Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2018/01564

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр     

    Дугаар 184/ШШ2018/01564

               Улаанбаатар хот

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .....хаягт оршин суух, .....овогт Д.Б-/РД:..... /,

 

Нэхэмжлэгч: ......хаягт оршин суух, ....овогт П.А-/РД:..... / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .....хаягт оршин суух, ...овогт Д.Ц-/РД:....... /-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 98.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгч П.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү-, нэхэмжлэгч П.А-гийн өмгөөлөгч Ц.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх зарын дагуу П.А-тай уулзаж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоот, 38,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 9 сарын 28-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж 50.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Эхлээд байрыг үзэхэд Д.Ц-өөрөө байсан бөгөөд тэрээр хэлэхдээ бид энэ байранд түр байж байгаа, удахгүй нүүнэ, худалдан авах хүн нь олдвол өнөөдөр бол өнөөдөр, маргааш бол маргааш байрыг суллаж өгнө гэж байсан тул би байрны үнийг төлж, уг байрны өмчлөгч болж Ү-2201021653 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан тул хууль ёсны өмчлөгч мөн. Ингээд байрны гэрчилгээгээ аваад очсон чинь Д.Ц-хүүхдийнхээ хамт байсан ба би П.А-гаас энэ байрыг худалдан авсан, та байраа суллаж өгнө үү гэхэд тэд зөвшөөрөөгүй юм. Би 2016 оноос хойш жил хагасын хугацаанд эд хөрөнгө мөнгө төгрөгөөрөө хохирч байна. П.А- Д.Ц-нарын хооронд ямар асуудал болсныг би мэдэхгүй. Эд нар өөрсдөө хоорондоо учраа олно биз. Иймд Д.Б- намайг уг орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшигч Д орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү” гэв.

 Нэхэмжлэгч П.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч, зээлдэгч Д.Ц-н хүсэлтээр 2015 оны 05 сарын 19-нд 40.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлж, зээлийн барьцаанд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201021653 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалж, Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Д.Ц-нь эхний 2 сарын хүүг төлсөн ба зээлийг эргүүлэн төлөх хугацааг сунгах тухай хүсэлт гаргасны дагуу гэрээг дахин 8 сараар сунгасан боловч 2015 оны 07 сарын 19-нөөс 2016 оны 05 сарын 19-нийг хүртэлх нийт 10 сарын хүү болон үндсэн зээлийг өнөөдрийг хүртэл төлөлгүй зээлийг эргүүлэн төлөх хугацааг 111 хоногоор хэтрүүлээд байгаа болно. Бидний хооронд байгуулсан 2015 оны 05 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 2.7, Иргэний хуулийн 232.6-д зааснаар алданги тооцвол хэт өндөр дүн гарч байх тул Иргэний хуулийн 232.4-т заасан заалтыг баримтлан алдангийг 36.000.000 төгрөгөөр тооцсон. Д.Ц-нь дээрх гэрээний үндсэн дээр үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 32.000.000 төгрөг, алдангид 36.000.000 төгрөг, нийт 108.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 2016 оны 8 сард 5.000.000 төгрөг, 2017 оны 9 сард 5.000.000 төгрөг тус тус төлснийг алдангиас хасан тооцож 98.000.000 төгрөгийг хариуцагч  д Д.Ц-9.656.000 төгрөгийг төлсөн тул одоо хариуцагчаас үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 18.744.000 төгрөг, алдангид 29.372.000 төгрөг, нийт 88.116.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ...Миний бие нь 2015 оны 05 сарын сарын 19-ний өдөр өөрийн бүл дүү Д. Б-н гуйлтаар өөрийн гэр бүлийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2201021653 тоот гэрчилгээтэй байрыг үл таних П.А- гэгчийг дагуулан ирж П.А-гаас та мөнгө зээлдэн авч байгаа гэрээ байгуулчих гээд 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь миний байрыг тавиулсан. Ингээд 4 сарын хугацаатай 40.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ гэгчийг байгуулсан боловч би болон миний гэр бүл мөнгө огт хүлээн аваагүй. Ийм баримт ч байхгүй. Зээлдүүлэгч П.А- нь зээлийн үнийн дүнг бүгдийг нь эхнэрийн дүү Д.Б-н дансруу шууд шилжүүлсэн гэсэн. Д.Б- зээлсэн мөнгөө бага багаар нь П.А-д өгч байгаад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй яваад байсныг нь сүүлд буюу 2016 оны эхээр П.А-г танай дүү мөнгөө өгөхгүй байна гэж хэлэхэд нь л мэдсэн. Тэгээд П.А-д ах нь чиний мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй шүү. Чи дансаар Д.Б-д өгсөн биздээ гэхэд П.А- би тэрийг мэдэж байгаа гэсэн. Харин 2016 оны 04 сарын сүүлээр над дээр П.А- ирээд ахаа хоёулаа Д.Б-. хоёр талаас нь жоохон шахах хэрэгтэй байна гэсэн. Би П.А-д тэгээд ах нь яах ёстой юм бэ гэтэл П.А- хоёулаа хуурамч Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийчихье. Тэгээд тэр гэрээгээр Д.Б-гайлгаж, шахаж байгаад би мөнгөө авчихна. Мөнгөө авангуутаа тэр гэрээг устгачихъя. Та тэгээд амар тайван амьдар. Таныг надаас нэг ч төгрөг аваагүйг миний дансны хуулга угаасаа батална гэсэн. Тэгээд би П.А-д итгээд 68.000.000 төгрөгөөр өөрийн гал голомтоо зарж байгаа мэтээр дахин хуурамч гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Энэ хуурамч Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дээр заагдсан 68.000.000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй П.А- ч өгөөгүй. Миний хувьд 1986 оноос хойш тасралтгүй 30-аад жил ажиллаж байж өөрийн гэсэн орон сууцтай болсон бөгөөд эхнэрийн дүү Д.Б- болон зээлдүүлэгч гэх П.А- нарын хуйвалдаанаас үүдэн орон гэрээсээ салах дээрээ тулаад байна. Миний хувьд удаа дараа хийсэн гэрээнээс нэг ч төгрөг аваагүй болно. Хууль мэдэхгүй байдлыг ашиглан эхлээд дүү Д.Бат-Эрдэнийн өмнөөс П.А-тай 40.000.000 төгрөгийн дүр үзүүлсэн зээлийн гэрээ, дараа нь П.А-гийн үгэнд итгэж, ноцтой төөрөгдөлд орон хуурамч Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг П.А-тай байгуулсан. Гэтэл хариуцагч Д.Б- нь тус шүүхэд 2016 оны 09 сард орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэн Д.Ц-надад холбогдуулан гаргасан. Иймд би П.А-д холбогдуулан харьяа дүүрэг болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Зээлийн гэрээ болон Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ингээд миний гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 07 сарын 03-ны өдөр 1513 дугаартай магадлалыг гаргасан. Уг магадлалын хянах хэсэгт: “...зээлийн гэрээний үүргийг болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг сольж байгаа тохиолдолд нэг талын хүлээсэн үүргийг ямар үүргээр сольж байгаа нь тодорхой байх ёстой. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 4 сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнд энэ талаар тусгаагүй тул зээлийн гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэлгүй. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, үйлдвэрчний гудамж, 31 байрны 16 тоот сууцыг хариуцагч буюу барьцаалагч нь зээлдүүлэгч албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байхад шууд худалдах худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар уг хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзнэ гээд тогтоох хэсэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1653 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн 115.2.3 гэснийг 115.2.2 гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Д.Ц-,  нарын П.А-тай байгуулсан 2016 оны 4 сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай” гэж тодорхой дурдсан байдаг. Мөн магадлалд нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр бус худалдах худалдан авах хэлцлийн үр дагаврыг арилгуулах талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж заасан. Иймд Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх хуулийн заалтыг баримтлан Д.Б- болон П.А- нарын хооронд байгуулсан 2016 оны 09 сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг 8 сараар сунгах талаар би хүсэлт гаргаагүй. Намайг согтуу үед ирээд янз бүрийн л бичиг дээр гарын үсэг зуруулаад авдаг байсан. Нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зураад байраа барьцаалаад дүүдээ зээл аваад өгсөн тул шүүхээс гарсан шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг Д.Б-эр төлүүлнэ. Намайг зөвхөн байртай минь л үлдээж өгөөч гэх хүсмээр байна” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Миний бие сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оноос хойш хохирсоор явж байна. Би П.А-д бэлэн мөнгө болон, хөөрөг, мал өгч тооцуулан 50.000.000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан. Анх зарын дагуу очиж үзэхэд Д.Ц-ийм асуудалтай байр гэж хэлсэн бол би худалдаж авахгүй байсан. Д.Ц-байр зарагдах юм бол байрыг суллаад өгнө гэсэн учир би байрыг авсан. Тиймээс би энэ орон сууцны шударга өмчлөгч тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Нэхэмжлэгч П.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Зээлдэгч Д.Ц-нь 2015 оны 05 сарын 19-ний өдрийн зээлийг эргүүлэн төлөх хугацааг сунгах хүсэлт гаргаснаар зээлийн гэрээг дахин 8 сараар сунгасан боловч энэ хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй ба цаашид зээлийг эргүүлэн төлөх боломжгүй болсон гэдгээ илэрхийлж уг зээлийн гэрээний үүргийг орон сууц худалдах- худалдан авах гэрээний эрх үүргээр сольж зээлийн гэрээг дуусгавар болгох санал тавьсныг П.А- хүлээн зөвшөөрч уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. Ийнхүү уг орон сууцны өмчлөх эрхийн дагуу Д.Б-эд худалдсан болно. Гэтэл Д.Ц-нар уг орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс гадна шүүхэд хандан П.А-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчлөн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх магадлалд талуудын хэн аль нь хяналтын гомдол гаргаагүй ба уг магадлал хүчин төгөлдөр болсон байгаа болно. Гэвч бид өмнө нь бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбараасаа татгалзаж байна. Д.Б- бол шударга өмчлөгч юм. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн төрлийн хамаатнаасаа гуйгаад П.А-гаас 40.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулах санаачлагыг би гаргасан юм. Надад барьцаанд тавих зүйл байхгүй болохоор ахынхаа орон сууцыг барьцаалаад зээл авахуулсан. Зээлийн 40.000.000 төгрөгийг би дансаараа 3 хувааж хүлээн авсан. Д.Ц-нэг ч төгрөг аваагүй. Зээлийн эхний 2 сарын хүүг төлж барагдуулж байсан. Би увуулж цувуулаад 19.656.000 төгрөгийг П.А-гийн дансаар өгсөн. Энэ дүнд маргаангүй. Энэ зээлийн төлбөрийг би 100 хувь төлж барагдуулна. Д.Ц-ахаас байрыг нь намайг мөнгөө өг гэж шахах гэж худалдах худалдан авах гэрээг хийсэн байдаг. Шүүхээс тогтоосон зээлийн үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Зээлийн мөнгийг би авсан тул хэрвээ хугацааг нь сунгах байсан бол байсан бол би хугацаагаа сунгаач ээ гэх байсан. Намайг авсныг П.А- ч өөрөө мэдэж байгаа. Би зээлийн хугацааг сунгасан талаар мэдээгүй. Ахыг согтууд нь янз бүрийн бичиг дээр гарын үсэг зуруулсан байж болох юм” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Б- нь хариуцагч Д.Ц-ид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шударга өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
 

П.А- нь 2015 оны 05 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 98.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Д.Ц-ид холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн төлбөрөөс төлсөн үндэслэлээр 98.000.000 төгрөг гаргуулах шаардлагаас үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүүнд 18.744.000 төгрөг, алдангид 29.372.000 төгрөг, нийт 88.116.000 төгрөг гаргуулахаар багасгажээ.

 

Харин хариуцагч Д.Ц-нь П.А- Д.Б- нарын хооронд 2016 оны 09 сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Д.Б- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий 2 өрөө орон сууцыг П.А-гаас 50.000.000 төгрөгөөр худалдаж авсан, уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч нь би” гэж тайлбарлав.

 

Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Д.Б-, П.А- нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь Д.Ц-, П.А- нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус болно” хэмээн маргав.

 

Д.Б- нь 2016 оны 09 сарын 28-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг П.А-тай байгуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх4-6, 91/

 

Орон сууц худалдагч тал болох П.А- нь 2016 оны 04 сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр дээрх орон сууцны өмчлөгч болж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 1513 тоот магадлалаар “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Д.Ц-, Д.Ичин нарын П.А-тай байгуулсан 2016 оны 04 сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн байна. Магадлал хүчин төгөлдөр болжээ. /хх-84-87,163-165/

 

Нэгэнт Д.Ц-, Д.Ичин нарын П.А-тай байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул П.А-г маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхгүй этгээд гэж үзнэ.

 

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус болох тул дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр хийсэн П.А-, Д.Б- нарын байгуулсан 2016 оны 09 сарын 28-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
 

Тиймээс нэхэмжлэгч Д.Б-ийн шударга өмчлөгчөөр тогтоолгож, Д.Ц-ийг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо арилгуулах талаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч П.А-гийн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч П.А- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээний үүргээ Д.Ц-биелүүлээгүй тул зээлдэгчээс үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүүнд 18.744.000 төгрөг, алданги 29.372.000 төгрөг, нийт 88.116.000 төгрөг гаргуулна” хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч Д.Ц-“зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч зээлийг аваагүй, гуравдагч этгээд Д.Б- авсан. Зээлийн үүргийн үнийн дүнг зөвшөөрөхгүй. Анх гэрээг 4 сараар байгуулсан. Зээлдүүлэгчээс 8 сараар гэрээг сунгасан гэж үзэн үндэслэлгүй их мөнгө шаардаж байна” гэж маргав.

 

Нэхэмжлэгч П.А-, хариуцагч Д.Ц-нар нь 2015 оны 5 сарын 19-ний өдөр 40.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, хугацаа хэтрүүлбэл анз тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр, мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан бөгөөд тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр, улмаар зээлдэгч Д.Ц-зээл авсан, зээлийн гэрээг бодитой байгуулсан талаар дүгнэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр тул маргалдагч талуудын хувьд дахин нотлох шаардлагагүй. /хх143-145, 163-165/

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б-эс зээлийг авсан, зарцуулсан, хүүг төлж байсан талаарх тайлбарыг гаргадаг боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу зээлдэгчийн заасан этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэгч П.А- нь зээлийн гэрээний үүргийг Д.Ц-ээс шаардаж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэх ба тухайн үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг гэрээ болон хуульд заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр 40.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн тул гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2015 оны 9 сарын 19-ний өдөр зээлдэгч Д.Ц-нь үндсэн зээл 40.000.000 төгрөг, 4 сарын хүү 12.800.000 төгрөг, нийт 52.800.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байжээ.

 

Нэхэмжлэгч П.А- хавтаст хэргийн 146 дугаар хуудсанд авагдсан “...зээлийн хугацаа дууссан тул 2016 оны 5 сарын 19 хүртэл сунгаж өгнө үү, хүсэлт гаргасан Д.Ц-, 2015 оны 9 сарын 20...” гэх баримтаар, мөн зээлийн гэрээний 3.3-т “...зээлдэгч зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт тавьж болно” гэж заасны дагуу зээлдэгч өөрийн хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн тул гэрээний хугацаа сунгагдсан тул сунгасан хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний алдангийг хуульд заасан хэмжээгээр тооцон хариуцагчаас 88.116.000 төгрөг гаргуулна хэмээн шаардав.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.9-д “хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ”, 43 дугаар зүйлийн 43.2.2-т “хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж тус тус зааснаас үзвэл зээлдүүлэгч тал гэрээг сунгах саналыг зөвшөөрсөн эсэх, гэрээг сунгасан талаарх бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй тул зээлийн хүү тохиролцсон бол бичгээр байгуулах хуулийн шаардлага бүхий гэрээг сунгасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч П.А-, хариуцагч Д.Ц-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б- нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болох банкны хуулгууд зэргээс зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 19.656.000 төгрөг төлсөн үнийн дүнгийн талаар талууд маргадаггүй.
Зээлийн гэрээний хугацаа 8 сараар сунгагдсанд тооцох үндэслэлгүй талаар дээр дүгнэсэн тул зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40.000.000 төгрөг, 4 сарын хүү 12.800.000 төгрөг, гүйцэтгэвэл зохих үүрэг 52.800.000 төгрөг байхаас 19.656.000 төгрөгийг төлсөн тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 33.144.000 төгрөг, гэрээнд заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн зохицуулалтын дагуу тооцоход 16.572.000 төгрөг, нийт 49.716.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс П.А-гийн нэхэмжлэлээс 38.400.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Д.Ц-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Д.Ц-сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Д.Ц-, Д.А нарын П.А-тай байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул 56.1.10-т зааснаар П.А- Д.Б- нарын хооронд байгуулагдсан хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус” хэмээн тайлбарлаж, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох Д.Ц-, Д.А, Ц.О- нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох буюу анхны байдалд нь оруулж өгөөч хэмээн шаардав.

 

П.А-, Д.Б- нарын байгуулсан 2016 оны 09 сарын 28-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй талаар дээр дүгнэсэн тул хүчин төгөлдөр бус худалдах худалдан авах хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Д.Ц-шаардлага гаргах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” талаар заасан бөгөөд шүүхээс Д.Ц-, Д.А нарын П.А-тай байгуулсан хэлцлийг, П.А- Д.Б- нарын байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул хариуцагч Д.Ц-ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

   

Харин Д.Ичин, Ц.О- нарыг өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хариуцагчийн шаардлага үндэслэлгүй бөгөөд, Д.А, Ц.О- нар нь энэ талаар шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй тул хариуцагч П.Ц-нь Д.А, Ц.О- нарын өмнөөс шаардах эрхийг хэрэгжүүлэн шаардлага гаргах боломжгүй болно.
 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б-ийн шударга өмчлөгчөөр тогтоолгож орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.А-гийн 88.116.000 төгрөг гаргуулах шаардлагаас 49.716.000 төгрөгийг хариуцагч Д.Ц-ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож 38.400.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Ц-ийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.А-, Д.Б- нарын байгуулсан 2016 оны 09 сарын 28-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Д.Ц-ийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Д.Б-ийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, Д.Ц-ийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц-ээс зээлийн гэрээний үүрэгт 49.716.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 38.400.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б-ээс урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг, нэхэмжлэгч П.А-гаас урьдчилан төлсөн 647.950 төгрөгийг, хариуцагч Д.Ц-ээс урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 406.530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д, П.А-, Д.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 407.950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ц-ид тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ