Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар   001/ХТ2021/00496

 

 

2021           05            20                                          001/ХТ2021/00496

 

....................нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02658 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2077 дугаар магадлалтай,

....................нэхэмжлэлтэй

....................холбогдох

Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 10,300,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч ..........-ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ........., хариуцагчийн өмгөөлөгч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........................................тай 2019.01 сард холбогдон 2185 УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн авто машиныг 10,300,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед уг автомашин нь Сайн ломбард ХХК-д барьцаанд байсан бөгөөд Сайн ломбард ХХК нь тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх бичиг хийж өгснөөр миний нэр дээр шилжсэн. Хариуцагчтай бичгээр ямар гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон. Уг автомашины нэр шилжсэний дараа 140,000 төгрөгийн торгууль байгааг мэдэж, ....................тай удаа дараа холбогдсоны эцэст 100,000 төгрөгийг төлүүлсэн. Авсан цагаас хойш зарим нэг гэмтэлтэй болох нь тогтоогдож, хариуцагчийг автомашинаа буцаан авахыг хэд хэдэн удаа шаардсан боловч, хариу өгөөгүй. Улмаар автомашиныг 5 дугаар сард Улсын үзлэг, оношилгоонд орохоор оношилгооны газарт хандсан боловч, Тээврийн хэрэгслийн арлын дугаарыг гагнаж, арлын дугаарыг сольсон байгаа тул үзлэгт хамруулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газарт өргөдөл өгч хулгайн тээврийн хэрэгсэл эсэхийг шалгуулсан бөгөөд Цагдаагийн газраас уг авто машиныг 10 хоног саатуулан шалгалт хийж, 2019.06.13-ны өдрийн 25б-1/2316 тоот албан бичгээр уг авто машинтай холбоотой хулгайн гэмт хэргийн бүртгэл алга байна. Осолд орсон ачааны авто машины арлын дугаарыг сольсон байна гэсэн хариуг амаар өгсөн. Иймд .................... нь Иргэний хуульд заасан доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн тул бидний хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 10,300,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ............-ын нэр дээр бүртгэлтэй 21-85 УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 2018.08.19-ний өдөр 9,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус автомашиныг худалдан авахад ямар нэгэн торгуульгүй улсын үзлэг оношилгоонд орсон байсан учир арлын дугаар сольсон тухай мэдээгүй. Би тус автомашиныг гэр бүлийн хэрэгцээнд унаж байгаад 2018.12.20-ны өдөр ....................10,300,000 төгрөгөөр зарсан. Автомашиныг хүлээлцэхэд биет байдлаар ямар нэгэн эвдрэл, гэмтэл доголдолгүй автомашиныг хүлээлгэн өгсөн. ....................нэхэмжилсэн 10,300,000 төгрөгийг одоогоор өгөх боломжгүй байгаа учир худалдсан .......-аас хохирлыг авч барагдуулна. Миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Э.Ундралтай холбоотой асуудал шийдэгдтэл хүлээвэл мөнгийг буцааж өгч болно гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02658 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ....................холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ....................нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч .................... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2077 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ....................аас 10 300 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....................олгож, нэхэмжлэгч .................... 21-85 УНЛ улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг гаргуулж ....................ын өмчлөлд шилжүүлсүгэй гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ....................аас 179 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....................олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ............ хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “...Хариуцагч .................... нь нэхэмжлэгч ....................биет байдлын доголдолтой автомашин хүлээлгэн өгсөн нь Авто тээврийн үндэсний төвийн... 2019.09.09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт ...-ээр тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч Ч.Чулуунбаатар баримтаар няцаагаагүй, тэрээр бусдаас доголдолтой автомашин худалдан авч ....................худалдсан, доголдлыг мэдээгүй гэх байдлыг гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэхгүй. Уг автомашины доголдлыг ....................Иргэний хуулийн 255-р зүйлийн 255.1-д зааснаар автомашиныг хүлээж авах үед мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж анхан шатны шүүх үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь уг доголдлыг автомашины үзлэг оношилгоогоор илрүүлсэн байхаас гадна худалдан авагчийн анхаарал болгоомжтой байх үүргийн хүрээнд уг доголдлыг илрүүлэх боломжтойд тооцохгүй...” гэж дүгнэн анхан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч ....................аас 10,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ....................олгож шийдвэрлэжээ. Хариуцагч .................... нь шүүхэд гаргасан тайлбартаа “...тус автомашиныг худалдан авахад ямар нэгэн торгуульгүй улсын үзлэг оношилгоонд орсон байсан учир арлын дугаар сольсон тухай мэдээгүй, анх ......... гэдэг хүнээс худалдаж авсан тул түүнээс хохирлыг авч барагдуулна, .............-тай холбоотой асуудал шийдэгдтэл хүлээвэл мөнгийг буцааж өгч болно...” гэжээ. Энэ байдлаас үзэхэд хариуцагч .................... нь мөн доголдолтой автомашин худалдан аваад унаж байгаад ....................худалдсан байх тул санаатайгаар доголдолтой зүйл худалдаагүй уг доголдлын шаардлагад гэм буруугүй байхад давж заалдах шатны шүүх түүнийг буруутган автомашины үнийг түүнээс гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтын дагуу .................... нь тухайн автомашины доголдлын асуудалд хамааралгүй, буруугүй бөгөөд автомашины доголдолд буруутай этгээдийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой байх тул дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх ....................холбогдох худалдах-худалдан авах гэрээнээс  татгалзаж, гэрээний үнэд төлсөн 10,300,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн ....................нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо “...автомашиныг ....... гэж хүнээс худалдан авч, хэрэглэж байгаад дараа нь нэхэмжлэгчид худалдсан. Анх худалдан авахдаа ямар нэгэн торгуульгүй, улсын үзлэгт орсон автомашиныг авсан бөгөөд арлын дугаар сольсон тухай огт мэдээгүй, санаатайгаар доголдолтой зүйл худалдаагүй, гэм буруугүй болохыг шүүх анхаараагүй, ...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж зааснаар хариуцагч нь тухайн автомашины доголдлын асуудалд хамааралгүй, буруугүй бөгөөд буруутай этгээдийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой байх тул дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

2019.01.03-ны өдрийн аман хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь автомашины үнэ 10,300,000 төгрөгийг төлж, хариуцагч 21-85 УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, гэрээ дуусгавар болсон боловч 4 сарын дараа буюу 2019.05 сард автомашины арлын дугаар солигдсон гэмтэл илэрч,  автомашиныг үзлэг, оношилгоонд хамруулаагүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөрчөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулсан нь үндэслэлтэй болжээ.

Биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэх нь худалдагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг юм.

Худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан доголдлыг арилгуулах, тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгаад зардлыг төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.

Гэрээний зүйл болох автомашины арлын дугаар нь тухайн автомашины үндсэн эд анги өөрчлөгдөөгүй, үйлдвэрээс гарсан байдлаар байгаа байдлыг илэрхийлдэг байх ба арлын дугаарыг гагнаж цохиж өөрчилсөн үйл баримт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, арлын дугаар солигдсон байхад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.5-д зааснаар энэ талаар тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, автомашиныг биет байдлын доголдолтой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д нийцжээ. Өөрөөр хэлбэл арлын дугаарыг сольсон байгаа нь тухайн автомашины эд ангийг сольсон, ийнхүү сольсноор цаашид хэвийн байдлаар, ердийн хугацаанд ашиглах боломжтой гэдгийг хариуцагч нотлоогүй л бол доголдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.

Эд хөрөнгө доголдолтой байсанд худалдагч гэм буруутай эсвэл гэм буруугүй байх тохиолдол аль нь ч байж болно. Хариуцагч .................... өмнө нь өөр хүнээс уг автомашиныг худалдаж авсан, дараа нь нэхэмжлэгчид худалдахдаа арлын дугаар солигдсон эсэхийг мэдээгүй, гэм буруугүй байж болох хэдий ч гэрээний дагуу биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг биелүүлэх ёстой. Гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн  арлын дугаар солигдсон байхад мэдээллийн санд бүртгэгдээгүй, улмаар уг тээврийн хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан гэдгийг хариуцагч нотлоогүй, доголдолыг арилгах боломжгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасан “худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж авах үед доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан” гэх нөхцөлийг шүүх тайлбарлахдаа эд хөрөнгийг хүлээн авах үед энгийн хүнд байж болох ердийн, нөхцөл байдалд үндэслэх нь зөв бөгөөд худалдан авагчийн шалгах үүргийг илүү тавьж, худалдагчийн биелүүлбэл зохих үүргийг үгүйсгэж болохгүй юм. Хуулийн энэ зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2077 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 179,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАХ

 

                                    ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                       Б.МӨНХТУЯА

 

                                                                                                       Х.СОНИНБАЯР