Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Г, Ө.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Соёмбо,

шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Г, шүүгдэгч Ө.О болон түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ө.Г, Ө.О нарт холбогдох 1805016140265 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Өгийн Г, 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 гэх, Булган аймаг 6 дугаар баг ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, /РД:.../,

 урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх хуулиар 3 жил хорих ялыг өршөөн хасаж, 2007 оны  2 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоног хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан гэх,

Э овгийн Өгийн О, 1985 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 гэх, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 12 дуугаар баг Булаг 3-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаяг дээр оршин суудаггүй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, /РД.../,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 9 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан гэх,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 жил хорих ялыг өршөөн хасаж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан гэх,

1. Шүүгдэгч Ө.Г нь Ө.Отай бүлэглэн, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... тоотод 82 настай М.Дамдинсүрэнг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3,4,7,8,9,10,11-р хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алсан,

мөн Ө.Отай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Дамдинсүрэнд байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн,

2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 40 айлын 10-02 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэнийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ө.О нь Ө.Гтай бүлэглэж, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... тоотод 82 настай М.Дамдинсүрэнг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3,4,7,8,9,10,11-р хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алсан,

мөн Ө.Гтай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Дамдинсүрэнд байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ө.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Ө.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э овогт Өгийн Г, Э овогт Өгийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд, Э овогт Өгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар шүүгдэгч Ө.Гад 12 /арван хоёр/ жил хорих ял, шүүгдэгч Ө.Оад 12 /арван хоёр/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гад 3 жил хорих ял, шүүгдэгч Ө.Оад 3 жил хорих ял, шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Оад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 12 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 12 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ө.О, Ө.Г нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Оын цагдан хоригдсон 335 хоног, Ө.Гын цагдан хоригдсон 338 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Оаас 1.673.610 төгрөгийг, шүүгдэгч Ө.Гаас 1.673.610 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатарт нийт 3.347.220  төгрөгийг, шүүгдэгч Ө.Гаас 650.622 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг бахь, улаан хүрэн зүйлийн өнгөөр бохирлогдсон, талийгаачийн хувцас болох “бор өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, цагаан саарал өнгийн өмд, хар хөх өнгийн судалтай цамц, цэнхэр өнгийн футболк, цэнхэр өнгийн дотоож, хар хөх өнгийн 2 хос оймс зэрэг нийт 7 ширхэг хувцас, бусад зүйлс хэргийн газраас марлонд бэхжүүлж авсан 1 ширхэг цусны дээж, 2 ширхэг “Түмний хишиг” нэртэй архины шил, улаан өнгийн паск /түрийвч/ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаанд ахынд очихдоо орсон дэлгүүр, караокений эзэн хүүхэн зэргээс мэдүүлэг авах мөн бичлэг гаргаж өгөх зэрэг ажиллагаа хийлгэх хүсэлт тавьсан. Гэтэл прокурор “шалга” гэж байцаагчид хэлэхэд өнөөдөр завгүй гэж хойшлуулж, өмгөөлөгч Гомбо мөн хэлэхэд үл тоон хэргийн чухал үнэнийг олоогүй олон сар өнгөрсөн. Мөн найз хүүхэн болох Отгонцэцэгт гурван хоног өөр хүүхэнтэй байснаа нууж, зодоон хийж зугтаж яваа гэж зүгээр ярьсан үг төдий зүйлийг буруутгах гол нотлох баримт болгож ялласанд гомдолтой байна. Прокурор, байцаагч нар нь хэт яллах талыг барьж хилс хэрэгт яллуулсандаа гомдолтой байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ө.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн болчимгүй зан байдлаас болж хүний эхнэрийг хүнээс харамлаж, хардаж гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би өөрийнхөө алдааг маш сайн ойлгож байна. Хувийн алдаандаа дүгнэлт хийж анхаарч амьдрах болно. Та бүхэн миний хувийн байдлыг харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Энхбаатар тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Хэрэгтнүүдэд өгсөн ялын хэмжээг болно гэж үзэж байна. Гэтэл хэрэгтнүүд давж заалдах гомдол гаргасан байна. Би тус гомдлуудтай танилцаагүй, танилцах ч үгүй. Алуурчид зохих ялаа авсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Оыг гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч Ө.Гын мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар, гэрч Ц.Алтансувд, Ц.Алтанзул, гэрч Б.Отгонцэцэг нарын мэдүүлгүүдийг тус тус үндэслэн шийдвэрлэжээ. Гэвч хавтас хэргийн материалд шүүгдэгч Ө.Г нь анхны мэдүүлгээ худал өгсөн, амь хохирогч Ө.Гтай муудалцаж түүнийг цохиж зодсон талаараа мэдүүлдэг. Түүнчлэн гэрч Ц.Алтанзулын хувьд шүүгдэгч Ө.Оыг амь хохирогчийг цохиж зодон дээрэмдсэн талаар хараагүй, мэдэхгүй гэсэн, гэрч Ц.Алтансувдын өөрөө хараагүй хүний хэлсэн дам яриагаар гэрчлэгдэх мэдүүлэг болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатарын мэдүүлэг зэргээс харахад Ө.О нь тухайн гэмт хэргийг хийсэн гэдэг нь нотлогддоггүй. Мөн гэрч Б.Отгонцэцэгт шүүгдэгч Ө.О нь зүгээр л онгироод тэгж хэлсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, тайлбар зэргээс харагддаг. Гэтэл дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн түүнийг гэм буруутай гэж үзсэн явдал нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өмгөөлөгч миний хувьд урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хурал дээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, тухайн ажиллагааг шүүхийн шатанд гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүхээс бидний хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Тухайн ажиллагааг явуулснаар шүүгдэгч Ө.Оын гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой байсан юм. Ийнхүү хүсэлтийг хангалгүй шийдсэн явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй гэж үзэж байна. Мөн шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ө.Гын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Гын гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан дээрмийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийг харахад энэ хэргийн гол гэрч болох Алтанзулын  мэдүүлгээр манай үйлчлүүлэгчийг дээрмийн гэмт хэрэг болон хүн амины хэргийг бүлэглэж үйлдсэн гэсэн байдаг. Тухайн гэрчийн 3 мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Тухайн үед гэрч нь гэмт хэрэг болж байгааг хараагүй,  мэдээгүй байдаг. Мөн “мөнгийг нь авах гэж зодсон байх” гэж таамаглаж мэдүүлсэн тус мэдүүлэгт үндэслэж дээрмийн хэрэгт оролцсон оролцоотой гэж гэм бурууг тогтоосон нь үндэслэлгүй юм. Мөн Ө.Г баривчлагдах үед хохирогчийн эд зүйлс түүнд байгаагүй. Амь хохирогчоос мөнгө, төгрөг авснаа үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Мөн талийгаачид учруулсан гэмтэл болон амь насыг нь хохироосноо үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Ийм учраас шүүгдэгчийн хоёр зүйл заалтад заасан гэмт хэрэгт холбогдсон нь эргэлзээтэй байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтуудыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ө.Г ,Ө.О нарын давж заалдах гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, тухайн гэмт хэргийн үйл явц болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг нотолбол зохих бүх ажиллагааг тал бүрээс нь хийгдэж, тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн талаар болон хэргийн үйл явцыг гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлт зэргийг үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ө.Г, Ө.О нарыг бүлэглэн, 82 настай М.Дамдинсүрэнг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3,4,7,8,9,10,11-р хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэг үйлдсэн, хохирогч М.Дамдинсүрэнгийн биед бэлэн байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн, шүүгдэгч Ө.Г нь 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 40 айлын 10-02 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэнийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогдуулан шүүгдэгч Ө.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ө.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ө.Г, Ө.О нарын хүнийг алах гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоо, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүй, ямар үндэслэл шалтгаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дахь заалтад заасан ялын хамгийн доод хэмжээгээр шүүгдэгч тус бүрт 12 жил хорих ял шийтгэсэн хууль зүйн үндэслэлээ заагаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч тус бүрээр дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудад заасан хуулийн шаардлага юм. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангах хэдий ч тухайн сонгож оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэгт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэнээр шударга ёсны зарчмыг хангасан шийдвэр болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийж оногдуулсан ял нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, ...шүүгдэгч Ө.Г гэм буруугаа хүлээн мэдүүлж байгааг харгалзан” гэж харилцан уялдаагүй, ойлгомжгүй байдлаар дүгнэж шүүгдэгч Ө.Г, Ө.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гурван хүндрүүлэх шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа хамгийн хөнгөн ялыг сонгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Иймд Ө.Г, Ө.О нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг дахин хэлэлцтэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон тул шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад энэ удаа хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Г, Ө.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ө.Г, Ө.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ