Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0102

 

    “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-ийн багц 7.1-д хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “С” ХХК-ийн тендерийн багц 7.1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгах,

“С” ХХК-ийн багц 7.3-т хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.3-т “М” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгох,

Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.1-д бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

Багц 7.1-д нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2675 дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг захиалагчид даалгах,

Багц 7.3-д нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А-1/2677 дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох,

Багц 7.3-д “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2683 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох,

Боловсролын ерөнхий газар болон “М” ХХК-ийн хооронд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ТХААГ/202304100 дугаар бүхий захиргааны гэрээг хууль бус болохыг тогтоолгох,

Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/5154 дугаар гомдол хянасан тухай бичгийг хүчингүй болгуулах,

Сангийн яамны “С” ХХК-ийн 7.1-р багцад гаргасан 4 014 300 төгрөг, 7.3-р багцад гаргасан 6 030 600 төгрөгийн тендерийн баталгааг тус тус улсын орлого болгох тухай 03/5238 мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааг буцаан гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 864 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.С

Хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0674/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 864 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус баримтлан “С” ХХК-иас Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““С” ХХК-ийн багц 7.1-д хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “С” ХХК-ийн тендерийг багц 7.1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах, “С” ХХК-ийн багц 7.3-т хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.3-т “М” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.1-д бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Багц 7.1-д нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2675 дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг захиалагчид даалгах, Багц 7.3-т нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А-1/2677 дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Багц 7.3-т “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-1/12683 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох,

Боловсролын Ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Боловсролын ерөнхий газар болон “М” ХХК-ийн хооронд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ТХААГ/202304100 дугаар бүхий захиргааны гэрээг хууль бус болохыг тогтоолгох,

Сангийн яамд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/5154 дугаар гомдол хянасан тухай бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны “С” ХХК-ийн 7.1-р багцад гаргасан 4 014 300 төгрөг, 7.3-р багцад гаргасан 6 030 600 төгрөгийн тендерийн баталгааг тус тус улсын орлого болгох тухай 03/5238 мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “С” ХХК-ийн багц 1, багц 3-д хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Тендер шалгаруулалт нь тендерийг төлөвлөх, бэлтгэх, зарлах, хянах, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох гээд хэд хэдэн үе шатаас бүрдэх бөгөөд тендерийн үнэлгээний хороо нь тендерийг бэлтгэх үе шатанд тендерийн баримт бичигт тусгах шаардлагуудыг хэлэлцэн, хууль болон холбогдох журамд нийцүүлэн боловсруулах, улмаар захиалагчаар батлуулах үүрэгтэй байдаг. Нэгэнт батлагдсан Тендерийн баримт бичгийн ТШЗ-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тогтоох нь тендерийн Үнэлгээний хорооны чиг үүрэг байдаг. Гэтэл тендерийн нээлтийн дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний хорооны хурал дээр үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.Б тус төсөл арга хэмжээний багц 1,2,3 нь ухаалаг дэлгэц, суурин компьютер, лабораторийн тоног төхөөрөмж худалдаж авахаар техникийн тодорхойлолтод тусгагдсан ижил төстэй гэрээний туршлагыг тооцохдоо яаж харгалзан үзэх вэ гэсэн асуудал байна. Тендерт оролцсон компаниудыг харахад компьютер нийлүүлсэн туршлага байгаа ч гэсэн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлага байхгүй байна. Тэгэхээр яг ямар төрлийн гэрээг ижил төстэй гэрээнд тооцох вэ гэдгийг үнэлгээний хороогоор хэлэлцэн шийдэх санал гаргаж байна ... гэж ижил төстэй гэрээний шаардлагыг хэрхэн тооцох талаар бусадтайгаа зөвлөлдөх санал гаргаж, улмаар үнэлгээний хорооны даргын гаргасан саналын дагуу ухаалаг дэлгэц болон лабораторийн тоног төхөөрөмж аль алийг нь нийлүүлсэн туршлагыг харгалзаж үзэхээр шийдвэрлэсэн байдаг.

Ингэж шийдвэрлэхдээ гишүүн С.Ц-ийн гаргасан лабораторийн тоног төхөөрөмж нь тухайн багцад хамаарах үнийн дүнгийн нэлээдгүй хувийг эзлэх юм байна. Тэгээд ч хэрэглээний хувьд илүү нарийн шинжлэх ухааны туршилт хийх зэрэг хариуцлагатай зүйлд ашиглагдах тул тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн ижил төстэй туршлагыг харгалзан үзэх нь зөв гэж бодож байна гэх санал мөн түүнийг дэмжсэн үнэлгээний хорооны гишүүн Ш.Энхтуулын саналуудыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар үнэлгээний хорооны гишүүдээс санал хурааж, шийдвэрлээгүй байна .

Угтаа ижил төстэй гэрээний туршлагыг тооцохдоо яаж харгалзан үзэх вэ гэсэн асуудлыг Тендерийн үнэлгээний хороо нь тендерт бэлтгэх буюу тендерийн баримт бичгийг боловсруулах үедээ хэлэлцэн, шийдвэрлэсэн байх, улмаар уг шийдвэрээ тендерийн баримт бичигт тусгаж, захиалагчаар батлуулсан байх, оролцогч нарт түүнд нийцүүлэн материалаа бэлтгэх боломжийг олгох үүрэгтэй байна. Аль алийг нь нийлүүлсэн байх, аль алиных нь нийлүүлсэн үнийн дүн төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгасан бол “С” ХХК нь тендерийн нээлт хийхээс өмнө ухаалаг дэлгэц нийлүүлсэн туршлага бүхий компанитай түншилж орох, эсхүл багцыг салгуулах талаар гомдол гаргах зэргээр шаардлагыг хангах бүрэн боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл Тендерийн үнэлгээний хороо нь хэлэлцэж шийдвэрлээгүй, орхигдуулсан асуудлаар “С” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендер шалгаруулалтаас хассан байна...” тухай асуудалд шүүх огт дүгнэлт өгөлгүй, … Тендерийн үнэлгээний хороо эс үйлдэхгүй гаргаагүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2, 4.3, 4.4 дэх хэсэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар шүүх нь тухайн маргааныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худлалдан авах тухай хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх үүрэгтэй. Тендер гэдэг нь тендерт оролцогчийн эрхээ хэрэгжүүлэхээр төрийн байгууллага, албан тушаалтанд гаргаж буй хүсэлт бөгөөд Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсэгт заасан Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг боловсруулах ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, 47.2.2 дахь хэсэгт заасан тендерийг хянан үзэхдээ “С” ХХК-ийг шаардлагад нийцэх эсэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлгүй орхигдуулан, тендерийн бичиг баримтын бүрдлийн хувьд ч, техникийн шаардлагыг ч 100 хувь бүрэн хангаж байгаа “С” ХХК-ийг шалгаруулаагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

2.2. Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сангийн сайдын баталсан Тендерийн үнэлгээний зааврын 5.5-д бүх тендерээс татгалзах асуудлыг зохицуулсан байх бөгөөд захиалагч зөвхөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтад дурдсан үндэслэлээр бүх тендерээс татгалзана. Бүх тендерээс татгалзсан тохиолдолд хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтын дагуу аль нэг шийдвэр гаргах зөвлөмжийг үнэлгээний дүгнэлтэд заавал тусгана... гэжээ. Хуулийн 30.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүсээгүй байхад дахин зарлахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэх тухайд шүүх огт дүгнэлт өгөлгүй, тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

2.3. Нэхэмжлэгч Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.3-т “М” ХХК-ийг хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” хэлнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4 Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэх хуулийн зохицуулалтаас харахад Үнэлгээний хороо нь оролцогч нарын тендерийг тендерийн баримт бичгийн ТШЗ-д заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзэх үүрэгтэй байна.

Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 17.2 дахь хэсэгт Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна. Хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ гэж шаарджээ. ТШЗ-ны энэ хэсэгт дээр дурдсан 2 тодорхойлолт нь хүчин төгөлдөр байхыг шаардсан байна. Энэ заалтын дагуу тендерт оролцогч нар хүчин төгөлдөр тодорхойлолт ирүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэтэл ““М” ХХК нь тендерийн нээлт болохоос 5 хоногийн өмнө хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус тодорхойлолт тендертээ хавсарган ирүүлснийг Тендерийн үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 27.4-д заасантай нийцэхгүй байна” гэх асуудалд шүүх огт дүгнэлт өгөөгүй.

Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.5-д “Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх, хугацаа: 12 сар байна гэжээ. Уг заалтад Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулах хугацааг 12 сар гэж заагаад дурдсан хугацаанд шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэхийг шаарджээ. “М” ХХК нь жагсаалт ирүүлэх гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд тасралтгүй горимын дагуу ажиллуулахад шаардлагатай ухаалаг дэлгэцийн 4 төрлийн сэлбэг хэрэгсэл бүхий жагсаалт ирүүлжээ. Харин бусад буюу лабораторийн тоног төхөөрөмжийн сэлбэг, хэрэгслийн жагсаалтыг ирүүлээгүй буюу бэлтгэн ирүүлсэн барааг тасралтгүй горимын дагуу ажиллуулахад шаардлагатай сэлбэг хэрэгслийн жагсаалтдаа лабораторийн тоног төхөөрөмжийн сэлбэг, хэрэгслийг оруулаагүй байна. “Энэ нь ижил төстэй гэрээний хувьд аль алийг нийлүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр оролцогч нарыг хянан үзэх шатнаас хассан хирнээ сэлбэг хэрэгслийн жагсаалтад аль алийг нь оруулсан байх шаардлага хангаагүй буюу лабораторийн сэлбэг хэрэгслийг жагсаалтад оруулаагүй компанийг шаардлага хангасан гэж үнэлсэн нь оролцогч нарт илт ялгавартай хандсан гэж үзэхээр байна” гэх асуудалд шүүх огт дүгнэлт өгөөгүй.

Тендерийн үнэлгээний хороо “М” ХХК-иас бага үнийн санал ирүүлсэн, ухаалаг дэлгэц, РС, лабораторийн тоног төхөөрөмж аль алийг нь нийлүүлсэн туршлага бүхий “Х” ХХК-ийг хянан үзэх шатнаас хасахдаа компьютер техник хэрэгслийн үнийн дүн нь багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй байх гэсэн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хассан байдаг. Багц 3-ын нийт төсөвт өртөг 1 206 109 800, үүний 35,7 хувийг ухаалаг дэлгэц, компьютер /430 581 198.6/, 64,3 хувийг лабораторийн тоног төхөөрөмж эзэлж байна. /775 528 601.4/ Хэрвээ тендерийн үнэлгээний хороо “Хашхан” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлийн дагуу тооцож үзвэл оролцогч нар хамгийн багадаа 232 658 580 төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, 129 174 359.58 төгрөгийн ухаалаг дэлгэц нийлүүлсэн байх шаардлагатай байна.

Гэтэл тус багцад шалгарсан “М” ХХК-ийн “Г” ХХК-тай байгуулсан гэрээний барааны үнийн дүнг нэгтгэн тооцож үзвэл “М” ХХК нь “Г” ХХК-д 142 065 001 төгрөгийн үнийн дүн бүхий лабораторийн тоног төхөөрөмж, ухаалаг дэлгэц, компьютертой дүйцэхүйц барааны нийт үнийн дүн 137 868 181 төгрөг байна. ““М” ХХК-ийн “Г” ХХК-д нийлүүлсэн лабораторийн тоног төхөөрөмжийн үнийн дүн нь захиалагчийн шаардсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх гэсэн шаардлагыг хангахгүй байхад тендерт оролцогч нарт ялгавартай хандаж, “М” ХХК-ийг шалгаруулсан байна” гэх асуудалд шүүх нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэлт хийсэн.

Тодруулбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.8-д “Гэтэл “М” ХХК нь “Г” ХХК-тай байгуулсан гэрээний жагсаалт дээрээс компьютер, ухаалаг дэлгэц болон адилтгах бараануудын нийт багцын 75 хувь нь лабораторийн тоног төхөөрөмж, 25 хувь нь ухаалаг дэлгэц, компьютер бүхий тоног төхөөрөмж байх ба үнийн дүнгийн 35,7 хувь нь ухаалаг дэлгэц, компьютер, 64,3 хувь нь лабораторийн тоног төхөөрөмж эзэлж байхаар тооцож ирүүлснийг үндэслэн тус компанийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

“М” ХХК нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай байгуулсан гэрээ болон НҮБ-ын Хүүхдийн төлөө сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу UNICEF office for Mongolia-тай байгуулсан гэрээг англи хэл дээр ирүүлсэн нь ТШЗ-ны 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. 12 дугаар бүхий үнэлгээний хорооны хурал дээр Үнэлгээний хорооны Нарийн бичгийн дарга н.Б “Г” ХХК-ийн материалд каталогууд орчуулгагүй байсан. Өмнө энэ багц дээр анх зарлахад оролцогчдоос гомдол гараад шалгарсан оролцогчийн англи хэл дээрх зарим материал орчуулгагүй гэдэг агуулгаар татгалзаж байсан. Тухайн үед тендер ирүүлж байсан бүх оролцогчид оролцсон байна. Тийм учраас өмнөх зарчмын дагуу үнэлгээ хийсэн нь зөв байх гэсэн санал гаргасныг Үнэлгээний хорооны дарга Г.А дэмжиж, энэ шалгаруулалтыг өмнө нь зарлахад Сангийн яаманд гомдол гарч байсан. Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж хариу ирүүлэхдээ тендерт шаардаагүй материал буюу барааны каталогийг орчуулгагүй ирүүлсэн байна гэж үзээд шалгарсан компанийг шаардлага хангахгүй гэж шийдвэрлэж байсан. Бид тухайн үедээ каталогийг тендерийн баримт бичигт шаардаагүй тул үнэлгээнд харгалзан үзэлгүйгээр шийдсэн байсан юм. Гэтэл Сангийн яамнаас шаардаагүй ч гэсэн тендерт өөр хэл дээр орчуулгагүй материал ирүүлсэн бол шаардлага хангахгүй гэж үзнэ гэж хариу ирүүлсэн... бидний хувьд гомдол хянасан шийдвэрийг дагах үүрэгтэй тул дахин үнэлгээ хийгээд явсан. Одоо яг ижил нөхцөл үүсээд байна. “Г” ХХК орчуулгагүй каталог ирүүлсэн байна гээд шаардаагүй материалыг үнэлгээнд хамруулах нь зөв үү гэж санал хураагаад өмнө нь ийм кейс гарсан болохоор үнэлгээнд хамруулах нь зөв гэж шийдвэрлэжээ. Ингээд “Г” ХХК-ийг багц 7.1-д ирүүлсэн тендерээс ТШЗы 13.1 дэх хэсэгт заасныг хангаагүй буюу тендерийн баримт бичигт шаардаагүй каталогийн орчуулга ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна. Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар, Сангийн яамны зааврын дагуу шаардаагүй ч гэсэн бүх материалыг орчуулгатай ирүүлнэ гэж шийдвэрлэн, “Г” ХХК ийг тендерээс хассан атлаа англи хэл дээр 2 гэрээ ирүүлсэн “М” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь оролцогчдод илт ялгавартай хандсан гэж үзэхээр байна... гэх тухайд шүүх огт дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбоотойгоор ... “С” ХХК-ийг ТШЗ-ны 9.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасны дагуу тендерийн баримт бичгийн агуулга ойлгомжгүй, эргэлзээтэй зүйлийг тодруулах боломжийг хэрэгжүүлээгүй атлаа атлаа маргаан бүхий аж ахуйн нэгжээс зөвхөн нэхэмжлэгч “С” ХХК дээрх заалтыг эс зөвшөөрч “... Захиалагч тухайн багцад санал болгож байгаа бараа тус бүрийг нь буюу аль алийг нь нийлүүлсэн байх шаардлага тавиагүй…хэмээн тайлбарлан, тендерийн үнэлгээний хорооны багц 7.3-т “М” ХХК ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн хувьд өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага хангаагүй тул тус компанийн тайлбарлаж буй үндэслэлээр Багц 7.3-т “М” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Тендерт оролцогч бүр шударгаар өрсөлдөх, оролцож буй тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдахыг шаардах, хүргүүлсэн саналаа шударгаар үнэлүүлэх, бүх тендерт оролцогч нарт ялгаваргүйгээр ижил тэгш хандахыг шаардах улмаар шалгарч гэрээ байгуулах, ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байдаг. Нэг этгээдийн тендерийг шалгаруулаагүй эс үйлдэхүй гаргасан хирнээ тендерийн баримт бичгийн хэд хэдэн шаардлага хангаагүй тендерт оролцогчийн материалыг захиалагч шалгаруулж, шүүх зөвтгөн, шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байх бөгөөд шүүхээс “С” ХХК-ийг тодруулга авах боломжийг ашиглаагүй атлаа ганцаараа нэхэмжлэл гаргалаа гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.9-д дурдсанчлан өөрөө шаардлага хангаагүй бол тус компанийн тайлбарлаж буй үндэслэлээр... хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангахгүй байна.

2.4. Тендерийн үнэлгээний хороо, захиалагч болон Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан бусад нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд анхан шатны шүүхээс ... тус тендер шалгаруулалт хууль бус болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй... гэж дүгнэжээ.

Захиалагчийн Тендерийн үнэлгээний хороо тендерт оролцогч нарт илт ялгавартай хандаж удаа дараа нэг ижил асуудлаар 2 өөр шийдвэр гарган, нэгийг нь шалгаруулж, нөгөөг нь хасч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27, 28, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 42 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байхад шүүхээс хууль бус болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.5. Сангийн яаманд холбогдуулан гаргасан 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/5154 дугаар бүхий гомдол хянасан тухай бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Э П и ХХК нь дагалдах сэлбэгийн жагсаалтыг англи хэл дээр ирүүлсэн байх бөгөөд түүний орчуулгыг хавсаргаагүй нь ТШЗ-ны 13.1-д “Тендерийн хэл Монгол хэл байна гэх шаардлагыг хангаагүй гэх гомдлыг хянахдаа ТШЗ-ны 19.5-д сэлбэг хэрэгсэл ... жагсаалт ирүүлнэ гэж заасан байна гэсэн атлаа тендерийн өгөгдлийн хүснэгтэд сэлбэг хэрэгслийн жагсаалтын талаар мэдээлэл ирүүлэхийг заагаагүй байна гэж дүгнэсэн нь агуулгын зөрчилтэй, ойлгомжгүй, үндэслэлгүй байна... гэх тухайд шүүх огт дүгнэлт хийгээгүй.

Сангийн сайдын журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Э П и ХХК”-ийн цахим системээр ирүүлсэн тендерийн баталгаанд хугацаа заагдаагүй байх бөгөөд энэ нь тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй гэх батлагдсан маягтын дагуу гардаг. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч нар тендерийн хүчинтэй хугацаагаа өөрөө тодорхойлдоггүй. Харин тендерийн баримт бичигт хавсаргасан тендерийн баталгаанаас оролцогч нарын санал болгосон тендерийн болон баталгааны хүчинтэй хугацаа харагддаг бөгөөд энэ нь шаардлагад нийцэхгүй байхад Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн... гэх тухайд шүүх огт дүгнэлт хийгээгүй.

М ХХК-ийн гэрээний хавсралтын талаар бидний гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт нийцэхгүй байна... гэх тухайд шүүх огт дүгнэлт хийгээгүй.

Захиалагчийн ТШЗ 19.5-д Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалтыг тэдгээрийг авах боломжтой хаяг, үнийн мэдээллийн хамт ирүүлнэ гэж заасан бөгөөд захиалагч тендерийн баримт бичгийн ТӨХ-д сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн талаар мэдээлэл ирүүлэхийг заагаагүй тул “М” ХХК компьютероос бусад тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн жагсаалтыг ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй гэж агуулгын хувьд зөрүүтэй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй дүгнэлт тус тус хийжээ ... гэх тухайд шүүх огт дүгнэлт хийгээгүй.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх ... гэх хариуг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан хугацаанд өгсөн байх тул... холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэжээ. “С” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа Сангийн яамыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан хугацаа хэтрүүлсэн гэж дурдаагүй болно.

2.6. Сангийн яамны “С” ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 06 ы өдрийн 03/5154 дугаартай шийдвэрийг шүүхээс үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн тул тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн Сангийн яамны 2023 оны 07 дугаар 07-ны өдрийн 03/5238 дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна...гэх ойлгомжгүй дүгнэлт хийсэн байдаг. Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/5154 дугаартай шийдвэрийг үндэслэл бүхий гэж дүгнэсэн дүгнэлт нь нотлох баримтад үндэслээгүй тул хууль ёсны шийдвэр гэж үзэх боломжгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас XIII.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах ТХААГ/202304100 дугаар бүхий 4 багцаас бүрдэх тендер сонгон шалгаруулалтыг зарлажээ.

2.2. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьд дээрх тендер сонгон шалгаруулалтын “Багц-7-1: XIII.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Биологийн хичээлийн лаборатори, Багц-7-3: XIII.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Химийн хичээлийн лаборатори, Багц-7-4: XIII.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Дизайн технологийн хичээлийн лаборатори” багцуудын тендер сонгон шалгаруулалтад оролцсон байна.

2.3. Тендерийн Үнэлгээний хороо тендер сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн тендерт нарийвчилсан үнэлгээ хийхээр 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан бөгөөд Багц-7-1, Багц-7-3-д “С” ХХК-ийг Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 18.6-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Ижил төстэй гэрээний туршлага: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай. Бараа нийлүүлэх гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн бараа, бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн эсэх талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасныг хангаагүй гэж үзэж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2677, А-1/2695 дугаар албан бичгүүдээр тус компанийн Багц-7-1, Багц-7-3-д ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа талаар мэдэгджээ.

2.4. Дээрх үнэлгээний хорооны хуралдаанаар Багц-7-1: XIII.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Биологийн хичээлийн лаборатори багцад “Э п и” ХХК, Багц-7-3: XIII.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Химийн хичээлийн лаборатори багцад гуравдагч этгээд “М” ХХК-иудын ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.

2.5. Нэхэмжлэгчээс дээр дурдсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2677, А-1/2695 дугаар мэдэгдлүүдийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/5154 дугаартай албан бичгээр “... “С” ХХК-ийн тендерт санал болгосон дээрх ижил төстэй гэрээний мэдээллийг хянахад тендер шалгаруулалтын 1 болон 3 дугаар багцад нийлүүлэх бараатай ижил төстэй бараа нийлүүлсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна..., ... “Э п и” ХХК-ийн цахим системээр ирүүлсэн тендерийн баталгааг үнэлгээнд харгалзан үзэж шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй..., ...”М” ХХК ...тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.3-д заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй..., “М” ХХК-ийн санал болгосон аналитик жин шаардлага хангахгүй гэх “С”” ХХК-ийн гомдол үндэслэлгүй...” гэсэн хариуг өгчээ.

2.6. Хэдийгээр Сангийн яамнаас Багц-7-1: XIII.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Биологийн хичээлийн лаборатори багцад хамгийн сайн үнэлэгдсэн “Э п и” ХХК-тай холбоотой нэхэмжлэгч компанийн гомдлыг ийнхүү хүлээн аваагүй боловч уг тендер сонгон шалгаруулалтад оролцогч “Г” ХХК-ийн гаргасан гомдолтой холбоотойгоор тус компанид хүргүүлсэн гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.

2.7. Үүний дагуу Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Э п и” ХХК-ийн тендерийг дахин үнэлж, хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээллийг Маягт 6-аар гаргаж ирүүлээгүй тул Багц-7-1-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэсэн үндэслэлээр бүх тендерээс татгалзаж дахин тендер шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

2.8. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч компани нь Багц-7-1, Багц-7-3 багцуудын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг доод тал нь нэг удаа нийлүүлсэн туршлагагүй, тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д заасан шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолд Үнэлгээний хороо болон Сангийн яамны дээрх шийдвэрүүдийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.9. Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх этгээдийн эрхийг сэргээсэн үр дагаврыг өөртөө агуулсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч компанийн хувьд Багц-7-1, Багц-7-4 багцуудад ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, нэгэнт уг тендер сонгон шалгаруулалтад “хамгийн сайн” тендерээр үнэлэгдэх боломжгүй байгаа энэ тохиолдолд Багц-7-3-д “М” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2683 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчид сэргэх аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа гэж үзэхээргүй байна.

2.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно”, 20 дугаар зүйлийн 20.7-д “Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно:”, 20.7.3-д “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” бол тендерийн баталгааг улсын орлого болгохоор хуульчилжээ.

2.11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гаргасан гомдлыг хянаад үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн 7.1-р багцад гаргасан 4 014 300 төгрөг, 7.3-р багцад гаргасан 6 030 600 төгрөгийн тендерийн баталгааг тус тус улсын орлого болгож шийдвэрлэсэн Сангийн яамны үйл ажиллагаа дээрх хуульд нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад таслалын оронд “8” тоо бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгаа болохыг тэмдэглэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 864 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН