Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
Хэргийн индекс | 159/2020/0023/З |
Дугаар | 159/ШШ2021/0003 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 159/ШШ2021/0003
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт Үр тарианы усалгаагүй тариалан-гийн 804,55 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшиж байгаа бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг тус аймгийн Жавхлант сумын Засаг дарга өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлсэн компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч болох газар эзэмших эрхгүй гадаадын эзэмшилд байна хэмээн үзэж дээрх хаягт байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжаар хүчингүй болгосон тул манай байгууллага цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж ажилтан албан хаагчид тогтсон ажил орлогогүй болсон. 100 хувь хувьцаа эзэмшигч нь гадаадын иргэн хэмээн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэгт Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж болно., мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...газрыг аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана хэмээн хуулийн этгээдийн хуулиар олгосон газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших... эрхүүдийг тус тус зөрчиж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхээ сэргээлгэх хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангуулахаар тус шүүхэд хандсан болно.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр******* ХХК-ийн эзэмшлийн 4 нэгж талбар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох гэж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасан оролцогчийг сонсох тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг******* ХХК-нд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол шуудангаас хүлээн авч тус сумын Засаг даргын мэдэгдлийн заалт тус бүрд нь хариу тайлбар өгсөн.
Гэтэл тус аймгийн Жавхлант сумын Засаг дарга нь******* ХХК-ийн эзэмшлийн үр тарианы зориулалттай 4 нэгж талбар бүхий 804,55 га газрын эзэмших эрхийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болгосон захирамжийг******* ХХК-нд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монгол шуудангаас хүлээн авч, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх тухай гомдол гаргаж, мөн өдөр Монгол шуудангийн 21 дүгээр салбараас тус аймгийн Засаг даргад илгээсэн.
Аймгийн Засаг дарга урьдчилан шийдвэрлүүлэх тухай гомдлыг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгч 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол мэдээлэл хариуцсан мэргэжилтнээс гомдлын хариу гарсан эсэх талаар утсаар лавлахад тухайн гомдлын дагуу ажлын хэсэг гаргахаар болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт зааснаар гомдлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасныг мэдэгдсэн бөгөөд гомдол шийдвэрлэх хугацааг сунгасан талаар бичгээр мэдэгдэхийг хүсч, ажлын хэсэг томилсон тушаал шийдвэрийг өгөхийг шаардсан боловч 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн эрх зүйн зохицуулалтын дагуу ******* ХХК нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан.
Гэтэл Сэлэнгэ Аймгийн Засаг дарга 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан гомдлын хариуг өгсөн бөгөөд Энэ маргаантай асуудлаараа шүүхэд хандахыг мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа биелэгдсэн гэж үзэж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2017 онд үр тариалалт хийсэн гэдэг нь хариуцагч талаас гаргасан тайлбараар нотлогдож байна. Эзэмшил газартаа 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй тариалалт хийгээгүй гэдэг талаар баримт хавтаст хэргийн хүрээнд авагдаагүй. 2018 онд ургац доош нь татсан, захирлуудтай уулзаж аман байдлаар шаардлага хүргүүлсэн гэдэг талаар баримт байхгүй. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна. Засаг даргын хувьд нотлох баримтаар гаргаж ирэх боломжгүй байдал тогтоогдож байгаа ч гэсэн ашиг сонирхлын зөрчил яригдаж байна. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа бусдад түрээслүүлсэн зүйл байхгүй. Иргэний хуулиар хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулсан. Захирамж гаргасан Засаг дарга өөрөө тайлбарлалаа. Бусдад түрээслүүлсэн, үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал харагдсан учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж таамаглаж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд хууль, шүүх болон бусад эрх зүйн харилцаанд оролцохдоо хууль бусаар оршин суухдаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Ийм байдлыг хангасан ямар нэгэн байдлаар тухайн компанийн захирлаар гадаадын иргэн томилогдсон гэдэг утгаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй. Газар эзэмших эрх дуусгавар болоогүй. Шүүгчийн гаргасан захирамжид гомдол гаргаад тухайн газар ******* ХХК-ийн эзэмшилд байна. Газар эзэмших хугацаандаа бусдад эрхээ шилжүүлсэн зүйл огт байхгүй. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байна гэж заасан. Тийм учраас ******* ХХК-ийн хөрөнгийн сан нь гэрчилгээнд байгаа үнийн дүнгийн 352.441 төгрөгийн хэмжээтэй үйл ажиллагаа явуулдаг учир гадаадын хуулийн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.Тийм учраас тус захирамжийг үндэслэлгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тариалангийн тухай хуулийг иш татаад байгаа учраас Тариалангийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт мэдэгдлийг заасан хугацаанд хөрсний төлөв байдлыг сайжруулахаар арга хэмжээ аваагүй. Хариуцагчийн хэлээд байгаа захиргааны актад байгаа зөрчлүүдийг арилгах талаар мэдэгдэл өгөх үүрэгтэй. Засаг дарга энэ үүргээ биелүүлээгүй. Биелүүлээгүй учраас энэ зөрчил гараагүй гэсэн үг. Энэ зөрчил гараагүй байхад зөрчил гаргасан гэж бичсэн. Зөрчил гаргасан талаар мэдэгдэл өгөх ёстой. Тийм учир бодит байдалтай тохирохгүй байна. 4 газарт нь тариалалт хийгээд 2 газрын нэг нь үр тарианы зориулалттай нөгөө газар нь төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ төрөөс бүх талаар дэмждэг гэж тайлбарлаж байна. Үнэхээр төрөөс дэмжсэн бол ашигтай байх байсан. Ашигтай юм бол сул талбай үлдээхгүй тариалалт хийнэ. Тэр ашгийг чинь бүрэн гүйцэт хүртэхийн тулд аль болох ашиг олж байгаа талбайгаа өнжөөхгүй бүрэн тариалалт хийнэ. Бүрэн тариалаагүй гэж бичсэн нь нотлогдохгүй. Нотлогдохгүй байгаа учраас Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авдаг нь нотлогдож байна. Гадаадын хөрөнгө оруулалттай гэж хэлж байна. Энэ нь өөрөө гэрчилгээгээр нотлогддог. Монгол Улсад газар эзэмших эрхгүй хуулийн этгээд учраас хүчингүй болгосон. Монгол Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэсэн этгээдийг Монгол Улсын хуулийн этгээд гэдэг юм. Тийм учраас ******* ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд учраас Монгол Улсын аж ахуйн нэгж гэж хэлнэ. Монгол Улсын аж ахуйн нэгжийг газар эзэмших эрхгүй гэж үзэн газрыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү. гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Тус сумын Засаг дарга ажилтай миний бие Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан эрхийн үүргийн хүрээнд нэхэмжлэгч болох ******* ХХК-нд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1/145 тоот /хавсралт1/, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/95 тоот /хавсралт2/ албан бичгүүдээр тариалангийн газрыг хуульд нийцүүлэн эзэмших тухай мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/101 тоот албан бичгээр /хавсралт3/ сонсох ажиллагаа явуулж, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А/82 дугаар захирамж /хавсралт4/ гарган нэхэмжлэгч ******* ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж буй 4-н нэгж талбар бүхий 804.55 га газар /хавсралт 5,6,7,8/ үтрэмийн зориулалтаар эзэмшиж буй 0.8 га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж буй 11 га газар, нийт 816.35 га газрыг хууль зөрчин эзэмшиж байна гэж үзэн төрийн мэдэлд хурааж авах шийдвэр гаргасан. Газар хураах захирамж гаргах болсон үндэслэл:
1.******* ХХК 2015-2017 онуудад арвай, гурвалжин будаа, шар буурцаг тариалж 3 жил ургац алдсаны дараагаар /хавсралт 9/ 2018 онд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг зөрчин автомашины шил хийдэг мэргэжлийн бус компанид газраа түрээслүүлэн мөн ургац алдсан. 2018 онд Ажил сайжруулах тухай 7 дугаар сарын 04-ний өдрийн 1/145 тоот /хавсралт 1/ албан бичгийг хүргүүлэхэд цаашид өөрсдийн хүчээр улаан буудай тариалж сайн ажиллах тухай 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 18/06 тоот /хавсралт10/ хариуг ирүүлсэн. Гэвч ажлаа сайжруулахын оронд башир арга саам хэрэглэж эхэлсэн. 2019 онд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу газраа бусдад түрээслэх тухай анх удаа хүсэлт ирүүлсний хариуг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/95 тоот албан бичгээр /хавсралт 2/ олон жил ургац алдсан учир өөрсдийн хүчээр тариалах үүрэг өгсөн боловч биелүүлэлгүйгээр хуульд байхгүй хамтран ажиллаж байгаа гэх нэрийдлээр 2019 болон 2020 онуудад манай сумын Өгөөмөр Хантайж ХХК-нд /захирал Б.Цогтсаран 99097289/ түрээслүүлж, тариалалтын мэдээг өөрийн компанийн нэр дээр, харин улаан буудайн урамшууллыг Өгөөмөр Хантайж ХХК-нд олгуулж байна. Ийм заль хэрэглэж 4 жил болсон. Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээд буюу сумын Засаг даргаас зөвшөөрөл олгосон баримт огт байхгүй болно. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг 2018-2020 онуудад 3 жил дараалан удаа дараа зөрчсөн. Газар эзэмших гэрээг жил бүр байгуулдаггүй. Тус компанийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 18/06 тоот албан бичигт өөрөө хүлээн зөвшөөрч дурдсан /хавсралт 10/, мөн газар эзэмших гэрээний /хавсралт 11/ газар эзэмшигчийн үүргийн 4.2, 4.7, 4.8 дахь заалтуудыг 3 жил дараалан удаа дараа тус тус хэрэгжүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн 40.2 дахь заалтаар үндэслэн газар эзэмших эрхийг цуцалсан.
2.Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтыг зөрчиж 2016-2017 онд /хавсралт 9/ 404.55 га талбайг 2 жил ашиглаагүй үедээ сумын Засаг даргад огт мэдэгдээгүй, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалтын хүрээнд газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа хийлгэсэн боловч тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах чиглэлээр ямар ч ажил арга хэмжээ аваагүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалтад хамаарах сүүлийн 4 жилд нэг ч техникийн шинэчлэл хийгээгүй, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлээгүй, тэг технологи, сэлгэн тариалалтын талаар бүр огт ойлголт байхгүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12 дахь заалтын тухайд сүүлийн 3 жил эрх бүхий байгууллагаас гаргасан /хавсралт 1,2/ үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтын тухайд 2015-2018 онуудад тариалалт болон уринш хийхдээ талбайн төв хэсэгт юм уу аль эсвэл талбайн зах хэсэгт хэсэгчлэн нүд хуурсан байдлаар хийж ирсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын агрономич болон тариаланчид нотолно. Тариалангийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг бүхэлд нь огт биелүүлсэн баримт байхгүй. Тариалангийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын тухайд жил бүр газар эзэмшүүлэх гэрээнд хөрсний төлөв байдлыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн заалт байдаг боловч биелүүлж ажилладаггүй, хөрс сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажилладаггүй зэргээс харахад манай улсын газар шороог үржил шимтэй байлгах алсын бодлогогүй, технологийн дагуу уринш, бордоог хийдэггүй, зөвхөн ашгийн төлөө газар эзэмшиж байна гэж үзсэн тул Тариалангийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг цуцалсан.
3.Гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй Алтайдайхан Холдингс ХХК-нь /хавсралт10/ 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ******* ХХК-ийг байгуулж Монгол Улсын иргэнийг гүйцэтгэх захирлаар томилон 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдөр манай суманд үр тарианы зориулалтаар 804,55 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Компанийн гүйцэтгэх захирлаар Н.Бат-Оргил, Б.Гэрэлтуяа зэрэг Монгол Улсын иргэд ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн толгой компанийн эзэн Сунь Хи Дун захирлаар томилогдсон. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг тодорхойлсон байдаг. ******* ХХК-нь нэг гишүүнтэй гадаадын хөрөнгө оруулалттай компани мөн болох нь, мөн 100 хувь хувьцаа эзэмшигч нэг гишүүн нь БНСУ-ын иргэн Сунь Хи Дун болох нь компанийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хавсралт12/ Энэ бол гадаадын хөрөнгө оруулалттай Алтайдайхан Холдингс ХХК нь монгол хүний нэрээр охин компани болох ******* ХХК-ийг байгуулж хожим нь 2019 оны 11 дүгээр сараас гадаад хүн өөрөө компанийг эзэмших болсон нь гадаад хүн Монгол Улсын компанийн нэрээр халхавч хийж хууль зөрчин газар эзэмшиж байгаа хэлбэр юм. Тийм учраас компанийн ашиг хүртэгч буюу эцсийн өмчлөгчийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтуудыг үндэслэн тогтоож, Монгол Улсад газар эзэмших эрхгүй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 60 жилийн хугацаатай газар эзэмшиж байгаа тул тус компанийн эзэмшлийн 816.35 га газрыг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах шийдвэр гаргасан.
4.Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 16.5, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь заалтуудад гадаадын хөрөнгө оруулалттай компани болон гадаадын иргэнд газрыг 5 хүртэл жил ашиглаж болохыг заасан болохоос 60 жил хүртэл эзэмших эрхийг олгоогүй болно. Дэлхийн аливаа улс орон төрийн үндэс болсон тэр дундаа стратегийн гол хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг бий болгох зориулалтаар олгодог тариалангийн газар эзэмшихдээ тус компани Монгол Улсын хуулийн хэд хэдэн зохицуулалтыг үл тоон зөрчсөн гэх дээрх үндэслэлээр ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болохоо илэрхийлж байна. гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирамж гаргахдаа тухайн үеийн нөхцөл байдал, нотлох баримт, мэдээллийг үндэслэж гаргасан. Гаргасан захирамж дээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Гэхдээ хэд хэдэн үндэслэлээр цуцлах үндэслэл бүрдсэн. Аль үндэслэлийг үгүйсгэж, нотолж байгаагаа нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох хэрэгтэй. Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгох энэ үндэслэл нь энэ хуулийн заалтаар, энэ нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэдгээ огт заагаагүй. Нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж нэхэмжлэлийн зүгээс хэлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанд хамтран ажиллах гэрээ байхгүй гэж хэлж байсан. Одоо хавтаст хэрэгт нотлох баримтын хүрээнд авагдсан. ******* ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн шинжийг агуулж байна. Алтайдайхан холдингс ХХК 100 хувийн хувьцаа эзэмшсэн. Хувьцаа эзэмшсэн нийт хөрөнгийнх нь хөрөнгийн сангийн 352.441.400 төгрөг байна. 100 мянган америк доллароос дээш гэж үзэж байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэж байна. Тийм учраас бүх газрыг нь цуцлах эрхтэй. Газар эзэмших эрхийн хугацаа дууссан. ******* өмгөөлөгч тухайн үед хамтран ажиллах гэрээний дагуу газраа тал талаас нь ашиглаад тариалан эрхэлсэн тул гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон учир үүнийг даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн гэж тайлбарласан. ******* ХХК өөрийн эзэмшлийн газар дээрээ тариалалт тариад, үр шимээ хүртсэн гэж хэлсэн. Хариуцагчийг акт үйлдээгүй, дүгнээгүй гэж хэлсэн. Энэ нь хууль зүйн үр дагавартай зүйл юм. Учир нь хамтран ажиллах гэрээгээр зохицуулдаг иргэн, хуулийн этгээдийг Иргэний хуулиар зохицуулсан. Хамтран ажиллах гэрээгээр талууд хураамж төлдөг. Хураамжаараа хамтын үйл ажиллагаагаа явуулна. Энэ тохиолдол нь тариа тарьсан юм шиг байна. Түүнээс бий болсон эд хөрөнгө нь талуудын хамтын зүйл болно. Хамтран ажиллах гэрээний гол зүйл нь ашиг олох зорилготой. Тийм учраас ашиг ололгүйгээр бусдад газраа ашиглуулж байна гэж бодохгүй байна. Хамтран ажиллах гэрээний нэг зүйл нь хамтын гэрээ дуусгавар болсон үед акт, дүгнэлт үйлдэж гэрээгээ тооцож дуусгавар болгосон байх ёстой. Хамтран ажиллах гэрээгээ дүгнээгүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах байгуулаагүй учраас дүгнээгүй буюу хамтран ажиллах гэрээнээс өөр зорилготой гэрээ байгуулсан учраас хийгээгүй. Хамтран ажиллах харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Талуудын хооронд 2 удаа хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. ******* ХХК түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээгээ дуусгавар болгосон үйл баримт байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тийм учраас түрээсийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж, талууд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн эдэлсэн хэвээр байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ эрх зүйн актыг өөрийн биеэр судалж гаргахаас өөр аргагүй байдалд орсон учраас маргаан бүхий актыг гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас 2020 онд тариалалт хийсэн талаар газар дээр очоод үзэхэд тарианы иш нь байгаа. түрээсийн гэрээ нь хоёр талын гарын үсэгтэй, тамгатай байна. Үүнээс өөр нотлох баримт байна гэж бодохгүй байна. Энэ гэрээ хийгдсэн байхад тамгатай байхад тамгагүй байна гэж тайлбарлаж байна. Хамтран ажилласан гэсэн мөртлөө ашиг, алдагдлаа хуваасан зүйл байхгүй. Хамтран ажиллаж байгаа бол заавал хуваасан байх ёстой. Хуваасан талаар ямар ч баримт байхгүй. Өгөөмөр хантайж ХХК-нд газраа бүхэлд нь эрхийг нь шилжүүлээгүй ч гэсэн ашиглуулаад Өгөөмөр хантайж ХХК ашгийг нь хүртээд 2019 онд тал газар дээр нь тариалсан. 4 нэгж талбар бүхий газрын 2 газар дээр нь тариалсан. 2020 онд гуурсан тариалалт буюу хуульд хамгийн их хориглодог 3 нэгж талбар бүхий газар тарьсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас хариуцагч ямар нэг нотлох баримтгүйгээр шийдвэр гаргасан болон ******* ХХК-нд мэдэгдээгүй гэж хэллээ. Өнөөдөр нэг компани ашиг, орлого хийх гээд явж байхад газраа хурааж авах зүйл байхгүй. Аль болох дэмжээд явдаг. Нэхэмжлэгч 2015 онд 500 га газар тариалалт хийчхээд 20 тонн ургац, 2016 онд огт тариалалт хийгээгүй, 2017 онд гурвалжин будаа, арвай тариалсан. 2018 онд мэргэжлийн бус хүмүүс авч ирээд газраа түрээслүүлээд 40 тонн ургац авсан. Тухайн үед шүүх хурал болно гэж мэдээгүй байсан учраас баримтаа цуглуулж чадаагүй. Дараалсан 4 жилийн асуудлаас болоод 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ажил сайжруулах тухай албан бичгийг явуулсан. Энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын мэдэгдэл өгөөгүй гэсэн тайлбарыг үгүйсгэж байна. Алтайдайхан холдингс ХХК-иас хариу ирүүлсэн. Зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, цаашид алдаа дутагдлаа засаад ажиллана гэсэн хариу ирүүлсэн. ******* ХХК башир арга хэрэглээд ерөөсөө хуульчлаагүй байсан. Миний өгсөн 7 заалтаас хэдийг нь биелүүллээ гэсэн тайлбар ирсэн. Мэргэжлийн агрономичтой болсон гэсэн гэрээ явуулсан байсан. Уг гэрээг судалж үзэхэд манай нутгийн Жавхлант буудай ХХК-ийн байнгын ажилладаг агрономичийг 50.000 төгрөг өгөөд гэрээ хийгээд өгчих гэж хэлээд хааяа нэг манай компанид ажиллаж байгаа талаар Засаг даргад агрономичтой болсон гэдгээ харуулах гэсэн үйлдлийг хийсэн. Бидний зүгээс хуулийн дагуу тавьсан шаардлагыг зөрчсөний улмаас 8 сард газраа түрээслүүлэхээр санхүүгийн хүндрэлтэй байна гэсэн. Санхүүгийн хүндрэл бол тариалангийн компанийн хувьд байхгүй гэж тайлбарласан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнгөрсөн жил өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэхгүй. Хууран мэхлэх замаар нэмж хуульч авах, хуулийг ашиглаж газраа авч үлдэх башир арга хэрэглэсэн. Газраа бусдад түрээслүүлэх эрх өгөхгүй этгээд сумын дундаж ургацын хэмжээг хэзээ ч унагааж болохгүй. Энэ жил атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа учир сумын Засаг даргын хамгийн том үр бүтээл байдаг учир заавал өндрөөр биелүүлээрэй гэсэн боловч харамсалтай нь Өгөөмөр хантайж ХХК-ийн бүх техник, ажилчид талбай дээр нь тариалалт хийсэн. Энэ талаар торуулахад манай компани түрээсэлж байгаа гэж хэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэг асуудал дээр захирамж гаргах үед хувийн мэдээллийг бүрэн гүйцэт Алтайдайхан холдингс ХХК ямар компани вэ гэдгийг сайн мэдэхгүй. Сүүлд шүүхийн баримтаар гарч ирсэн. Захирал нь Сунь хи дун гэдэг гадаад иргэн байна гэсэн учраас гадаад хүн эзэмшээд байна гэж үзсэн. Хувьцаа эзэмшигч нь нэг хүн гэж үзсэн. Шүүхийн болон өөрөө гаргаж өгсөн баримтыг нэгтгээд үзэхэд нэг хувьцаа эзэмшигч Сунь хи дун биш түүний аав, аавын найз гэсэн 3 хүн эзэмшдэг Алтайдайхан холдингс ХХК гадаадын хөрөнгө оруулалттай компани хувьцаа эзэмшигч нь болж таарсан. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэг тайлбарыг хэлсэн. Зөвхөн Монгол Улс биш аливаа улс, үндэстэн газрыг хуульдаа гадаадын иргэнд эзэмшүүлдэггүй. Зөвхөн 5 хүртэлх жилээр ашиглуулах заалтыг оруулсан байдаг. ******* ХХК-ийн ашгийг нь хүртэж байгаа нэг ч Монгол хүн байхгүй. Алтайдайхан холдингс ХХК-ийн хувьцаа эзэмшигчид сүүлийн 5 жил Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгээд энэ олон хуулийн заалтыг зөрчсөн. Та бүхэн анзаарч байгаа бол миний гаргасан захирамжид газар хураах бүх заалтыг зөрчсөн. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл зөрчиж байна. Өчигдөр Өгөөмөр хантайж ХХК-ийн захиралтай яриад газрын асуудал шийдэгдээгүй байхад энэ жил тариалалт хийж болж байгаа юм уу? гэж хэлэхэд өнгөрсөн жилийн намар энэ жилийнхээ түрээсийн мөнгийг өгсөн гэж хэлсэн. Нөгөө газрын эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг нэхэмжлэгч тал шүүх дээр ялсан. Тийм учраас сумын Засаг даргын зүгээс гомдол, саналаа тавьж чадахгүй байна. Орон нутгийн хүмүүсээс хууль дүрмийн дагуу газрыг ашиглаж байгаа эсэх талаар шалгаж өгнө үү гэсэн хүсэлт маш их байсан. Тухайн газрыг хураах шийдвэр гаргасан нь хувь хүний ашиг сонирхлын зүйл биш юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хувийн ашиг сонирхлоор хураасан гэж хоёр бус удаа ярьсан. Энэ газар хураагдсан тохиолдолд төрийн мэдэлд очно. Төр цаашаагаа энэ газрыг эргэлтэд оруулах, Монгол Улсын стратегийн хүнс үйлдвэрлэх, зарцуулах шийдвэр гаргана. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 57 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Эгц өндөр 1, 104-т байрлах, нэгж талбарын 4305000905 дугаар бүхий 164.2954 га, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Таван толгой 1, 100-д байрлах, нэгж талбарын 4305000249 дугаар бүхий 226.5946 га, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Эгц өндөр 1, 107-д байрлах, нэгж талбарын 4305000866 дугаар бүхий 175.95 га, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Эгц өндөр 1, 106-д байрлах, нэгж талбарын 4305000244 дугаар бүхий 237.9837 га газруудыг 60 жилийн хугацаатай, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар, мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/84 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Ерөө гол 1, 107-д байрлах, нэгж талбарын 4305000900 дугаар бүхий 11,9575 га газрыг 60 жилийн хугацаатай, төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалангийн зориулалтаар, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/73 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Үтрэм 1, 104-т байрлах, нэгж талбарын 4305001013 дугаар бүхий 0.8648 га газрыг 15 жилийн хугацаатай, үтрэмийн зориулалтаар тус тус нийт 6 нэгж талбар бүхий 816.35 га газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
Улмаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/82 дугаар захирамж гарган Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 27 дугаар зүйлийн 27.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус үндэслэн ******* ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь газар эзэмших эрхгүй гадаадын иргэн, ******* ХХК нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүй бусдад газар ашиглуулсан, хоёроос дээш жил эзэмшилд байгаа газартаа бүрэн тариалалт хийгээгүй, тариалангийн газрыг үр дүнгүй эзэмшиж, сумын тариалангийн үзүүлэлтийг бууруулсан, Газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ******* ХХК-нд үр тарианы болон төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалан, үтрэмийн зориулалтаар эзэмшүүлсэн дээрх газруудын гэрээ, гэрчилгээ, газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ.
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.******* ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийн тухайд: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж, 44 дүгээр зүйлийн 44.5-т Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Монгол улсын нутаг дэвсгэрт газрыг тодорхой зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн ашиглах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, хувьцаа эзэмшигч нь мөн Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн /дотоодын/ хуулийн этгээд тул гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзэхгүй хэмээн, хариуцагч ...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн шинжийг агуулж байна гэж тус тус маргасан.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгж хэмээн тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, ******* ХХК нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, түүний гаргасан нийт хувьцааны 100 хувийг Бүгд найрамдах Солонгос Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Алтай Ти энд Си ХХК эзэмшдэг болох нь, мөн ******* ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл[1]-д хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 351.441.400 төгрөгөөр нэмэгдүүлж 352.441.400 төгрөг болгон өөрчилсөн нь хөрөнгө оруулагчийн хөрөнгийн хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх хуулийн шаардлагыг хангасан болох нь ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх баримтуудаар тус тус нотлогдож байна.
Нөгөөтэйгүүр, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн гэж; Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т эцсийн өмчлөгч гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а-д харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг; гэж тус тус заасан. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Алтайдайхан холдингс ХХК нь гадаадын хуулийн этгээд болох Бүгд найрамдах Солонгос Улсын Алтай Ти энд Си ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байх бөгөөд ******* ХХК-ийн эцсийн өмчлөгчийг Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, Бүгд найрамдах Солонгос Улсын Алтай Ти энд Си ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай /эцсийн өмчлөгч Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн/ ******* ХХК нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж мөн байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэгт Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно., Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно., мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно. гэж тус тус заасны дагуу ******* ХХК газар эзэмших эрхгүй гэж маргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
2.******* ХХК нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүй бусдад газар ашиглуулсан гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч талаас газар ашиглуулах зөвшөөрөл олгоогүй учраас бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өгөөмөр хан тайж ХХК-тай хамтран ажилласан болохоос газраа ашиглуулаагүй гэж маргадаг.
Гэтэл ******* ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Өгөөмөр хан тайж ХХК-тай түрээсийн гэрээ[2] /гэрээний дугаар байхгүй/, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хамтран ажиллах 01 дугаар гэрээ[3]-г тус тус байгуулж, дээрх гэрээгээр өөрийн эзэмшлийн 2 нэгж талбар бүхий 407.32 га газар болох Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 57 дугаар захирамжаар ******* ХХК-нд газар эзэмшүүлсэн 180.62 га болон 226.7 га газруудыг улаан буудай тариалах зориулалтаар Өгөөмөр хан тайж ХХК-нд 2019 оны 4 дүгээр сарын 25/6-ны өдрөөс тус оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглуулахаар, мөн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Өгөөмөр хан тайж ХХК-тай хамтран ажиллах 4 дугаар гэрээ[4] байгуулж, тус гэрээгээр өөрийн эзэмшлийн 2 нэгж талбар бүхий 402.1 га газар болох Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 57 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Эгц өндөр 1, 104-т байрлах, нэгж талбарын 4305000905 дугаар бүхий 164.2954 га, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Эгц өндөр 1, 106-д байрлах, нэгж талбарын 4305000244 дугаар бүхий 237.9 га газруудыг 2019-2020 онд ашиглуулахаар тус тус тохиролцож, дээрх гэрээний дагуу ******* ХХК нь үр тарианы болон төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалангийн зориулалтаар олгосон 4 нэгж талбар бүхий газраа[5] Өгөөмөр хан тайж ХХК-нд ашиглуулсан болох нь Өгөөмөр хан тайж ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар[6], Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 57 тоот албан бичиг[7], Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын албаны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 01/200 тоот албан бичиг[8] түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүхээс газрыг бусдад ашиглуулсан эсэх, ашиглуулсан бол Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргаас зөвшөөрөл авсан эсэхийг тодруулахаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 тоот албан бичгээр ******* ХХК-нд хандсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тайлбартаа ...сумын Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээдэд 2019 он хүртэл ашиглуулж байгаагүй. Харин газраа түрээслүүлье, гэрээгээ байгуулъя, холбогдох зөвшөөрөл олгоно уу гэсэн хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан... гэжээ.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга уг хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 1/95 тоот албан бичгээр зөвшөөрөөгүй атал нэхэмжлэгч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 57 дугаар захирамжаар үр тарианы болон төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалангийн зориулалтаар олгосон 4 нэгж талбар бүхий газраа Өгөөмөр хан тайж ХХК-нд ашиглуулсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно; гэж заасныг зөрчжээ. Учир нь эзэмшил газраа бусдад ашиглуулахаар бол газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдээс зөвшөөрөл авна гэж хуульчилснаас мэдэгдэнэ эсхүл зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч газраа бусдад ашиглуулна гэж хуульчлаагүй болно.
Иймд хариуцагчаас ******* ХХК-ийг ...газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүй эзэмшил газраа бусдад ашиглуулсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
3.******* ХХК нь хоёроос дээш жил эзэмшилд байгаа газартаа бүрэн тариалалт хийгээгүй, тариалангийн газрыг үр дүнгүй эзэмшиж, сумын тариалангийн үзүүлэлтийг бууруулсан гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагчаас 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарт хавсаргасан баримт болох ******* ХХК-ийн 2015-2019 оны ургацын мэдээ[9], Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 536 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн ******* ХХК-ийн 2009-2020 оны тариалалт болон хураан авсан ургацын мэдээний хүснэгт[10] зэргээс үзвэл ******* ХХК-ийн тариалсан талбайн хэмжээ 2011, 2012 онуудад хангалтгүй, 2016 онд тариалалт хийгээгүй, 2017 онд ургац алдсан, 2019 онд тариалсан гэх 407 га талбайн тариалалтыг Өгөөмөр хан тайж ХХК тариалсан,[11] 2020 онд тариалалт хийгээгүй зэрэг нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх; гэж заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргаас 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Ажил сайжруулах тухай 1/145 тоот албан бичиг[12]-ийг ******* ХХК-нд хүргүүлсний дагуу нэхэмжлэгч компанийн толгой компани болох Алтайдайхан холдингс ХХК-ийн гүйцэтгэх захирал Сунь Хи Дунаас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 18/06 тоот албан бичиг[13]-т ...2015 оноос хойш улаан буудайг бага тариалж, гурвалжин будаа, шар буурцаг зэргийг тариалсан ч ургац алдаж ашиггүй ажилласан билээ. Өнгөрсөн хугацаанд бидний зүгээс Тариалангийн тухай хуульд заасанчлан тариалан эрхлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, сум орон нутгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг удирдлага болгон ирсэн хэдий ч 2014-2018 онд тус компанийн хуучин гүйцэтгэх захиралын алдаатай үйл ажиллагааны улмаас үл ойлголцол гарч бидний хамтын ажиллагаанд хүндрэл үүсээд байна гэж дүгнэж байна... гэснээс үзвэл ******* ХХК нь тариалангийн үйл ажиллагааг 2014-2018 оны хооронд учир дутагдалтай хэрэгжүүлж ирснээ хүлээн зөвшөөрч байжээ.
Энэ бүгдээс үзвэл ******* ХХК нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно. гэж заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна
4.Газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч ******* ХХК нь газар эзэмшүүлэх гэрээ[14]-ний 4.2-т газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 4.8-д газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчаас нэхэмжлэгч ******* ХХК-нд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Ажил сайжжруулах тухай 1/145 тоот, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/95 тоот албан бичгүүд болон Газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн гэрээг 2017, 2018, 2019 онуудад дүгнэхэд[15] ******* ХХК хангалтгүй гэсэн үнэлгээ авч байснаар, гэрээний 4.7-д эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах болох эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар, гэрээний 4.14-д Газар эзэмших гэрээг дүгнүүлэх гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй болох нь Сэлэнгэ аймгийн газрын даамал Н.Болдбаярын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, ******* ХХК-ийн толгой компани Алтайдайхан холдингс ХХК-ийн гүйцэтгэх захирал Сунь Хи Дунаас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 18/06 тоот албан бичиг зэргээр тус тус тогтоогдож байна.
Энэ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ., 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно; 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-д газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэж тус тус заасныг зөрчсөн байх тул хариуцагчаас ******* ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэж тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
Энэ бүгдээс үзвэл ******* ХХК нь нийт 6 нэгж талбар бүхий газрыг эзэмших бус ашиглах эрхтэй бөгөөд , эзэмшихдээ Газрын тухай хууль тогтоомж болон гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул түүний Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-а дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА