Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0115

 

 

 

 

 

 

 

 

О.Н******* нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.О*******гэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Л.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******

Нэхэмжлэгч: О.Н*******, Д.О*******дарь, Я.О*******, Л.О*******

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 904 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Л.О*******, Л.О*******, Д.О*******дарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин  

Хэргийн индекс: 128/2023/0604/З  

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгч О.Н******* нараас, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан "Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүгчээр ажиллаж байсан бидэнд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд Н.Н*******д 70,200,000 төгрөг, Л.О*******д 77,074,740 төгрөг, Л.О*******т 75,180,000 төгрөг, Д.О*******дарьд 77,074,740 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгах”-аар маргажээ

Хоёр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 904 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Л.О*******д 78,600,000 төгрөг, О.Н*******д 70,236,000 төгрөг, Д.О*******дарьд 75,069,000 төгрөг, Л.О*******т 45,934,000 төгрөгийг тус тус шүүхийн төсвөөс гаргаж олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж  шийдвэрлэжээ.

Гурав: Нэхэмжлэгч Л.О******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. “...иргэн Л.О******* би улсад 38 жил, шүүхийн байгууллагад 30 гаруй жил хөдөлмөрлөсөн. Үүнээс шүүгчээр 26 жил ажиллаж байгаад 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар зарлигаар “Өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн” гэх үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

            3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 904 дүгээр шийдвэрээр нэг удаагийн олговол зохих тэтгэмжийн зөрүү 45,934,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн болно.

            3.3. Шүүгчийн албан тушаалаар ажиллаж байсны хувьд Онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,080,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 675,000 төгрөг нийт 1,755,000*36 =63.480.000 төгрөг олгох гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

            Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

4.1. “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин.." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

4.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон.

4.3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

4.4. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

4.5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна

4.6. Албан ажлын онцгой нөхцөлийн төрийн алба хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шуугчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:

-Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт,

            -Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

4.7. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

4.8. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

Иймд 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

4.9. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан.... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Шүүх давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч О.Н*******, Д.О*******дарь, Я.О*******, Л.О******* нараас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан бидэнд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд Н.Н*******д 70,200,000 төгрөг, Л.О*******д 77,074,740 төгрөг, Л.О*******т 75,180,000 төгрөг, Д.О*******дарьд 77,074,740 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Н******* нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр зарлигаар, Д.О*******дарь нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 134 дүгээр зарлигаар, Л.О******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаар зарлигаар, Л.О******* нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар “ Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлигаар тус тус хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн байна.

2.3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” 67 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.Н*******д 108,000,000 /нэг зуун найман сая/ төгрөгийн, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаар тушаалаар Л.О*******т 97,200,000 /ерэн долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тушаалаар Д.О*******дарьд 97,200,000 /ерэн долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тушаалаар Л.О*******д 97,200,000 /ерэн долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тус тус шийдвэрлэжээ.

2.4. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж хуульчилсан боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд дээрх заалтыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

2.5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж хуульчилснаас үзэхэд шүүгчийн цалин хөлсөнд албан тушаалын цалингаас гадна бусад нэмэгдлүүд багтаж байх бөгөөд тэтгэвэрт гарч байгаа шүүгчид 1 удаагийн тэтгэмж олгохдоо “...түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр” тооцох учраас хариуцагчийн тайлбарлаж байгаачлан “тэтгэмжийг нэмэгдлийн нэг адил мөн л албан тушаалын цалингаас олгох ёстой” гэж үзэхгүй. Учир нь Монгол улсын Шүүхийн тухай хуульд албан тушаалын цалин, цалин хөлс гэх ойлголтыг ялгаатай зохицуулсан байна.

2.6. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор ялгаатай байдлаар заасан, өөрөөр хэлбэл шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар Төрийн албаны тухай хуульд зааснаас илүү хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах нөхцөлийг тусгасан, мөн шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр нарийвчлан зохицуулсан.

2.7. Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “...албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 04 дүгээр тогтоолоор шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг олгохоор тус тус тогтоосон байна.

2.8. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн заалтыг практикт хэрэгжүүлэхдээ сарын дундаж цалинг зөвхөн “шүүгчийн албан тушаалын цалин”-аас тооцон тэтгэмж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.9. Учир нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлүүдэд зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан тул шүүгч нарт нэг удаа олгох тэтгэмжийг бодох сарын дундаж цалингийн хэмжээг эдгээр хуультай нийцүүлэн цалингийн бүтэц, бүрдлийг цогцоор нь тооцох хууль зүйн үндэслэлтэй.

2.10. Нөгөөтээгүүр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” дээрх тушаалуудыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг баримталсан байх боловч уг журмын “4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.

2.11. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын шүүгчээр ажилласан болон чөлөөлөгдсөн хугацаа өөр, өөр тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс өмнөх сүүлийн 36 сарын хугацаанд авч байсан цалингийн тооцооллыг гаргахдаа тухайн шүүгчийн гар дээр авч байсан нэмэгдэлтэй цалин буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /хүчингүй болсон/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэх хуулийн зохицуулалтын дагуу тухай бүр авч байсан цалин, нэмэгдлээс тооцож зөрүүг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.12. Учир нь шүүгч нарын сард авч байгаа дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь шүүгч нарын цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бөгөөд нэмэгдлийн хэмжээг тооцохдоо тухайн үед үйлчилж байсан хуульд заасан нэмэгдлийн хэмжээгээр тооцож дунджийг гаргасан нь хуульд нийцнэ.

2.13. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 04 дүгээр тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба уг тогтоолоор батлагдсан нэмэгдэл болох шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнөх хугацаанд хамруулан тооцох үндэслэлгүй юм.

 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 904 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА                    

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН