Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2019/03508/и |
Дугаар | 001/ХТ2021/00600 |
Огноо | 2021-06-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/00600
.................., ..................нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1596 дугаар магадлалтай,
.................., ..................нарын нэхэмжлэлтэй
................., .................. холбогдох
Эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............-ын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч.............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............ нар оролцов.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.16-ны өдрийн 712 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.09.20-ны өдрийн 001/ШТ2018/01210 дугаар тогтоолоор ............., .................. нарыг тус тус ажилд нь эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Иргэний нисэхийн ерөнхий газар нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч нар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар .................., ..................нарт 2019.04.01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинтай тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн. Ингээд Нисэх буудлуудын Удирдах газрын даргын 2019.10.18-ны өдрийн Б/434 дугаар тушаал, мөн Б/435 дугаар тушаалаар ............., .................. нарыг ажилд нь эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил хүлээлцсэн боловч Нисэх буудлуудын Удирдах газрын даргын 2019.10.18-ны өдрийн Б/440 дугаар тушаал, Б/441 дүгээр тушаалаар .................., ..................нарыг буцаагаад ажлаас нь халсан нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн байна. Ийм .................., ..................нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоогоогүй хугацааны нөхөх олговорт 13,469,775 төгрөгийг .............., 11,979,610 төгрөгийг ..................д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .........-ийг Нисэх буудлуудын Удирдах газрын даргын 2019.10.18-ны өдрийн Б/435 дугаартай тушаалаар, ..................г мөн өдрийн Б/434 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн авсан. Нэхэмжлэгч нар нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 2019.04.01-ний өдрөөс 2019.10.18-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,469,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............-т, 11,979,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..................д тус тус олгож, ............, .................. нарын дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалган, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ...............-ийг Дорнод аймаг дахь Нисэх буудлын даргын ажил, албан тушаалд нь, нэхэмжлэгч ..................г Увс аймаг дахь Нисэх буудлын даргын ажил, албан тушаалд нь тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,098,195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................-т, 11,649,138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..................д тус тус олгож, дээрх хугацааны ............., .................. нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ................-аас 2019.11.15-ны өдөр төлсөн 225,300 төгрөгийг, нэхэмжлэгч ..................гээс 2019.11.11-ний өдөр төлсөн 207,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 225,298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...............-т, 206,623 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..................д олгож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвөөс 281,686 төгрөг гаргуулан төрийн санд оруулан шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1596 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 686.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. 1.Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсэгт “Уг тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг нь “...ажилтан мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” байхыг шаардах ба өөрөөр хэлбэл тухайн салбар, байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Дээр дурдсанаар ажилтан ............, .................. нар нь ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.” гэжээ. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч ..................нь “Инженер-Эдийн засагч” мэргэжилтэй ба ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /хх-105/-ын “мэргэжил” хэсгийн мэргэжилд тавигдах шаардлагад заасан мэргэжлийн шаардлага хангаагүй, мөн нэхэмжлэгч .................. нь “Диз.цахилгаан техникч” мэргэжилтэй ба ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /хх-103/-ын “мэргэжил” хэсгийн мэргэжилд тавигдах шаардлагад заасан мэргэжлийн шаардлага хангаагүй нь тус тус нотлогддог. Гэтэл шүүхээс тухайлан “тогтоогдсон байх”, энэ нь баримтаар хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2.Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсэгт “Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтан .............., .................. нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.” Нэхэмжлэгч нар нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь ажил үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон тул “нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэсэн зохицуулалтыг хэрэглэлгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1-т заасантай Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар маргахгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,686.66 /хоёр зуун наян нэгэн мянга, зургаан зуун наян зургаан төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
1.Анхан шатны шүүх хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн .................., ..................нарын нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулжээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.16-ны өдрийн 712 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.09.20-ны өдрийн 001/ШТ2018/01210 дугаар тогтоолоор ..................-ийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд, ..................г Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, хариуцагч Нисэх буудлын удирдах газар /Иргэний нисэхийн үндэсний төв нэртэй болсон/ 2019.10.18-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч нарын ажилд эгүүлэн тогтоосон боловч мөн өдрөө 2019.10.18-ны өдрийн Б/440 тоот тушаалаар ............-ийг, Б/441 тоот тушаалаар ..................г тус тус ажлаас халжээ.
Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3.1.3-т заасныг баримтлан “мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй” гэх үндэслэлийг заасан, хэрэгт байгаа баримтын хэмжээнд энэ үндэслэл нь нотлогдоогүй тул хариуцагч тус бүрт холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.
..................нь инженер эдийн засагч, .................. дизелийн цахилгаан техникч мэргэжилтэй, аль аль нь өмнө нь нисэхийн байгууллагад ажиллаж байгаагүй боловч 2014 оны 5 сараас эхлэн ..................нь Дорнод аймаг дахь Нисэх буудлын даргын ажилд, 2013 оны 8 сараас эхлэн .................. нь Увс аймаг дахь Нисэх буудлын даргаар ажиллаж байгаад 2017.02.06-ны өдөр ажлаас халагдсан, шүүхийн шийдвэрийн дагуу 2019.10.18-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон боловч дахин халсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар Нисэх буудлын даргаар үндсэндээ 3-4 жил ажиллажээ.
Тухайн ажлын байрны шаардлагад нэхэмжлэгч нарын мэргэжил, туршлага нийцээгүй байхад ажил олгогч ажилд авсан, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн тул ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж байгаа бол энэ байдлыг тогтоож хөдөлмөрийн гэрээг цуцлахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нарын албан тушаалын чиг үүрэг нь нислэгийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, иргэний нисэхийн хууль, дүрмийг мөрдөж хэрэгжүүлэх мэргэжлийн шалгуурыг шаардсан тул шүүхийн шийдвэр энэ журмыг зөрчиж болохгүй, нэгэнт мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж тогтоосон тохиолдолд гэрээг цуцлах ажил олгогчийн эрхийг хязгаарлаж болохгүй юм.
Өөрөөр хэлбэл ажлын байранд тавигдах шаардлагыг тухайн ажилтан хангаж байгаа эсэхийг ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах үед шалган тогтоох үүрэгтэй бөгөөд ажилтныг тухайн ажилд авч, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсний дараа дээрх шаардлагыг ажилтныг ажлаас халах үндэслэл болгох нь буруу юм. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тусгасан байна.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-д заасан зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар гэрээний талуудад эрх, үүрэг үүсч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээг цуцлах эрх зүйн асуудлууд хуулийн дагуу шийдвэрлэгдэх учиртай.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1596 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 281,687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД