Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 443

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Тад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Амаржаргал, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 294 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Т.Тад холбогдох 201626021490 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Тын Т, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, 23 дугаар байр 77 тоотод түр оршин суух, одоо Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

Т.Т нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагаас 4 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “...” баарны орчим гадаа А.Туваансүрэнтэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохисны улмаас газарт унаж эрүүл мэндэд баруун зулай ухархайн дээд хананы шугаман хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальс дээрх цус хуралт, тархи дарагдал, голын бүрдлийн зүүн тийш хазайлт, бага тархины хоёрдогч цус харвалт бүхий хүнд, хохирол учруулсны улмаас А.Туваансүрэн нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Талийгаач А.Туваансүрэнтэй хамт явж байсан Э.Мөнхбилэг, О.Ариунжаргал, Ц.Маргад-Эрдэнэ, Н.Учрал, Т.Түвшинтөр, Х.Цэндмаа мөн зочид буудлын жижүүр эмэгтэйн үйлдэлд бусдын амь нас аюултай байдалд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй явдал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх,

Зодоон гарах эх үүсвэрийг тавьсан Н.Од-Эрдэнэ, Ц.Маргад-Эрдэнэ нарын үйлдэл нь бүлэглэж, нийгмийн хэв журам зөрчсөн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг дахин шалгах,

Тухайн үед хэргийн газарт тоосго өшиглөөд явж байсан Т.Т болон хамт явсан хүний үйлдэл нь энэ хэрэгт холбоотой эсэхийг шалгах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг тус тус хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцааж,  хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг CD, 1 ширхэг флашийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

 Прокурор Э.Бадрал эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эмнэлгийн мэргэжилтэн” гэж уг гэмт хэргийн субъектийг тодорхой заасан мөн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй” гэж тодорхой заасан ба шүүгчийн захирамжид дурдсан нэр бүхий гэрч нар нь эмнэлгийн мэргэжилтэн биш, мөн хууль болон захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх үүрэг хүлээгээгүй этгээдүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул эдгээр гэрч нарыг уг хэрэгт холбогдуулан шалгах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Н.Од-Эрдэнэ, Ц.Маргад-Эрдэнэ нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх боломжгүй. Учир нь, эдгээр этгээдүүд харилцан бие биетэйгээ муудалцан маргалдсан этгээдүүд юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн” гэж заасан байдаг ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс дээш олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хамтран оролцох гэнэ” гэж заасан тул Н.Од-Эрдэнэ, Ц.Маргад-Эрдэнэ нар нь бүлэглэн ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “05 цаг 15 минут 55 секунд болоход камерын бичлэгт орж ирсэн хүмүүсээс арагшаа тоосго шидэж байгаа дүрс бичигдсэн байна”, “05 цаг 16 минут 51 секунд болоход камерын бичлэгт тоосго өшиглөөд машины урдуур өнгөрсөн цагаан өмдтэй хүн тоосгыг замаас зайлуулж байгаа дүрс бичигдсэн байна”, “05 цаг 20 мин 13 секунд болоход Э.Мөнхбилэг нар Туул ресторан чиглээд явж байгаа дүрс бичигдсэн”, “05 цаг 18 минут 42 секунд болоход камерын бичлэгт Э.Мөнхбилэгийн зогсож байгаа дүрс бичигдсэн байна”, “05 цаг 16 минут 43 секунд болоход камерын бичлэгт Э.Мөнхбилэг, Б.Тулга, Түвшинтөр нар зогсож байгаа дүрс бичигдсэн байна” гэжээ. Үүнээс үзэхэд уг “тоосго” шидсэн цаг хугацаа нь хохирогч хэрэг гарсан газар ирэхээс өмнө болсон үйл явдал болох нь тогтоогдсон ба шүүгчийн захирамжийн дагуу уг тоосго шидсэн этгээдийг олж тогтоосон ба А.Т нь А.Туваансүрэнг ямар нэгэн байдлаар тоосгоор цохисон гэж үзэх үндэслэлгүй хэрэгт авагдсан баримтаар А.Туваансүрэнг Т.Т нь цохисон нь тогтоогдсон. Уг зодоонд гадны ямар нэгэн танихгүй хүн оролцоогүй болохыг хэрэг учрал гарах үед байсан гэрч нар мэдүүлдэг болно. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 294 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эмнэлгийн тусламж үзүүлээгүй, амь биед аюултай нөхцөл байдалд орхисон байдлыг шалгаж тогтоогоогүй. Анхан шатны шүүхээс хэд хэдэн удаа буцаасан боловч шалгаагүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмч шүүх хуралд оролцохдоо тархины гэмтлийг гэмтлийн эмнэлэгт очоод хагалгаанд орсон бол амь нас нь аврагдах боломжтой байсан гэх дүгнэлтийг хийсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч мэдүүлэг өгөхдөө үүнийгээ баталсан. Буудалд орсон камерын бичлэгт талийгаачийг 4 талаас нь өргөөд ордог. Буудлын жижүүрт “манай найз жоохон согтоод хүнд зодуулсан тул амраах хэрэгтэй байна” гэж хэлээд үүрээд оруулсан бичлэг байдаг. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний актаар хохирогч эрүүл байсан гэж гарч ирсэн. Талийгаачийг амь насаа алдах нөхцөл байдалд хэн хүргэсэн бэ гэдгийг шалгах хууль зүйн үндэслэлтэй. Од-Эрдэнэ, Маргад-Эрдэнэ гэх хүмүүс Т нартай хамт явсан байдаг. Маргаан үүсэхэд дээгүүр өмссөн фудволкоо тайлаад “ална тална, өндөр гэхээрээ яадаг юм” гэж маргаан үүсгэж нийгмийн хэв журмыг зөрчсөн гэж эдгээр хүмүүсийг зүйлчлэх үндэслэлтэй.  Тоосго хаяад хөлөөрөө түлхээд явсан А.Т болон түүнтэй хамт байсан хүнийг шалгах шаардлагатай. Прокурорын ярьж байгаа шиг хэрэг гарахаас өмнө болсон зүйл биш. Иймд анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гарсан” гэв.

Т.Тын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан 3 үндэслэлийн 2 үндэслэлийг няцаах зорилгоор давж заалдах шатны шүүхэд орж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд зааснаар шалга гэж хэлээгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу амь биед нь аюултай нөхцөл байдалд орхих, туламж үзүүлэхгүй байх байдлаар хэрэгт холбогдол бүхий хүмүүсийг шалга гэсэн байдаг. Прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэсэн байсан. Од-Эрдэнэ, Маргад-Эрдэнэ нар эсрэг этгээдүүд учраас бүлэглэж танхайн гэмт хэрэг үйлдэх боломжгүй гэж байна. 1 дүгээр хавтасны 65-66 дугаар хуудсанд гэрч Маргад-Эрдэнийн тухайн үед гэрчээр өгсөн мэдүүлэгт “...тэгээд бид нар явахаар Тын цагаан өнгийн “Кluger” тээврийн хэрэгсэлд сууцгаасан ба арын суудалд Од-Эрдэнэ, Дөлгөөн бид гурав бас нэг эмэгтэй хамт суусан ... Од-Эрдэнэ хувцсаа тайлахаар нь би мөн машин руу очиж дээгүүр өмссөн хувцсаа тайлж нүцгэлсэн” гэсэн байдаг. Тэгэхээр Од-Эрдэнэ, Маргад-Эрдэнэ хоёр нэг талын нөхөд болох нь энэ мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Бүлэглэн гүйцэтгэгчээр шалгаад танхайрах гэмт хэрэг үйлдсэн байна уу гэдгийг шалгах гэснийг эсэргүүцэж байгаа прокурорын эсэргүүцэл өөрөө үндэслэлгүй болж байна. Яллагдагч талын хувьд цохисон, цохиогүй гэх байдлаар асуудалд хандаагүй зөвхөн хуульд заасан ажиллагаанууд, процессын ажиллагаанууд, гэмт хэрэг үйлдсэнийг нотлох, яллагдагчийн хувийн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэсэн нөхцөл байдлуудыг нотолж, батлах үүднээс хүсэлт гаргаж оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гарсан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Т.Тад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Чингэлтэй дүүргийн прокуророос яллагдагч “Т.Тыг 2016 оны 5 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагаас 04 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “...” баарны гадаа А.Туваансүрэнтэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохисны улмаас газарт унаж эрүүл мэндэд баруун зулай ухархайн дээд хананы шугаман хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальс дээрх цус хуралт, тархи дарагдал, голын бүрдлийн зүүн тийш хазайлт, бага тархины хоёрдогч цус харвалт бүхий хүнд, хохирол учруулсны улмаас А.Туваансүрэн нас барсан” гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хүнийг алах  гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба амь хохирогч шууд эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байх нь хүнийг алах гэмт хэргийн заавал байх шинж бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Гэтэл амь хохирогч А.Туваансүрэнгийн нас барсан шалтгаан яллагдагч Т.Тын үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нарийвчлан тогтоож, хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй атлаа “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэсэн дүгнэлт хийж хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.  

Мөн тухайн нөхцөл байдалд буюу яллагдагч Т.Т нь амь хохирогч А.Туваансүрэнгийн биед халдах шалтгаан нөхцөлийг шууд бусаар бүрдүүлсэн, нийгмийн хэв журмыг зөрчиж хүч хэрэглэсэн байж болох бусад этгээдүүдийн үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтоож байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зарчим хангагдах учиртай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5 дахь заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоосны эцэст яллагдагч Т.Тад холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Дээрх үндэслэлүүдээр прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 294 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 294 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл яллагдагч Т.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ