Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0255

 

С.Э-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М, П.Ө, хариуцагч Н.У нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу С.Э-н нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хуралдаан даргалагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-н “Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 01/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “С.Э миний бие Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “1 дүгээрт Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаартай “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гарган өгсөн билээ.

Тус нэхэмжлэлийг гаргахын өмнө цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хэрхэн хууль болон дэгээ зөрчиж, хэт нэг талыг барьсан тооллогын комиссын зүй бус үйлдлийг нотлуулах, баримт сэлтийг хураалгах зорилгоор хандсан байсан. Үүний дагуу Жаргалант сумын хэсгийн байцаагч, цагдаагийн а/х Ганхөлөг нь анхдугаар хуралдааны саналын бүх хуудсуудыг хураан авсан, иргэдийн төлөөлөгчид болон бусад хүмүүсийг гэрчээр асуусан юм. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн хийж гүйцэтгэх, нотлох баримтаар үнэлэх, цуглуулах бүх баримт цугларсан юм.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг гурван сар гаруй хугацаанд дарж /энэ хугацаандаа ямар ч ажиллагаа хийгээгүй/ арга буюу хуулийн хугацаа дуусах мөчид хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаад мөн гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт “... иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан, тухайн хурлын даргад нэр дэвшүүлэх, санал хураалтыг явуулах арга хэлбэр, төлөөлөгчид өөрөө санал хураалтад оролцох, даргыг сонгохтой холбоотой харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгээр зохицуулсан учраас тухайн тохиолдолд дээрх хуулийг шүүх хэрэглэж шийдвэр гаргах боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох үйл ажиллагаа 2 удаа явагдаж эхний санал хураалтаар Н.У, С.Э бид хоёрт өгсөн санал тэнцсэн байсан. Учир нь 21 төлөөлөгчийн 10 саналыг С.Э-д, 10 саналыг Н.У-д өгсөн байсан ба 1 саналын хуудас хоёуланг нь дугуйлсан байсан юм. Н.У эхний санал хураалтад би өөрийн нэрний “О” үсэгний голд цэгэн тэмдэглэгээ хийсэн гэж мэдүүлэг өгсөн байсан. Хэрэв тооллогын комисс үнэн зөвөөр тоолсон бол энэ тэмдэглэгээтэй саналыг хүчингүй болгож, саналын хуудсанд оруулан тоолох ёстой. Эхний санал хураалтаар л С.Э би 10 хүний саналаар, Н.У 9 хүний санал, 2 хүчингүй саналын хуудас байсан нь тогтоогдож байгаа болно. Гэтэл энэ санал хураалтыг хүчингүй болгож дахин санал хураалт явуулсан.

Дараагийн санал хураалтаар нэр дэвшигч Н.У 11 төлөөлөгчийн санал авч сонгогдсон байна гэж Ж.Дааханжав зарласан бөгөөд 2 дахь удаагийн санал хураалтын саналын хуудсыг шалгах явцад Н.У-д санал өгсөн 9 хуудас тэмдэглэгээтэй, 2 хуудсанд тэмдэглэгээгүй байсан нь илэрсэн. Энэ байдал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 11.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь Н.У-г дугуйлсан хүмүүс бүгд хоорондоо тохиролцож, Н.У-д санал өгсөн хуудастаа тэмдэглэгээ хийсэн нь цаанаасаа үүрэг даалгавартай гэж үзэж байна. Энэ нь нууц санал хураалт явуулна гэсэн хуулийн агуулгыг бүхэлд нь зөрчсөн. Миний сонгогдох эрхэнд халдсан. Хэнийг сонгохоо үүрэг даалгавар авч түүнийгээ баталж тэмдэглэгээ хийсэн гэж яригддаг.

Мөн шүүх: Үзлэгээр С.Э 20, Н.У 21, 2 нэр дэвшигчийн хамт дугуйлсан 1 ширхэг саналын хуудас байна. Үүнээс үзвэл тооллогын комиссын болон Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дүнд өөрчлөлт орохооргүй байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Саналын хуудас илтэд тэмдэглэгээтэй, өрсөлдөгч намын бүлгийн төлөөлөгчдийн ёс зүйгүй хуйвалдаан, саналын хуудсыг устгахыг завдсан үйлдлийг бид бичлэг хийж баримтжуулж шүүхэд өгсөн.

Бид хурал болсны дараагаар захиргааны байранд очиж С.Туяацэцэгийн цонхоор өрөөний байдлыг ажиглахад тавцан дээрх цаас алга болж ширээн дээрх цаас эмх замбараагүй болсон нь цонхоор орж гэсэн таамаглал төрж, байшингийн ойр орчмоор ажиглалт хийхэд хурлын даргын хойд талын цонхны порчиг бага зэрэг онгойсон байсныг харсан. Өглөө 09.10 минутад С.Туяацэцэг ирж, хамт өрөөнд нь ороход саналын хуудсанд тэмдэглэгээ хийсэн байсныг мэдсэн. Тиймээс саналын хуудсыг үзүүлэхийг шаардахад саналын хуудсыг устгасан наад хогийн саванд чинь байна гэсэн. С.Туяацэцэг үл зөвшөөрөн дургүйцлээ илэрхийлж байсан. Цонхны тавцан дээр тавьсан бичиг баримт байхгүй ширээн дээрх зүйл эмх замбараагүй болсон байна гэхэд цонхны тавцан дээр энэ бичиг байсан гэж ширээн дээр байсан бичиг баримтыг авч чулуудан мэлзэж байсан.

Хурлын даргын өрөөний цонхны гадна талд мөр гарсан мөн цонхны дотор талын дор байгаа сандалд гутлын шороотой мөр гарсан цонхны дагуу тавигдсан ширээн дээр гишгэсэн мөр гарсан. Хурлын даргын өрөөний хойд талын цонх онгорхой, цонхны тавцан дээр шороо болсон байсан.

Бид урагдсан хуудсуудыг эвлүүлж байх зуур ширээн дээр байгаа зөөврийн компьютерийн доогуураас 10 ширхэг саналын хуудас гарч ирэхэд С.Туяацэцэг нь маш их сандарч бидэнд өгөхгүй гэж ихэд уурлаж байсан. Саналын хуудсыг үзэхэд баруун болон зүүн доод буланд тоогоор тэмдэглэсэн 8 хуудас, 2 ширхэг тэмдэглээгүй хуудас байсан. 1 хуудас дутуу байна гэхэд хогийн саван дотор чинь байгаа биз олоод авахгүй юу гэж хариу өгсний дараа хогийн саван дотроос Н.У-н “О” үсгэн дотор цэгэн тэмдэглэгээ хийсэн баримт гарч ирсэн. Иймд үйл баримт, нотлох баримт хангалттай байсаар, нотлогдсоор байтал шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар нууц санал хураалт явуулж сонгоно гэснийг зөрчиж сонгох эрхэнд нь халдаж хяналттай сонголт хийсээр байтал шүүх үүнд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Мөн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын төлөөлөгчид болон иргэд сонгогчдоос Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон хурлын даргад “2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн анхдугаар хуралдаанаар шийдвэрлэсэн “хурлын даргыг сонгох санал хураалт” нь хууль болон холбогдох хурлын дэгээ зөрчсөн, ёс зүйгүй, илтэд үгсэн хуйвалдсан үйл явдал болсон болохыг мэдмэгцээ хандсан. Бидний болоод иргэд сонгогчдын санал хүсэлтийг огт хүлээж аваагүй болно. Ийм ил тод, улайм цайм үйл баримт бий болсныг нотолсоор байтал шүүх захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэл, татгалзал нотлогдоогүй тул хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг даалгах үндэслэлгүй байна гэж хоёр дахь шаардлагыг маань мөн хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Товчоор хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2021/0006 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаартай “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, санал хураалтыг дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаар тогтоолоор төлөөлөгчдийн 52,8 хувийн санал авсан Н.У-г Хурлын даргаар сонгожээ.

Тус Хурлын хуралдаанаар Хурлын даргад нэхэмжлэгч С.Э болон Н.У нар нэр дэвшиж, санал хураалт явуулахад нийт 21 төлөөлөгчөөс С.Эд 10, Н.Уод 10 төлөөлөгч санал өгч, нэг саналын хуудас хүчингүй болсны улмаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Энэ хуулийн 11.4-т заасан нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу 2 дахь санал хураалтыг явуулахад С.Э-д 10, Н.У-д 11 төлөөлөгч буюу 52,8 хувь нь санал өгсөн гэж үзэж, Н.У-г даргаар сонгосон байна. 

Уг 2 дахь санал хураалтыг мөн Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Хурлын даргад ... хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасны дагуу Хурлын төлөөлөгч нар “нууц” буюу чөлөөтэй, хараат бусаар санал өгч чадаагүй, шударга бус болсон гэх нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэхээргүй байна.

Учир нь эхний санал хураалтын дүнгээр нэг хүний санал дүнд нөлөөлөх нь тодорхой болсон, тухайн хуралдаанд санал хураалтад нэхэмжлэгч С.Э-н садан төрөл боловч нөгөө намын харьяалалтай хүн оролцсон, саналын хуудаснуудад нэг намын төлөөлөгч нар Н.У-н нэрийг дугуйлж, дараалсан тоогоор тэмдэглэгээ тавьсан талаарх гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан Н.У-н нэрийг дугуйлсан нэг саналын хуудсанд “О” үсэг дотор цэг тавьж тэмдэглэсэн, саналын хуудаснууд нь 2 удаагийн санал хураалтын алиных болохыг тодорхойлох боломжгүй холилдсон, урагдсан, хаясан байдалтайгаар Хурлын нарийн бичгийн дарга С.Туяацэцэгийн өрөөнөөс олдсон зэргээс үзвэл дээрх хуульд заасан “нууц”-аар санал хураах зорилго хангагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэлийн агуулгыг тодорхойлж, санал хураалт шударга явагдаагүйгээс сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж маргасан байхад анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт өгөлгүй, харин урагдсан, тэмдэглэгээ хийсэн саналын хуудсыг нийтэд нь тоолж, “дүнд өөрчлөлт орохооргүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу баталсан дэгийн 4.6.3-д “санал хураах хуудас ашиглан нууц санал хураалт явуулах бол төлөөлөгчдөөс бүрдсэн тооллогын комисс байгуулж ажиллуулна” гэснийг зөрчиж, Хурлын нарийн бичгийн дарга С.Туяацэцэгийг тооллогын комисст оролцуулсан нөхцөл байдал нөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх “саналын дүнд нөлөөлөөгүй, актыг хүчингүй болгох үндэслэл биш” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2021/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5-д заасныг баримтлан С.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хурлын даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж, дахин санал хураалт явуулахыг тус Хуралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ