Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/247

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         07              05                                        2022/ШЦТ/247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Г.Энэрэл

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г , Д.О 

Шүүгдэгч Б.Ж , Д.Б  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж , Д.Б  нарт холбогдох эрүүгийн 2125002540344 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Д.Б

2. Б.Ж

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 07 дугаар сард Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр төмөр замын 152 дугаартай тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын-жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, тухайн өдрөөс хойш өөрийн биедээ хадгалсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн **** тоотод Б.Ж д өгсөн гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Ж  нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Б-с  олж авсан, биедээ хадгалсан, улмаар О.Х-д   өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж , Д.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж  мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Цагдаагийн ахлах ахлагч О.М-ны бичсэн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,

2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

3. Гэрч О.М-ны “Төгөлийн булан эргэчхээд буцаад ирж явахад нэг сонин юм үнэртээд, гайхаад явж байтал нөгөө гурван залуугийн нэг нь тамхи татаж байхаар нь шалгах гээд очтол уг тамхи татаж байсан залуу тамхиа доошоогоо хаячихсан юм. Тэгээд тэр тамхи татаж байгаад хаядаг Ж гэх залуу мансуурсан байдалтай байсан болохоор нь 7035102-т мэдэгдэж шалгуулсан юм. Миний харснаар Ж нь тухайн мансууруулах төрлийн ургамлыг татаж байгаад газар хаясан. Намайг яваад очтол Ж-ы зүүн талын хөлийн доор газарт ороодог тамхи шиг үзүүр хэсэг шатсан байдалтай мансууруулах төрлийн ургамал байсныг хамгаалалтанд авч улмаар мөрдөгч а/д М.Г хэргийн газарт ирж газар байсан ороосон тамхи шиг харагдах цаастай зүйлийг хураан авах гэхэд бутраад шатсан цаас нь задрах гээд байхаар нь шинэ Хаан банкны баримтын цаасанд ороож хураан авсан юм” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

4. Гэрч О.Х-н “2021 оны 07 дугаар сарын -27-ны- өдөр найз Б-тай  хоёулаа 3 шил архи уугаад нэлээн согтолттой байсан чинь орой Э  руу ярьсан чинь хуучин шүүхийн ойролцоо явж байна гэхээр нь Ж , Э  хоёртой уулзсан юм. Тэгээд бид гурав шагаас тамхи авъя гээд явж байсан чинь Ж ороосон тамхи татаад байхаар нь нөгөөдхөөс нь хоёр сорсон чинь гашуун байхаар нь хаясан юм. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн юм” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал/

5. Гэрч Г.Э ы “Бид нарыг ууж сууж байхад Б  гэх залуу Ж хоёр юм ярьж сууж байгаад Б  халааснаасаа ороосон тамхи шиг зүйл гаргаж ирээд Ж д өгсөн. Бид хоёр уух юм дуусаад хуучин шүүхийн хажууханд Х-тай  уулзаад бид гурав Төгөл худалдааны төвийн шаг зардаг хүмүүсээс пиво авах гэж явж байсан чинь Ж , Х   хоёр нөгөө Б гийн өгсөн ороосон тамхи шиг зүйлийг татаж байхаар нь би болиоч гэж хэлсэн чинь удалгүй эргүүлийн цагдаа нар хүрээд ирсэн” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/

6. Сэжигтэн Б.Ж ы “2021 оны 7 сарын 27-ны өдөр 16 цагийн үед найз Э  маань ганц, нэг пиво уухуу гэхээр нь манай байрны гадаа бид хоёр 5,5 ширхэг пиво уучихаад хойшоо найз Х-д очоод Х-р дэлгүүр хүргүүлсэн чинь М  гээд танил залуу манай байрны зогсоол дээр зогсож байхаар нь уулзсан чинь төрсөн өдөр болоод гэхээр нь Х, Э , М  бид нар дэлгүүр ороод М д 0,5 литрийн архи 2,5 литрийн пиво хоёрыг аваад М , Э  бид гурав Х-р М нийн гэрт хүргүүлсэн юм. Тэгээд М нийн гэрт очсон чинь газарт нэг хүн жоохон өөрчлөлттэй Б  гэх залуу хэвтэж байсан. Тэгээд бид нар ууж сууж байхад тухайн Б  гэх залуу хар тамхины ургамлын талаар ярьж эхэлсэн. Тухайн үед би сонирхоод чамд байгаа юм уу гэхэд Б  гэх залуу халааснаасаа 7-8см урттай, хаан банкны цаасанд ороосон тамхи шиг зүйл гаргаж ирэхээр нь би аваад халаасандаа хийсэн. Ууж идэх зүйл дуусаад Э  бид хоёр М гийнхээс гараад явсан. М гийнхээс гараад Х   гэх найзтайгаа хуучин шүүхийн урд уулзаад Төгөлийн шагийн хүмүүсээс 1 нэг архи, тамхитай авъя гэж бодож байсан юм. Тэгээд тухайн үед цагдаа нар эргүүл хийж байсан чинь шагийн хүмүүс байхгүй болсон байсан учраас халаасандаа байсан Б  гэх залуугаас авсан байсан ороосон тамхи шиг зүйлийг нь хэд сороод Х   мөн түүнээс хэд сорсон чинь цагдаагийн ажилтнууд ирсэн” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/

7. Сэжигтэн Д.Б-ий “Би 2021 оны 07 сарын дундуур ажлаа хийж байхдаа Эрдэнэтээс Улаантолгой орох замд буюу 152 дүгээр тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас тухайн мансууруулах төрлийн өвсийг түүгээд хадгалсан” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал/

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 5094 дугаартай “Д.Б  гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 80-82-р тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ц-н 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 3634 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасанд ороосон ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг болно. Цаастай жин нь 1,1002 грамм, цэвэр жин нь 0,6890 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,5905 грамм болов...” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 54-57 дэх тал/,

9. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “Д.Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүл. Сэтгэцийн хувьд удамшлын болон олдмол өвчингүй” гэсэн дүгнэлт /1 дахь хавтаст хэргийн 87 дахь тал/,

 

10. Д.Б-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,

 

11. Б.Ж ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/,

 

            12. Д.Б-ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн зургууд /1 дэх хавтаст хэргийн 118-120 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 07 дугаар сард Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр төмөр замын 152 дугаартай тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын-жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, тухайн өдрөөс хойш өөрийн биедээ хадгалсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн **** тоотод Б.Ж д өгсөн, шүүгдэгч Б.Ж  нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Б-с  олж авсан, биедээ хадгалсан, улмаар О.Х-д   өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд 2 жилийн хорих ял, шүүгдэгч Ж д 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Б-ий цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй” гэв

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г  дүгнэлтдээ “шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Гэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдлыг анхаарч үзэх нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд хуульд заасан бага хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О   дүгнэлтдээ: “шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой.” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн ахлах ахлагч О.М-ны бичсэн илтгэх хуудас, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрч О.М-ны “Төгөлийн булан эргэчхээд буцаад ирж явахад нэг сонин юм үнэртээд, гайхаад явж байтал нөгөө гурван залуугийн нэг нь тамхи татаж байхаар нь шалгах гээд очтол уг тамхи татаж байсан залуу тамхиа доошоогоо хаячихсан юм. Тэгээд тэр тамхи татаж байгаад хаядаг Ж гэх залуу мансуурсан байдалтай байсан болохоор нь 7035102-т мэдэгдэж шалгуулсан юм” гэх мэдүүлэг, гэрч О.Х-н “Ж ороосон тамхи татаад байхаар нь нөгөөдхөөс нь хоёр сорсон чинь гашуун байхаар нь хаясан юм” гэх мэдүүлэг, гэрч Г.Э ы “Б  халааснаасаа ороосон тамхи шиг зүйл гаргаж ирээд Ж д өгсөн. Ж , Х   хоёр нөгөө Б гийн өгсөн ороосон тамхи шиг зүйлийг татаж байхаар нь би болиоч гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Б.Ж ы “Б  гэх залуу халааснаасаа 7-8 см урттай, хаан банкны цаасанд ороосон тамхи шиг зүйл гаргаж ирэхээр нь би аваад халаасандаа хийсэн. Б  гэх залуугаас авсан байсан ороосон тамхи шиг зүйлийг нь хэд сороод Х   мөн түүнээс хэд сорсон чинь цагдаагийн ажилтнууд ирсэн” гэсэн мэдүүлэг, Д.Б-ий “Би 2021 оны 07 сарын дундуур ажлаа хийж байхдаа Эрдэнэтээс Улаантолгой орох замд буюу 152 дүгээр тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас тухайн мансууруулах төрлийн өвсийг түүгээд хадгалсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийнн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 5094 дугаартай дүгнэлт, Д.Б-ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 07 дугаар сард Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр төмөр замын 152 дугаартай тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын-жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын бүхий ургамалыг түүж бэлтгэсэн, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хадгалсан, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн **** тоотод Б.Ж д өгсөн үйл баримт,

Шүүгдэгч Б.Ж  нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг хууль бусаар Д.Б-с  олж авсан, биедээ хадгалсан, О.Х-д   өгсөн үйл баримт тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Б-ий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Б.Ж ы мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж , Д.Б  нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

                    Шүүгдэгч Б.Ж , Д.Б  нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролгүй, төлөх төлбөргүй боловч уг гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг их, хохирол нөхөн төлөгдсөн, гэм хор арилсан гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ий цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.5905 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж  нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овгийн Б Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ж ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Ж д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ий цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Б.Ж  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5905 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж  нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС