэй, 2 хуудсанд тэмдэглэгээгүй байсан нь илэрсэн.

Энэ хурал дууссаны дараа санал тоолсон хуудсыг зөв тоолсон эсэхэд эргэлзсэн мөн С.Туяацэцэг нь Хурлын дарга, Засаг дарга хоёрыг би л хор найруулж гаргалаа гэж сайрхан ярьсан байсныг хүнээс сонсож шалгалт хийхээр шийдсэн. 

Ардчилсан намын бүлгийн дарга, төлөөлөгч С.Э би, бүлгийн гишүүн төлөөлөгч А.Насанбат, Х.Сувдхүү, Ө.Оюунболд, Л.Оюунтуяа, хөндлөнгийн гэрчээр намын гишүүн Л.Энхсайхан, Л.Цэрэндэжид нарын хамт шалгахаар тооллогын комиссын дарга Ж.Дааханжавтай ярихад ирэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Дараа нь С.Туяацэцэгээс анхдугаар хуралдааны санал хураалтын саналын хуудсыг үзэхээр дуудуулахад, шөнө ажиллах ёсгүй гээд ирээгүй. Маргааш өглөө бид С.Туяацэцэгтэй өрөөнд хамт орж саналын хуудсыг үзэхийг шаардахад устгасан хогийн саван дотор байгаа гэж заасан.

Бид урж тасдаж хаясан саналын хуудсыг хогийн савнаас авч шалгахад Н.Ууганболдыг дугуйлсан саналын хуудасны 0 үсэг нь дотор цэгэн тэмдэглэгээтэй хуудасны тасархай гарч ирсэн. С.Туяацэцэг нь тэр шөнөдөө цонхоор хүн оруулж саналын хуудсыг урж тасдаж хаясан байсан.

Бид урагдсан хуудсуудыг эвлүүлж байх зуур ширээн дээр байгаа зөөврийн компьютерийн доогуураас 10 ш саналын хуудас гарч ирэхэд С.Туяацэцэг нь маш их сандарч бидэнд өгөхгүй гэж ихэд уурлаж байсан. Саналын хуудсыг үзэхэд Н.Ууганболдыг дугуйлсан 10 хуудаснаас 8 саналын хуудасны доод зүүн болон баруун буланд тоо буюу тэмдэглэгээ бичигдсэн 2 саналын хуудас тэмдэглээгүй байсан. 1 хуудас дутуу байна гэхэд хогийн саванд дотор чинь байгаа биз олоод авахгүй юу гэж хэлсний дагуу хогийн саван дотроос гарсан Ууганболдын “О” үсгэн дотор цэгэн тэмдэглэгээ хийсэн баримтын тасархайтай нийлээд Н.Ууганболдод өгсөн 11 саналын хуудас гүйцсэн.

Саналын хуудсанд тэмдэглэгээ хийлгэсэн нь төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж төрийн эрхийг шударга бусаар луйврын арга хэрэглэн, албан тушаалаа урвуулан ашигласан МАН-ын дарга бөгөөд хурлын дарга Т.Нямжаргал, орлогч дарга Н.Ууганболд, Хурлын нарийн бичгийн дарга С.Туяацэцэг, тооллогын комисс Ж.Дааханжав, МАН-ын бүлгийн дарга П.Билэгсайхан нарын зохион байгуулалттай хуйвалдаан гэж үзэх магадлалтай юмаа. Жаргалант сумын Цагдаагийн тасгийн дарга, Ахмад цолтой н.Ганхөлөг нь газар дээр ирж үзлэг шалгалт хийж, тэмдэглэгээтэй саналын хуудсыг хураан авсан. Энэ хураан авсан саналын хуудас болон бусад баримт прокурорт хадгалагдаж байгаа. Иргэдийн хурлын төлөөлөгч С.Э миний эрх дараах байдлаар зөрчигдсөн. Тухайлбал: МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, 10 дахь заалт, мөн ИХ-ийн 45 дугаар зүйл 45.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9 дэх заалт, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.6 дахь заалтыг зөрчсөн. МУ-ын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Мөн МАН-ын намын төлөөлөгч нар хурлын даргын өрөөнд цугларч төлөөлөгч бүрт хувийн дугаар өгч, өгсөн дугаарыг саналын хуудсанд тэмдэглэхийг тулган шаардсан хууль бус хэлцлийг намын дарга Т.Нямжаргал, орлогч дарга Н.Ууганболд нар ярихад Засаг дарга Д.Мөнхнасан наадах чинь баригдвал толгойгүй болно шүү болохгүй гээд татгалзаад гарсныг МАН-ын төлөөлөгч нар бүгд мэдэж байгаа.

Энэ үйлдлээ Хурлын дарга, Засаг даргыг сонгох үйл ажиллагаанд ашиглаж тэмдэглэгээ хийлгэсэн нь шударга бус болж, сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч миний сонгогдох эрхэнд халдсан, мөн шударгаар хөдөлмөрлөх, төрийн албанд шударгаар томилогдох эрхийг, мөн ард түмний төлөөлөл болсон төлөөлөгч нь ардчиллын зарчмаар төрийн удирдлагаа хэний ч дарамт шахалт, хяналтгүйгээр, чадварлаг, ёс зүйтэй, төрийн албанд тэнцэх боловсон хүчнээ өөрөө сонгох эрхийг тус тус зөрчсөн.

Н.Ууганболд нь дөрвөн жил Сумын засаг даргын орлогч хийхдээ хоёр жил дарааллан Солонгос улсад хувиараа ажилласан. Багийн ИНХ-ын дарга О.Алтанбаатарыг эхнэрийнх нь хамт зодож танхайран хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, хувийн эрх ашгийг төрийн эрх ашгаас урьтал болгож ёс суртахууны доголдолтой хүнийг хурлын даргад нэр дэвшүүлэх нь төрийн албанд тэнцэхгүй юм.

Саналын хуудас нь шаардлага хангасан ямар нэгэн зөрчилгүй, хэвлэмэл, цав, цагаан хуудас байх ёстой. Хурлын даргад нэр дэвшигч Н.Ууганболдод өгсөн 11 саналын хуудаснаас тэмдэглэгээтэй 9 саналын хуудас, тэмдэглэгээгүй 2 хуудас гарсныг тооллогын комиссын гишүүн хурлын нарийн бичгийн дарга С.Туяацэцэг, Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Ж.Дааханжав, хурлын төлөөлөгч Б.Гансүх нар шударга ажилласан бол Н.Ууганболдод өгсөн саналын 11 хуудаснаас 2 хүчинтэй, 9 хуудас зөрчилтэй буюу тэмдэглэгээтэй байсан. Харин нэр дэвшигч С.Э надад өгсөн 10 хуудас хүчинтэй буюу тэмдэглээгүй байсан тул хурлын даргад С.Э сонгогдох боломжтой байсан. Тооллогын комиссын гишүүд нь Төрийн албан хаагчийн хувьд: Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн саналаа нууцаар өгөх зарчим нь: Төлөөлөгч хүсэл зоригоо илэрхийлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлж, дарамт шахалт үзүүлэх, дээрээс нь хянаж ажиглахгүй байх, сонгогч хэнд саналаа өгөхийг, өөрөөс нь өөр хэн ч мэдэх ёсгүй, мэдэх ч албагүй гэсэн зарчмыг үл хүндэтгэн хувийн ашиг сонирхол, албан тушаалын хойноос улайран хөөцөлдсөн бүлэг хүмүүсийн увайгүй үйл ажиллагаа бөгөөд, ёс суртахуун гэдэг үнэт зүйлийг улан доороо гишгэсэн хүмүүсийн хууль бус үйлдэл нь хурлын хуралдааны дэгийн 4.6.4-т заасан “Санал хураалт явуулах үед төлөөлөгч санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдэлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн, мөн 4.6.3-т заасан “Санал хураах хуудас ашиглан нууц санал хураалт явуулах бол төлөөлөгчөөс бүрдсэн тооллогын комисс байгуулж ажиллуулна.” гэсэн заалтыг зөрчиж төлөөлөгч бус С.Туяацэцэгийг тооллогын комисст олонхоороо хүч түрэн оруулж хуралдааны дэгээ зөрчсөн.

Иймд:   Баянхонгор  аймгийн Заг сумын ИТХ-н 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаартай “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ-д Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.     

Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ууганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Заг сумын     Залаа-Овоо 4 дүгээр багийн иргэн Соднойн Эрдэнээгийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

  1. 2020 оны 11 сарын 03-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн бөгөөд үүний өмнө тооллогын комиссыг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтож нэр дэвшүүлэхэд 2 намын бүлгээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Туяацэцэгийн нэрийг давхар дэвшүүлж олонхийн саналаар сонгож баталсан байна. Төлөөлөгч М.Батбаяр нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга орж болох юм уу гэж асууж байсан бөгөөд татгалзаагүй болно.
  2. Саналын хуудсыг санаатайгаар тэмдэглэсэн, сольж мэдээлсэн зүйл байхгүй бөгөөд хуралдааны дундуур санал хураалт явагдсаны дараа төлөөлөгч Ардчилсан намын дарга С.Э нь санал тавьж, санал авсан хуудастай танилцсан ба ямар нэгэн маргаантай зүйл байгаагүй болно.
  3. С.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг ажилдаа ирэхэд бусад хүмүүсийн хамтаар өрөөнд нь дайран орж бичиг баримтыг онгичин хүч түрэмгийлэн нэгжлэг хийж, хэл амаар доромжлон саналын хуудсуудыг хураан авч, санал хураалтыг будлиантуулсан хэмээн дарамталсан байдаг. Мөн саналын хуудсуудыг шөнө цонхоор хүн оруулж солиулсан, устгуулсан гэж цагдаад өргөдөл гаргаж шалгуулсан боловч батлагдаагүй болно.
  4. Хуралдааны үйл ажиллагаа болон санал хураах ажиллагаа шударгаар явагдсан бөгөөд ямар нэгэн маргаангүй, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргыг сонгох тогтоолын төсөл хуралд оролцогчдын 100%-ийн саналаар батлагдсан болно.

Хариуцагч Л.Нармандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Лувсан овогтой Нармандах миний бие нь 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянбулаг 1 дүгээр багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанд оролцсон. Энэ хуралдаан нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж намайг ахмад гишүүний хувьд хурал удирдах үүрэг хүлээлгэсэн.

Хурлын дэг журмын дагуу хурлыг удирдаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  дарга сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  төлөөлөгчөөр сонгогдсон 21 төлөөлөгөөс гадна иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  нарийн бичиг С.Туяацэцэг оролцсон болно. Хурлын хэлэлцэх асуудлын дараалал ёсоор санал тоолох тооллогын комиссыг байгуулж тооллогын комиссын даргаар Ж.Даахинжав, гишүүдэд төлөөлөгч Б.Гансүх, хурлын нарийн бичиг С.Туяацэцэг нарыг сонгож ажиллуулсан.

Зарим гишүүд асуулт асууж байсан. Хурлын төлөөлөгч М.Батбаяр Хурлын нарийн бичиг С.Туяацэцэг хуралд оролцох ёсгүй, хуралд оролцож болох юм уу гэж асуулт тавьсан.

Хурлын дарга /өмнөх/ Т.Нямжаргал-Нарийн бичгийн дарга оролцоно, компьютер ажиллуулна гэж хариулсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  даргыг сонгох санал хураалтын ажиллагаа 2 удаа явагдсан. Эхний санал хураалтаар Н.Ууганболд-10 санал, С.Эрдэнээ-10 санал авч 1 саналын хуудас дээр хоёуланг дугуйлсан байсан учраас санал хураалтыг хүчингүй болгож дахин санал хураалт явуулсан юм. Дараагийн санал хураалтын ажиллагаа явагдаж дүнг танилцуулахад Н.Ууганболд 11 санал авсан байна гэж тооллогын комиссын дарга Ж.Дааханжав мэдээлэл хийсэн. Ингээд илүү санал авсан Н.Ууганболдыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгож, хурлын тамга тэмдгийг гардуулан өгч миний хурал удирдах ажиллагаа дууссан бөгөөд хурлын шинээр сонгогдсон дарга дараагийн асуудлыг хариуцан явуулсан болно. Хурал дууссаны дараа саналын хуудсанд тэмдэглэл хийсэн байсан гэсэн асуудал гарч ийм нөхцөл байдал бий болоод байгааг сонсож мэдсэн. Хэрэв тийм бол энэ нь байж боломгүй хууль зөрчсөн том хэрэг. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоогоод үнэн болох нь тогтоогдвол холбогдох хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэж хурлыг хүчингүйд тооцох нь зүйтэй. Ийм муу зуршил дараа дараагийн залуу үеийг буруу зүйлд татан оруулах хор уршигтай юм.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг анхдугаар хуралдаан даргалагч Л.Нармандахад, “Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах” шаардлагыг Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдуулан гаргасан болно.

Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 01/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны “Анхдугаар хуралдааны тов тогтоох тухай ”35 дугаар тогтоолоор 2020 оны ээлжит орон нутгийн сонгуулиар сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутад хуралдуулахаар товложээ.

Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан 21 төлөөлөгч буюу 100 хувийн ирцтэйгээр, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоон, хэлэлцсэн байна.

Хэлэлцэх асуудлын дарааллын 5 буюу хурлын даргыг сонгоход Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.” гэж заасны дагуу Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Ууганболд /Монгол Ардын нам/, С.Э /Ардчилсан нам/ нар нэр дэвшиж, санал хураалтыг нууцаар явуулсан нь баримтуудаар тогтоогдоно.

Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Ууганболд, С.Э нар тус бүр 10 төлөөлөгчийн саналаар тэнцсэн, 1 төлөөлөгч Н.Ууганболд, С.Э нарын нэрийг давхар дугуйлсан учраас санал хураалтыг хүчингүйд тооцож, 2 дахь санал хураалтыг дахин нууцаар явуулжээ.

Дахин санал хураалтаар Н.Ууганболд 11, С.Э 10 төлөөлөгчийн санал авсан тул Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 01/03 дугаар тогтоолоор Н.Ууганболдыг хурлын даргаар сонгосон байна.

Нэхэмжлэгч С.Э уг тогтоолыг эс зөвшөөрч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Саналын хуудсанд тэмдэглэгээ хийлгэсэн нь төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж, төрийн эрхийг шударга бусаар луйврын арга хэрэглэн, албан тушаалын байдлаа ашигласан...хуйвалдаан гэж үзэх магадлалтай.”, “...С.Э миний эрх дараах байдлаар зөрчигдсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, 10, ...ИХ-ийн 45 дугаар зүйлийн 45.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11.6, ... МУ-ын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг тус тус зөрчсөн.” гэж маргаж байна.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан, тухайн хурлын даргад нэр дэвшүүлэх, санал хураалтыг явуулах арга хэлбэр, төлөөлөгчид өөрөө санал хураалтад оролцох, даргыг сонгохтой холбоотой харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгээр зохицуулсан учраас тухайн тохиолдолд дээрх хуулиудыг шүүх хэрэглэж шийдвэр гаргах боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Заг сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч Ж.Дааханжав, Х.Сувдхүү нарыг гэрчээр асуухад төлөөлөгчид нэг, нэгээр санал өгсөн, өөрийн итгэл үнэмшлээр хурлын даргыг сонгосон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.” гэж заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнээс гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 52.3 хувийн саналаар Н.Ууганболдыг Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгосон, анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдсаныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох 2 удаагийн санал хураалтын баримтад хийсэн үзлэгээр С.Эрдэнээд 20, Н.Ууганболдод 21, 2 нэр дэвшигчийг хамт дугуйлсан 1 ширхэг саналын хуудас байна. Үүнээс үзвэл тооллогын комиссын болон Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 01/03 дугаар тогтоолын дүнд өөрчлөлт орохооргүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална.”, Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” 2/1 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг”-ийн 4.6.3-т “Санал хураах хуудас ашиглан нууц санал хураалт явуулах бол төлөөлөгчдөөс бүрдсэн тооллогын комисс байгуулж ажиллуулна.” гэж заасан атал Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.Туяацэцэгийг тооллогын комисст оруулсан нь хурлын төлөөлөгчид хурлын дэгээ зөрчсөн, саналын хуудаст тэмдэглэгээ хийсэн зэрэг нь тогтоогдож байх боловч энэ нь төлөөлөгчдийн саналын дүнд нөлөөлөхгүй, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш, уг актын улмаас нэхэмжлэгчийн “Сонгох, сонгогдох” эрх зөрчигдөөгүй гэж дүгнэлээ.

Хоёр. “Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэргийн шүүх захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэдэг.

2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй, эсхүл татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг тусад нь гаргаагүй боловч даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

Уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар “Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага хоёрдугаар шаардлагатайгаа харилцан хамаараад хурлын даргыг сонгох ажиллагаа явагдах тул салгаж болохгүй процесс ажиллагаа” гэж тайлбарласнаас өөрөөр захиргааны байгууллагын эс үйлдэхүй, татгалзлын талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.гэж заасан. Үүнээс үзвэл захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэл, татгалзал байхаас гадна захиргааны байгууллагад захиргааны акт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч түүнийг нь шийдвэрлээгүй байх хуулийн шаардлагыг хангаж байх ёстой.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч С.Э Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулах асуудлаар захиргааны байгууллагад хандаж байгаагүй нь нэхэмжлэгч С.Эрдэнээ, хариуцагч Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ууганболд нарын мэдүүлгээр нотлогдож байх тул захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэл, татгалзал тогтоогдохгүй, улмаар Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Эрдэнээгийн “Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 01/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ч.ОЮУНСАЙХАН