Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2023/0954/З |
Дугаар | 221/МА2024/0126 |
Огноо | 2024-02-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0126
Д.А-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.А
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/34* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн дэслэгч цол, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0956 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Х.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2023/0954/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.А нь Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулж “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/34* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн дэслэгч цол, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэлд дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0956 дугаар шийдвэрээр: “Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.18 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэд “... нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь бүх нийтийн амралтын өдөр буюу ажлын бус цаг үед хамаарна. Мөн Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дэлгэрэнгүй зохицуулахын зэрэгцээ нэн ялангуяа, төрийн тусгай бөгөөд жинхэнэ албан хаагч болох цагдаагийн албан хаагчийг цагдаагийн албанаас халах үндэслэл, журмыг Цагдаагийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулсан байна.
Гэхдээ эдгээр хуулиудад албан хаагчийг албанаас халж, хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгосон захиргааны актыг хэрхэн мэдэгдэх, гардуулах талаар нарийн журамласан процессын шинжтэй зохицуулалт байхгүй бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж буюу төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ гэдгийг заан тогтоож зохицуулсан байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө”, 83.6-д “Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын зүгээс Б/34* дугаар тушаалын нэг хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, зүгээр ийм тушаал гарсан гэдгийг мэдэгдэх хуудсаар танилцуулсан бөгөөд тушаалын албан ёсны эхийг шүүхэд захиргааны маргааныг хянан шийдвэрлэх явцад л олж харсан. Энэ нь Захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” гэсэн зарчимд нийцээгүйг илтгэж байна
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/34* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтан ажилд эгүүлэн тогтоох, цагдаагийн дэслэгч цол, цалингүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргасан болно.
Гэтэл анхан шатны шүүх “Нэхэмжлэгч шийдвэр гаргаж буй талаар 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 600 дугаар мэдэгдэх хуудсаар маргаан бүхий актыг гардуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа түүнийг оролцуулаагүй, саналыг сонсоогүй, мөн маргаан бүхий захиргааны актыг гардуулаагүй үйл баримт тогтоогдохгүй байна. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын гарын үсэгтэй тушаал танилцуулагдаагүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй, хариуцагч захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд журамласан харилцааны дагуу нэхэмжлэгчид маргаан бүхий тушаалыг мэдэгдсэнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарна гэж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Д.А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Д.А нь Цагдаагийн ерөнхий газраас Б/34* дугаар тушаалын нэг хувийг хүлээлгэн өгөөгүй, тушаал гарсан гэдгийг мэдэгдэх хуудсаар танилцуулсан, уг тушаалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харсан хэмээн маргажээ.
3. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/34* дугаар “Цагдаагийн дэслэгч Д.Аыг албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” тушаалаар “Ховд аймгийн цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Дангаасүрэнгийн Алтангадас нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт албан 00-31 ХОҮ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй албан үүрэг гүйцэтгэж явахдаа цагдаагийн дүрэмт хувцастай, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шууд удирдах даргад мэдэгдэлгүй, зохих зөвшөөрөлгүй дур мэдэн албаны техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглан, зам тээврийн осол гаргаж байгууллагын эд хөрөнгөд 4.350.700 төгрөгийн хохирол учруулж 4 төрлийн зөрчлийг нэг зэрэг үйлдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.16, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.5.4, 2.1.3, 2.1.7, 2.4.8, 2.4.11, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2.1.2, 2.1.10-т заасныг тус тус зөрчсөн тул 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон албанаас халж, “цагдаагийн дэслэгч” цолыг хурааж” шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн дэслэгч цол, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд “...албан үүрэг гүйцэтгэж явахдаа цагдаагийн дүрэмт хувцастай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албаны тээврийн хэрэгслийг дур мэдэн жолоодож зам тээврийн осол гаргасан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, байгууллагын эд хөрөнгөд 4,350,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь 20230480000001 дугаартай албаны шалгалт, Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын сум сундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ч-ын “Цагдаагийн дэслэгч Д.А-ын үйлдсэн зөрчлийн талаар” танилцуулга, “Албаны шалгалт явуулсан тухай” танилцуулга, Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар Д.А-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан” гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцсэн байна.
5. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д цагдаагийн алба хаагчид хориглох “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх” гэж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.5.4-т “ноцтой зөрчил гэж хууль тогтоомжид заасан, цагдаагийн албаны нэр хүндэд харшлах үйлдэл хийх, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, үр дагаврыг бий болгох, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг”, 2.1.3-т “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах”, 2.1.7-д “Байгууллагаас тогтоосон хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг чанд сахин биелүүлж, албаны бус зорилгоор материал-техникийн, санхүүгийн хэрэгсэл, төрийн бусад эд хөрөнгө, албаны мэдээллийг ашиглахгүй, бусдад шилжүүлэхгүй байх”, 2.4.8-д “ажлын байранд, ажлын цагаар эсхүл албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэх, хуулиар хориглосон газарт утаат тамхи татахгүй байх”, 2.4.11-д “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэж, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2.1.2-т “Албаны болон алба хаагчийн нэр хүндийг хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу үйл ажиллагаа явуулах, 2.1.10-т “Байгууллагын өмч хөрөнгө, техник болон тусгай хэрэгсэл, албан хэрэгцээний мэдээ материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх” гэж тус тус заасныг нэхэмжлэгч Д.А зөрчжээ.
6. Хэрэгт авагдсан Ховд аймгийн Булган сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ч-ын 2023048000000* дугаартай “Албаны шалгалтын материал”, цагдаагийн байгууллагын ажилтан Б.М-ийн тайлбар, цагдаа жолооч Б.М-ийн тайлбар, Ховд аймгийн Булган сумын төвийн дулаанд уурын зуухны галч Ц.Б-ы тайлбар, фото зураг болон Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Д.А нь дүрэмт хувцастай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулж цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж зөрчсөн ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.
7. Нэгэнт нэхэмжлэгчийн гаргасан дээрх үйлдэл нь хориглосон хэм хэмжээг зөрчсөн учир маргаан бүхий актаар “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж үзэн, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд албанаас халах арга хэмжээ авсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д заасантай нийцжээ.
8. Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх”-ийг цагдаагийн алба хаагчид хориглосон бөгөөд “2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан, албан үүрэг гүйцэтгээгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, ажлын болон амралтын цагаас үл хамааран дүрэмт хувцастай, согтууруулах ундаа хэрэглэхийг цагдаагийн албан хаагчид хориглосон зохицуулалт гэж ойлгоно.
9. 2023048000000* дугаартай “Албаны шалгалтын материал”-ыг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянаад “Ховд аймгийн цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Д.А-т Цагдаагийн албаны тухай 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “албанаас халах” санал гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын даргад хүргүүлсэн, мөн маргаан бүхий тушаалыг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Мэдэгдэх хуудсаар /тушаалын 1,2 дахь заалтыг бүрэн агуулсан/ мэдэгдэж, Д.А хүлээн авч гарын үсэг зурсан зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
10. Ийнхүү мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгчид тушаалыг хүлээлгэн өгөөгүй, захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/34* дугаар тушаалыг эх хувиар нь гардуулаагүй нь уг тушаалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй.
11. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн боловч хууль хэрэглээ, бичиглэлийн алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0956 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1...” гэснийг “Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1...” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА