Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2018/01475/и |
Дугаар | 184/ШШ2018/01306 |
Огноо | 2018-05-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2018/01306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ц-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 138,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “БГ” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан билээ. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр 92,000,000 төгрөг, алдангид 46,000,000 төгрөг, нийт 138,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч төлсөн мөнгийг нь дахин бодож үзээд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан. Гэрээний хугацаанд хүүнд 2,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дууссан ба үүнээс хойш нийт 6 удаагийн төлөлтөөр 18,500,000 төгрөг төлсөн. Энэ төлсөн мөнгөнөөс 1 сарын хүү 2,000,000 төгрөгийг хасаад, үлдэх 16,500,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болох 100,000,000 төгрөгөөс хасахад 83,500,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр төлөгдөөгүй байгаа. Зээлийн гэрээний 5-д “Гэрээнд заасан хугацаанд авсан зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу төлөөгүй үлдсэн 83,500,000 төгрөгөөс алдангийг Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийцүүлэн тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул 50%-аар хязгаарлан алдангид 41,750,000 төгрөг гаргуулна. Иймд хариуцагч Д.Ц-оос Зээлийн гэрээний үндсэн төлбөр 83,500,000 төгрөг, алданги 41,750,000 төгрөг, нийт 125,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгож өгнө үү. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 12,750,000 төгрөгөөр бууруулсан болно гэв.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Тус компанийн нэхэмжлэлтэй 138,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт доорх тайлбарыг гаргаж байна. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн захирал У.Б-ийн Хаан банкны 5058095241 тоот дансаар 2,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр мөн дээрхи 5058095241 тоот дансанд 1,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөн 5058095241 тоот дансруу 500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5058095241 тоот дансруу 1,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр У.Б захирлын 5058095241 тоот дансаар 10,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахаар тохирч мөнгө шилжүүлсэн байдаг. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөн компанийн хуулийн зөвлөх ажилтай Б.М-ны Хаан банкны 5845005321 тоот данс руу үндсэн зээл төлөлтөөс 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөн У.Б захирлын Хаан банкны 5058095241 тоот дансруу 2,000,000 төгрөг, үндсэн зээлээс 13,000,000 төгрөг хасахаар тохирсон байдаг. Иймд “С-О” ХХК-д үлдэгдэл мөнгөтэй холбоотой асуудлаа тохиролцоно гэж ярилцсан. Энэ гэрээтэй холбоотой асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр “С-О” ХХК-ний нэхэмжлэлтэй “БГ” ХХК-д холбогдох мөн иргэн Д.Ц нартай холбоотой нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсэж, 2018 оны 5 дугаар сарын 14-ний 16:00 цагт тус Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч н.Ц шүүгч хурал товлож дээрх гэрээтэй холбоотой асуудлаар шийдвэрлэхээр болсон. Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч н.Ц-н анхан шатны шүүхийн шийдвэр гартал иргэний хэрэг шийдвэрлэх боломжгүй, эцэслэн шийдвэрлэж дуустал нотлох баримт гаргуулах өмгөөлөгч гэрээ хийж оролцуулах шаардлагатай байна. Энэхүү бодит байдлыг харгалзан үзэж бодит дүгнэлт гаргаж шүүх шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээний дагуу 100,000,000 авсан тухайд маргахгүй. Нийт 20,500,000 төгрөгийн төлөлт хийсэн. Хэдийгээр гэрээний хугацаа 2 сар боловч гэрээний хугацааг сунгаад явж байгаа гэж ойлгож байгаа. Анх энэ 100,000,000 төгрөгийг зээлэхэд “Ф” ХХК-ийн захирал Д.Б мөн 100,000,000 төгрөг зээлсэн. “БГ” ХХК нь “С-О” ХХК-д өртэй байсан тул Д.Ц, Д.Б нарын авлагыг шууд “С-О” ХХК-д шилжүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “С-О” ХХК-ийн төлөөлөлтэй тул Д.Ц, Д.Б уулзаад мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохирсон. Энэ уулзалтын дагуу Д.Ц хөөргөө “С-О” ХХК-д барьцаалсан. Одоо “С-О” ХХК нь “БГ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ. Энэ хэрэгт Д.Ц-г оролцуулах хүсэлтийг гаргаж байгаа. Ер нь талууд тооцоо нийлэх зайлшгүй шаардлагатай байна. Д.Ц огт төлөхгүй гэж хэлээгүй. Төлбөр төлөх үүргийг шилжүүлсэн хирнээ алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “БГ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй тул зээлийн гэрээний дагуу ашиг олох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн 20,500,000 төгрөгийн 13,000,000 төгрөгийг үндсэн зээл 100,000,000 төгрөгөөс хасаж тооцон, 87,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БГ” ХХК нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 46,000,000 төгрөг, нийт 138,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаан дээр үндсэн үүрэгт 83,500,000 төгрөг, алдангид 41,750,000 төгрөг, нийт 125,250,000 төгрөг шаардана нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 12,750,000 төгрөгөөр багасгажээ.
Нэхэмжлэгч “БГ” ХХК, хариуцагч Д.Ц нар нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр Зээлийн гэрээ /хх-8/ байгуулсан байна.
Энэхүү нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байна.
Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэн дүн, буцаан төлсөн дүн, үлдэгдэл төлбөрийн талаар талууд маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагыг зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй тул уг үйл ажиллагаанаас ашиг олох үндэслэлгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч “БГ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэмд эрхлэх үйл ажиллагааны чиглэлд зээлийн үйл ажиллагаа багтаагүй хэдий ч уг үйл ажиллагааг дагнан явуулж, ашиг олдог болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д компани хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр заасан байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна. /хх-4-6/
Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагыг шаардах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн тул алданги шаардах эрхгүй гэж маргаж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Д.Ц, “С групп” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Э, хуулийн зөвлөх С.Т, “Ф" ХХК-ийн ерөнхий захирал Д.Б нартай хийсэн уулзалт хийсэн ба уулзалтаар 100,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор “С групп” ХХК-д төлж барагдуулахаар тохирсон гэж үндэслэжээ. /хх-32-33/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагчийг “С групп” ХХК-д төлбөрийг шилжүүлээгүй тул шаардах эрхийг өөрсдөө хэрэгжүүлнэ хэмээн тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болохоор, 123.8-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заажээ. Тодруулбал, шаардах эрх шилжүүлэх гэрээний хэлбэр нь тухайн шилжүүлж буй шаардах эрхийг үндэслэж бий болсон гэрээний хэлбэрт тулгуурлах зохицуулалттай байна.
Тэгэхээр шаардах эрх шилжүүлэх талаар “БГ” ХХК болон “С групп” ХХК-ийн хооронд бичгээр хийсэн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул зээлийн гэрээний шаардах эрх “С групп” ХХК-д шилжсэн гэж үзэх үндэсгүй.
Хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 7 удаагийн төлөлтөөр 20,500,000 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч үүнээс 4,000,000 төгрөгийг хүүд суутган тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, талуудын байгуулсан зээлийн гэрээний 2-т заасантай нийцнэ. /хх-16-21/
Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дууссан байх бөгөөд хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар, түүнчлэн анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заажээ.
Талуудын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний 5-д хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөх талаар тусгасан нь талууд энэ талаар тохирсон гэж үзнэ.
Хариуцагч гэрээний үүргийг хэтрүүлсэн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс алданги тооцож эхэлсэн ба 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд хийсэн төлбөрийн дүнг гүйцэтгэвэл зохих үнийн дүнгээс хасаж, нэхэмжлэл гаргах хүртэл нийт хугацаанд тооцоход алдангийн дүн 64,712,500 төгрөг болох тул үндсэн үүрэг 83,500,000 төгрөгийн 50 хувиар хязгааран, 41,750,000 төгрөг шаардана хэмээн тайлбарласан нь үндэслэлтэй.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, хариуцагч Д.Ц-оос зээлийн гэрээний үүрэгт 83,500,000 төгрөг, алдангид 41,750,000 төгрөг, нийт 125,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгох нь зүйтэй.