Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2020/03110/и |
Дугаар | 001/ХТ2021/00678 |
Огноо | 2021-06-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2021/00678
2021 06 08 001/ХТ2021/00678
...................нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02725 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дугаар магадлалтай,
...................нэхэмжлэлтэй
...................ХХК-д холбогдох
...................ХХК-ийн даатгал хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч ............-ын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., хариуцагчийн өмгөөлөгч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................нь ...................ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.03.19-ний өдрийн 26 дугаартай тогтоол болон компанийн гүйцэтгэх захирлын 2019.03.21-ний өдрийн Б/19-208 дугаартай тушаалаар тус компанийн даатгал хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдон ажилласан. ...................нь үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж, үзүүлэлт өндөртэй ажиллаж байсан гэж үзэж байна. Учир нь 2019 оны ...................ХХК-ийн жилийн эцсийн тайлангаар 400,000,000 гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болох нь санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийн сайт дээр нийтлэгдсэн. Байгууллагын удирдлагын зүгээс 2020.03 дугаар сараас ...................ажлын байранд ирэх шаардлагагүй хэмээн яриа хөөрөө гаргаж улмаар ажлаар хангахаа больсон. ...................нь дээрх нөхцөл байдлыг хэсэг харзнасан боловч юу ч өөрчлөгдөхгүй байсан болохоор шинээр томилогдсон ...................ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Одод хандаж хөдөлмөрийн нөхцөл байдал, ажлын байрны тухай ярихад тэрээр ...................тоймтой хариу өгөөгүй юм. ...................нь ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрээ гаргаач гэж удаа дараа хандсан боловч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчид цалин хөлс бодоогүй бөгөөд нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлөгдөөгүй, дэвтэрт бичилт хийгдээгүй. ...................санхүүгийн зохицуулах хорооны вэб сайтаас уг хорооны 2020.06.29-ний өдрийн 486 дугаар тогтоолоор 2019 оны 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж ...................холбогдох хэсгийг хүчингүй болгосон тухай зүйлийг олж үзлээ. 2019 оны 94 дүгээр тогтоол нь зохицуулалттай байгууллагын удирдлагад ажиллаж болох эсэхийг тодорхойлсон шийдвэр юм. Энэ тогтоолын агуулгаас харахад ...................ХХК ...................ямар нэгэн байдлаар, өөрт нь мэдэгдэхгүйгээр ажлаас халсан байна. ...................нь ...................ХХК-д ажлаас халсан шийдвэрээ өгөх талаар хандсан боловч түүнд хариу өгөхгүй, мөн ажлын байранд нэвтрүүлэхгүй байна. Иймд хариуцагч ...................ХХК нь ...................үндэслэлгүйгээр ...................ХХК-ийн дэд захирлын албан тушаалаас халсан байх тул ......................................ХХК-ийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг энэ өдрийг хүртэл тооцон 35 000 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................нь ...................ХХК-ийн дэд захирлын албан тушаалд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Түвшин буюу манай компанийн эцсийн хувьцаа эзэмшигч болон Тэгш арвид ХХК нарын хооронд байгуулагдсан менежментийн хэлцлийн үндсэн дээр томилогдсон. Энэ харилцаа 2017 оны намраас эхлээд 2018 онд үүссэн. Тэгш арвид ХХК-ийн хувьцаа эзэмшигч ............., ................, .................... нар нь ............... хувьцаа эзэмшигчтэй уулзаж компанийн менежментийг цааш сайжруулан авч явах талаар хэлцэл хийсэн. Уг хэлцлийн дагуу компанийн удирдлагыг шилжүүлэн авах, компанийн 21 хүртэлх хувийг эзэмших байдлаар менежментийг үргэлжлүүлэн явна гэх хэлцэл хийгдсэн. Уг хэлцлийг хэргийн материалд хавсаргаж өгсөн. Тэгш арвид ХХК ...................ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй харилцаа үүсч, ...................ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр ............. ХХК орж ирсэн. ........... ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь өөрийн хүсэлтээр менежментийн гэрээний төлбөрийг ажилтны хувийн данс руу цалин оруулах байдлаар тохиролцож, гүйцэтгэх захирал болон дэд захирлын албан тушаалд томилж, үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байсан. .......... ХХК буюу менежментийн компани нь менежментийн хэлцэл хийсэн үр дүндээ хүрч чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагад 400,000,000 төгрөгийг ашигтай ажилласан гэх боловч энэ нь аудит болон компанийн ашигтай ажиллагааны тайлан зэргээр худлаа гаргасан гэдэг нь тогтоогдсон. Мөн манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс .......... ХХК-тай харилцаагаа дуусгавар болгох талаар ямар нэгэн санал санаачлагыг гаргаагүй байхад ............ ХХК нь өөрсдөө харилцаанаас татгалзаж, компанийн удирдлагыг буцаан шилжүүлэн авах хүсэлтийг тавьсан. ...................нь 2020.02.06-ны өдрөөс тус компанид ажил үүргээ гүйцэтгэхээр нэг ч ирээгүй 7 сар явсан. ...................нь миний тушаалыг ямар ч хамаагүй байдлаар гаргачих гэж хэлдэг байсан. ...................нь 2020.02.05-ны өдөр ......... гэх хүнтэй ажил үүргээ хүлээлцэж, өрөөгөө суллаж өгөөд ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд 2020.03 дугаар сард гүйцэтгэх захирал ...........-той уулзаж 3 дугаар сарын нийгмийн даатгалыг таслахгүй бодож өгнө үү гэх хүсэлтийг тавьж, гүйцэтгэх захирал .......... хүсэлтийг хүлээн авч 2020.03 дугаар сард амралтын мөнгийг нь бодож тооцоог дуусгасан бөгөөд дээрх баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөн. ...................нь өөрөө ажилдаа ирэхгүй байсан атлаа 2020.07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. .............. ХХК хувьцаагаа буцаж худалдан авч 1.1 тэрбум төгрөгийн шаардлагыг хувьцаа эзэмшигч ............. тавьж, уг хэлцэл дээр тодорхой шийдвэрийг аль аль талаас тохиролцож чадахгүй байсан учраас давхар уг асуудлыг хөндөж оруулан ирсэн. ...................тушаал гарснаар ажил үүргийн харилцаа дуусгавар болоогүй, үүнээс үүдэж ямар нэгэн үр дагавар бий болоогүй. Харин ...................нь тушаал гарахаас өмнө үүрэг гүйцэтгэхээ больж ажилдаа ирээгүй. ...................ямар ч хамаагүй тушаал гаргачих гэсэн хүсэлтийг нь үндэслээд тушаал гаргасан. Дээрх нөхцөл байдлаар харахад талуудын хоорондын харилцаа 2020.02.05-ны өдөр дуусгавар болгосон нь харагдаж байна. Гэхдээ компанийн удирдлагын зүгээс дуусгавар болгоогүй, ............. ХХК өөрсдөө санал гаргасан. Тушаалд дурдагдсан бүтэц орон тоо батлах тухай тогтоол гарснаар ...................халагдаагүй, ............. ХХК манай компанийн үйл ажиллагааг цаашид авч явах менежмент хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж энэ тухайгаа мэдэгдсэн учраас 2020.02.05-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлөөс уг компанийн удирдлагыг буцаан авах шийдвэр гаргаж, ...................гэх хүн ажиллахгүй юм бол ...................гэх хүнд зориулсан албан тушаалыг нь байхгүй болгосон шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл бид нар цаашдаа компаниа ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй авч явах юм гэдэг байдлаар 2020.02.17-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Гэхдээ тушаалыг үндэслэж ...................ажлаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02725 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ...................ХХК-ийн дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 53 372 061 төгрөгийг ...................ХХК-аас гаргуулан ...................олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 877 939 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэг ...................нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ...................ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...................ХХК-аас 424 810 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ............... хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн авч танилцаад дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Анхан болон давж заалдах шатны шух хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд; 1.1. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Улсын дээд шүүхийн 2006.07.06-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоол”-ын 15.1.1-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1,-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж тайлбарлажээ. ...................ХХК-ийн менежментийн багийн гишүүд болох Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ............., даатгал хариуцсан дэд захирал ...................нар компанийн удирдлагыг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсноо удаа дараа илэрхийлсний дагуу ...................ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх) 2020.02.17-ны өдөр хуралдаж 05 дугаартай тогтоол гаргаж, ...................ажиллаж байсан “Даатгал хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалын орон тоо”-г компанийн зохион байгуулалтын бүтцээс хассан. Компанийн ТУЗ-ийн тогтоолын дагуу нэхэмжлэгч ...................ажиллаж байсан ажил, албан тушаалын орон тоо хасагдсан тул гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ............... 2020.02.20-ны өдөр Б/20-252 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж, ...................Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэг ажлаас нь чөлөөлж, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Дээр дурдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан “Менежментийн хэлцэл”, ТУЗ-ийн 2020 оны 05 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Мөнххишигийн 2020.02.20-ны өдрийн Б/20-252 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон тухай 2020.03.23-ны өдрийн ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй тайлан, ...................ХХК-ийн депозит дансны хуулга зэрэг анхан шатны баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Хариуцагч ...................ХХК-ийн ТУЗ Компанийн тухай хууль болон дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн хүчин төгөлдөр тогтоол гаргаж нэхэмжлэгч ...................ажиллаж байсан “Даатгал хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалын орон тоо”-г компанийн зохион байгуулалтын бүтцээс хассан болох нь дээр дурдсан анхан шатны нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх: “...орон тоо хассан үйл баримт баримтаар тогтоогдоогүй”, давж заалдах шатны шүүх орон тоо хасагдсан үндэслэл баримтаар тогтоогдоогүй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. 1.2. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хууль бус үндэслэлээр хэрэгсэхгүй болгосны улмаас дээр дурдсан “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг ...................танилцуулж, түүний ажлыг хүлээлцсэн баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй болсон. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Мөнххишигийн 2020.02.20-ны өдрийн Б/20-252 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ...................ажлыг хүлээлцүүлэхээр Дотоод хяналт хариуцсан захирал .............. ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсгийг томилсон. Дотоод хяналт хариуцсан захирал ............ ахлуулсан ажлын хэсэг 2020.02.21-ний өдөр ...................Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Мөнххишигийн 2020.02.20-ны өдрийн Б/20-252 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэг хувийг албан ёсоор гардуулж, түүний ажлыг хүлээж авсан байсан. Бид энэ тухай баримтаа өөрсдийн сонгож авсан өмгөөлөгч ..............-аар дамжуулан шүүхэд гаргаж өгөхөөр бэлдсэн байсан. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгч ....................-ны шүүх хуралдаан хойшлуулах тухай үндэслэл бүхий хүсэлтийг хууль бус үндэслэлээр хэрэгсэхгүй болгосны улмаас хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрх ноцтой зөрчигдөж, шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөх нөхцөл, боломж хууль бусаар хязгаарлагдсан. Нэхэмжлэгч ...................ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш бүхэл бүтэн 6 сар 15 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гомдол гаргасан эсэхийг тодорхой болгохгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан “хэргийг бүхэлд нь хянан үзэх” гэснийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй тухайд;. 2.1. Нэхэмжлэгч ...................ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч ...................ХХК-иас 53,372,061 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гайхан эргэлзэж байна. Нэхэмжлэгч ...................хариуцагч ...................ХХК-д холбогдуулан 2020.09.02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан дэд захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 35,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.11-ний өдрийн 181/Ш32020/11660 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжаар хариуцагч ...................ХХК-д холбогдох нэхэмжлэгч ...................нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг “...ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 35,000,000 төгрөг гаргуулах тухай” гэж тодорхойлж энэхүү нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020.09.16-ны өдөр гардуулсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, шүүх хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй, хариу тайлбар авах ажиллагаа огт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй нөхөн олговрыг өөрийн санаачилгаар нэмж, хариуцагчаас нийт 53,372,061 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг “ажилгүй байсан бүх хугацааны олговор олгох заалтын хүрээнд гэж үзнэ” хэмээн буруу тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилгүй байсан бүх хугацааны олговор олгох”-оор заасан боловч энэхүү олговрыг нэхэмжлэгчийн хүсэлт болох түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэн олгох ёстой эсэхийг шийдэх ёстой байтал анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй нөхөн олговрыг өөрийн санаачилгаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. 2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах эрхтэй” гэж заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан байхад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дах хэсгийг буруу тайлбарлаж, хэргийн оролцогчоос гаргасан даргалагч шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэсэнд гайхан эргэлзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй.” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх татгалзан гарах хүсэлт гаргах үе шат өнгөрсөн байхад хүсэлт гаргасан бөгөөд хуулийн 92.2 дах хэсэг хэргийн оролцогчид хамаагүй гэсэн ойлгомжгүй, тодорхойгүй, хууль бус үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг ойлгохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн даргалагч шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана.” гэж заасныг ноцтой зөрчсөн, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан хууль бус үйл ажиллагаа гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн дээр дурдсан ноцтой зөрчлийг “анхан шатны шүүхийн шүүгчийг буруутгах үндэслэлгүй” гэж зөвтгөжээ. Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэхгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
1. Хариуцагч ...................ХХК-д холбогдуулан даатгал хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай ...................нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Ажил олгогч 2020.02.19-ний өдрийн Б/20-252 дугаар тушаалаар ...................Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 , 42 дугаар зүйлийн 42.1, ...................ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020.02.17-ны өдрийн 05 тоот “Компанийн 2020 оны бүтэц, орон тоог батлах тухай тогтоол”-ыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байх боловч энэ үндэслэлээ нотлоогүй байна. /хх35/
Түүнчлэн хариуцагч “......................нь ...ажилтантай хувийн харьцаа тогтоосноос болж ажлаа хаяж явсан, өөрийнх нь хүсэлтийн дагуу тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн, Тэгш арвид ХХК нь ...................ХХК-тай менежментийн хэлцэл байгуулж, хувьцаа эзэмшигч болохдоо удирдлагын багийг авна гэсний дагуу дэд захирлын орон тоонд ............ ХХК-ийн хувьцаа эзэмшигч ...................томилсон боловч хамтын ажиллагаа амжилтгүй болж ...................нь өөрөө ажилдаа ирэхээ больсон...” гэж тайлбар гаргасан боловч энэ талаар нотлоогүй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хийвэл зохих дүгнэлтийг хийжээ. ........... ХХК-тай байгуулсан санамж бичиг, түүний хавсралтыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн хэдий ч хамтын ажиллагаагаа цуцалсан эсэх, үүнээс хамаараад нэхэмжлэгч ажлаа орхисон, гэрээг цуцалсан гэх үйл баримтыг нотлоогүй байна.
2.Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо орон тоо хасагдсан, нэхэмжлэгч ажлаа орхин явсан, тушаал үндэслэлтэй гэж байгаа боловч бүтэц орон тоо баталсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.02.01-ний өдрийн 05 дугаар тогтоолыг гаргаж өгөөгүй, ......... ХХК-тай хамтран ажиллах гэрээг цуцалснаас нэхэмжлэгч ажиллах боломжгүй болсон гэх байдлыг нотлоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүх хуралдаан хойшлуулах өмгөөлөгчийн хүсэлт, шүүгчийг татгалзсан хариуцагчийн хүсэлтийг тус тус шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг дахь хэсгийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийж, магадлалд тодорхой тусгасан байна.
Ажилд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд шүүх шийдвэр гаргах хүртэл хугацаанд олговрыг гаргуулсан нь нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл биш юм. Учир нь ажил олгогчийн хууль бус тушаалын улмаас ажилтан ажилгүй байсан, ажилд эгүүлэн тогтоосон тул үр дагаврыг шийдвэрлэх нь хууль зөрчихгүй.
Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул тэдгээрийн өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй тул гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 424,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА