Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0111

 

“Х х б” ХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.М

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-ны үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 002367 тоот шийтгэлийн хуудсыг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/1003/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Х х б” ХК-иас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-ны үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 002367 тоот шийтгэлийн хуудсыг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгаврыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х х б” ХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-д холбогдуулан гаргасан “2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 002367 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгаврыг илт хууль бус болохыг тогтоох” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            3.1. Анхан шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох ажиллагаа хийгээгүй, гомдол гаргагчийг эрхээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй тухай:

ХХБ болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан тусгай дугаарт ярианы шугам ашиглуулах үйлчилгээний гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК нь ХХБ-ны тусгай дугаарт шугам ашиглуулах дугаарыг өөрийн сүлжээнд үүсгэн, үүрэн телефоны оператор компаниудын хэрэглэгчийн дуудлагыг тухайн тусгай дугаарт холбох, холболт тогтоосноос эхлэн хэрэглэгчээс төлбөр тооцох техникийн тохиргоог хариуцдаг этгээд юм.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч банкны 19**-19** тусгай дугаарт холбогдсон үеэс буюу тусгай дугаарын автомат хариу өгөгч ажиллаж байх хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар тохируулах техникийн боломж байгаа эсэх асуудлыг зөвхөн “М” ХХК шийдвэрлэх боломжтой.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үүрэн телефоны оператор компаниудын хууль ёсны төлөөлөгчдөөс өгсөн мэдүүлгээр дээрх техникийн тохиргоог “М” ХХК хариуцдаг болох нь мөн тогтоогдож байхад эрх бүхий албан тушаалтан нь ийнхүү хэрэглэгчийн дуудлага тусгай дугаар эзэмшигчийн автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй үед төлбөр тооцохгүй байх техникийн боломж байгаа эсэхийг “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулах ажиллагаа хийгээгүй.

ХХБ-ны зүгээс хэрэглэгчийн дуудлага тусгай дугаар эзэмшигчийн автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцоохгүй байх техникийн тохиргоог хийлгэхээр “М” ХХК-д хандахад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/901 тоот албан бичгээр “автомат хариуцагчид холбогдсон үед төлбөр тооцохгүй байх техникийн боломж байхгүй” гэсэн хариу өгсөн бөгөөд энэ нь үүрэн телефоны оператор компаниудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “ХХБ техникийн тохиргоог хийх боломжтой” гэсэн тайлбаруудтай зөрчилдөж байсан тул энэхүү үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгохоор анхан шатны шүүхэд эдгээр компаниудыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлттэй байна.

Түүнчлэн, хэрэглэгчээс төлж байгаа төлбөр шууд үүрэн телефоны оператор компанийн дансанд ордог бөгөөд эдгээр компанитай байгуулсан “Тусгай дугаарын үйлчилгээнд зориулсан сүлжээ ашиглуулах гэрээ”-ний дагуу энэхүү орлогыг банк болон үүрэн телефоны оператор компани нь хувааж авдаг тул шүүхээс гарах шийдвэрийн улмаас эдгээр компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасан хэдий ч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ийнхүү анхан шатны шүүх дээр дурдсан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр маргааны зүйлийн үндэслэлээр болж буй эрх бүхий албан тушаалтны даалгаврыг бодит байдал нөхцөлд биелүүлэх боломжгүй буюу хэрэглэгч тусгай дугаарын автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй байх техникийн боломж байгаа эсэхийг бүрэн бодитой тогтоох боломжгүй болсон юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад заасны дагуу захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол тухайн захиргааны акт гарсан цагаасаа эхлэн илт хууль бус болох эрх зүйн үр дагавартай бөгөөд гомдол гаргагчийн зүгээс энэ үндэслэлээр маргаж байхад анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой эсэхийг бүрэн тогтоохгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

3.2. Анхан шатны шүүхээс эрх бүхий албан тушаалтан захиргааны акт гаргахдаа үндэслэл болгосон стандарт хүчин төгөлдөр болсон эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй тухай:

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Үндэсний стандарт нь товчилсон тэмдэглэгээ, улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасан.

Эрх бүхий албан тушаалтан нь ХХБ-ны 19**-19** тусгай дугаараар хэрэглэгчдэд мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэхдээ заавал мөрдөх стандартын шаардлагыг хангаагүй буюу “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” MNS 6366:2013 Монгол Улсын стандартын 6.2.3-т “Автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, шийтгэл ногдуулсан бөгөөд гомдол гаргагчийн зүгээс энэхүү стандартыг заавал мөрдөгдөх шинжгүй эрх зүйн хэм хэмжээний акт мөн эсэх дээр маргаж байгаа үед энэхүү стандарт хүчин төгөлдөр болсон эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХХБ-ны зүгээс дээрх үндэслэлээр “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” MNS 6366:2013 стандарт нь Монгол Улсын стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэх талаарх баримтыг Стандарт, хэмжил зүйн газраас шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан хэдий ч анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ийнхүү анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны зүйлийн үндэслэл болж буй стандарт нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон эсэх, заавал мөрдөгдөх стандартад хамаарах эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох ажиллагаа хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

3.3. Мэдээлэл, лавлах үйлчилгээний зохицуулалтаар тусгай дугаар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан журам болон стандарт хоорондоо зөрчилдөж байхад давуу эрэмбэтэй хэм хэмжээг хэрэглээгүй тухай:

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 5.3.2 дахь заалтад “Нэмүү өртөгт тусгай дугаар эзэмшигч нь холболт тогтож, үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохион байгуулж, цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэж заасан.

Тодруулбал, хэрэглэгч мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаарт чиглэсэн дуудлагыг эхлүүлсэн тохиолдолд тусгай дугаар эзэмшигч нь “холболт тогтож” үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид танилцуулж, энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохицуулах шаардлагатай бөгөөд журмын тус зохицуулалт нь “холболт тогтсон”-оос хойш төлбөр тооцож, эхлэх агуулгатай байна.

            Харин “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” MNS 6366:2013 Монгол Улсын стандартын 6.2.3-т “Автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй” гэж заасан нь дээрх журмын зохицуулалттай зөрчилдөж байна.

Учир нь М, Ю, С, Ж-м зэрэг үүрэн телефоны операторуудын хэрэглэгч мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаарт холбогдохоор дуудлага эхлүүлснээр “М” ХХК нь тухайн дуудлагыг ХХБ-ны систем рүү чиглүүлж өгдөг. “М” ХХК нь хэрэглэгчийн дуудлагыг ХХБ-ны 19**-19** тусгай дугаарт амжилттай холбосноор буюу хэрэглэгчийн дуудлага тусгай дугаар эзэмшигчийн автомат хариу өгөгчид холбогдсон үеэс эхлэн холболт амжилттай тогтдог.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн дуудлага тусгай дугаар эзэмшигчийн автомат хариу өгөгчид холбогдсон үеэс эхлэн төлбөр тооцож эхлэх боломжтой байхаар Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журамд заасан хэдий ч тусгай дугаар эзэмшигчийн автомат хариу өгөгчид холбогдсон үед төлбөр тооцохгүй байхаар “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” MNS 6366:2013 Монгол Улсын стандартад заасан нь хоорондоо зөрчилдөж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам болон “Мэдээлэл, лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлага” MNS 6366:2013 Монгол Улсын стандарт нь мэдээлэл, лавлах үйлчилгээний зориулалтаар тусгай дугаар эзэмшихтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ тул эдгээр хэм хэмжээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд сүүлд хүчин төгөлдөр болсон хэм хэмжээ давуу эрэмбэтэй үйлчилнэ.

Цаг хугацааны хувьд сүүлд хүчин төгөлдөр болсон хэм хэмжээ болох Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам нь стандартаас давуу эрэмбэтэй үйлчлэхээр байхад анхан шатны шүүх ийнхүү журам болон стандартын зохицуулалт хооронд зөрчилдөж байгаа талаар, цаашлаад давуу эрэмбэтэй үйлчлэх хэм хэмжээний актыг зохицуулалтыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын ахлах байцаагч Х.О иргэн У.П-аас ХХБ-ны лавлах 19**-19** тусгай дугаарын үйлчилгээтэй холбогдуулан гаргасан гомдол мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж “Х х б” ХК-ийн мэдээлэл, лавлагааны 19**-19** нэмүү өртөгт тусгай дугаарын үйлчилгээ нь хэрэглэгчийн хүсэл, зорилгыг хангаагүй, хэрэглэгч бодитоор үйлчилгээ аваагүй боловч дуудлага эхлүүлэх, үргэлжлэх хугацаанд “автомат хариу өгөгч” ажиллаж, энэ хугацаанд хэрэглэгчийн дугаараас төлбөр тооцож хэрэглэгчийг хохироож байгаа нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны 002367 дугаар шийтгэлийн хуудсаар ““Х х б” ХК-д 9 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгавраар “19**-19** тусгай дугаарын үйлчилгээг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх, иргэний хохирлыг барагдуулах зэрэг арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг “Х х б” ХК-д даалгасан байна.

2.2. “Х х б” ХК-иас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О-ны үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 002367 тоот шийтгэлийн хуудсыг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгаврыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “...”Х х б” ХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан Тусгай дугаарт ярианы шугам ашиглуулах үйлчилгээний гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК нь “Х х б” ХК-ийн тусгай дугаарт шугам ашиглуулах дугаарыг өөрийн сүлжээнд үүсгэн, оператор компаниудын хэрэглэгчийн дуудлагыг тухайн тусгай дугаарт холбох, холболт тогтсоноос эхлэн хэрэглэгчээс төлбөр тооцох техникийн тохиргоог хариуцдаг, ... хэрэглэгч банкны 19**-19** тусгай дугаарт холбогдсон үеэс буюу тусгай дугаарын автомат хариу өгөгч ажиллаж байх хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар тохируулах техникийн боломж байгаа эсэх асуудлыг зөвхөн “М” ХК шийдвэрлэх боломжтой, ... энэхүү асуудлыг хариуцсан мэргэжлийн этгээд болох “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг огт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалган тогтоогоогүй, ... Зөрчлийн үр дагаврыг арилга арга хэмжээ авахуулах тухай даалгаврыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тайлбарлан маргажээ.

2.3. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.3-д “Телефон ярианд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээ эрхлэгч нь дараах нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана. Үүнд:”, 5.3.1-д “Тусгай дугаарт ярианы үйлчилгээний төлбөрийг эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар  тооцож, тарифжуулах асуудлыг цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тодорхой тусгана”, 5.3.2-т “Нэмүү өртөгт тусгай дугаар эзэмшигч нь холболт тогтож үйлчилгээ үзүүлж эхлэхээс өмнө үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохион байгуулж, цахилгаан холбооны үйлчлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэж зохицуулсан байна.

2.4. Гэтэл гомдол гаргагч “Х х б” ХК-ийн 19**-19** тусгай дугаарт холбогдоход автомат хариулагчийн систем хэрэглэгчид төлбөрийн мэдээллийг өгөх бөгөөд холболтыг үргэлжлүүлэх эсэх боломжийг хэрэглэгчид олгохгүйгээр үйлчилгээний төрлийг сонгох сонголтыг өгсөн, үүнээс гадна автомат хариулагчид холбогдсон үеэс эхлэн төлбөр тооцохоор тохируулга хийсэн байгаа нь нэгэнт тогтоогджээ.

2.5. Хэдийгээр “Х х б” ХК-иас автомат хариулагч ажиллах хугацаанд төлбөр тооцох эсэх тохируулгыг “М” ХХК хариуцдаг гэж тайлбарлах боловч “Монголын цахилгаа холбоо ХК-ийн ахлах менежер Д.Н-ийн “19**-19** тусгай дугаарын эзэмшигч “Х х б” ХК нь өөрийн IVR системийн зохицуулалтыг хийж ажиллах ёстой” гэх, “М к” ХХК-ийн Хууль эрх, бодлого зохицуулалтын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульч Б.Б-ын “автомат хариу өгөгчийн тохиргоог “М” ХХК хариуцахгүй, үнэ тарифын талаар мэдэгдээд хэрэглэгчээс төлбөр тооцохгүй байхаар зохион байгуулах үүрэг нь тусгай дугаар эзэмшигчийн өөрийнх нь үүрэг байдаг” гэх мэдүүлэг болон “М к” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн мэдээлэл дээр “... Хэрэглэгч автомат хариулагчтай холбогдсон хугацаанд нэгж нь унаж буй тохиолдолд М-ын сүлжээнд нэгэнт холболт үүссэн учраас төлбөр тооцогдох юм. Тухайн автомат хариулагчийн тохиргоо нь ХХБ-ны серверт тохируулагддаг тул автомат хариулагч чиглүүлэх үеийн тохиргоог тусгай дугаар эзэмшигч өөрөө тохируулдаг” гэжээ. Эдгээрээс үзэхэд гомдол гаргагч “Х х б” ХК хэрэглэгчийн дуудлагыг тухайн тусгай дугаарт холбох, холболт тогтсоноос эхлэн хэрэглэгчээс төлбөр тооцох техникийн тохиргоог өөрөө хариуцдаг болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд гомдол гаргагчийн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Хэдийгээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хуулийн хуулийн” гэж давхардуулан бичсэн, гомдол гаргагч “Х х б” ХК-ийг “Х х б” ХХК гэж буруу бичсэн зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасан байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

              ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН