Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2019/02658

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.И-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Ч-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.И , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагч Ч.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.И  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2019 оны 01 дүгээр сард Приус-20 маркийн  авто машин худалдах зараар хариуцагчтай холбогдон 0000  УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн  авто машиныг 10,300,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед уг авто машин нь “С” ХХК-д барьцаанд байсан бөгөөд “С” ХХК нь тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх бичиг хийж өгснөөр миний нэр дээр шилжсэн. Хариуцагч талтай бичгээр ямар нэг гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон.

Уг авто машины нэр шилжсэний дараа машины нэр дээр 140,000 төгрөгийн торгууль байгааг би мэдсэн бөгөөд хариуцагч нартай удаа дараа холбогдсоны эцэст 100,000 төгрөгийг төлүүлж авсан. Авсан цагаас хойш зарим нэг гэмтэлтэй болох нь тогтоогдож, хариуцагчийг машинаа буцаан авахыг хэд хэдэн удаа шаардсан боловч, хариу өгөөгүй. Улмаар авто машины улсын дугаарын дагуу 5 дугаар сард Улсын үзлэг оношилгоонд орохоор оношилгооны газарт хандсан боловч, Тээврийн хэрэгслийн арлын дугаарыг гагнаж, арлын дугаарыг сольсон байгаа тул үзлэгт хамруулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газарт өргөдөл өгч хулгайн тээврийн хэрэгсэл эсэхийг шалгуулсан бөгөөд Цагдаагийн газраас уг авто машиныг 10 хоног саатуулан шалгалт хийж, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 25б-1/2316 тоот албан бичгээр уг авто машинтай холбоотой хулгайн гэмт хэргийн бүртгэл алга байна. Осолд орсон ачааны авто машины арлын дугаарыг сольсон байна гэсэн хариуг амаар өгсөн.

Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т заасны дагуу доголдолтой эд хөрөнгийг надад шилжүүлсэн тул бидний хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 10,300,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Ч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь Э.У-ын нэр дээр бүртгэлтэй 0000УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн  автомашиныг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 9,300,000 төгрөгөөр худалдаж авсан болно. Тус автомашиныг худалдан авахад ямар нэгэн торгуульгүй улсын үзлэг оношилгоонд орсон байсан учир арлын дугаар сольсон тухай мэдээгүй. Миний бие тус автомашиныг гэр бүлийн хэрэгцээнд унаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Л.И д 10,300,000 төгрөгөөр зарсан болно. Автомашиныг хүлээлцэхэд биет байдлаар ямар нэгэн эвдрэл, гэмтэл доголдолгүй авто машиныг хүлээлгэн өгсөн. Иргэн Л.И гийн нэхэмжилсэн 10,300,000 төгрөгийг одоогоор өгөх боломжгүй байгаа учир худалдсан Э.Уаас хохирлыг авч барагдуулна. Миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Э.У-тай холбоотой асуудал шийдэгдтэл хүлээвэл мөнгийг буцааж өгч болно гэжээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.И  нь Ч.Ч ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...арлын дугаар солигдсон доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т заасны дагуу цуцалж, 10,300,000 төгрөгөө буцаан гаргуулна гэж, хариуцагч талаас ...арлын дугаар солигдсон талаар мэдээгүй, худалдаж авсан хүнээсээ мөнгөө авч мөнгийг нь буцааж өгч болно, би өөрөө хариуцахгүй гэсэн тайлбарыг тус тус гарган мэтгэлцдэг.

 

Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 0000УНЛ улсын дугаартай Приус-20 маркийн авто машиныг 10,300,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагджээ. Талууд гэрээ  байгуулсан эсэх талаар маргадаггүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “Амаар хийх хэлцлийг хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хийсэн гэж үзнэ” гэж заасны дагуу тэдний хооронд Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн  243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, гол нөхцөлийн талаар тохирч автомашин шилжүүлсэн, мөнгийг төлсөн, үүнтэй холбоотой гэрээний үүрэг үүссэн, талууд хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаагүй, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автомашиныг доголдолтой байсан гэж тайлбарладаг ба хэрэв автомашин доголдолтой бол Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, автомашины үнэд төлсөн 10,300,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Худалдагч тал буюу хариуцагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар худалдан авагч буюу нэхэмжлэгчийн зүгээс хэлэлцэн тохирсон үнэ 10,300,000 төгрөгийг өгч, автомашинаа хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байдаг.

 

Гэрээний зүйл болох автомашины арлын дугаарыг сольсон, эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг, хариуцагч тал энэ талаар маргадаггүй. Тухайн авто машин эрхийн доголдолтой буюу тээврийн хэрэгслийн арлын дугаарыг өөр арал буюу рамд тогтоосон /арлын  дугаар сольсон/ болох нь цагдаагийн байгууллагад гэрчээр асуугдсан Д.Чинбатын “Манай хүү унаж яваад 2017 онд тээврийн осол гарч машиныг 88-11 гэх засварын газарт өгсөн. Тухайн газраасаа 1 сая төгрөгөөр кабин худалдаж аваад тэндээ угсруулсан, дугаар сольсон эсэхийг сайн мэдэхгүй байна” гэх тайлбар, шүүхээс томилогдсон шинжээчийн “Л.И гийн эзэмшлийн 0000  УНЛ дугаартай Приус 20 загварын NHW203561277 арлын дугаартай автомашины арлын  дугаарыг шалгахад гагнаж цохиж өөрчилсөн байна” гэх дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архив, лавлагааны тасаг болон Нийслэлий цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ирүүлсэн 0000  УНЛ улсын дугаартай NHW203561277 арлын дугаартай цагаан өнгөтэй Тоёота приус 20 загварын автомашины талаарх түүхчилсэн баримтуудаар баттай нотлогддог.

 

Нэхэмжлэгч талаас “...Арлын  дугаар өөрчилсөн байна, техникийн үзлэг, оношилгоо хийж дүгнэлт гаргах боломжгүй” гэх тайлбар буюу эрхийн доголдол гэж үзэх үндэслэлийн хувьд тухайн автомашинд засвар үйлчилгээ хийснээр ямар нэг өөрчлөлт орсон бол Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар автотээврийн хэрэгслийн зориулалт, өнгө, хөдөлгүүр, арал, бүхээгийн өөрчлөлтүүд нь техникийн өөрчлөлтөд хамаарах бөгөөд энэ талаар бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэж заасны дагуу өөрчлөлтийг бүртгүүлээгүй байна. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.в-д “ Жолоочид зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлт буюу гэрчилгээгээр баталгаажсан байна” гэж тус тус заасны дагуу стандарт болон шаардлагад нийцээгүй нь эрхийн доголдол гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 0000  УНЛ улсын дугаартай /улсын дугаар өмнө нь өөрчлөгдөж байсан/ NHW203561277 арлын  дугаартай цагаан өнгөтэй Тоёота приус 20 загварын автомашин нь 2015 оны 4 сард Япон улсаас импортоор орж ирээд зохих журмын дагуу хууль болон гэрээний үндсэн дээр эзэмшигч нар нь өөрчлөгдөн шилжиж байсан ба 2017 онд ослын улмаас эвдэрсэн автомашины арал буюу кузов, кабинийг сольж ижил төрлийн автомашиныхаар солихдоо арлын  дугаарыг сольж тавьсан үйл баримт тодорхой бөгөөд худалдан авагч буюу нэхэмжлэгч талаас тухайн доголдлыг мэдэх боломжгүй байсан, оношилгоонд оруулах үед мэдсэн гэдэг. Хэдий сүүлд доголдлыг мэдсэн ч худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан тухайн үед энэхүү эрхийн доголдлыг мэдэх боломжтой байсан гэж шүүхээс үзэв.

 

Тодруулбал, дээрх өөрчлөгдсөн арлын дугаарын бүртгэлийг хийлгээгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд энэ нөхцөл байдал нь авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг буюу оношилгоогоор тодорхой болох учиртай.

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийг явуулдаг ба авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журмыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 23 дугаар зүйл, заалтад заасан эрх бүхий этгээд боловсруулж мөрдүүлдэг. Тухайн журам болон хуульд зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс бүрэн бус техниктэй буюу улсын үзлэг, оношилгоонд орж тэнцээгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх асуудал гардаг. Иймээс дээр дурдсан эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах үүрэг талуудад үүснэ.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т “Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.И  нь автомашиныг худалдан авах үедээ эрхийн доголдлыг мэдэх боломжтой байсан. Учир нь тухайн тээврийн хэрэгслийг цаг хугацааны хувьд ч техникийн улсын үзлэгт шалгуулах хугацаа давхацсан, оношилгоонд оруулж эрхийн доголдлыг буюу замын хөдөлгөөнд оролцож болох эсэх талаар шалгах, шалгуулах бүрэн боломжтой байсан бөгөөд баримтаар эд хөрөнгө шилжүүлэх үед эрхийн доголдолтой байжээ.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар тухайн тээврийн хэрэгсэл нь 2015, 2016, 2018 онуудад улсын үзлэгт, оношилгоонд орсон байх бөгөөд үзлэгт орсон он, сарын дараа жилийн мөн сард үзлэгт орохоор эрх бүхий байгууллагаас журамласан байдаг. Тодруулбал, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журмын 4.1-д “Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулна” гэж заасан бөгөөд Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу “...тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн ...Автомашины улсын дугаарын дагуу 5 сард техникийн үзлэгт оруулахаар оношилгоонд хандсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч Ч.Ч  нь маргаж буй автомашиныг бусдаас худалдан авах үед буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр техникийн улсын үзлэгт орж тэнцсэн тухай тэмдэглэгээ бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан тул эрхийн доголдлыг шалгах шаардлагагүй байжээ. Тиймээс хариуцагч нь автомашиныг худалдах үедээ доголдлыг мэдэж байсан гэж дүгнэх боломжгүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 “Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй” гэсэн зүйл, заалт хамаарахгүй.

 

Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч Л.И гаас хариуцагч Ч.Ч ад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх  хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ч ад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.И гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.И гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ