Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 441

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ундраххэрлэн,

хохирогч Ж.Ганболд, П.Алтантуяа нарын өмгөөлөгч В.Ганболд,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б болон түүний  өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б холбогдох 1803006740470 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Бгийн Б, 1991 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хими ба цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, “Септрик” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 хэсгүүдэд зааснаар нийт 4 жил 3 сарын хорих ял шийтгүүлэн, уг ялыг тэнсэж, 3 жил 3 сарын хугацаагаар хянан харгалсан.

Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны шөнө 00.30 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” дээд сургуулийн урд талын Шар хадны эцсийн буудал руу явдаг замд “Хьюндай Соната-7” загварын ...УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3: “Жолооч, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 11.5: “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Шевролет Крузе” загварын ...УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Ж.Ганболд, П.Алтантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Г.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Бгийн Быг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 900 нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б оногдуулсан 900 нэгжээр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, 2 /хоёр/ сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 4 жил 3 сарын хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэгшитгэлд хамруулж Б.Б оногдуулсан хорих ялын 2 жилийн ял дээр, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 900 нэгж буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Бын биечлэн эдлэх ялыг нийт 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Бын эзэмшлийн №1100955 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт хураагдан ирсэн 01987325, 0321252 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгож, Б.Б нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Грилле” ХХК-иас 7.210.819 /долоон сая хоёр зуун арван мянга мянга найман зуун арван ес/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч П.Алтантуяад 1.373.260 төгрөг, хохирогч Д.Ганболдод 5.837.559 төгрөгийг олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас нийт 8.691.219 /найман сая зургаан зуур ерэн нэгэн мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Грилле” ХХК-нд олгож, хохирогч П.Алтантуяа, хохирогч Д.Ганболд, иргэний хариуцагч “Грилле” ХХК нь цаашид гаргах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б нь давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн эхнэр болох          Саруул-Өлзийн хамт 2 хүүхэд болон өөрийн төрсөн дүү Болормаагийн хамт амьдардаг. Бага хүү Батнасан  нь төрөлхийн саажилттай, байнгын эмчийн хяналт болон хувь хүний асаргаанд байдаг. Дүү Болормаа нь бас эмчийн хяналтад байдаг. Б би ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн гэр бүлээ асран халамжилж амьдардаг байсан. Миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болоод бусдыг хохироосондоо гэмшиж харамсаад ч баршгүй нь. Миний бие дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэр бүлээ хамгаалж, асран амьдрахаа амлаж байна. Иймд та бүхэн ар гэрийн минь хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт 2018.08.07-ны өдөр холбогдсон ба энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “болгоомжгүй” хэлбэртэй гэмт хэрэг болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна. Энэ заалтаас үзвэл, ялыг шүүхээс тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхгүй байж болохоор байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “ Тэнссэн хугацаанд... санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэжээ. Дээрх 2 заалтаас үзэхэд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр заалтыг хэрэглэхгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Энэ тохиолдолд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг хэрэглэх эсэх нь эргэлзээтэй байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт”... түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажиллагааны явцад эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал, “...шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхгүйгээр, ялтан Б.Бын сүүлчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан 900,000 төгрөгийн торгуулийн ялыг хэвээр үлдээж, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Б.Б нь 3.600.000 төгрөгийн хохирлыг хохирогч талд төлсөн, мөн хохирогч Ж.Ганболд, П.Алтантуяа нартай үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө баталсан гэрээ хийсэн...” гэв.

Хохирогч Ж.Ганболд, П.Алтантуяа нарын өмгөөлөгч В.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б нь хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулж, үлдсэн хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн байгаа. Иргэний хариуцагчийн хохирлыг мөн барагдуулна гэж албан ёсны гэрээ хийлгүй саналаа илэрхийлсэн. Тиймээс ар гэрийн хүнд нөхцөлийг бодолцон хөнгөн ял онооход ямар нэгэн санал байхгүй болно.” гэв.

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Энэ нь боломжгүй гэж үзэж байна. Тэнссэн хугацаанд давтан гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгохыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх боломжгүй юм. Тэнсэн харгалзах хугацаандаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн тухайн эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр  зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны шөнө 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” дээд сургуулийн урд талын Шар хадны эцсийн буудал руу явдаг замд “Хьюндай Соната-7” загварын ... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3: “Жолооч, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн 11.5: “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Шевролет Крузе” загварын ... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг автомашинаараа мөргөж, хохирогч Ж.Ганболд, П.Алтантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Г.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

шүүгдэгч Б.Бын: “...Би эргэж хоёрдугаар эгнээ рүү орсон ба энэ үед тоормозоо гишгэсэн боловч гулгаж очоод нөгөө нүх рүү яваад орсон. Тэгэхээр нь би сандарсандаа хаазаа гишгэхэд машин жолоодлогогүй болж, эсрэг урсгал руу орж нэг машинтай мөргөлдөж зогссон...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтас хэргийн 201-203 дугаар хуудас/,

хохирогч Ж.Ганболдын: “...зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал өөдөөс хоёр машины хурц гэрэл маш хурдтай гарч ирж харагдсан. Би тэр хоёр машиныг уралдаж байна гэж бодсон. Би тэгээд автомашиныхаа хурдыг хастал өөдөөс нөгөө хоёр машины нэг нь шууд урсгал сөрж орж ирээд маш хүчтэй мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн... Хохирсон бүх зүйлээ нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтас хэргийн 56-57 дугаар хуудас/,

хохирогч П.Алтантуяагийн: “...их хурц гэрэл өөдөөс тусаад машин их хурдтай өөдөөс орж ирж харагдсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд амьсгаа авч чадахгүй машин дотроо байж байсан. Би машиныхаа жолооч талын урд суудал дээр сууж явсан. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтас хэргийн 29-30 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Г.Тэмүүлэнгийн: “...Осол болох үед би унтаж байсан. Харин ээжийн орилох дуунаар л сэрсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтас хэргийн 115 дугаар хуудас/,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаартай мөрдөгчийн: “...Хьюндай Соната 7 загварын 04-36 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /1 дүгээр хавтас хэргийн 172-175 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн баримтууд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9804 тоот дүгнэлт: “Д.Ганболдын биед өвчүүний хугарал, баруун, зүүн цавь ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Зам тээврийн ослын үед үүсэх боломжтой... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9805 тоот дүгнэлт: П.Алтантуяагийн биед өвчүү ясны хугарал, баруун талын 4-8 дугаар хавирганы хугарал, зүүн богтос яс, зүүн сарвууны 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн далд хугарал, тархины доргилт, цээж, хэвлийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9807 тоот дүгнэлт: “Г.Тэмүүлэнгийн биед тархины доргилт, баруун шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх баримтууд зэрэг нотлох баримтуудаар болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Мөн хохирогч П.Алтантуяа, Д.Ганболд нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийг нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй тооцож гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 04-36 УНВ улсын дугаартай “Хьюндай Соната-7” загварын авто машин нь “Грилле” ХХК-ийн өмч болох нь тогтоогдсон тул иргэний хариуцагчаар тогтоогдсон “Грилле” ХХК-иас Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 449.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг гаргуулан хохирогч Д.Ганболд, П.Алтантуяа нарт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Ганболд, П.Алтантуяа нарт төлөх төлбөрөөс 3.600.000 төгрөгийг Б.Б төлсөн баримтыг ирүүлсэн тул энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хорих ял шийтгүүлэн, оногдуулсан хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж байжээ.

2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн дээрх ял шийтгэлийн асуудлыг хууль буцаан хэрэглэх үндэслэлтэй эсэхийг дүгнэхэд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд баривчлах ял байхгүй болсон тул Б.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгээр оногдуулсан баривчлах ялыг тооцоонд оруулалгүй хасаж, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүйцүүлэн хорих ялыг 2 жил хугацаагаар тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, улмаар шүүгдэгч Б.Бын сүүлд үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг хэрэглэх” эсэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал бөгөөд уг хуулийн зохицуулалтыг үзэхэд шүүх заавал хэрэглэх шинжийг агуулаагүй байх тул шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ