Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 441

 

“Нейшнл ураниум ресурсес” ХХК,

“Монгол гурван мянга” ХХК, “Моннуклер ГМ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 528 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0638 дугаар магадлалтай, “Нейшнл ураниум ресурсес” ХХК, “Монгол гурван мянга” ХХК, “Моннуклер ГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 528 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Нэйшнл ураниум ресурсес” ХХК, “Монгол гурван мянга” ХХК, “Моннуклер ГМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, “Нэйшнл ураниум ресурсес” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн, “Монгол гурван мянга” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн, “Моннуклер ГМ” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0638 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “Нэйшнл ураниум ресурсес” ХХК, “Монгол гурван мянга” ХХК, “Моннуклер ГМ” ХХК-ийн “хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, “Нэйшнл ураниум ресурсес” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн, “Монгол гурван мянга” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн, “Моннуклер ГМ” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, өргөдлийг шийдвэрлэх эрх Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан олгогдсон учир анхан шатны шүүх тухайн маргаан бүхий харилцааг дүгнэж хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 112 дүгээр зүйлийн 112.1-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэн: 112.1.1-д “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж зааснаар Ашигт малтмалын газарт бүрэн эрх нь олгогдсон. Харин Ашигт малтмалын газрын үйл ажиллагааг зохицуулсан гол хууль бол Ашигт малтмалын тухай хууль билээ. Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын газар гэх агентлаг дотор хэлтсүүдийн чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон байх ба Кадастрын хэлтэст энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг мөн хуулийн 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж зааснаар олгосон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг төрийн эрх бүхий байгууллага нь биелүүлэхгүй байгаа, биелүүлсэн дүр үзүүлээд, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахдаа Ерөнхийлөгчийн 2011 оны 181 дүгээр зарлигт зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх үүргээ биелүүлээгүй нь тус байгууллагын хууль дээдлэх үйл ажиллагааны үндсэн зарчмаа зөрчсөнөөс болсон. Харин энэхүү төрийн байгууллагын үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг зохих шаардлагыг хангаж өргөдөл, материалуудаа өгч тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд хүлээх ёсгүй юм. Хэдий Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр  сарын 13-ны өдрийн 04, 05, 06, 07, 08 дугаар шийдвэрүүд гарсан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэх боловч шийдвэр гарсанаас хоёрхон сарын дараа буюу 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалууд гаргаж тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь уг шүүхийн шийдвэр бодит байдалд биелээгүйг харуулж байна. Нэхэмжлэгч компаниуд нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 511 дүгээр шийдвэртэй хэргийг хэлэлцэж байх үед болон тусгай зөвшөөрлүүд олгосон 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04, 05, 06 дугаар тушаалууд гарахаас өмнө Ерөнхийлөгчийн 181 дүгээр Зарлиг гарсан байсан. Ерөнхийлөгчийн зарлиг, хуульд нийцүүлж тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах нь Цөмийн энергийн газрын үүрэг байхад тусгай зөвшөөрөл гарсны дараагаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч, түүнд нийцүүлэх ажиллагаа хийгдэх ёстой байсан, түүний дагуу тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон мэтээр давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг үнэлж магадлалаа гаргажээ. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсний дагуу дээрх тушаалууд нь анхнаасаа хуулийн этгээдийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны илт хууль бус акт юм. Өмнөх гурван шатны шүүхийн шийдвэрүүд нь нэхэмжлэгч таван компаниас “Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан шийдэгдсэн. Түүнээс биш “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан шийдвэрлэгдээгүй, тухайн үед дээрх Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй байсан. Цөмийн энергийн газраас нэхэмжлэгч компаниудад тусгай зөвшөөрөл олгосны дараагаар Цөмийн энергийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс ямарваа зөрчил дутагдал гаргаагүй байхад тусгай зөвшөөрлүүдийг хуульд заагаагүй үндэслэлээр хүчингүй болгосон. Мөн урьд шийдэгдсэн гурван шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудад зөрүүтэй, буруу үнэлсэн дараах нөхцөл байдлууд байгаа. Үүнд: 

  • Цөмийн энергийн газрын даргын зөвлөлийн ажиллах журам нь сүүлд өөрчлөлт оруулсан 2012 оны журмыг өгсөн байсан ба маргаан бүхий үед үйлчилж байсан 2010 оны журамд дотоод дүрэм журамдаа өөрчлөлт оруулахад заавал даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх гэсэн шаардлага байхгүй байсан.
  • Асуудал үүссэн шалтгаан арилж, шийдвэрлэгдсэн тул үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Билэгтээс 2012.01.10-ны өдрийн 5/22 дугаар албан бичгээр Цөмийн энергийн газарт чиглэл өгөгдсөний дагуу Цөмийн энергийн газар бүрэн эрхийнхээ дагуу 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч компаниудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.
  • Тухайн үед Ерөнхийлөгчийн 2011 оны 181 дүгээр зарлиг гарсан байсан ч дээрх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 5/22 дугаар албан бичиг болон Цөмийн энергийн тухай хуулиар /2015.02.13-ны өдөр өөрчлөлт орохоос өмнөх/ Цөмийн энергийн газарт тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрх нь байсан. Цөмийн энергийн тухай хуульд тусгай зөвшөөрөл олгохдоо аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэсэн хуулийн заалт, шаардлага байгаагүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засагт нөлөө үзүүлэх асуудлыг хэлэлцэхээс биш агентлагийн ажил, түүний бүрэн эрхэд хамаарах бүх асуудлыг хэлэлцэх үүрэггүй юм.

Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1-д зааснаар Цөмийн энергийн газрын дарга нь Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц биелэлтэд нь хяналт тавих чиг үүрэгтэй ч уг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой. Гэтэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо хуульд заагаагүй үндэслэлээр хүчингүй болгосон. Нэхэмжлэгч компаниуд анх 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2016.04.26-ны өдөр “Хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж,  “Нэйшнл ураниум ресурсес” ХХК, “Монгол гурван мянган” ХХК, “Моннуклер ГМ” ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж өөрчилсөн. Өмнөх гурван шатны шүүхийн шийдвэрийг хавтаст хэрэгт авсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчдээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй юм. Иймд, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                                                                                      ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Нэйшнл ураниум ресурсес” ХХК, “Монгол гурван мянга” ХХК, “Моннуклер ГМ” ХХК-иас анх “ашигт малтмалын Ц-012Х, Ц-013Х, Ц-014Х, Ц-015Х, Ц-016Х, Ц-017Х, Ц-018Х, Ц-019Х дугаар тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж, “Нэйшнл ураниум ресурсес” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн, “Монгол гурван мянга” ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, “Моннуклер ГМ” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг авч дахин хянан шийдвэрлэхийг даалгах” гэж өөрчилжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, “Нэйшнл ураниум ресурсес” ХХК-иас 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, “Монгол гурван мянга” ХХК-иас 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, “Моннуклер ГМ” ХХК-иас 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллагын /Цөмийн энергийн газар/ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг захиргааны байгууллагад даалгасан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад тухайн асуудлыг дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар шүүх шийдэх үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс “Нэйшнл ураниум ресурсес” ХХК, “Монгол гурван мянга” ХХК, “Моннуклер ГМ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй. 

Нөгөөтэйгүүр, Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04, 05, 06 дугаар шийдвэрүүдээр нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлүүдийг “Монгол гурван мянга” ХХК, “Нейшнл ураниум ресурсес” ХХК, “Моннуклер” ХХК-д олгосон боловч 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28 дугаар тушаалаар хүчингүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 228 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28 дугаар тушаалыг хянасан байхад анхан шатны шүүх тухайн актад дахин хууль зүйн дүгнэлт өгөх замаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй  болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0638 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                              ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН