Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 301

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй залуучуудын  гудамж 16 тоотод оршин суух, 49 настай, эрэгтэй, одоо Алтанбулаг чөлөөт бүсийн бүртгэл, санхүү хэлтсийн дарга ажилтай Олхонууд овогт Раднаагийн Өлзийбаатар /МЖ-69032218/ /Алтанбулаг чөлөөт бүс/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 хороолол 10-602 тоотод оршин суух, 49 настай, эрэгтэй, одоо “Сэлэнгэ хөх чоно” ХХК-нд менежер ажилтай Боржигон овогт Гончигдоржийн  Одбаяр /ТЗ-68092872/ “Сэлэнгэ хөх чоно” ХХК-нд/ холбогдох 

“Газрын төлбөр 5.600.000 төгрөг гаргуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өлзийбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өлзийбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Сэлэнгэ хөх чоно” ХХК нь газрын төлбөрт 2011 онд 2.240.000 төгрөг, 2012 онд 2.240.000 төгрөг, 2013 онд 1.120.000 төгрөгийг тус гэрээнд заагдсаны дагуу төлөх ёстой байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй учир 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгох “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн захирамж гаргасан. Иймд “Сэлэнгэ хөх чоно” ХХК-иас газрын төлбөрт нийт 5.600.000 төгрөг гаргуулж өгнө үү гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Манай компаний хувьд газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар “Мастер төлөвлөгөө” гаргасан байсан боловч тус “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс нь үйл ажиллагаа явуулах, хэрэгжүүлэх  орчин нөхцөлийг  бүрэн хэмжээгээр хангаж өгөөгүйгээс болж үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Тухайлбал тэнд цахилгааны асуудал маш хүндрэлтэй байдаг. Манай компаниас үзэсгэлэн худалдаанд оролцоход цахилгаан байнга тасарч байсан. Газрын төлбөрийн хувьд манай компаниас маргах зүйл байхгүй. Харин газар эзэмших гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, хууль бус үйлдэл гэж үздэг. Учир нь: Нэхэмжлэгч талыг төлөөлж үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Манай компанид гэрээ цуцалсан захирамж гарсан талаар мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Сая л шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн. Газрын тухай хуулинд гэрээг цуцалсан талаар мэдэгдэх ёстойг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ хуулийн заалтыг  зөрчсөн гэж үзэж байна.  Тус компани нь “Мастер төлөвлөгөө”-ний дагуу  бүрэн боломжоор хангаад өгсөн бол үйл ажиллагаа явуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Алтанбулаг” чөлөөт бүсийн нэхэмжлэлтэй “Сэлэнгэ хөх чоно” ХХК-нд холбогдуулан гаргасан “Газрын төлбөр 5.600.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  ханган  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг гэх “Сэлэнгэ хөх чоно” ХХК-нд холбогдуулан “Газрын  төлбөр 5.600.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

2010 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ хөх чоно” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн Алтанбулаг суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар олгох эрх олгож 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай “Эрх олгох тухай”, мөн өдрийн 18 дугаартай “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай”, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар 1 га газрыг “Мод, модон эдлэл, зүсмэлийн үйлдвэрлэл, агуулах худалдааны барилга байгууламж”-ийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргаж, захирамжуудыг үндэслэн 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10/102 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”, 134 дугаартай “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулсан нь зохигчдын хооронд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд  заасан “Газар эзэмших /ашиглах/” харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10/102 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.3-т заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” авсан аж ахуйн нэгж, байгууллага тухайн...эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацааанд бүс дотор үйл ажиллагаа, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй...зэрэг тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүйд тооцон газрыг хураах...”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа нь хариуцагч тал хууль болон гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзнэ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас “...Манай компанид гэрээ цуцалсан захирамж гарсан талаар мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Сая л шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн. Газрын тухай хуулинд гэрээг цуцалсан талаар мэдэгдэх ёстойг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ хуулийн заалтыг  зөрчсөн гэж үзэж байна...” гэжээ. Гэтэл хариуцагч талыг хууль болон гэрээнд заагдсан дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн...нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаартай захирамжаар “Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай” захирамж гарган Бүртгэлийн болон газар эзэмших /ашиглах/, эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсоныг   дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид хуульд заасны дагуу “Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай” захирамж гарган газрын төлбөр төлөх, гомдол гаргах талаар мэдэгдсэн эсэх, хариуцагч нь газрын төлбөрийг хуульд болон гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй талаараа “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн албанд мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаараа талууд шүүхэд  нотолж чадаагүй болно.   

Иймд “Сэлэнгэ хөх чоно” ХХК-иас газрын төлбөр 5.600.000 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт Улсын бүртгэлийн 0000098276 дугаартай 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 9070001099 улсын бүртгэлийн дугаартай, 9129065 регистрийн дугаартай “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын гэрчилгээ, Монгол Улсын шадар сайдын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаал, “Сэлэнгэ хөх чоно” ХХК-ийн газрын төлбөрийн хэмжээ, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай”, 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай “Эрх олгох тухай” захирамжуудын хуулбар, 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10/102 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ” /4 хуудас/, 134 дугаартай “”Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ” /2 хуудас/, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 “Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай” захирамж хавсралтын хамт, “Газар эзэмшихийг хүссэн өргөдөл”, 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаартай “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс бүртгэлийн гэрчилгээ” /“Сэлэнгэ хөх чоно” ХХК/ , 56 дугаартай  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний /“Сэлэнгэ хөх чоно” ХХК/ хуулбарууд зэрэг болно.       

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 104.550 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ хөх чоно” ХХК-иас гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухйа хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар “Алтанбулаг” чөлөөт бүсийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар, хариуцагчаас 104.550 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод /данс: 100130000957/ оруулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.СОЁЛМАА