Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  М.Оргилтунгалаг,

улсын яллагч  Г.Ундрах-Хэрлэн ,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Мандал  /ҮД:14-94/,

хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа /ҮД:09-95/,

хохирогч Ж.Эрдэнэ-Очир,

шүүгдэгч Г.Цогтмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  хэрэг үйлдэх  үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо,  Монелын 2 дугаар гудамжны 36 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж  байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Балтийх овогтой Гончигдоржийн Цогтмагнайд /РД: ЧВ75010675/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012489 дугаартай 105/2016/0141/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Цогтмагнай 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Эрдэнэ-Очиртой маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цогтмагнай мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 9 цагт Ж.Эрдэнэ-Очир ах  ажил  дээр  орж ирэхээр нь бид хоёр 0.5 литрийн архи хувааж уусан.Тэгээд би машины гупер янзалж байтал 17 цагийн үед Ж.Эрдэнэ-Очир ах орж ирээд 20.000 төгрөг нэхэхээр нь 10.000 төгрөг өгсөн. Мөн ажлаа хийгээд байж байтал 19 цагийн үед Ж.Эрдэнэ-Очир ах нилээн согтуу орж ирээд дахиад архины мөнгө нэхэхээр нь байхгүй  гэж хэлэхэд Ж.Эрдэнэ-Очир ах “би хүн алж шоронд орж байсан болохоос хулгай хийж ороогүй” гээд  хутга бариад дайраад байсан. Би хутгыг нь цейфэнд хийгээд цоожилсон. Намайг жолооч дуудаад байхаар нь гарахад Ж.Эрдэнэ-Очир ах архи авсан байхаар нь хувааж уусан. Тэгээд Ж.Эрдэнэ-Очир ах намайг доромжлоод хутга бариад хөөхөөр нь зугтаасан. Би Ж.Эрдэнэ-Очир ахын булчингууд руу нь өшиглөсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Эрдэнэ-Очир мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 20.000 төгрөг нэхсэн гэж Г.Цогтмагнай гүтгэж байна. Миний хувьд хамар, нүдний яс цөмөрсөн, нуруу хөдөлж болохгүй байгаа. Эмчилгээ хийлгэх мөнгө төгрөг байхгүй учраас ах, дүү нараасаа тусламж авсан. 1.950.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс Г.Цогтмагнай 660.000 төгрөг өгсөн. Би ажил хийх чадваргүй болсон учраас гомдолтой байна гэв.

Талуудын  хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Эрдэнэ-очирын:...2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд намайг гэртээ ороод хэвтэж байхад Цогтмагнай намайг дуудаж гаргаж ирээд ганц юм авсан байгаа, тэрийг манай ажил дээр очоод ууя гэхээр нь чи явж бай би араас чинь очъё гээд араас нь яваад очиход Цогоо Чулуунбаатартай хамт намайг хүлээгээд байж байсан… тэнд 20 цаг өнгөрч байхад очоод Цогоо, Чулуунбаатар хоёртой хамт нэг шил архи 500 граммын “Ерөөл” нэртэй архи уугаад би харих гээд явсан чинь Цогоо араас хүрч ирээд хавирч унагаагаад дээрээс өшиглөөд байсан… би хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна…намайг өшиглөж байгаад ажлынхаа өрөөлүү яваад орчихоор нь би гэрлүүгээ харьсан… гэрлүүгээ ороод унтах гэхэд хэвтэж болохгүй хөндүүрлээд амьсгаа бөглөчих гээд байхаар нь дүү Рэнцэнханд, Бүрэнжаргал хоёрлуу залгаад ах нь хүнд зодуулчихлаа хүрээд ирээ гэж дуудахад хоёулаа хамт ирээд хэнд зодуулсан юм гэхээр нь Цогоод зодуулчихлаа гэж хэлээд түргэн тусламж, цагдаа дуудаад түргэн ирээд намайг авч явах гэхэд дүү нар машинаараа хүргээд өгье гээд гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан… бид хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа байхгүй ээ… ямар шалтгаанаас намайг зодсоныг мэдэхгүй байна. …” гэх  мэдүүлэг /хх 25-27-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Рэнцэнхандын:... 2016 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед гэртээ ирээд байж байхад Эрдэнэ-Очир ах залгаад хүнд зодуулчихлаа ороод ирээч гэж дуудахаар нь би хүү Эрдэнэбудыг Эрдэнэ-Очир ах чинь хүнд зодуулсан байна гараад хараач ирээч гээд гаргасан…хүү удалгүй орж ирээд аймаар зодуулсан байна аа гэхээр нь манай хашаанд байдаг ахын жижиг байшинд ороход ах орон дээрээ зодуулсан байдалтай сууж байсан… та одоо хэнд зодуулчихваа гэсэн чинь зодсон хүнээ мэдэж байгаа түргэн л дуудаад өг амьсгаа авч болохгүй өвдөөд байна гэж хэлсэн. Би түргэн дуудчихаад угаалгын газраар дамжиж гараад харахад ойр орчим хүнгүй байсан. Харин хүү маань хэлэхдээ хажуугийн засварын газрын ах манай хашаагаар гарч байсан гэж хэлэхээр нь засварын газрын үүдэнд  нь очиход Чулуунбаатарын машины хажууд Цогоо гэдэг засварчин залуу нь зогсож байхаар нь манай ах хүнд зодуулсан байна аа. …чи яагаад манай ахыг зодож байгаа юм гэж асуухад би зодоогүй ээ энүүгээр байсан гудамжны архичинд зодуулаа биз гэж хэлэхээр нь чи л манай хашаанаас гарсан харсан хүн байна… би цагдаа дуудлаа гээд байж байхад танай ах чинь надаас архи нэхээд байхаар нь би зодсон гэж хэлсэн  гэх мэдүүлэг. /хх-н  30-32-р тал/

    

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Эрдэнэбудын: …  2016 оны 06 дугаар сарын 09-ний орой 16 цагийн орчим би сургуулиасаа гэртээ ирэх үед Эрдэнэ-Очир ах гэрийн үүдэнд хажуу айлын Буурал Чука ахтай хамт машинд нь сууж байхаар нь очиж гэрийн түлхүүр аваад гэртээ орсон… 30 орчим минутын дараа Эрдэнэ-Очир ах орж ирээд ах нь унтлаа гэж хэлээд гэрлүүгээ орсон … тэрнээс хойш 30 юм уу 40 минут орчимын дараа манай хажуугийн засварын залуу хашаанаас гараад явж байхаар нь цонхоор нь харчихаад тоогоогүй ээ … ээж намайг Эрдэнэ-Очир ахын даа ороод үзчихээд ир гэхээр нь би ороод үзэхэд Эрдэнэ-Очир ах гэртээ байхгүй байхаар нь би угаалгын газраар дамжаад үүдэнд очиход нүүр гар хөл нь хавдсан, амьсгалахаар нь өвдөөд байна гээд, босож чадахгүй байхаар нь сугадаж өргөөд гэрт нь оруулж суулгаад ээжийг дуудаж оруулж ирээд ээж уулзсан…  гэх мэдүүлэг /хх-н 33-34-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Жавзандолгорын:..би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор бол хүн зодсон гэж л байсан. өөр зүйл мэдэхгүй байна.гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

 Мөрдөн байцаалтанд гэрч П.Баярт-Одын: … 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр намайг угаалгын газар ажиллаж байхад 19 цагийн үед засварын газрын ах /Цогтмагнай/ буурал толгойтой ахын хамт /Чулуунбаатар/ угаалгын газраар дамжиж хойшоо дугуй засварын ахых руу ороод цуг гарч ирсэн… тэгээд засварын газрын ах урд талын дэлгүүр лүү ороод 1 шил архи аваад гарч ирж байсан… хэдэн цагийн дараа дугуй засварын ах хүнд зодуулсан байдалтай нүүрээ дарсан угаалгын газрын өмнүүр явахаар нь согтуу унасан юм байхдаа гэрлүүгээ л орж яваа юм байлгүй дээ гэж бодоод тоогоогүй байсан… гэх мэдүүлэг /хх-н 39-40-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлэгийн  үзлэг хийсэн ¹8123  дугаартай  актанд:

1. Ж.Эрдэнэ-Очирын биед зүүн гайморын хөндийн урд хананы хугарал, орчны зөөлөн эдийн няцрал, зүүн 4-р хавирга, баруун 10-р хавирга, бүсэлхий 1-2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нүүр, цээж, хэвлий, зүүн мөр, баруун бугалга, зүүн шуу, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, баруун чихний урд зулгаралт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын  2.3.1-т зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн  хөдөлмөрийн  чадвар алдалтанд тогтонгид нөлөөхгүй.гэх дүгнэлт шинжээч эмч О.Болормаа /хх-ийн 43-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг  хуульд заасан үндэслэл, журмын дагуу  цуглуулж  бэхжүүлсэн  байх  бөгөөд  шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл  болголоо.

Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэргийн  объект  нь иргэдийн эрүүл мэндийн  аюулгүй  байдлыг хангаж байгаа  нийгмийн   харилцаа.

 Объектив тал нь а.бусдын  биемахбодид  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл, б.хүний  биемахбодид  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  хор уршигтай үр дагавар, в.гэмт үйлдэл  болон гэмт үр дагаврын хооронд  шалтгаант холбоо  бүрдүүлнэ.

 Сувъектив тал нь  санаатай гэм буруугийн хэлбэртэй шууд ба шууд бус санаатай байна.

  Субъект  нь  14 нас хүрсэн хэрэг хариуцах  чадвартай хувь хүн байна.

 Хэрэгт цугларсан  нотлох  баримтуудаас дүгнэхэд   шүүгдэгч Г.Цогтмагнай  нь хохирогч Ж.Эрдэнэ-Очиртой хамтран  архи ууж  байгаад  хоорондоо  маргалдан  түүний  эрх чөлөөнд  халдаж  бие махбодид  хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

 Иймд шүүгдэгч Г.Цогтмагнай нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Эрдэнэ-Очиртой маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн  өгсөн мэдүүлэг, хавтаст хэргээс талуудын  хүсэлтээр  шинжлэн судалсан  бичгийн  нотлох баримтаар тогтоогдож байх ба  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар   ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Г.Цогтмагнай урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 55-р тал/

Хохирогч Ж.Эрдэнэ-Очир нь эмчилгээний зардалд нийт 1.950.000 төгрөгийг  нэхэмжилж байгаагаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг  үндэслэн доорхи  хохирлыг гаргуулан шийдвэрлэх  нь зүйтэй  гэж үзлээ.

    -100.000 төгрөг / хх-н 20-р тал/

    - 450.000 төгрөг /хх-н 21-р тал/

    - 270.000 төгрөг /хх-н  83-р тал/

    -100.000 төгрөг / хх-н 83-р тал/

  -15.000 төгрөг /хх-н 84-р тал/

    -20.000+2000=22.000 төгрөг/ хх-н 84-р тал/

    -38.700 төгрөг /хх-н  84-р тал/

    -500.000 төгрөг /хх-н 85-р тал/ нийт  1.495.700 төгрөгийг  гаргуулах үндэстэй  байх бөгөөд   шүүгдэгч   Г.Цогтмагнай  нь  660.000 төгрөг төлснийг  төлбөрөөс хасч  тооцож  үлдэх төлбөр  болох  835.700 төгрөгийг   гаргуулан  хохирогч  Ж.Эрдэнэ-Очирт олгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.           

 Хохирогч Ж.Эрдэнэ-Очир нь цаашид  гарах  эмчилгээний зардлаа  холбогдох  нотлох баримтаа  бүрдүүлж  жич  нэхэмжлэх  эрхтэйг дурьдах нь  зүйтэй байна.

 Шүүгдэгч Г.Цогтмагнайд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэгэдэхэд хохирогчийн буруутай үйл  ажиллагаа нөлөөлсөн  зэргийг харгалзан  үзэх  үндэстэй  байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Балтийх овогтой Гончигдорийн Цогтмагнайг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Г.Цогтмагнайг 450 /дөрвөн зуун тавин цаг/ албадан  ажил  хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Г.Цогтмагнай албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлхийвэл баривчлах ялаар сольж болохыг дурдсугай.

          4. Г.Цогтмагнай  хэргийн улмаас цагдан хоригдсон  хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар  Г.Цогтмагнайгаас 835.700 найман зуун гучин таван мянга долоон  зуун  төгрөгийг гаргуулан  хохирогч  Жасрайн Эрдэнэ-Очирт /РД:ЗВ62042016/ олгосугай.

          6. Хохирогч Ж.Эрдэнэ-Очир нь цаашид гарах  эмчилгээний зардлаа  холбогдох  нотлох баримтаа  бүрдүүлж  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх  Тухай Хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Цогтмагнайд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Цогтмагнайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч. АЛТАНЦЭЦЭГ