Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
Хэргийн индекс | 111/2020/0022/З |
Дугаар | 111/ШШ2021/0008 |
Огноо | 2021-03-24 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 111/ШШ2021/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Х.Мөнхбаатар, Н.Энхжаргал /цахимаар/, хариуцагч М.Өнөржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангарав, хамтран хариуцагч Э.Тулгаа, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н.О ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны даргад холбогдох “Баянхонгор аймгийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах, Сонгуулийн хороо нь сонгуулийн дүнгээ харилцан зөрүүтэй мэдээллэсэн үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох, аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 тоот тогтоолын хавсралтад заагдсан нэр дэвшигчийн 14 дүгээрт жагссан Батнасангийн Батсуурь, 15 дугаарт жагссан Алагнүдэнгийн Батаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нанжид овогтой Онцгэрэл миний бие орон нутгийн сонгуульд аймгийн ИТХ-д Есөнбулаг 9-р багт Ардчилсан намаас нэр дэвшсэн. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 8-р тойргийн 10-р хэсгийн хороонд санал хураалт 07 цаг 00 минутад эхэлж 20 цаг 00 минутад дуусгавар болсноор санал хураалтын тоо мэдээ гарсан. Санал хураалтын машинаас хэвлэгдсэн биллийн тоо тус өдрийн санал өгөхөөр ирсэн иргэдийн ирцийн мэдээ, хайрцгаар санал авсан тоо зэрэг нь зөрсөн тул аймгийн сонгуулийн хороонд гомдол гаргасан. Гомдлын хариуг 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авсан бөгөөд уг албан бичигтэй танилцахад тодорхой хариулт авч чадсангүй. Тухайн сонгуулийн үйл ажиллагаа явагдаж байхад 10 дугаар хэсгийн хороонд ажиллаж байсан төрийн албан хаагчид нь хуулийн дагуу ажиллаж чадаагүй үзэж байна. Тухайлбал:
1.Хайрцгаар санал өгсөн хүний тоо 18 байтал 19 гэж мэдээлсэн талаар
2.Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1а /37 тоот бичгийн хавсралт болох тоон тайлан дээр сонгуулийн 10 дугаар хэсгийн хорооны дарга Э.Тулгаагийн гарын үсэг, тамга бүхий бичиг дээр 2114 ширхэг саналын хуудас авсан бөгөөд 1304 ширхэг саналын хуудсыг зарцуулсан гэсэн мэдээ байна. Гэтэл 2114 саналын хуудаснаас 1304 ширхэг хуудасны зарцуулалтыг хасахад 810 ширхэг хуудас үлдэх байтал 828 ширхэг саналын хуудас үлдсэн гэж тайланд хавсаргасан нь 18 ширхэг саналын хуудасны зөрүү гарч байгаа илүү саналын хуудас авч сонгуулийг будлиантуулсан гэж үзэж байна.
3.Дэлгэц дээр мэдээлсэн мэдээ нь хэсгийн хороон дээр ажилласан 1, 2 дугаар машины биллийн дүнгээс зөрсөн.
Хэсгийн хороо нь ажиглагч нарын ажиглагч хийх эрхийг нь хязгаарласан.
• Саналын хуудасны нийт тоо
• Хүчингүй болсон саналын хуудасны тоо
• Үлдсэн саналын хуудасны тоог хэлж битүүмжлээгүй ба энэ талаар мэдээллээр хангаагүй.
• Хар машинаар уншигдсан саналын хуудасны мэдээллийг СD -нд хуулуулахаар хандахад тухайн үед хуулж өгөхөөс татгалзсан, мөн хуулийн дагуу ажиглагч шаардлага тавихад хүлээж аваагүй зэрэг нь миний сонгогдох эрх, иргэдийн сонгох эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
Иймд миний бие дээр дурьдсан нөхцөл байдлыг үндэслэн доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах
2. 8-р тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Аймгийн ИТХ-ын сонгуулийн Есөнбулаг 9-р баг буюу 8-р тойрогт АН-аас нэр дэвшигч Н.О миний бие тус тойргийн санал хураах хэсэг дээр үүссэн дараах асуудлуудаар гомдол гаргаж байна.
Нэг. Тус тойрог дээр 2020 оны10 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилсэн саналын хайрцгаар 18 сонгогч саналаа өгсөн гэдгийг манай ажиглагч нар гэрчилж байгаа мөн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өглөө битүүмжилсэн саналын хайрцагнаас 18 сонгогчийн санал гарч, уншигдсан гэтэл санал хураалт дууссаны дараа хянах дэлгэц дээр 19 болж мэдээлэгдсэн үүнийг тодруулахад өөрөө ирж өгсөн гэж хэлсэн. Энэ нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа тул шалгаж шийдвэрлэж өгнө үү.
Хоёр. Тус тойрог дээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санал хураалт дуусах мөчид хянах дэлгэц дээр гарсан санал өгсөн сонгогчийн тоо 1212 байсан бол санал тоолох 2 машинаас гарсан биллээр /тус хэсгийн хороо 2 санал тоолох машинтай байсан / 1-р машин дээр нийт уншигдсан санал-702 санал огт тэмдэглээгүй-2, 2-р машин дээр нийт уншигдсан санал-505 санал огт тэмдэглээгүй-0 гэж гарч ирж санал өгсөн сонгогчийн тоо 1207 болж, сонгуулийн үйл ажиллагаа дууссан. Хянах самбар дээр иргэний бүртгэлээр бүртгэгдсэн хүний тоо 1212, санал хураах төхөөрөмжний нийт дүн 1207 гэсэн тоотой тэнцүү байх ёстой байтал 5 хүнээс зөрүүтэй байна. Энэ талаар хэсгийн хороонд тухай үед нь хандахад манай ажиглагч нарын шаардлагыг хүлээж аваагүй, та нар мэдэхгүй бид нар ажлаа мэдэж байна гээд гаргасан. Энэ талаар 2020 оны 10 дугаар сарын 19- ний өдөр тодруулж шалгах талаар сонгуулийн хороонд албан ёсоор хүсэлт гаргасан.
Гурав. Санал хураах өдөр хэсгийн хорооны дарга X.Тулгаа үдээс өмнийн байдлаар хүчингүй саналын хуудасны тоо- 25 гэж мэдээлсэн бөгөөд түүнээс хойш ч маш олон саналын хуудас хүчингүй болсон. Манай ажиглагч нар хүчингүй саналын хуудасны тоог дахин мэдээлээч гэж ажиглагчдад хуулиар олгогдсон эрхийн дагуу шаардсан боловч огт мэдээлэл өгөөгүй. Тус хэсгийн хорооны дарга нь та нарт мэдээлэх алба байхгүй, та нар дуугүй суу, олон юм яриад байвал гаргана шүү хэмээн цагдаа нартайгаа хамт дарамталсан байна. Манай ажиглагч нарын ажиглалтаар маш олон саналын хуудсыг хүчингүй болгосон бөгөөд санал хураалт дуусах үед ч ажиглагч нарт хүчингүй саналын хуудасны тоог дахин мэдээлээгүй байна. Ажиглагч нарын багцаалж тоолсноор 70 орчим хүчингүй саналын хуудас гарсан байх магадлалтай. Мөн 2 дахь саналын хуудсаа авч санал өгч байгаа сонгогч нарт хэсгийн хорооны зарим ажилтан нар нөлөө үзүүлж байсныг манай ажиглагч нар бидэнд тайландаа тусгаж өгсөн.
Дөрөв. Хэсгийн хорооны дарга төрийн албан хаагч Э.Тулгаа нь санал хураалтын дүнг сонсчхоод алга ташин босон харайж, хашгирч, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байсан нь сонгуулийн дүнг будлиантуулах санаархалаа гүйцэлдүүлсэндээ баярлаж хөөрснийх байх гэж үзэж байна. Энэ хэсгийн хороон дээр ажилласан төрийн албан хаагч нар хэт нэг талыг барьж, намчирхсан байдалтай ажилласан. Энэ талаар баримт байгаа нь миний сонгогдох, иргэдийн сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тав. Хянах самбар, хар машинуудын тоо зөрүүтэй. /Фото зураг-1/
Зургаа. Баянхонгор аймгийн хэсгийн хорооноос миний хүсэлтийн дагуу ирсэн тоон тайлан зөрүүтэй байгаа нь хэсгийн хороо үүргээ биелүүлж ажиллаж чадаагүй нь нотлогдож байгаа гэж үзэж байна. /албан бичиг-2/
Долоо. Сонгуулийн хэсгийн хороо нь хэнээс ч хараат бус эрх тэгш байх ёстой байтал маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үдийн унд орчим МАН/Монгол ардын нам/-ын 2 ажиглагч нартай хамт Ресторанд хооллоод явж байсан.
Иймд миний бие дээр дурьдсан нөхцөл байдлыг үндэслэн доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. Сонгуулийн хэсгийн хороо нь сонгуулийн дүнгээ харилцан зөрүүтэй мэдээллэсэн үйлдэл нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох
2. Сонгуулийн 10 дугаар хэсгийн хороон нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учраас тус сонгуулийг хүчингүй болгох.
3. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 тоот тогтоолын хавсралтад заагдсан нэр дэвшигчдийн 14 дүгээрт жагссан Батнасангийн Батсуурь, 15 дугаарт жагссан Алагнүдэнгийн Батаа нарт холбогдох хэгсийг хүчингүй болгуулах,
4. Дахин сонгууль явуулахыг даалгах” гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга М.Өнөржаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.О ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч М.Өнөржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тулгаа нар нь нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны сонгуулийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсэгт зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулсан гэж үзэж байна. Тус хэсгийн хороо нь нийт 2114 саналын хуудас хүлээж авснаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад 18 хуудас, санал авах өдөр 1286 саналын хуудсыг тус тус зарцуулж 828 саналын хуудас зарцуулагдаагүй үлдсэнээс 79 хуудас хүчингүй болсон. Үүнийг Саналын хуудасны зарцуулалтын тайлан, аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэж өгсөн саналын хуудаснаас харж болно. Мөн Иргэний бүртгэлийн ажилтны мэдээллээр нийт 1212 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь заалтын дагуу алдаатай саналын хуудсаа хураалган дахин 1 саналын хуудсаар саналаа өгсөн боловч дахин буруу тэмдэглэл хийснээс санал тоолох төхөөрөмж уншаагүй тул 5 сонгогч санал өгөх боломжгүй болсон.
Дээрх байдлаас шалтгаалан саналын хайрцагнаас 1207 сонгогч саналаа өгснөөр мэдээлэгдсэн.
Сонгуулийн хэсгийн хороо нь хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаж, Монгол улсын Сонгуулийн хорооны 2020 оны 4 дүгээр сарын 07 ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу саналын хуудасны зарцуулалтын тайланг гаргасан гэж Аймгийн сонгуулийн хороо, Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсэг үзэж байна. Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай тогтоол нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хамтран хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны дарга Э.Тулгаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Онцгэрэлийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хувьд Э.Тулгаа миний бие тайлбарыг гаргаж байна.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 19 хүн саналаа өгөхөөр хүсэлтээ өгсөн ч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах өдөр 18 хүн саналаа өгсөн. Нэг иргэн тухайн өдөр санал өгөх хаяг дээрээ байгаагүй учир саналаа өгөөгүй байна. Гэтэл хэсгийн хороонд ажиллаж байсан бүртгэлийн ажилтан нь 19 хүний билл уншуулсан байсан. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөөгүй иргэн сонгуулийн өдөр ирж биеэр саналаа өгсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 16.9-д сонгох эрхтэй гэж заасны дагуу сонгох эрхийг хангасан гэж үзэж байна. Саналын хуудасны зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчдыг байлцуулан шүүхээс баримтын үзлэг хийхэд хүчингүй болсон саналын хуудасны тоо, санал авахад зарцуулсан саналын хуудасны тоо, зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны тоо нь саналын хуудас тоолсон билл болон нийт хүлээж авсан саналын хуудасны тоотой тохирсныг оролцогч хүлээн зөвшөөрсөн гэжээ.
Гуравдагч этгээд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.О ийн нэхэмжлэлтэй Аймгийн сонгуулийн хороонд холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр татагдан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Н.О ээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1 Б.Б би Аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2020 оны сонгуульд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр баг буюу 8 дугаар тойрогт Монгол ардын намаас Аймгийн иргэдийн төлөөлөгчид нэр дэвшин улмаар олонхийн саналаар сонгогдсон. Тус 8 дугаар тойрогт явагдсан санал хураалт нь хуулийн дагуу явагдаж, хэсгийн хороон дээр ажилласан хүмүүс ч хууль дүрэм журамд зааснаар ажилласан гэж үзэж байгаа. Санал хураах байранд намуудыг ажиглагч төлөөллүүд зохих ёсоор оролцож үүргээ гүйцэтгэсэн байх. Хэсгийн хорооны тухайд илт хууль бус ажиллагаа явуулаагүй гэдэгт итгэлтэй байгаа.
Бид хэсгийн хороотой холбоотой асуудлыг мэдэхгүй тул сонгуулийн хороо албан ёсоор тайлбар гаргах байх. Харин нэхэмжлэлийн шаардлагын тухайд Сонгуулийн хорооны 2020оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай" 11 тоот тогтоолын хавсралтад заагдсан нэр дэвшигчдийн 14 дүгээрт жагссан надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-д заасан 2 үндэслэлээр санал хураалтыг хүчингүй болгох ёстой. Н.О ийн нэхэмжлэлийн агуулгаас харахад хуульд заасан санал хураалтыг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна.
Нэгэнт санал хураалт хуульд зааснаар хүчин төгөлдөр байгаа нөхцөлд дахин санал хураалт явагдах асуудал үүсэхгүй.
2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтэд тодорхой хугацаа заасан хууль бус бөгөөд уг нэхэмжлэлийг ЗХШХШТХ ийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 112.4.1.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Иймд нэхэмжлэлд заасан хугацаа өнгөрсөн нөгөө талаар хүсэлтэд Батсуурь, Батаа нарыг яаралтай түдгэлзүүлэх гэсэн нь ойлгомжгүй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.О тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо, Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд тус тус холбогдуулан “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны санал хураалтыг хүчингүйд тооцож, санал хураалтыг дахин явуулахыг даалгах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх” тухай тогтоолын А.Б Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгуулийн дүнг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч: “Санал хураалтын эцэст дэлгэц дээр гарсан мэдээ хоорондоо зөрсөн, 1207 саналын хүчинтэй хуудас гарсан байтал 1212 хүн ирсэн гэсэн. Тэгэхээр 5 хүний саналын хуудас зөрсөн, миний сонгуулийн дүн бол миний дараагийн нэр дэвшигчийн авсан саналаас 5 хүний саналын зөрүүтэй тэнцүү байгаа учраас сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Мөн санал хураалтын өдрийн явцын тэмдэглэл дээр нийт 74 хүн санал хураалтын явцад хүчингүй саналын хуудас бөглөсөн байгааг бид тоолсон. Нийт 79 хүний саналын хуудас хүчингүй байх боломжгүй юм. Энд бас 5 хүний саналын зөрүү яригдаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргасан .
Хариуцагч нар :”Зөөврийн хайрцгаар санал өгөх байсан 19 хүнээс 1 хүн санал өгөөгүй 18 хүн байхад санал авах төхөөрөмжид 1 хүний саналыг нэмж 19 хүний саналыг уншуулж 19 тоо гаргасан нь сонгуулийн хэсгийн хорооны буруу байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Зөөврийн хайрцгаар санал өгөх байсан 1 иргэн С.Цэнд-Аюуш санал өгөх өдөр санал авах байранд очиж саналаа өгсөн учраас энэ тоо эцсийн санал хураалтын дүнд нөлөөлөхгүй” гэж тайлбар гаргасан боловч зөөврийн хайрцгаар санал өгөөгүй гэх С.Цэнд-Аюуш санал өгөх өдөр санал авах байранд саналаа ирж өгөөгүй болох нь санал хураалт өгсөн иргэдийн жагсаалтад гарын үсэг зураагүй байгаагаар тогтоогдож байна. Иймд нэг хүний саналыг санал авах төхөөрөмжид илүү уншуулсан байна гэж үзлээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн сонгуулийн хороо Зөөврийн санал хураалтаар 18 хүн санал өгсөн, санал өгөх өдөр 1189 хүн ирж санал өгсөн нийт 1207 хүн санал өгсөн гэх боловч шүүх 18 хүн зөөврийн саналын хайрцгаар санал өгчээ. Санал хураах байранд ирж санал өгсөн хүн 1188 хүн байжээ. Нийт хүчинтэй саналын хуудас 1206 байна гэж дүгнэлээ.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны аймгийн архивт хадгалагдаж байгаа баримтад үзлэг хийхэд нийт хүлээн авсан саналын хуудасны тоо 2114 , зарцуулагдаагүй саналын хуудас 828, хүчингүй болсон саналын хуудасны тоо 79, зөөврийн хайрцгаар санал хураасан саналын хуудасны тоо 18, санал өгөх өдөр санал өгөх байранд ирж санал өгсөн хүний тоо 1189 гэсэн тоо байсан боловч санал хураалтын явцад 1 тоог илүү бичигдсэнээс үүдэн 1189 гэсэн тоо буруу мэдээлэгджээ. Энэ нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааны тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор сумын Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны зарцуулалтын тайлан, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны хэсгийн хороонд хүргүүлсэн саналын хуудасны зарцуулалтын тайлан, санал тоолох машины дэлгэцийн мэдээллээр тогтоогдож байна.
Эндээс дүгнэж үзэхэд Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны санал хураалтыг явуулахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1...”тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлэх”... 64.1.2...”саналын хуудасны нэгдсэн дугаарыг мэдээлэх”... 64.1.3...”хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр буцааж хураагдсан, түүнчлэн алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлэх”... гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, зөрүүтэй мэдээ мэдээлэл гаргасан, буруутай үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна.
Анх хүлээж авсан саналын хуудас нь 2114, үлдэгдэл 828 саналын хуудас байх бөгөөд энэ нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Баянхонгор сумын сонгуулийн хуудас хүлээлгэн өгсөн баримт, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор сумын Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны зарцуулалтын тайлан, архивт хадгалагдаж байгаа саналын хуудаст хийсэн шүүхийн үзлэгээр зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтуудтай тооны хувьд зөрөөгүй байна.
Хүчингүй болсон гэх 79 саналын хуудасны тухайд : Хариуцагч 74 хүн саналын хуудсыг хүчингүй болгож, 5 хүн 2 дахь удаагаа саналын хуудсыг хүчингүй болгосон гэж тайлбар гаргадаг боловч санал хураалтын өдрийн санал хураалтын явцын тэмдэглэл болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 01 дүгээр тойргийн 01-10 дугаар хэсгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэл гэх нэртэй тэмдэглэлд дурьдагдсан хүчингүй болсон саналын хуудасны тоог тоолж үзэхэд 70 хүний саналын хуудас хүчингүй болж 2 дахь удаагаа хүчингүй бөглөсөн саналын хуудас 4 байна. Тус тэмдэглэлд нийт хүчингүй болсон 74 саналын хуудас байгаа боловч 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор сумын Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны зарцуулалтын тайлан, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны хэсгийн хороонд хүргүүлсэн саналын хуудасны зарцуулалтын тайлан, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн үзлэг зэргээр 79 саналын хуудас хүчингүй болсон нь тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт санал өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтын эх хувиар авч шүүх үзлэгийг 2 удаа хийсэн. Эхний үзлэгээр 1207 хүн санал хураах өдөр санал хураах байранд очиж санал өгөхөөр гарын үсэг зурсан байна гэж үзсэн. Шүүх хуралдааны явцад дахин үзлэг хийж тоолоход 4 удаа 1 хүн 2 хүний өмнөөс гарын үсэг зурсан байхыг тогтоож, нийт 1192 хүний гарын үсэг зурсан байна. 1 хүн 2 хүний өмнөөс гарын үсэг зурсан болохыг нэрсийн жагсаалтаас зургийг дарж томруулж хэрэгт хавсаргасан. Гарын үсгийн зургийг томруулж хэвлэхэд энгийн хүн харахад ойлгомжтой нэг хүний гарын үсгүүд харагдаж байгаа учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. Мөн нэхэмжлэгч,тэдгээрийн өмгөөлөгч нар, хариуцагч нар гарын үсгүүдийг шинжлэхэд шинжээч дүгнэлт заавал гаргуулах шаардлагагүй гэж шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан болохыг дурьдах нь зүйтэй..
Санал хураалтын явцад 1 хүн нөгөө хүний гарын үсгийг зурахдаа итгэмжлэлтэй байсан эсэхийг шалгахад хариуцагч Баянхонгор 8 хэсгийн хорооны 10 тойргийн сонгуулийн хорооны дарга хариуцагч Э.Тулгаа ...”манай тойрог дээр нэг ч хүн хүний өмнөөс гарын үсэг зурна гэж итгэмжлэл авч ирээгүй гэх бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 15 ны өдрийн 05 дугаар санал авах явцын тэмдэглэл болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 01 дүгээр тойргийн 01-10 дугаар хэсгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэл гэх нэртэй тэмдэглэлд итгэмжлэлээр бусдын өмнөөс гарын үсэг зурсан гэх тэмдэглэгээ байхгүй байв. Мөн шүүх хуралдааныг түр завсарлуулж, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын архивт хадгалагдаж байгаа Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны санал хураалттай холбоотой бүх баримтыг авчирч үзэхэд нэг ч иргэн бусдын өмнөөс гарын үсэг зурахаар итгэмжлэл авчраагүй болохыг тогтоосон болно.
Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.11....”Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.”... 65 дугаар зүйлийн 65.9....”Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаатайгаар саналаа өгч болно”.... гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны санал хураалтыг явуулахдаа хууль зөрчсөн олон үйлдлүүд гаргасан байна. Хэдийгээр нэрсийн жагсаалтад гарын үсэг зурсан иргэдийн тоо 1192, санал авах байрны дэлгэц дээр гарсан санал ирж өгсөн гэж бичигдсэн хүний тоо 1189 буюу 3 хүнээр зөрүүтэй, санал авах байранд ирж санал өгсөн хүний тоо дэлгэц дээр гарсан тоо 1189, хэрэгт авагдсан нотлох баримтаар санал авах байранд ирж өгсөн хүний тоо 1188 буюу 1 хүнээр зөрүүтэй, нийт санал өгсөн иргэдийн тоо зөрүүтэй байгаа боловч эдгээр нь сонгуулийн дүнд нөлөөлөхгүй гэж үзлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тухайн шатны сонгуулийн хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно. 79.1.1....”байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол,”...79.1.2 дахь хэсэгт ...”саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол.”... гэж санал хураалтыг хүчингүйд тооцохоор хуульд заасан байх бөгөөд санал хураалтыг явуулсан өдөр, санал авах байр өөрчлөгдөөгүй, саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдаагүй, үрэгдүүлээгүй болох нь сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны тайлан, мэдээ тэмдэглэл сумын сонгуулийн хорооны тайлан мэдээгээр тогтоогдож байгаа учир санал хураалтыг хүчингүйд тооцох санал хураалтыг дахин явуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал “ би дараагийн нэр дэвшигчтэй 5 хүний саналын зөрүүтэй байсан. Дэлгэц дээр мэдээлэгдсэн тоо нь 5 тооны зөрүүтэй байгаа тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5...”Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно.”...гэсэн заалтаар санал хураалтыг хүчингүй болгох нь зүйтэй юм” гэж үзэж байна тайлбарласан.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5...”Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх”... гэдэг нь 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан 2 тохиолдол бий болсон бол үүнээс үүдэх үр дагаврыг нарийвчлан зохицуулж өгсөн заалт болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч сонгуулийн дүнг харилцан зөрүүтэй мэдээллэсэн үйлдэл нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаадлагын тухайд:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1...”Тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана.”... 73.2...”Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.”... 73.3...”Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.”...73.4...”Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”... гэж заасны дагуу сонгуулийн дүнг буруу мэдээлээгүй байна үзлээ .
Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4...”Санал авах ажиллагаа эхэлмэгц зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн регистрийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулан авах бөгөөд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.”гэснийг зөрчин зөөврийн битүүлжилсэн хайрцагаар авсан 1 хүний саналыг санал авах төхөөрөмжид илүү уншуулснаас үүдэн... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8...”Санал хураалтын дүнгийн хуудас дараах мэдээллийг агуулна”...70.8.1...”санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны тоо”...70.8.2...”нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо”...г алдаатай мэдээлсэнээс үүдэн сонгуулийн санал хураалтын дүн буруу гарч санал хураалтын дүнг харилцан зөрүүтэй буруу мэдээлж хууль зөрчсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн 8 дугаар хэсгийн хорооны 10 тойргийн санал хураалтыг хүчингүйд тооцож, санал хураалтыг дахин явуулахыг даалгах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх” тухай тогтоолын А.Б Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож , сонгуулийн дүнг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ