Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01707

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01310 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч БХБЯ-нд холбогдох 175 750 027 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, Ц.Гончигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... 2017 оны 6 дугаар сард 20 000 м.куб цэвэрлэх байгууламжийн тендерийн ажлыг БХБЯ /цаашид БХБЯ гэх/ Буянт-Ухаа орчим талбай дээр зарласан ба бид тендерт орж, 1 198 361 313 төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч БХБЯ-тай гэрээ хийсэн. Зураг төсөл боловсруулах даалгавар буруу байсан тул Эрчим хүчний яаманд хүсэлт гарган, 10 дугаар сарын 03-ны өдрөөс дахин гаргаж өгсөн тул төсөв хийлгэхэд өртөг нь 1 493 823 534 төгрөг болсон. БХБЯ-ны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 964/2017 дугаартай магадлалаар төсөв нь таарч байна гэсэн.

2017 оны 11 дүгээр сараас цэвэрлэх байгууламжийг барьж, 12 дугаар сарын 26-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгсөн. 2014 оны ханшийн зөрүүтэй, вакум таслуур тендерт оролцохдоо 4 ширхэг гэж төлөвлөж үнээ өгсөн байсан боловч зургийн даалгавар шинэчлэхэд 13 ширхэг болсон. Хоргоноос гадна хамгаалалтын систем 1 ширхэг нь 1 900 ам.долларын үнэтэй, урт жилийн настай мөн аюулгүй ажиллагааны дүрэмд нийцсэн байгууламж өгөх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр дүнд ийм өөрчлөлт гарсан. Бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажлын үр дүн, чанартай маргахгүй,  гүйцэтгэлийн үнийн дүн дээр маргаж байгаа. Захиалагчийн өгсөн зураг алдаатай байсныг засахад 2 тал зөвшөөрсөн, иймээс гэрээний дүнд өөрчлөлт орсон ба гүйцэтгэгч талаас хамаараагүй. Гэрээний ерөнхий нөхцөлийн 38, 39 дүгээр зүйлд зааснаар өөрчлөлт оруулах хүсэлтээ өгсний дагуу зураг төсөлд өөрчлөлт гарж, баталгаа хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн үнийн дүн болох 175 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эхэлж, 10 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон. 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/94 дугаартай Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан байдаг. Талууд 2017 оны 10 дугаар сарын 23, 11 дүгээр сарын 13-ны өдөр 133, 151 дугаартай гэрээг байгуулан гэрээнд өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэж байх хугацаанд төсөв хэтэрч байгаа тухай ямар нэгэн мэдэгдээгүй ба ажлаа иж бүрэн дууссаны дараа 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр анх мэдэгдсэн. Гэрээнд заасны дагуу 14 хоногийн дотор саналаа мэдэгдэх ёстой. Ажил гүйцэтгэхдээ зургийн ажлыг давхар гүйцэтгэж явдаг тул урьдчилан мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 351 дугаар зүйлийн 351.1.1-д  заасныг баримтлан хариуцагчаас 175 750 027 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 036 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 036 700  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нотлох баримтуудад буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал гэрээний сунгалт хийх үед буюу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 152 тоот гэрээний сунгалт, өөрчлөлт оруулах тухай ярилцаж байхад төсөв хэтэрч буй талаар мэдэгдэх боломжтой байсан. Нэхэмжлэгч талаас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 343/247 тоот албан бичгийг хариуцагч тал хүлээн аваагүй гэж мэдэгдсээр байхад хүлээн авсан мэтээр шүүхийн шийдвэрт тайлбарласан бөгөөд 14 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч БХБЯ-нд холбогдуулан гэрээний үүрэгт 175 750 027 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг бүрэн өгсөн, гүйцэтгэлийн явцад төсөв нэмэгдэж байгаа талаар хууль болон гэрээнд заасан хугацаанд мэдэгдээгүй гэжээ.

            Зохигчдын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20 000 м.куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2x1000 кВа чадалтай ХТП-2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлын 123 тоот гэрээ байгуулагдаж, гэрээнд заагдсан ажлыг 2017 оны 10 дугаар сарын 27-нд хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, улмаар гэрээний хугацааг талууд 2 удаа сунгаж, ажлыг хүлээлгэж өгөх эцсийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болгосон үйл баримт тогтоосон, энэ талаар зохигчид маргаагүй.

            Талууд анхны гэрээгээр гэрээний үнэ буюу захиалагчаас өгөх санхүүжилтийн хэмжээг 1 198 361 313 төгрөгөөр тохирсон, ажлын хөлсөнд уг мөнгийг нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн, ажлын үр дүн, чанарын талаар талууд маргаагүй.

            Харин гэрээний хугацаанд талууд харилцан тохиролцож Цахилгаан байгууламжийн дүрэмд нийцүүлэн 2017/22Ц тоот “Буянт-Ухаа орон сууцны хорооллын бохир усны цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах даалгавар”-ыг шинэчлэн батлуулж, ажлын төсөв 1 493 823 534 төгрөг болсон /хх-111-153/, уг зураг төслийн баримт бичгийг БХБЯны Барилгын хөгжлийн төвөөс магадлан итгэмжилж 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан байна.

            Хариуцагч буюу захиалагч нь зургийн даалгавар өөрчлөгдсөнөөс барилгын төсөвт өртөг өөрчлөгдсөнийг үгүйсгэж маргаагүй, харин барилгын төсөвт өртгийн хэмжээ нэмэгдэж өөрчлөгдсөн талаар хууль болон гэрээнд заасан хугацаанд захиалагчид мэдэгдээгүй гэж татгалзлаа гаргасан.

            Хэрэгт авагдсан Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м.куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2x1000 кВа чадалтай ХТП-2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлын 123 тоот гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн ажлын хэсгийн хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд “4. Зургийн даалгаварт өөрчлөлт орсонтой холбогдуулан зохиогчийн дүгнэлтийг үндэслэн төсвийг дахин гаргуулах”-аар шийдвэрлэсэн нь тусгагдсан байна. /хх-193/

            Дээрхээс үзвэл барилгын байгууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор зургийн даалгаварт өөрчлөлт орсон, уг асуудлыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, төсвийг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, уг шийдвэрийн дагуу шинэчлэн хийсэн зургийн даалгавар, төсөв, Барилгын хөгжлийн төвийн хийсэн магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул төсөвт өртөг нэмэгдэж байгаа талаар нэн даруй мэдэгдээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгчийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасан төсвийн хэмжээ нэмэгдсэн тухай гэрээний нөгөө талд мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

            Мөн дээрх хуралдаанаар барилгын байгууламжид ажлын шаардлагаар өөрчлөлт орсныг ажил гүйцэтгэгч тал тайлбарласныг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул гэрээний ерөнхий нөхцөлийн 11.2, 39.2.6 дахь заалтыг үндэслэн гаргасан хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

            Нэхэмжлэгч талын дээрх байдлаар гэрээний үүргээ гүйцэтгэж, Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м.куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2*1000 кВа чадалтай ХТП-2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлыг бүрэн хийж дуусгасныг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, барилга байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ. /хх-153-154/

            Иймд нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь ажлыг тогтоосон хугацаанд ямар нэг доголдолгүй бүрэн гүйцэтгэж, захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, төсөв нэмэгдэж байгаа талаар захиалагчид мэдэгдэж шийдвэрлүүлсэн байх тул ажлын хөлсийг Иргэний хуулийн  351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар шаардах эрхтэй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт зааснаар захиалагч буюу хариуцагчаас 175 750 027 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийн дурдсан зохицуулалтад нийцсэн байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ