Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 0027

 

 

 

 

 

 

 

      Д.Б нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Прокурор                                         Л.Э

    Шүүгдэгч                                          Д.Б, Б.Ж

 Шүүгдэгчийн өмгөөлөгч               М.М, Д.О /цахимаар/

 Нарийн бичгийн дарга                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Д-н Б,

Ц овогт Б-н Ж,

 

Д.Б нь 2021 оны 07 дугаар сард       аймгийн        сумын         дугаарын тэмдэглэгээтэй шонгийн хажуу талаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, тухайн өдрөөс хойш өөрийн биедээ хадгалсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр         аймгийн        сумын        багийн        тоотод Б.Жд өгсөн гэмт хэрэгт,

Б.Ж нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр        аймгийн     сумын        баг          тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай ургамлыг буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Бэс олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Б, Б.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овогт Б-н Ж-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Жыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүгдэгч Б.Жд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 0.5905 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо:

... Миний бие Улаанбаатар Төмөр замын       дугаар анги,      дугаар хэсэгт 3 дахь жилдээ ажиллаж байна. 2021 оны 7 дугаар сарын эхэн үед 151 дүгээр км-ийн 8 дугаар зуутад ажлаа гүйцэтгэж явах үедээ хүмүүсийн яриад байдаг ургамлыг түүн авч, 7 дугаар сарын сүүлээр Ж-д өгсөн минь үнэн. Энэхүү гаргасан үйлдэлдээ маш ихээр гэмшин, харамсаж байна. Миний бие нь төрөлхийн баруун нүд зовхины унжилттай, хялар гэсэн оноштой. Харааны чадвар 90 хувийн алдагдалтай. Гэр бүлийн байдал минь аав, ээж, найз бүсгүйн хамт амьдардаг.

Аав Б.Д нь зүрхний шигдээсээр 2010 онд өвдөж одоог хүртэл эмчийн хяналтад байдаг. Ээж Д.Б нь үе мөчний архаг үрэвсэл хэрх өвчтэй эмчийн хяналтад байдаг. Найз бүсгүй З.Б 2 сартай жирэмсэн эмчийн хяналтад байгаа. Би өөрийн гадаад төрөхөөс болоод гэрлэх тухай бодож байгаагүй. Гэтэл надад эхнэр хүүхэдтэй болох боломж олдсонд би маш их баяртай байгаа.  Би энэ явдлаас хойш тэр ургамлыг огт хэрэглээгүй. Цаашид ч хэрэглэхгүй. Би урьд нь утга учиргүй дэмий сэлгүүцэж өөрийгөө зугаацуулах л гэж явж байсан. Одоо миний амьдрал утга учиртай болсон. Энд хоригдсоноос хойш өмнө нь биеэр гардаг байсан тууралт өвчин сэдрээд байнга загатнаж маш зовиуртай байгаа. Олон хоног нойргүй хонож байна. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзаж ялыг минь хөнгөлж өгнө үү... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал нь тогтоогдсон байдаг бөгөөд шүүх энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй. Шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн мөртлөө хуульд заасан хорих ялыг сонгож хэрэглэсэн нь ойлгомжгүй байгаа юм. Сонгож хэрэглэж болох ял байхад хорих ял оногдуулсан нь ялгавартай хандлаа гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.

Д.Б нь эрүүл мэндийн хувьд эрүүл саруул хүн биш юм байна. Тэрээр төрөлхийн зовхи унжиж нүдээ хаасан эмгэгтэй, үүнээсээ болж дөнгөж 10 хувь хардаг хялар нүдтэй төрсөн бөгөөд бүр багаасаа олон удаа мэс засалд орж байсан ч зөвхөн зовхи нь дээшээ болсон ч нүдээ хаадаггүй болсон байна. Түүнчлэн арьсны харшил өвчтэй, тэр нь сэдрээд эрүүл мэндийн хувьд хэцүү байдалтай байгаа. Энэ байдлыг харгалзан ялыг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. Тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хэргээ шударгаар хүлээн мэдүүлж ирсэн юм. Иймд түүний гомдлыг бас харгалзаж үзнэ үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: Биеийн эрүүл мэндийн байдлаасаа болж давж заалдах гомдол гаргасан. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ж тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: Анхан шатны шүүхээс Д.Бд оногдуулсан ял хүндэдсэн. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.

 

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2021 оны 07 дугаар сарын дундуур үед         аймгийн        сумын       дугаарын тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас түүж бэлтгэсэн, тухайн өдрөөс хойш уг ургамлыг өөрийн биедээ хадгалсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр          аймгийн           сумын          тоотод Б.Жд өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Жыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай ургамлыг буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр          аймгийн         сумын       баг       тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Бэс олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Жыг 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр ... бусдад өгсөн ... гэдэгт “уг бодисыг худалдах зорилгогүйгээр бусдад дамжуулсан, бэлэглэсэн, хэрэглүүлсэн үйлдэл”-үүдийг хамааруулан ойлгоно.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Ж нь Д.Бэс авсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг О.Х-д өгч, түүнтэй хамт татсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд  шүүгдэгч Б.Жы энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан дээрх гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, О.Х-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу шийтгэл оногдуулсан эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.

 

Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Д.О нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.Б-н биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хэргийг Прокурорт очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б, Б.Ж нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.О нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Д.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА