Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0784/з |
Дугаар | 221/МА2016/0673 |
Огноо | 2016-10-08 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2016/0673
М.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Д.*******ид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, М.*******гийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.6, 114 дүгээр зүйлийн 114.1, 159 дүгээр зүйлийн 159.2, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******гийн Багануур дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Багануур дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.******* давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Багануур дүүргийн 5-р хороо, Нарийн 16-41 тоотод оршин суух Хувилгаанч овогт Махвалын ******* миний бие нь 2016 оны 09-р сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Багануур дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09-р сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолыг хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09-р сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Хуульд өөрөө заагаагүй бол анхан шатын журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж мөн заасны дагуу давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэр дэвшигчийн түр үнэмлэхийг гардуулж сонгуульд оруулахыг Багануур дүүргийн Сонгуулийн хороонд даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.*******г Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд оролцуулахаар нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохыг Багануур дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Багануур дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Ардчилсан намаас Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч М.*******г Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасныг үндэслэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан нь үндэслэлтэй байна.
Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““сонгуулийн жил” гэж дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг;”,
70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”,
70.1.6-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;”,
159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”,
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар дугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж тус тус заажээ.
Дээрхээс үзвэл, аливаа этгээд ээлжит сонгууль явагдах жилийн нэг дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн арван хоёрдугаар дугаар сарын гучин нэгний өдөр дуусах хүртэлх хугацаанд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тохиолдолд хэзээ, аль сонгууль зохион байгуулагдах үед зөрчил гаргаснаас үл хамааран тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахаар зохицуулсан гэж үзэхээр байна.
Гэтэл Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар шийтгэвэрээр нэхэмжлэгч М.*******г Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6-д заасан зөрчил гаргасан гэж дүгнэн мөн зүйлийн 70.15.1-д зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 192 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байх ба М.******* уг шийтгэвэрийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр биелүүлж, 192 000 төгрөгийг Багануур дүүргийн Татварын хэлтсийн дансанд тушаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[1] тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үеэр, уг сонгуульд нэр дэвшигчийг гүтгэсэн үйлдэлд шийтгэл хүлээсэн нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихэд саад болох ёсгүй, энэ нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай огт холбоогүй гэж маргаж байх боловч энэ нь хуулийн дээрх заалтуудыг зөрчин нэр дэвшигчээр бүртгэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч байгууллага Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасныг зөв хэрэглэжээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хэдийгээр нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа талаар дурдсан байх боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, шийдвэр гаргах эрхгүй тул нэмэгдүүлсэн шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН