Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2404

 

МАГАДЛАЛ

 

2017.11.22                                                     Дугаар 2404                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

У.О Д.Ц Г.Ц  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02509 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч У.О Д.Ц Г.Ц  нэхэмжлэлтэй,   

Хариуцагч Х Ү И С холбогдох,

Мөнгөн тэтгэмж нийт 23 852 130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт:             У.О хуучнаар Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль, 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 658 тоот тушаалаар багшаар ажилд орсон. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 15 хүртэл буюу 5 жил тасралтгүй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжээ авахаар анх 2015 оны 11 дүгээр сарын 18-нд Монгол Улсын Их сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан. Нэхэмжлэгч Д.Ц 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 658 тоот тушаалаар багшаар томилогдон ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 16-нд 5 жил ажиллаад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжээ авах эрх үүсч 2016 оны 1 дүгээр сарын 11-нд өргөдлөө өгсөн. 2016 оны 1 дүгээр сарын 13-нд Бизнесийн сургуулийн захирал Н.Б өргөдлийг Захиргаа хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга В.Батцэнгэлрүү цохолт хийж явуулсан. Нэхэмжлэгч Г.Ц 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 58 тоот тушаалаар багшаар ажилд орсон. 2010 оны 12 сарын 24-ний өдөр жилийн чөлөө авч 2011 оны 8 сарын 25-нд ажилдаа эргэж орсон. Ингээд чөлөө авсан хугацаагаа хасаж тооцоод 2015 оны 10 сарын 25-нд 5 жил ажиллаад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжээ авах эрх үүсч анх 2016 оны 1 сарын 11-нд өргөдлөө өгсөн. 2016 оны 1 сарын 13-нд Бизнесийн сургуулийн захирал Н.Б өргөдлийг Захиргаа Хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга В.Б рүү цохолт хийж явуулсан. Ингээд нэхэмжлэгч нарын өргөдлүүд Захиргаа Хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга В.Б гэдэг хүнд цохогдож хуваарилагдсан.

Хамгийн сүүлийн бичиг нь 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 7/362 тоот бичгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц. А Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хариуг ирүүлэхдээ бид нарын Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-т Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно гэж заасан байгаа тул олгох арга хэмжээ авч ажиллахыг анхааруулсан байхад өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй байгаа тул нэхэмжлэгч бид нар Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандсан бөгөөд тэндээс 2017 оны 2 сарын 24-ний өдөр 2017 оны 2 сарын 20-ны өдрийн огноотой 04 тоот зөвлөмжийг авсан бөгөөд мөн л ажил олгогчийг хуульд заасан үүргээ биелүүлэх болов уу гээд харсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд хандан гомдлын шаардлагаа гаргасан болно. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 сарын 26-ны өдрийн 131 дүгээр Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг Монгол Улсын Их сургуулиас тусгаарлан Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилд үйл ажиллагааг бие даалган ажиллуулахаар шийдвэр гарсан тул Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг хариуцагчаар татсан. Иймд хариуцагчаас Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-т Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон төхникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно гэж заасны дагуу У.О 7 925 500 төгрөг, Д.Ц 7 925 500 төгрөг, Г.Ц 8 001 130 төгрөг, нийт 23 852 130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:     У.О Д.Ц Г.Ц  нь бүгд 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаж эхэлсэн байна. Манай Их Сургууль нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын 131 тоот тогтоолоор Монгол Улсын Их Сургуулийн харъяаллаас гарч Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль гэсэн бие даасан сургалтын байгууллага болж 2017 оны 9 сараас анхны оюутнуудаа элсүүлэн авч дөнгөж үйл ажиллагаагаа шинээр эхэлж байгаа болно. Харин нэхэмжлэгчдийн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-т заагдсан мөнгөн тэтгэмж авах эрх үүссэний дараа 2016 оны 7 сарын 21-ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын Бүтцийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8-д зааснаар мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудал болсон байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулинд Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах эрхийг хэрэгжүүлнэ хэмээн заасан байдаг. Мөн их, дээд сургуулиудын дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Хөдөлмөрийн яамнаас хувьсах зардал олгохын зэрэгцээ Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам нь дээрх хуулиудаар Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийг шууд харъяалах дээд байгууллага юм. Худалдаа Үйлдэрлэлийн Их Сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харъяаны сургалтын байгууллага бөгөөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын тэтгэмжид зарцуулахаар хуваарилагдсан санхүүжилт ч байхгүй болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёстой этгээд нь Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтыг баримтлан Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуулиас 7 925 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.О, 7 925 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц, 8 001 130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 277 210 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 131 тоот Тогтоол гарч уг тогтоолд: Дээд боловсролын тухай хуулийн 6.3, Иргэний хуулийн 31.1, 31,5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн "Худалдаа үйлдвэрлийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуулиас тусгаарлан Худалдаа, Үйлдвэрлэлийн Их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж,   2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын үйл ажиллагааг бие даалган ажиллуулсугай" гэж заасан юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 31.5 дахь хэсэгт зааснаар Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Монгол Улсын Их Сургуулиас тусгаарлан түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан сургууль болох Х Ү И С шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 26 ны өдрийн 131 тоот тогтоолыг хэрэгжүүлэн Монгол Улсын Их Сургуульд ажиллаж байсан (хуучнаар худалдаа үйлдвэрлэлийн сургуульд ажиллаж байсан) зарим багш ажилчдыг МУИС-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А256 тоот тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль уруу шилжүүлэн ажиллуулсугай гэсний дагуу нэхэмжлэгч У.О Д.Ц Г.Ц  нь Х Ү И С шилжин ажиллаж байгаа юм.

Хуулийн этгээдийг тусгаарлан өөрчлөн байгуулахад зарим эрх үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хуулийн этгээдэд шилжүүлдэг. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын 131 тоот тогтоолын 3 дахь хэсгээр Х Ү И С сургуулийн байр, эд хөрөнгийг балансаас балансанд шилжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасны дагуу тус газрын 2017 оны 07 дугаар сарын    05-ны өдрийн 324 тоот тогтоол гарч уг тогтоолоор "Х Ү И С 1310 нэр төрлийн үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх"-ээр тогтоосны дагуу Х Ү И С 1310 нэр төрлийн үндсэн хөрөнгийг МУИС-аас шилжүүлэн авсан. Дээрх бүхнээс дүгнэхэд "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нарт тэтгэмж олгох үүрэг бүхий хариуцагчийг зөв тодорхойлоогүй буюу Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарт 23 852 130 төгрөг төлөх үүрэг бүхий этгээд болохыг нэхэмжлэгчид нотолжчадаагүй байхад шүүх манай байгууллагаас дээрх тэтгэмжийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч У.О Д.Ц Г.Ц  нь хариуцагч Х Ү И С холбогдуулан мөнгөн тэтгэмж нийт 23 852 130 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбартаа “...Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль хариуцах үндэслэлгүй, учир нь тухайн 5 жилийн тэтгэмж авах эрх үүссэн үед ажиллаж байсан байгууллага нь МУИС юм....” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Монгол Улсын Их сургуулийн Худалдаа үйлдвэрийн сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд У.О нь 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс, Д.Ц нь 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс, Г.Ц нь 2010 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус батгтан ажиллаж тэтгэмж авах болзол шаардлагыг хангасан байна. Мөн дээрх үйл баримт нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогджээ.

Тодруулбал, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон төхникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нарт тэтгэмж олгох үндэслэлтэй юм.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 277 210 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

                                    

                                         ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА                                               

 

                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ