Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Б.Батдорж,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Батдоржийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Бт холбогдох 1905003630069 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Оын Б, 1974 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” худалдааны төвд харуулын ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 О.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” захын харуулын байранд Б.Батдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гар руу нь өшиглөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овгийн Оын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Бын торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Батдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралдаанд ороогүй. О.Бт хэт хөнгөн ял оноосон байна. Шүүгдэгч О.Б нь анх надтай тохиролцохдоо “эмчилгээ болон банкны мөнгө өгнө, Прокурортой уулзаад гомдолгүй гээд хэлчих. Эхнэр маань өнөө маргаашгүй төрөх гэж байгаа мөн оюутан хүүхэдтэй учраас амьдралыг минь харж үзээд гомдолгүй гээд хэлчих” гээд гуйгаад байхаар нь итгээд тухайн үед гомдолгүй гэсэн. Түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөж хэлсэндээ хүрсэнгүй. Одоо миний гар бүрэн төгс эдгээгүй, хүнд ажил хийж чадахгүй байна. Гомдолтой байна. Гомдлыг минь барагдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлын төлбөрт 800.000 төгрөг өгсөн. Өгсөн гэх баримт байхгүй. Учир нь, тухайн үед нотариатаар баталгаажуулъя гэхэд миний иргэний үнэмлэх байхгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан мөнгийг төлнө.” гэв.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг тохирсон гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгчийн орлогын баримтыг гарган өгсөн. Хохирогчийн гомдолд тайлбар хэлэхэд хохирлын баримт гэж гаргаж өгөөгүй. Хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд гаргаж өгөх боломж байсан. Гэтэл гаргаж өгсөн нотлох баримт байхгүй. Мөн банкны зээлийн хүүг төлөөгүй учраас би гомдолтой байна гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд О.Б нь Б.Батдоржид хүндэвтэр гэмтэл учруулсан нь хангалттай тогтоогддог. Хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд гаргаж өгөөгүй. Харин “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн Б.Батдоржийн хүсэлтүүд ирсэн. Шүүгдэгч О.Б нь хүсэлт гаргаагүй тул хэргийг ердийн журмаар анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Ял шийтгэл тохирсон байна гэж дүгнэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Бт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэргийг шүүгчид хуваарилсан байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 397 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ.

Уг захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр товлон зарлаж, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ шүүгдэгч О.Бт 3 дугаар сарын 01-ний өдөр, хохирогч Б.Батдоржид 3 дугаар сарын 04-ний өдөр тус тус мэдэгдсэн баримт хэргийн 55 дахь талд авагдсан байна. Улмаар 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч О.Бт холбогдох хэргийн шүүх хуралдааныг улсын яллагч Б.Батсайхан, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан явуулж, хохирогч Б.Батдоржийг оролцуулаагүй байх бөгөөд хуралдааны тэмдэглэлд энэхүү шалтгааныг “Гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн” талаар тусгажээ.

Хохирогч Д.Батдоржийн шүүх хуралдаанд оролцоогүй шалтгаанаа дээрх байдлаар тайлбарласан талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэрээр давж заалдах гомдолдоо “О.Бт гомдолтой байгаа... Төлбөр бүрэн барагдуулаагүй” талаар дурдсан байна.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш                14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэснийг зөрчиж шүүх хуралдааны товыг 2 өдрийн өмнө хохирогч Б.Батдоржид мэдэгдсэн баримт үйлдэж, улмаар түүнийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.14 дүгээр зүйлд заасан “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн...өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэсэн зарчмуудыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд “Хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох...” зэрэг эрхүүдийг эдлэх талаар тодорхой тусгасан байхад шүүх хуралдаанд оролцох хохирогчийн эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбогдуулан хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогч Б.Батнямын гаргасан “Шүүгдэгч О.Бт хэт хөнгөн ял оноосон” гэсэн гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл О.Бт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                               Ц.ОЧ