Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0116

 

 

 

 

 

 

 

 

 

“А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******

Нэхэмжлэгч: “А*******” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Б.У*******

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 885 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б*******, Р.Б*******, гуравдагч этгээд Б.У*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2018/0401/З

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У*******д холбогдох хэсгийн 322,4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 211 дүгээр захирамжаар “А*******” ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсний дагуу уг хэмжээгээр газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-аар маргасан.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 885 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У*******д холбогдох хэсгийг 322.4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан “А*******” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А*******” ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. “...Асгат сервис" ХХК нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2004 оны 10-р сарын 08-ны өдрийн 92-р тогтоолоор Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Ус сувгийн ашиглалтын контор, лабораторын дуусаагүй барилгыг түрээсийн давуу эрхээр худалдан авч өмчлөх эрхтэй болсон бөгөөд тус компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орчны газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06-р сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Тухайн үед буюу 2009 оны 05-р сарын 13-ний өдөр кадастрын зургийг 7788,61 м.кв-аар хийлгэн Баянзүрх дүүргийн Засаг дарга, болон Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ хүргүүлсэн боловч инженерийн шугам сүлжээтэй, ус суваг, бохир ус зайлуулах хоолойтой гэх шалтгаанаар хүссэн хэмжээгээр газар эзэмших эрх олгоогүй. Гэсэн атлаа миний 2009 онд кадастрын зургийг 7788,61 м.кв-аар хийлгэн хүсэлт гаргаж байсан газартай 322.4 м.кв-аар давхцуулан иргэн Б.У*******д газар эзэмших эрх олгосон нь хууль зөрсөн, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж маргасан боловч анхан шатны шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Учир нь Газрын тухай хуулийн 32-р зүйлийн 32.4-т иргэн хуулийн этгээд нь газар эзэмших тухай хүсэлтийг гаргасныг "Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд эн тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө" гэж заасан. Хуулийн энэхүү заалт нь газар эзэмших хүсэлт гаргасан дарааллын дагуу газар эзэмших эрх олгох тухай зохицуулсан заалт юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 22-ны Өдрийн 128/ШШ2023/0885 дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У*******д холбогдох хэсгийг 322.4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А*******” ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 24 дүгээр тогтоолоор 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний 2.1 дэх хэсгээр тус дүүргийн ... 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэний ахуйн зориулалтаар 8.0 га газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлж, өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

4. Гуравдагч этгээд Б.У******* нь газар олгох төлөвлөгөөнд тусгагдсан байршилд газрын кадастрын зургийг хийлгэж, 500 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмших хүсэлтийг гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай А/178 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 31-523а хаягт байрлах 500 м.кв газрыг түүнд эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байна.

5. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У*******д холбогдох хэсгийг 322.4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компани Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221, 2015 оны 09 сарын 29-ны өдрийн А/444 дүгээр захирамжийн дагуу 7000 м.кв газрыг эзэмших болсон бөгөөд өнөөдрийг хүртэл 7000 м.кв газрын талбайг эзэмшиж байгаагаар газрын төлбөрөө төлж байгаа болно. ...2015 оны захирамжийн хүрээнд бид 7000 м.кв талбай эзэмших ёстой боловч тухайн үеийн дүүргийн Газрын албаны удирдлага, байцаагч нар манай эзэмшил газрын нүүрэн талын, 700 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан бидэнд 6370 м.кв талбайг эзэмшүүлж байгаа ба инженерийн байгууламжтай, нийтийн эзэмшлийн талбай гэсэн атлаа бидний хүсэлтийг 6 жил үл харгалзан дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамжаар иргэн Б.У*******д манай хашаан дотор 500 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь хууль бус... гэж маргажээ.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “А*******” ХХК нь  Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн үл хөдлөх хөрөнгийн орчин тойрны газрыг эзэмшихээр “Топ сүрвей” ХХК-иар 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 9237,87 м.кв, 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 7788,61 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг үйлдүүлэн хүсэлтийн хамт Баянзүрх дүүргийн Газрын албанд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 221 дүгээр захирамжаар 7000 м.кв газрыг эзэмшүүлжээ.

7. Дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай” А/444 дүгээр захирамжаар уг газар эзэмших эрхийг 10 жилийн хугацаатай сунгаж, газар эзэмших эрхийн 000317001 дугаар гэрчилгээ олгосон боловч газрын кадастрын мэдээллийн санд 18646311848720 дугаар бүхий нэгж талбараар 6175.64 м.кв талбайгаар бүртгэсэн байна.

8. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/1581, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2/1553, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2/2371 дугаар албан бичиг, мөн газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2022//54 дугаар шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт олгосон газрууд нь кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар ямар нэгэн давхцалгүй болох нь тогтоогджээ.

9. Нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5 тоот албан бичгээр “...манай эзэмшиж байгаа газрын талбай хэмжээ батлагдсан захирамжийн хүрээнд хүрэлцэхгүй байгаа тул ...манай эзэмшил газрын нүүрэн талын, 700 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан кадастрын нэгж талбарын зураглалд оруулахгүйгээр Засаг даргын захирамжаа өөрчлүүл гэсэн хариуг бидэнд өгч 6370 м.кв талбайг эзэмшүүлж байна. Иймд батлагдсан захирамжийн хүрээнд манай байгууллагын барилгын нүүрэн талын талбайг бидэнд олгож асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэж, мөн ийм агуулгатай албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргад гаргаж байснаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмших эрхтэй 7000 м.кв газар нь мэдээллийн санд бага хэмжээгээр бүртгэгдсэн болохыг мэдэж, гомдол гаргаж байсан атлаа гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаагүй байна.

10. Дээрхээс үзэхэд маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

11. Тодруулбал, гуравдагч этгээдэд олгосон газар нь нэхэмжлэгчийн газартай давхцалгүй, нэхэмжлэгч уг газрыг хашаалж бодитоор эзэмшиж байсан нь тогтоогдоогүй, захирамжид заасан хэмжээгээр кадастрын нэгдсэн системд бүртгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй тухайн үед маргаагүй нь тогтоогдож байгаа тохиолдолд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх, мөн “...манай хүсэлт гаргаж байсан газартай давхцуулан иргэн Б.У*******д газар эзэмших эрх олгосон нь хууль зөрчсөн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж маргасан боловч анхан шатны шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн...” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

12. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А*******” ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсний дагуу уг хэмжээгээр газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус заасан.

14. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч “А*******” ХХК нь эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрын хэмжээг кадастрын мэдээллийн санд дутуу бүртгэгдсэнийг мэдсэн, гэрчилгээнд заасан хугацаагаар бүртгүүлэх тухай хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад 2015 онд гаргаж байсан бөгөөд гомдлыг шийдвэрлээгүй тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд хандах хугацааг хэтрүүлж, 3 жилийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

15. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН