Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0243

 

 

 

 

 

 

        2021 оны 03 сарын 30 өдөр                                        128/ШШ2021/0243             Улаанбаатар

              

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И”ХХК  

Хариуцагч: АМГТГГУУКХД

Хариуцагч: АМГТГ

Нэхэмжлэлийн шаардлага:

 1. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус компанийн эзэмшлийн *** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. “И” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсантай адилтгахуйц эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох”

3. “И” ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг гаргахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “И ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгохыг АМГТГт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, онлайнаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, онлайнаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, онлайнаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“И”ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “...Бид өөрийн талбайд 2008 оноос эхлэн нүүрс, зэс, алтны хайгуул хийж нийтдээ 1 375 457 099 төгрөгийн зардал гаргаж улмаар улсын болон орон нутгийн төсөвт газрын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрт нийтдээ 2 079 284 020 төгрөгийн татвар хураамж төлсөн, уг талбайд уламжлалт газрын тос, хайх эрэхтэй энэхүү харилцаа үргэлжилж байх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус компанийн эзэмшлийн *** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашигт сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул илт хууль бус бүртгэл гэж үзэж байна.

Учир нь тусгай зөвшөөрлийг 2008 онд 3 жилийн хугацаатай авч жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд нь бүрэн төлж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн ба тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байхад 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

Тухайлбал энэ хугацаанд буюу 2014 онд манай компани тусгай зөвшөөрөл бүхий талбайд Газрын тосны эрэл хайгуулын ажлын гэрээ байгуулахаар Уул уурхайн яаманд хүсэлт гаргасан боловч тус яамнаас манай хүсэлтийг хүлээн авалгүй, “Г” ХХК-тай гэрээ хийснээс болоод бид манай компанийн *** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ “Г” ХХК-ийн эзэмшилд шилжсэн гэж үзэн, үүнийг эс зөвшөөрч Монгол улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан юм.

Түүнчлэн Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн бүртгэлд тухайн үедээ ямар нэгэн бүртгэл хийж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулсан эсэх талаар манай компанид мэдэгдээгүй.

Иймд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох нөхцөл бүрдээгүй, 2017 он хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрөө бүрэн төлсөн, захиргааны байгууллагад гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байхад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Манай компани Говь-Алтай аймгийн *******, Алтай сумын ******* нэртэй газарт оршин 10068 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 13268Х тоот тусгай зөвшөөрлийг 2008 онд 3 жилийн хугацаатай авч жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд нь бүрэн төлж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан юм.

Бид өөрийн талбайд 2008 оноос эхлэн нүүрс, зэс, алтны хайгуул хийж нийтдээ 1 375 457 099 төгрөгийн зардал гаргаж улмаар улсын болон орон нутгийн төсөвт газрын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрт нийтдээ 2 079 284 020 төгрөгийн татвар хураамж төлсөн бөгөөд энэ нь компанийн жилийн эцсийн санхүүгийн тайлан болон тухайн тайлант хугацаанд хийсэн хараат бус аудиторын тайлангаар давхар нотлогдож байна.

Ийнхүү татвар, хураамжаа зохих ёсоор төлж, талбайдаа хайгуул хийж байх хугацаанд буюу 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа уламжлалт, газрын тос эрэх, хайх зорилгоор Газрын тосны газар хүсэлт явуулсан боловч зөвшөөрөл олгоогүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх”, 21.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл манай компани нь хайгуул хийж нөөцийг нь тогтоосон тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхтэй этгээд мөн атал хариуцагч Газрын тосны газар нь манай компанийг ийм онцгой эрхгүй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл манай компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авч чадаагүй байна.

Тиймээс манай компанийг *** дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, тухайн талбайдаа уламжлалт газрын тос эрэх хайх, онцгой эрхтэй мөн болох эрх зүйн харилцааг хүлээн зөвшөөрүүлснээр бид дээр дурдсан хэмжээний зардал гаргасны дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах бөгөөд мөн үргэлжлүүлэн хуулийн дагуу газрын тос эрэх, хайх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу манай компанийг *** дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхтэй этгээд мөн болох эрх зүйн харилцааг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү.

Газрын тосны газар нь манайх их хэмжээний зардал гарган хайгуул хийж нөөцийг тогтоосон талбайд Газрын тосын эрлийн ажил хийх гэрээ байгуулахдаа манай компанийн хүсэлтийг хүлээж авалгүй, тус талбайд нэг ч төгрөгийн хайгуул хийгээгүй, тусгай зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулсан нь үндэслэлгүй.

Учир нь бид нийтдээ 1 375 457 099 төгрөгийн зардал гаргаж улмаар улсын болон орон нутгийн төсөвт газрын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрт нийтдээ 2 079 284 020 төгрөгийн татвар хураамж төлсөн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-дХайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж зааснаар уг талбайд уламжлалт газрын тос эрэх, хайх давуу эрх бүхий компани юм.

Иймд *** дугаар тусгай зөвшөөрлийн талбайд “Г” ХХК-тай байгуулсан “Газрын тосын эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, “И”ХХК-тай гэрээ байгуулахыг Ашигт малтмал, газрын тосын газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж буй Г азрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэнэ." гэж заасны дагуу АМГТГ болон “Г” ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр уламжлалт бус газрын тосны эрлийн ажил гүйцэтгэх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байна.

Мөн хуулийн 15.2-т “Улсын тусгай хамгаалалттай газраас бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийж болно.” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газрын тосны эрэл хийхийг хуулиар хориглоогүй болно. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “эрэл” гэж тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлөвийг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажлыг эрхэлдэг тул ашигт малтмалын хайгуултай давхцахад харшлах зүйлгүй болно.

Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар “Түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биеийнхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана, ажиллах боломжгүй бол уг асуудлыг Засгийн газар нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэрлэнэ, Засгийн газраас аль нэг талын үйл ажиллагааг бүрэн зогсооход хүрвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул, ашиглалтын үед гарсан бүх зардлыг тусгай зөвшөөрөл авсан тал нь нөхөн төлнө.” гэж хуульчилжээ.

АМГТГ нь Газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу “Г” ХХК-тай эрлийн ажлын гэрээ байгуулсан тул гэрээг цуцлах үндэслэлгүй байна.

Иймд “И”ХХК-ийн гаргасан тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын *** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, тус талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхтэй этгээд мөн болох эрх :зүйн харилцааг хүлээн зөвшөөрүүлэх, *** тоот тусгай зөвшөөрлийн талбайд “Г” ХХК-тай байгуулсан газрын тосны эрлийн ажлын гэрээг цуцалж “И”ХХК-тай гэрээ байгуулахыг АМГТГт даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Говь-Алтай аймгийн *******, Алтай сумын нутаг ******* нэртэй 100678 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “И" ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1336 дугаар, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр тус тус ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцон, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

“И”ХХК-аас ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрөл дээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдөл ирүүлснийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6-д заасан хуулийн шаардлагыг хангасан тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 171 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон Говь-Алтай аймгийн *******, Алтай сумын нутаг ******* нэртэй 100557.64 гектар талбайгаас 42436.00 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 58121.64 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн байна.

“И”ХХК нь ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул тус компанийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн *******, Алтай сумын нутаг ******* нэртэй 100678 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссаныг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу Кадастрын бүртгэлийн УУККС-д 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан үүрэг бөгөөд энэ тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын дээрх тусгай зөвшөөрлийг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Газрын тосны газар /хуучин нэрээр/ болон “Г” ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр газрын тосны эрлийн ажил гүйцэтгэх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байна.

Түүнчлэн мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Улсын тусгай хамгаалалттай газраас бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийж болно.” гэж зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газрын тосны эрэл хийхийг хуулиар хориглоогүй болно.

“И”ХХК нь ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэнтэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус компанийн эзэмшлийн *** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, *** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхтэй этгээд мөн болох эрх зүйн харилцааг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.  

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “И”ХХК нь:

1. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус компанийн эзэмшлийн *** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. “И”ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох,

3. “И”ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан хайгуулын *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-д заасны дагуу “ ... эрдсийн хуримтлал бүхий талбайд дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг АМГТГт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2, 3 дахь нэхэмжлэлийн шаардлагаа ““И”ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсантай адилтгахуйц эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” болон “И” ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг гаргахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгохыг АМГТГт даалгуулах” гэж тодруулсан болно. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/522 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас үзэхэд “Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газрын тосны эрэл хийхийг хуулиар хориглоогүй болно. ... газрын тосны эрлийн талбай нь ашигт малтмалын хайгуулын талбайтай давхцахад харшлах зүйлгүй болно” гэсэн үндэслэлээр хариуцагч маргаж байна.

Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Улсын тусгай хамгаалалттай газраас бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийж болно” гэж заасан байна.

Дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тосны эрэл хийхийг зөвшөөрсөн зохицуулалт байх ба харин уг хуулийн зохицуулалт нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газрын тосны эрлийн ажлыг давхардуулан хийхийг зөвшөөрсөн зохицуулалт биш байна.  

Эрх зүйт төр, нийтийн эрх зүйд захиргааны байгууллага, албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим үйлчилнэ.

Иймд “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газрын тосны эрэл хийхийг хуулиар хориглоогүй болно. ... газрын тосны эрлийн талбай нь ашигт малтмалын хайгуулын талбайтай давхцахад харшлах зүйлгүй” гэсэн үндэслэлээр маргаж байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.  

“И”ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сүүлд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Газрын тосны газар болон “Г” ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* дугаартай, АМГТГ болон “Г” ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд “И”ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх үед “Г” ХХК-тай Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.  

Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “Түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана”, 42.4-д “Энэ хуулийн 43.3-т зааснаар ажиллах боломжгүй бол уг асуудлыг энэ хуулийн 7.1.10-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.1.10-д “газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын талбайтай бусад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай давхацсан тохиолдолд нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэрлэх” гэж тус тус заасан байна.

            Дээрх үйл баримт, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд “И”ХХК-ийн *** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх үед нь тус хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр “Г” ХХК-тай Эрлийн ажлын гэрээ байгуулсан нь нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Зүй нь дээрх Газрын тосны тухай хуулийн 42.3-д заасны дагуу газрын тосны болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллах боломжтой талаар захиргааны байгууллагын зүгээс “Г” ХХК болон “И”ХХК-д мэдэгдэх, ийнхүү харилцан гэрээ байгуулж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсвэл тус хуулийн Газрын тосны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасны дагуу нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэрлэхтэй холбоотой холбогдох ажиллагааг захиргааны байгууллагын зүгээс хуульд нийцүүлэн хийх шаардлагатай байсан ба эдгээр ажиллагааг захиргааны байгууллагаас явуулж байсныг нотлох нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч буюу захиргааны байгууллагыг хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

“И”нь  олон зуун сая төгрөгийн зардал гаргаж хайгуулын ажил хийсэн болох нь “Э” ХХК-аар хийлгүүлсэн аудитын тайлан болон  “И”ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайлан, “И”ХХК-ийн *** тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан тооцоо /2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан байна.

Газрын тос дотоодод олборлох асуудал нь манай улсын эдийн засгийн хүчин чадалтай шууд холбоотой асуудал тул “И”ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх үед “Г” ХХК-тай Эрлийн ажлын гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасантай адилтгахуйц, төсөөтэй үйл баримт бий болсон байна гэж үзлээ.

Иймд “И”ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Г” ХХК-тай Эрлийн ажлын гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдлийг “И”ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсантай адилтгахуйц эрх зүйн харилцаа болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт нь Засгийн газрын бүрэн эрх байх тул “И ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг АМГТГт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь 1 дэх нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус компанийн эзэмшлийн *** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн 3 дахь шаардлагаа “...талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул ...эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” гэж тодорхойлсон нь зөрүүтэй, нэг дэх нэхэмжлэлийн шаардлагатай зөрчилтэй, ойлгомжгүй байна.

Мөн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн И тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... нэгэнт  Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эзэмшиж байгаад сунгуулах эрхээ эдлээгүй тул дуусгавар болсон ... *** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссаныг Кадастрын бүртгэлийн УУККСистемд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасан байна.

Иймд “...*** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “И”ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Г” ХХК-тай Эрлийн ажлын гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдлийг “И”ХХК-ийн эзэмшиж байсан *** дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсантай адилтгахуйц эрх зүйн харилцаа болохыг тогтоож, “И” ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын үйлдэл хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-д эрдсийн хуримтлал бүхий өөр талбай дүйцүүлэн олгох асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг АМГТГт даалгаж, үлдэх “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус компанийн эзэмшлийн *** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “И”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.БАТЗОРИГ