Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: “ЭК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: БХБЯ-д холбогдох,

          175 750 027  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2018 оны 04 дугаар сарын 18-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, Ц.Гончигсүрэн, хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭК” ХХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, Ц.Гончигсүрэн нараас гаргасан тайлбартаа: Барилга хот байгуулалтын яамнаас Буянт-Ухаа орчмын талбай дээр 2017 оны 06 дугаар сард 20000 м.куб шинэ цэвэрлэх байгууламжийн тендерийн ажлыг зарласан. Тухайн ажил нь 2014 оны төсвийн ажил байсан. Тус оноос тендер зарлаад 3 шатны шүүхээр яваад тендер нь хүчингүй болсон.

Эрчим хүчний яамнаас гаргасан техникийн нөхцлийн хугацаа дуусаад 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дахин гарсан. Техникийн нөхцөл нь норм, нормативыг хангах болон хүчин чадлын хэмжээг тодорхойлж гардаг. Үүний дараа Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газраас зургийн даалгаврыг гаргаж өгдөг. Зургийн даалгавараар зураг төсвийг хийх, тоног төхөөрөмжийг нь зааж, аль аль шугамаас авах вэ гэдэг тодорхой цэгүүдийг зааж өгдөг. Ингээд бид тендерт орж 1 198 361 313 төгрөгөөр энэ ажлыг гүйцэтгэхээр болсон. Тендерийн онцлог нь түлхүүр гардуулах байсан ба энэ нь ямар нэгэн ажлын зураггүй, төсөвгүй байдаг. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн тодорхой төсөөллөөр төсөв  өгч оролцдог.  

Тухайн үед манай компани  тендерт шалгарсан боловч өрсөлдөгч компаниас шүүхэд гомдол гаргаснаар хугацаа алдаж, 2017 оны 09 дүгээр сарын 19-нд хариуцагч  Барилга хот байгуулалтын яамтай гэрээ хийсэн. Ажлыг хийх гэхэд олгогдсон техникийн нөхцөлийн дагуу гарсан зураг төсөл боловсруулах даалгавар нь буруу байсан тул Эрчим хүчний яаманд хүсэлт гаргаснаар тус яамны бодлого төлөвлөлтийн газар нь 10 дугаар сарын 03-ны өдөр зураг төсөл боловсруулах даалгаврыг дахин шинээр гаргаж өгсөн. Ингэснээр бидний ажил эхэлсэн.

Шинэ зураг төсөл боловсруулах даалгавар гарч ирснээр ажлын зургийг шинээр хийлгэсэн. Тэгээд дахин төсөв хийлгэхэд өртөг нь 1 493 823 534 төгрөг болсон. Ингээд зураг, төсвөө  БХБЯны Барилгын хөгжлийн төвөөр магадлалаар оруулсан, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 964/2017 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гарч төсвийг баталсан. Магадлалаар төсөв нь таарч байна гэсэн байдаг.

2017 оны 11 дүгээр сараас Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаад  20000 м.куб багтаамжтай бохир усны цэвэрлэх байгууламжийг барьсан. Бид гадна цахилгаан хангамжийн ажлыг л гүйцэтгэсэн. Ингээд 12 дугаар сарын дундуур ажлаа хийж гүйцэтгэж дуусгаад 12 дугаар сарын 26-ны өдөр улсын комисс хуралдаад байнгын ашиглалтад захиалагч талд хүлээлгэж өгсөн. Бид нарын зөрүү өөрчлөлт нь төсөв нь нэгд хүрэлцэхгүй төсөв байсан. 2014 оны төсөв нь ханшийн маш их зөрүүтэй,  техникийн нөхцлийн дагуу гарсан зургийн даалгавар нь алдаатай байсныг өөрчилж зассан, Барилгын хөгжлийн төвд байсан “Дэд бүтэц” төсөл нь татан буугдсан. Ерөнхий гүйцэтгэгч Туркийн компани төсөл хоёрын хоорондоо холбоогүй ажилласнаас  цахилгаан байгууламжийн дүрэмд 1000 кВ-аас дээш байгууламжтай бол автомат сэлгэн залгагчтай, вакуум таслууртай байна гэж гэсэн дүрмийг зөрчсөн. Ийм байдалаар тооцоо, зөрүү их гарсан. Бид тендерт орохдоо вакуум таслуур бүхий хоргыг 4 ширхгээр төлөвлөж үнээ өгсөн байсан боловч, зургийн даалгавар шинэчлэгдэхэд 13 ширхэг болсон. Энэ 9 ширхэг  төхөөрөмжийн үнэ дээр маш том зөрүү гарсан.  Хоргоноос гадна хамгаалалтын систем нь Герман, Америкт үйлдвэрлэгддэг, 1 ширхэг нь 1 900 ам.долларын үнэтэй. Бид урт жилийн настай аюулгүй ажиллагааны дүрмэнд нийцсэн байгууламж өгөх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр гэрээний дүнд ийм өөрчлөлт гараад байгаа юм.

Бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэдэг дээр маргахгүй. Тухайн ажлын үр дүнг бий болгохын тулд холбогдох хууль дүрэм, журамд нийцүүлэх ёстой. Гэрээний ажлын үр дүнгийн чанар дээр маргаан байхгүй. Харин гэрээт ажлын гүйцэтгэлийн үнэ дээр л маргаад байгаа. Ажлыг гүйцэтгэх явцад ажлын үр дүнг доголдолгүй байх зорилгоор захиалагчийн өгсөн зураг алдаатай байсныг засахад 2 тал зөвшөөрсөн. Үүнд захиалагч нь маргаан байдаггүй. Дээрх байдлууд нь  гэрээний үнэд өөрчлөлт оруулах шалтгаан болсон ба энэ нь гүйцэтгэгчээс хамаараагүй. Гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн даалгаврын дагуу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, алдаатай  байна гэдэг саналыг холбогдох байгууллагад гаргаж, өөрчлөх шаардлагатай талаар албан бичгээ явуулж байсан.  

Гэрээний ерөнхий нөхцөлийн 38, 39 дүгээр зүйлд өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгасан. Бид өөрчлөлт оруулах хүсэлтээ өгсөн. Үүний дагуу зураг төсөлд өөрчлөлт гарсан. Энэ гарсантай холбоотой өөрчлөлтийн хянан баталгаа хийгдсэн. Холбогдох гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаач гэж хэд хэдэн удаа хандаж байсан боловч хариу өгч байсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтад “ЭК” ХХК-ийн өөрчлөгдсөн зураг төсөл, ажлын даалгавар, батлагдсан төсвийн хүрээнд гарсан ажлын гүйцэтгэлийн зөрүү буюу нэхэмжлэлийн үнийн дүн болох 175 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч  БХБЯ-наас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөрөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Талууд ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эхэлж, 10 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон байна. БХБЯны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/94 дугаартай тушаалаар БХБЯ, “ЭК” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах эсэх, оновчтой зохицуулалт, шийдэл гаргах ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 10-нд БНТУ-ын “НИС” ХХК, Монголын “ЭК” ХХК-ийн төлөөллийг оролцуулан хуралдсан байна. Энэхүү хуралдаанаас яамтай байгуулсан гэрээг сунгах, ажил гүйцэтгэх графикийг шинэчилж гаргах, барилга байгууламжийн зураг төслөө магадлалаар оруулахдаа ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийг хавсаргах, зургийн даалгаврын эх хувийг ирүүлэх, мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдсон бичиг баримтыг бүрэн хавсаргах, зургийн даалгаварт өөрчлөлт орсонтой холбогдуулан зохиогчийн дүгнэлтийг үндэслэн төсвийг дахин гаргуулах, ажлаа маш хурдан, хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгож шийдвэрлэсэн. Талууд дээрх хуралдаанаас гаргасан шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулан үзэж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 133 дугаартай гэрээг байгуулан гэрээнд өөрчлөлт оруулсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талууд дахин хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрт үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дугаартай гэрээгээр гэрээнд дахин өөрчлөлт оруулж ажил гүйцэтгэх хугацааг сунгаж гүйцэтгэгч тал гэрээгээр тохиролцсон ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/587 тоот дүгнэлтээр барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгч 123 дугаартай гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг бүрэн авсан байна. Харин гүйцэтгэгчийн зүгээс тухай ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаандаа төсөв хэтэрч байгаа тухай захиалагчид ямар нэгэн хэлбэрээр мэдэгдээгүй бөгөөд ажлаа иж бүрэн хийж дууссаны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 352/2017 тоот албан бичгээр анх удaагаа мэдэгдсэн нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2.-т зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж үүргээ биелүүлээгүй, захиалагчийн мөн зүйлийн 345.3.-т зааснаар төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй гэсэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 39.3-д заасан журмыг зөрчсөн байна.

Иймд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 345.3, талуудын хооронд байгуулсан гэрээний 39.1.3, 11.2-т заасан үндэслэлээр БХБЯнаас 175 750 027 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий “ЭК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Гэрээнд заасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулах тухай саналаа 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой. Төлбөр барагдуулах гэрээний онцлог нь гүйцэтгэгч тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ зургийн ажлыг давхар гүйцэтгэж явдаг.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагын зүгээс 4 ширхэгээр төсөвлөсөн зүйл нь 13 ширхэг болсон гэдэг талаар урьдчилан мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Зөвхөн 2018 оны 12 дугаар сарын 08-нд мэдэгдэл өгснийг л хүлээж авсан, үүнээс өөрөөр мэдэгдэж байгаагүй. Ийм байдлаар явж байгаад ажлыг улсын комисст хүлээлгэж өгөх үед БХБЯанд мэдэгдсэн нь бидний эрх ашгийг хөндөөд байгаа  юм гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭК” ХХК нь хариуцагч БХБЯ-д холбогдуулан гэрээний үүрэгт 175 750 027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гарган нэхэмжилжээ.

Хариуцагч БХБЯ нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг 10 дугаар сарын 23, 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус сунгаж 133, 151 дугаартай гэрээг байгуулсан. 123 дугаартай гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг бүрэн авсан бөгөөд гүйцэтгэгч нь тухайн ажлыг гүйцэтгэж байх үедээ төсөв хэтэрсэн талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, ажлаа бүрэн хийж дууссаны дараа 12 дугаар сарын 08-нд анх удаа мэдэгдсэн нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2., 345.3.-т заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон, гэрээний ерөнхий нөхцлийн 39.3-т заасныг зөрчсөн учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, 123 тоот “Буянт-Ухаа орон сууцны хороололын 20000 м.куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2х1000 кВа чадалтай ХТП-2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ /БХБЯ-А-2017/010/-г 2017 оны 09 дүгээр сарын 19-нд байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “ЭК” ХХК гэрээнд заасан дээрх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны дотор хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, захиалагч нь гэрээний дагуу гэрээний үнэ болох 1 198 361 313 төгрөгийг улсын төвөөс санхүүжүүлж төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 27-нд дуусахад  талууд гэрээний хугацааг 2 удаа сунгаж, 2017 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн дотор ажлын үр дүнг  хүлээлгэн өгөхөөр 2017 оны 10 дугаар сарын 23-нд 133 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 17-нд 152 тоот “гэрээний сунгалт”, “гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээнүүдийг байгуулан, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2.-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагч нь үүрэг гүйцэтгэгч “Элекрик ком” ХХК-д гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн  байна.

2. Дээрх үйл баримтууд нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөл бүхий 123 тоот “Буянт-Ухаа орон сууцны хороололын 20000 м.куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2х1000 кВа чадалтай ХТП-2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ /БХБЯ-А-2017/010/”, уг гэрээнд өөрчлөлт оруулсан тухай 133, 152 тоот гэрээнүүд, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Эрчим хүчний яамнаас олгосон “Ус цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцлийн сунгалт”, 2017 оны 07 дугаар  сарын 04-ний өдрийн 2017/22Ц тоот “Буянт-Ухаа орон сууцны хорооллын бохир усны цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах даалгавар”, 2017-15 тоот “УБ.Буянт-Ухаа орон сууцны хороололын 20000 м.куб бохир ус цэвэрлэх байгууламжийн 2х1000 кВА ком ХТП-2, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлын төсөв”,  зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.

3. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2, 4-т зааснаар гэрээний санхүүжигдэх үнийн дүнг 1 198 361 313 төгрөгөөр тохирсон байх ба хариуцагчаас гэрээт ажлын хөлс болох дээрх мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар болон ажлын үр дүнгийн чанар, ажлын хөлсний талаар зохигчид маргаагүй байна.

4. Гэрээний хугацаанд талууд тохиролцон “Цахилгаан байгууламжийн дүрэм”-ийн дагуу тухайн ажлыг түргэн шуурхай явуулах, хоорондоо уялдаа холбоотой баригдаж буй цэвэрлэх байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын зорилгын хүрээнд 2017 оны 10 дугаар  сарын 03-ны өдөр 2017/22Ц тоот “Буянт-Ухаа орон сууцны хорооллын бохир усны цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах даалгавар”-ыг шинэчлэн батлуулж, түүний дагуу шинээр баригдах 9,4х11,8-ын харьцаатай, 110,92 м.кв хэмжээтэй ХТП-ны барилгад вакуум таслуур, микропроцессорын хамгаалалттай хуваарилах байгууламж KYN-28 ячейк-11 ширхэг, хуваарилах шүүгээ 6 кВ-ын  KCO-386 ячейк-5 ширхэг, 0,4 кВ хуваарилах самбар-7 ширхэг, трансформатор 6/04 кВ-ын  S11  1000 кВА-2 ширхэг,  S11  800 кВА-2 ширхгийг тус тус суурилуулахаар тохиролцон, талуудын хооронд байгуулсан 123 тоот гэрээт ажлын төсвийг 1 493 823 535 төгрөг болгон нэмэгдүүлж эрх бүхий байгууллагаар батлуулсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 964/2017 тоот Барилга хот байгуулалтын яамны харъяа Барилгын хөгжлийн төвийн  “Магадлалын ерөнхий дүгнэлт”, 2017-15 тоот “УБ хот. Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м.куб бохир ус цэвэрлэх байгууламжийн 2х1000 кВА, 2 ком ХТП, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлын төсөв”,  2017 оны 10 дугаар  сарын 03-ны өдөр 2017/22Ц тоот “Буянт-Ухаа орон сууцны хорооллын бохир усны цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах даалгавар”, түүний 1, 2 дугаар хавсралт, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл” зэргээр тогтоогдсон.

5. Талуудын хооронд байгуулсан 123 тоот ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлийн 39.1.2-т “Гэрээний гүйцэтгэлийн хугацаанд  гүйцэтгэгч шаардлагатай гэж үзсэн үедээ байгууламжийн чанар, үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор зайлшгүй гэж үзсэн өөрчлөлт хийх саналаа захиалагчид гаргаж болно. Захиалагч өөрчлөлт хийх саналыг хүлээн авч эсхүл татгалзаж болох боловч гүйцэтгэгчийн байгууламжийн аюулгүй байдлыг баталгаажуулах талаар гаргасан аливаа саналыг хүлээн авах нь зүйтэй” гэж, 39.3.1.-д “хэрэв гүйцэтгэгч...өөрчлөлт хийхийг санал болговол  төслийн менежерт...бичгээр хүргүүлэн, түүндээ ...өөрчлөлт хийх үндэслэл шалтгаанаа тайлбарлана...” гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч тал нь зураг төсөл боловсруулах даалгаврын залруулгын хүрээнд ажлын зураг, төсөв шинэчлэгдэн магадлал хийгдэж үнийн дүнд өөрчлөлт орсон учир гэрээний нийт үнийн дүн, гэрээний нэршил болон хүчин чадлын талаар 123 тоот гэрээнд өөрчлөлт оруулах тухай  2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 343/247 тоот албан бичгээр,  шинээр магадлал хийгдсэн ажлын зураг, төсөвт ажлын тоо хэмжээ нэмэгдсэнээр нийт ажлын төсөв 1 493 823 535 төгрөг, ажлын бодит гүйцэтгэл нь  1 374 111 340 төгрөг  болсон, зөрүү 175 750 027 төгрөгийн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар 2017 оны 12 дугаар 08-ны өдрийн 35/2017 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс дээрх мэдэгдлийг хүлээн авсан талаар тайлбарласан, түүнчлэн нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/2018 тоот албан бичгээр дутуу 175 750 027 төгрөгийг шаардаж байсныг хариуцагч хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/369 тоот албан бичгээр нэмэлт санхүүжилт хийх боломжгүй тухай хариуг хүргүүлж байсан байна.

Дээрхээс үзэхэд тухайн ажлыг гүйцэтгэж байх үедээ төсөв хэтэрсэн талаар  мэдэгдээгүй, ажлаа бүрэн хийж дууссаны дараа 12 дугаар сарын 08-нд анх удаа мэдэгдсэн нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2., 345.3.-т заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон, гэрээний ерөнхий нөхцлийн 39.3-т заасныг зөрчсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч компани нь 123 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлж  Хан-Уул дүүргийн  10 дугаар хороо, Буянт-Ухаа орон сууцны хороололын 20000 м.куб ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 6/0,4 кВ-ын  2х1000 кВА, 6/0,4 кВА 2х800 кВА хаалттай дэд өртөө /ХТП/ 2 ком, 7 км кабель шугамын барилга угсралтын ажлыг 1 374 111 340 төгрөгөөр гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/587 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын  комиссын актаар нотлогдсон.

Талууд гэрээний зүйл болох ажлын үр дүнг дээрх гүйцэтгэлээр хүлээлгэн өгсөн, анхны төсөв болох 1 198 361 313 төгрөгийг 175 750 027 төгрөгөөр нэмэгдүүлэн ажлыг гүйцэтгэж гэрээний үүргийг биелүүлсэн талаар  хариуцагч маргаагүй байна.

7. Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч  нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1.-д заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6.-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар хариуцагч БХБЯ  ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч БХБЯнаас 175 750 027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийг ханган шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1 036 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар хариуцагч БХБЯ-наас 175 750 027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭК” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 036 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 036 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                             

ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА