Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 90

 

 

Д.Нямрагчаад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Мөнхцэцэг,

Ялтан Д.Нямрагчаа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Цэндсүрэн,

Хохирогч А.Оюунцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Нямрагчаа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Нямрагчаад холбогдох эрүүгийн 2016 2602 1803 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Дашхүүгийн Нямрагчаа, 1983 оны 2 дугаар сарын 6-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А байрны 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДЭ83020615/,

Д.Нямрагчаа нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд Ар” хотхоны 1А-48 тоот гэртээ хамтран амьдрагч А.Оюунцэцэгийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин “хүүхдээ дуугүй байлгасангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан өмдний тэлээг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Нямрагчаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Нямрагчааг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Д.Нямрагчааг 3 жил 5 сар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 35 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Д.Нямрагчаа нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Оюунцэцэг нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр урттай хар өнгийн арьсан материалаар хийгдсэн, төмөр аралтай гэх тэлээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Нямрагчаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие А.Оюунцэцэгтэй 2007 онд Солонгос улсад байхдаа танилцсан ба энгийн танилын харьцаатай байж байгаад 2013 онд А.Оюунцэцэг “өөрийн Солонгос нөхөр, хадам ээждээ зодууллаа, туслаач” гэж гуйсны дагуу хуулийн зөвлөх танилцуулж, шийдвэрлүүлэхээр тусалснаас хойш дотно холбоо үүсгэж хамтран амьдрахаар болсон.

2015 оны 3 сард бидний дундаас Амин-Эрдэнэ охин төрсөн. Миний бие өглөө 6 цагт айл нүүлгэх ажилдаа гарч орой 8, 9 цагт гэртээ харьдаг байсан ба намайг ажилдаа явах, ирэх үед охин маань ихэвчлэн унтчихсан байдаг байсан тул охинтойгоо байх цаг хугацаа бага байсны улмаас охин маань намайг аргадахад уйлахаа больдоггүй байсан.

Солонгос улсад байхад охин маань уйлаад би аргадаж чадахгүй болоод А.Оюунцэцэгээс “охиноо аргадаад өгөөч” гэж хэлснээс болж маргаан үүсч “хүүхдээ аргадаж чадахгүй эх хүн байдаг юм уу” гэсэн үгээр минь шалтаглан охин бид хоёрыг хаяж 3 хоног явж байсан. Тухайн үед охин маань хөхнөөсөө гараагүй байсан. Гурван сартай охиноо үлдээгээд алга болоход нь маш их эвгүйрхэж анхны охиноо Солонгос аавд нь үлдээгээд намайг дагаад ирсэн хүн. Би ийм л хүнийг ханиа болгохоор сонгосон гэдгээ ухаарсан. Гэтэл удалгүй ирсэнд нь баярлаад бүхнийг мартсан.

Бидний харилцаа иймэрхүү байдалтай байж байгаад 2016 оны 5 сард миний бие хүний машин мөргөж визний зөрчилтэй байсны улмаас шууд ачигдаж Монголдоо ирсэн. Эхнэр охин маань миний араас 5 сарын сүүлээр ирсэн. Монголд ирэнгүүт охин маань агаар солигдсоны улмаас хоолой боогдох аюултай байна гэсэн эмчийн дүгнэлтээр хэвтэн эмчлүүлж байгаад гэрээрээ эмчилгээтэй байх үед буюу 6 дугаар сарын 13-нд энэ хэрэг болсон.

Тэр өглөө би босоод удаагүй байтал охин уйлаад, би А.Оюунцэцэгээс “эмийг нь өгсөн үү” гэхэд үл мэдэх шалтгааны улмаар уурлаж, дуугаа хурааж охиныг уйлуулсан байдалтай хажууд авчирч тавьсан. Би охиноо дуугуй болгох гэж бүүвэйлсэн боловч улмаар чанга уйлаад ерөөсөө дуугуй болохгүй 30 минут орчим өнгөрхөөр нь Оюунаад аваачин “охиноо авахгүй юм уу, ахиад хоолой нь сөөлөө” гэхэд огт тоосон шинжгүй хувцас эвхээд суугаад байсан. Би “хүүхэд ингэж тамлах хэрэг байгаа юм уу” гэж хэлээд охиноо орон дээр тавиад гарах гэтэл “өөрөө авахгүй юу” гэж хэлээд араас тос шидэж миний дагзыг оносноор энэ бүх маргаан эхэлсэн.

Би “дахиад юм шидээд үзээрэй” гэхэд гоо сайхны ширээн дээр байсан гар утас, гоо сайхны хэрэгслүүдийг над руу шидэхээр нь би очоод алгадсан. А.Оюунцэцэг миний футболкнаас зуураад “намайг ална даа, алуулна даа, намайг цохидог чи хэн юм бэ” гэх зэргээр хашгачиж толгой руу 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд алгадаж, түлхэж унагаасан. Би тэр өрөөнөөс гарах гэхэд цонхон дээр байсан ваартай цэцэг аван миний өвдөг рүү шидсэн. Би эргэж очоод А.Оюунцэцэгийг 2-3 удаа алгадан түлхээд эргэх гэтэл миний хувцаснаас зуураад орилоод тавихгүй байхаар нь хэсэг хугацаанд ноцолдож байгаад гарыг нь хүчээр тавиулаад тамхи татаж тайвширхаар гарсан. Буцаад орж ирэх үед А.Оюунцэцэг хувцасаа эмхлээд уйлаад сууж байсан. Би шалаар тарсан гоо сайхны зүйлсийг хурааж, цэцэгний асгарсан шорооны үлдэгдэл зэргийг цэвэрлэж байхад Гэрэлмаа гаднаас орж ирсэн. Тэгээд А.Оюунцэцэг охиныг үүргэвчээр үүрэн Гэрэлмаа чемодантай хувцсыг нь авч гурвуулаа гарсан. Хэргийн тухайд ийм зүйл л болсон.

Харин би өөрийн эхнэр хэмээн бодож явсан хүн маань цагдаа сэргийлэхэд мэдэгдээд, хонзон санаад асуудлыг хүндрүүлэн, гэр бүлийн маргааныг гэмт хэрэг болгон худал мэдүүлэг өгнө гэж санаагүй. Тийм ч учраас би тухайн үед бааранд цохигдож, хавдсан хөлийнхөө зургийг авахуулаагүй.

Эр хүн байж эмэгтэй хүний эсрэг мэдээлэл өгөхөөс татгалзаж шүүх эмнэлгийн магадлагаа гаргуулаагүй юм.

Гэтэл эхнэр, охин хоёрынхоо төлөө амьдрал зохиох гэж чадаахаасаа чадахгүй хүртлээ зүтгэж явсан миний сэтгэл рүү ус цацаж хэн нэг хүний ятгалаганд орж амьдралаа буснуйлж тухайн үед байгаагүй тэлээг байсан болгож, өмсөөгүй байсан өмдийг өмсгөж, хэргийг хүндрүүлэхийн тулд худал мэдүүлэг өгч шүүхийн өмнө миний өмнөөс худал мэдүүлэг өгч байгааг нь хараад үнэхээр итгэж чадахгүй байсан.

Миний бие амьдралынхаа төлөө Солонгос улсад цаг наргүй хөдөлмөр эрхлэн хатуу бэрхийг туулж, аваарь осолд орж, харийн эмнэлэгт хагас жил тэргэнцэртэй байхдаа ч ингэж хувь заяандаа гомдол байсангүй.

Иймд би А.Оюунцэцэгт маш их гомдолтой байна.

Мөн хүний газраас эх орондоо ирээд хөгшин ээжийнхээ элэгийг дэвтээж амжаагүй байхад надад дан ганц хохирогчийн мэдүүлгийг үнэн гэж үзэж, миний хэлсэн ярьсан, гэрчилсэн бүхнийг үгүйсгэж, намайг хүнд гэмт хэрэгтэн болгож ялласан прокурор, анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Иймд надад холбогдох гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, сэдэлтийг зөв бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. Энэ нь хамтран амьдарч байсан бидний хувийн таарамжгүй харьцаанаас улбаатай бөгөөд энэ талаар хохирогч удаа дараалан мэдүүлсэн байгаа. Иймд миний холбогдоод байгаа уг хэргийн үнэн зөвийг тунгаан оновчтой, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Нямрагчаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд заагдсан Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь “эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэх заалтыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн түүнчлэн:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай бүрэн дүүрэн нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 дахь хэсэгт заасныг шалгаагүй, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг эрс зөрүүтэй, хохирогчийн анх Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, тухайн өдөртөө өгсөн тайлбар зэрэгт суран тэлээний талаар огт дурдаагүй байдаг боловч хэрэг гарснаас хойш бүтэн 22 хоногийн дараа мэдүүлэг өгөхдөө энэ талаар нөхөн мэдүүлж буй нь ойлгомжгүй, түүний мэдүүлэг тогтворгүй, хохирогч хүрэн бор өмдний тэлээгээр цохиулсан гэх боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тэлээ нь хар өнгийн тэлээ байсан. Өөрөөр хэлбэл хохирогч эх сурвалжаа зааж чадаагүй, хэрэгт авагдсан хохирогч өөрөө угаалгаж өгсөн фото зургууд нь нөлөөтэй зураг байсан байх магадлалтай зэргийг мухарлаж, нягтлаж шалгалгүй орхигдуулсан.

2. Хэрэгт хохирогчийн хувийн байдлыг маш сайн тогтоох нь чухал ач холбогдолтой байсан, гэтэл энэ талаар хавтаст хэрэгт авагдсан зүйл байхгүй.

3. Тухайн өдөр хохирогч үнэхээр өмдний тэлээгээр цохиулсан байсан бол түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.5.2 дахь хэсэгт заасан “Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүргийнхээ дагуу тэр бүхнийг үнэн зөвөөр мэдүүлж, Цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагч тус өмдний тэлээг эд мөрийн баримтаар тухайн цаг хугацаанд хураан авах байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчин, тус хэрэгт хохирогчийн зааж хэлснээс огт өөр өнгийн өмдний тэлээг нотлох баримтаар хавсаргасан нь ойлгомжгүй байдаг.

4. Мөн түүнчлэн шүүх хуралдааны шинэчисэн хэлэлцүүлэгт хохирогч А.Оюунцэцэг нь миний үйлчлүүлэгч Д.Нямрагчааг хөх өнгийн жинсэн өмдтэй байсан гэж мэдүүлсэн бол, хохирогчийн хамаатан болох гэрч Гэрэлмаа нь цагаан цэнхэр өмдтэй байсан гэж эрс зөрүүтэй мэдүүлсэн нь мөн л Д.Нямрагчаагийн өөрийнх нь мэдүүлсэн “зуны 6 дугаар cap байсан дөнгөж босоод шорт футболктой байсан” гэх мэдүүлэг болон хэргийн 62-64 дүгээр талд авагдсан насанд хүрээгүй гэрч Д.Бархасбаатарын мэдүүлсэн “2016 оны 6 дугаар сарын 13-нд өдөр би өөрийн гэртээ буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд Ар” хороолол, 1а-48 тоот гэртээ өөрийнхөө өрөөнд зурагт үзээд сууж байсан. Тэр үед Нямрагчаа ахын охин Амина том өрөөнд уйлаад байсан, тэгтэл Нямрагчаа ах 20 орчим минут бүүвэйлээд дуугуй байлгах гэсэн чинь ханиадтай байсан болохоор хоолой нь боогдоод дуугуй болохгүй байсан, тэгтэл Нямрагчаа ах хүүхдээ аваад Оюунцэцэг эгчийн байсан өрөө рүү ороод “хүүхдээ аргадаач дуугуй болгооч” гэхэд “чадахгүй” гээд орилоод, тэгээд тэр хоёр маргалдаад, тэгэхээр нь би өрөөнийхөө хаалгыг хаасан. Тэр хоёр хэрэлдээд орилж хашгираад ойролцоогоор 10 орчим минут болсон. Тэгж байгаад манай өрөөний хаалгыг А.Оюунцэцэг эгч онгойлгож орж ирээд “утсаар чинь нэг яръя” гээд миний утсыг аваад нөгөө өрөө рүү орсон. Удалгүй хаалга тогшоод А.Оюунцэцэг эгчийн oхин дүү нь орж ирээд “нөгөө хоёр чинь хаана байна” гээд Д.Нямрагчаа ах, А.Оюунцэцэг эгчийн байсан өрөөнд орсон. Энэ асуудлаас өмнө нэг өдөр гэрт байхад Н.Амин-Эрдэнэ уйлаад байсан. Тэр үед Д.Нямрагчаа ах хүүхдээ аргадаад уйлахаа болихгүй байхаар нь А.Оюунцэцэг эгчид хүүхдийг өгсөн, тэр үед А.Оюунцэцэг эгч нүүрээ будаж байгаад “би наадхыг чинь харахгүй, чи өөрөө дуугуй болго” гэж хэлээд тэр хоёр яг хэрэлдэх гэж байгаад больсон. Н.Амин-эрдэнэ ханиад хүрчихсэн эдгэхгүй байсан бөгөөд эмнэлэгт хэвтэж байсан. Тэр хоёр зодолсон эсэхийг би хараагүй. Тэр үед би хэрэлдээд эхлэхээр нь хаалгаа хаагаад зурагтынхаа дууг чангалсан. ...Надад ямар нэгэн хагарах болон өөр чимээ соногдоогүй. Тэр хоёр орилж, чарлах чимээ сонсогдсон. 10 орчим минут орилж, чарлах чимээтэй байсан. Д.Нямрагчаа ах тухайн үед шорт, футболктой байсан...” гэх мэдүүлгээр няцаагдаж байхад ийнхүү миний үйлчлүүлэгчийг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 дахь хэсэгт заасан заалтыг шалгаагүй, түүнд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж буй талаар.

Эрүүл мэндийн байдал нь муу байсан хүүхдээ уйлуулж хоолойг нь өвдүүлэхгүй гэсэн аавын сэтгэлийг “үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан” гэж дүгнэж буй нь бодит дүгнэлт болж чадаагүй гэж үзэж байна. Гэр бүлийн хүрээнд үр хүүхэдтэйгээ холбоотой асуудлаар гэр бүлийн гишүүдийн хооронд үл ойлголцол үүсэж, улмаар маргалдан, хамтран амьдрагчид харилцан зодолдсон үйлдлийг танхайн сэдэлттэй гэж дүгнэсэнд харамсаж байна. Энэ нь хохирогч шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт “гэр бүлийн маргаанаас энэ асуудал болсон” гэж өмгөөлөгчийн асуултанд хариулсаныг мөн дурдахыг хүсэж байна.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Д.Нямрагчаад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Д.Нямрагчаад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Д.Нямрагчаагийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Нямрагчаа, өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэрэг болсон өдөр шүүгдэгч шорт, футболктой байсан талаар насанд хүрээгүй гэрч Д.Бархасбаатар, гэрч П.Баасандорж нар мэдүүлсэн. Миний ойлгосноор Д.Нямрагчаа нь Солонгос улсаас баригдаж ирээд солих хувцасгүй, шорт футболктой байсан гэж үзэж байна. Тэгэхээр өмдний тэлээг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэдэг нь үгүйсгэгддэг.

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай. Хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг үйлдсэн нотлох баримт байдаггүй. Хэрвээ хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү...” гэв.

 

Хохирогч А.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй зөв гэж үзэж байна. Сэтгэл санааны маш их хохиролтой, гомдолтой байна. Хувцасгүй байсан гэдэг нь худлаа, ор үндэсгүй. Солонгосоос явахад нь би бүх хувцсыг нь өгөөд явуулсан...” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Д.Нямрагчаад холбогдох хэргийг хянан хэлэлцээд үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч Д.Нямрагчаа нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд Ар” хотхоны 1А-48 тоот гэртээ хамтран амьдарч байсан А.Оюунцэцэгийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин “хүүхдээ дуугүй болгосонгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан өмдний тэлээг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Д.Нямрагчаа хүүхдээ тэвэрч байгаад дуугуй болохгүй байсан чинь “энэ хүүхдээ дуугуй болго” гэж хэлээд ор луу шидэхээр нь би “чи яаж байгаа юм” гэсэн чинь Д.Нямрагчаа “тэгвэл чи өөрөө дуугуй болгохгүй юу” гэж хэлээд миний нүүр лүү цохиж авсан. Би зөрүүлээд цохих гээд гараа далайсан чинь миний гарыг барьж аваад үснээс зулгааж байгаад доош даран толгой болон цээж хэсэг рүү өшиглөж “чи миний эцгийн гар хүрээгүй газар хүрэх гэлээ” гэж хэлээд бүсээ тайлж аван ороолгон зодсон. ...миний нүүрэн тус газар нийт 10 орчим удаа цохисон байх. Толгойгоор хана, шкаф, ор зэргийг мөргүүлсэн. Үсдэж дараад толгойн дээр 5-6 удаа дэвссэн. 2-3 удаа толгой руу өшиглөсөн. Бүсээр нуруу, гар, хөл зэрэг бүхэл биеэр ороолгож зодсон. ...5 дугаар сард Солонгос улсад баривчлагдаад ирэх үед нь бүх хувцсыг нь өгч явуулсан, тэр үед өмдний бүс байсан...” /хх 6-7, 24-25,  шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч П.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... би 11 цагийн үед гэрт нь орсон чинь гэр нь эмх замбараагүй байдалтай, шал болон ор дэр нь цус болсон, газраар бөөн бөөн үс болчихсон, шалаар шороо асгарсан байдалтай Д.Нямрагчаа түүнийгээ цэвэрлээд зогсож байсан. Манай эгч цаана нь хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан...” /хх 9/,

Насанд хүрээгүй гэрч Д.Бархасбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тэр өдөр Амин-Эрдэнэ гэнэт уйлаад эхэлсэн. Тэгсэн чинь Д.Нямрагчаа дуугуй болгох гээд аргадсан боловч, дуугуй болохгүй байсан. А.Оюунцэцэг эгч өөр өрөөнд байсан. Би өөрийнхөө өрөөнд зурагт үзэж байсан чинь Д.Нямрагчаа А.Оюунцэцэг эгчийн байсан өрөөнд ороод “хүүхдээ дуугуй болго, би дуугуй болгож чадахгүй байна” гэж хэлэхэд А.Оюунцэцэг эгч “чи наад хүүхдээ чимээгүй болго” гэж хэлээд удалгүй хэрэлдээд А.Оюунцэцэг эгч хашгираад, Д.Нямрагчаа ах чанга дугараад эхэлсэн...” /хх 62-64/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд юм. Хохирогчийн баруун өвдөг, зүүн шуу болон нүүрэнд учирсан гэмтлээс бусад гэмтэл нь суран тэлээ болон тэлээний арал хэсгээр үүсгэгдэх боломжтой, тэлээний аль хэсгээр ямар байдлаар цохисныг тогтоох боломжгүй...” / хх 61/,

Хохирогч А.Оюунцэцэгийн биед “...дух, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн бугалга, шуу, баруун шуу, зүүн хонго, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8280 дугаар дүгнэлт, хохирогчийн фото зураг /хх 18-19/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Шүүгдэгч Д.Нямрагчааг уйлж байгаа хүүхдээ дуугүй болго гэж хэлээд ор луу шидэхэд нь хохирогч А.Оюунцэцэгийн “чи яаж байгаа юм гэсэн” хэлсэн үг, хийсэн үйлдлийнх нь хэр хэмжээнээс хэтэрсэн хүч хэрэглэж өмдний тэлээгээр хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хор хохирол учруулсан үйлдэл нь үл ялих зүйлээр шалтаглаж бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг хэрэглэсэн нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.                                                                                   

Танхайн сэдэлт нь урьдаас төлөвлөгдөөгүй, тухайн агшинд гэнэт, зарим тохиолдолд ялимгүй зүйлийг шалтаглан үүсдэг бөгөөд хохирогчийн зүгээс эхэлж ямар нэгэн өдөөн хатгалт хийгддэггүй, уг үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн зэрэг шинжийг агуулсан байдаг. Харин хохирогч А.Оюунцэцэгийн зүгээс Д.Нямрагчааг өдөөн хатгасан, улмаар уг гэмт хэрэг үйлдэгдэх тодорхой шалтгаан тогтоогдоогүй байна.

Д.Нямрагчаагийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Шүүх шүүгдэгч Д.Нямрагчааг хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялтны гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

          Ялтан Д.Нямрагчаа “…гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл гэм буруугийн хэлбэр, сэдэлтийг зөв бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. Хамтран амьдарч байсан бидний хувийн таарамжгүй харьцаанаас улбаатай бөгөөд энэ талаар хохирогч удаа дараалан мэдүүлсэн байгаа. Иймд миний холбогдоод байгаа уг хэргийн үнэн зөвийг тунгаан оновчтой, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү”, өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын “... Д.Нямрагчаад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Иймд ялтан Д.Нямрагчаа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Нямрагчаа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧИД                                               Т.ӨСӨХБАЯР

                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ