Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 439

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч В.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж В.М-гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******, түүний *******т холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.М- миний бие 2017 оны 4-р сарын 29-нд гэрээсээ гарч яваад гудамжинд архи ууж агсам согтуу тавьсан хүнтэй таарч чулуугаар цохиулж, хэл амаар доромжлуулж улмаар биеэ хамгаалснаар шинэ Зөрчлийн хуулиар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийн шийтгэл авсан ба анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байтал намын болон хувийн ашиг сонирхлоор ******* сумын ******* Х.Б- нь намайг ажлаас чөлөөлсөн. Х.Б- засаг даргаар томилогдсон өдрөөсөө эхлэн намын шаардлага шахалт гэж ажлын байрны дарамтыг төсвийн байгууллагын ажилчдад байнга үзүүлж байна. ...Намайг 2018 оны 2-р сарын 2-ны өдрийн мэдэгдэх, 2018 оны 2-р сарын 06-ны Б/03 захирамждаа эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн гэж мэдэгдэх хуудас, захирамжаа гаргасан байна. Иймд би шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй давж заалдах шатны шүүхэд очсон, уг ажлыг үргэлжлүүлэн хийх боломжтой гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нас барсан болон биеэр хорих ял эдэлж байгаа тохиолдолд уг ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: В.М- нь ажлын цаг баримталдаггүй, ажил тасладаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй байнга архи ууж өөрийн ажилчдаа дарамтлах асуудлыг гаргадаг, бусадтай удаа дараа зодоон хийж байсан ёс зүйгүй хүн юм. Тэрээр 2014 онд ажлын байран дээрээ архидан согтуурч ажлаасаа чөлөөлөгдөж байсан. 2017 онд хүн зодож хүнд гэмтэл учруулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор торгох ял шийтгүүлсэн байна. Иймд холбогдох хуулиудын дагуу ажлаас нь чөлөөлсөн болно. Миний бие сумын *******ар томилогдон ажилласнаас хойш хууль бусаар нэг ч хүн ажлаас чөлөөлөөгүй бөгөөд одоогоор хэн нэгэнд ямар нэгэн хариуцлага тооцсон зүйлгүй, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэн ажилласан билээ. В.М- нь намайг гүтгэн нэр төрд халдаж байгааг энэ дашрамд сануулж байна гэжээ.

Нэхэмжлэгч В.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 2.129.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ц- гэдэг нөхөр надтай гудамжинд таараад намайг хэл амаар доромжилж чулуу модоор цохиж би биеэ хамгаалнаар миний бие зөрчилд холбогдож анхан шатны шүүхээс торгуулийн шийтгэл авсан шийдвэр гарсан. Надад давж заалдах, дээд шүүхэд хандах эрх байсан. Дараагийн шатны шүүхэд хандах эрх үүсээгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэн ******* сумын ******* Х.Б- нь захирамж гарган намайг ажлаас чөлөөлсөн тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талд тайлбарыг өгье гээд Эрүүгийн хуульд торгуулийг ял гэж үздэг. Ял шийтгэлтэй хүн бол төрийн албанд албан үүрэг гүйцэтгэх боломжгүй болдог. Соёлын төвийн эрхлэгч нь өөрөө удирдах албан тушаал, Төрийн албаны тухай хууль болон Төрийн албанд удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам гэж байдаг. Тэр журамд заасны дагуу төрийн удирдах албан тушаалд орох иргэн нь ял шийтгэлгүй байна гэж заасан байдаг. Мөн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар засаг дарга захирамж гаргах эрхтэй байдаг. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол зэргийг үндэслэн В.М-г ажлаас нь чөлөөлсөн. В.М- өмнө нь шийтгэх тогтоолд заасантай адил үйлдлүүдийг гаргаж байсан нь тогтоогдсон. Тэдгээр нотлох баримтуудыг хавтаст хэргээс хасуулсан. Мөн В.М- ажлын байран дээрээ архидан согтуурах, зодоон хийх зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Үүний дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсныг үндэслэн би В.М-г ажлаас нь чөлөөлсөн. В.М-тэй хөдөлмөрийн гэрээ гэж албан ёсоор байгуулаагүй. Намайг ажлаа авахад энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж байсан учраас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Үр дүнгийн гэрээг байгуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, үр дүнгийн гэрээний дагуу би В.М-г ажлаас нь чөлөөлсөн байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.М- Завхан аймгийн ******* сумын *******, түүний Тамгын газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

В.М- нэхэмжлэл гаргахдаа хариуцагч ******* гэж бичсэн байх бөгөөд энэ талаар шүүх хуралдааны явцад тодруулахад Завхан аймгийн ******* сумын ******* болон түүний Тамгын газарт холбогдуулж гаргаж буйгаа тайлбарлаж байх тул хариуцагчийг ******* сумын ******* болон түүний Тамгын газар гэж тодорхойлж хэргийг шийдвэрлэлээ. Түүнчлэн хариуцагч байгууллагын төлөөлөгч ийм байдлаар хариу тайлбараа ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байна.

Завхан аймгийн ******* сумын ******* 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаараа тус сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан В.М-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол зэргийг тус тус үндэслэсэн байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.7 дахь хэсэгт ...ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж заажээ.

Гэтэл нэхэмжлэгч В.М- нь Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

В.М-д холбогдох энэ хэрэг нь Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянагдсан болох нь тус шүүхийн 11 дугаартай магадлалаар тогтоогдож байна.

Иймд В.М-д ял шийтгэл ногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу ажлын нэг өдрийн цалин хөлсийг, ажилгүй байсан нийт хугацаа болох 70 хоногоор тооцон /1 сарын цалин 608457 төгрөг : 21.5 хоног = 28300 төгрөг х 70 хоног/ нийт 1981000 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч сард тогтмол 608457 төгрөгийн цалинтай болох нь түүний 000252021 дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байх тул 1 сарын цалинг сүүлийн 3 сарын дундаж цалингаар тооцох шаардлагагүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 1981000 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид олгох олговрын үнийн дүнгээс тооцож тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох үндэстэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэрэйд овгийн В-ийн М-г Завхан аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1981000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч В.М-д олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид олгох олговор 1981000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөсчөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас тэмдэгтийн хураамжид 46646 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ