Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1359

 

2018 оны 05 сарын 30 өдөр

              Дугаар 183/ШШ2018/01359

                  Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ЗТН ОНӨААТҮГ-ын ҮЭХны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗТН ОНӨААТҮГ-д холбогдох,

 

Хамтын гэрээний үүрэгт 104.448.732 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ч.Т, түүний өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот шийдвэрээр үүсгэн байгуулагдсан. 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрийн 5.5-т Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Үйлдвэрчний эвлэлийн татварыг бэлэн бусаар хурааж дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Автобус-1 ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 2.7-д зааснаар “Захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж дараа сарын 05-ны дотор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчин 560 гишүүдийн татварыг 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг дуустал 19 сарын татвар 104.448.732 төгрөгийг хурааж, шилжүүлээгүй тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар Хамтын гэрээний 2.7-д гишүүдийн үндсэн цалингийн 1.5 хувиар бодож татварын хэмжээг тооцохоор байгаа. Нийтийн тээвэр ухаалаг системд 2015 оны 7 дугаар сард шилжиж, үүнтэй уялдаад жолооч, шалгагч нарын цалин, байгууллагын цалин хөлсний журамд өөрчлөлт орсон. Цалин өөрчлөгдсөн учраас өөрчлөгдсөн цалингаар татвар төлөхийг зөвшөөрсөн гишүүдийн гарын үсэг байхгүй. Мөн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байгууллагын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд хийсэн тохиролцооны 7-д зааснаар захиргаа нь ЗТН ҮЭХ гишүүд, баазуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хурааж, дараа сарын 05-ны дотор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон. Дээрх тохиролцоо болон өөрчлөгдсөн цалингаар татвар төлөхийг зөвшөөрсөн гишүүдийн гарын үсэггүйгээр ажиллагсдын цалингаас Үйлдвэрчний эвлэлийн татварыг шууд суутгах боломжгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т ажилтны цалин хөлснөөс зөвхөн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, эсхүл хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд суутгал хийж болдог. Үүнээс бусад тохиолдолд гишүүний татварыг ажилтны цалин хөлснөөс бэлэн бусаар, шууд суутгаж төвлөрүүлэх үүргийг ажил олгогч нарт хүлээлгэж байгаа нь дээрх заалтыг зөрчиж байна. 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Тарифын хэлэлцээр байгуулагдаж, Хөдөлмөрийн яаманд бүртгэгдсэн байна. Уг хэлэлцээрт Автобус-1 баазын ҮЭХ төлөөлөн оролцоогүй. Эндээс шаардах эрхгүй гэдэг нь харагдаж байна. Хавтаст хэрэгт байгаа баримтаас харвал нэхэмжлэгчийн шаардсан огноогоор тооцоод үзэхэд үүнтэй холбогдох хурлын шийдвэр огт байхгүй байгаа юм. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаар тавьсан 104.448.732 төгрөг нь хийсвэр тоо байна. Учир нь 560 гишүүнээс тэтгэвэрт 48 хүн, группэд 3 хүн, ажлаас 103 хүн гарсан байгаа. Ингээд нийт 154 хүний хөдөлмөрийн харилцаа дууссан бөгөөд ямар нэгэн холбоогүй болсон. Манай байгууллага 1500 ажилтантай, 1300 ажилтнаа нэгтгээд Эв нэгдэл гэдэг Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хороонд 265 хүн орсон, энэ манай гишүүн гээд уг хорооны талаарх баримтыг хэрэгт гаргаад өгсөн байгаа. Дараагийн нэг асуудал нь 560 гишүүн нь Автобус 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн мөн гэдгийг батлах ямар баримт байхгүй, гишүүний батлах нь хэрэгт авагдаагүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ЗТН ҮЭХнэхэмжлэлтэй, ЗТН ӨНОААТҮГ-д холбогдох, хамтын гэрээний үүрэгт 104.448.732 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ЗТН ҮЭХ“...2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.7-д заасны дагуу үйлдвэрчний эвлэлийн хорооны 560 гишүүний 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг дуустал 19 сарын хугацааны төлөгдөөгүй татвар 104.448.732 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ЗТН ОНӨААТҮГнь хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

 

“Автобус-1” ОНӨААТҮГ буюу одоогийн ЗТН ОНӨААТҮГнь тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хамтын гэрээ”-г байгуулж, талууд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  уг гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн байх бөгөөд дээрх гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хүчин төгөлдөр, Хөдөлмөрийн яамнаас 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан “2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээрт нийцсэн Хамтын гэрээг байгуулжээ.

 

“Автобус нэг” ОНӨҮГ-ын захиргаа, ҮЭ хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан Нэмэлт өөрчлөлтийн 2.7-д “захиргаа нь ҮЭ-ийн хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож, сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж, дараа сарын 05-ны дотор ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ...” гэж заасны дагуу хариуцагч “Автобус-1” ОНӨААТҮГ буюу одоогийн ЗТН ОНӨААТҮГнь тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүний татварыг цалингаас нь бэлэн бусаар хураан авч, шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагчаас шүүхэд ирүүлсэн ажилчдын цалингийн тооцооны карт /хариуцагчаас ирүүлсэн 4 хавтас нотлох баримт/, нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн тооцоо /2 дахь хавтаст хэргийн 21-32 дугаар талд авагдсан/ баримтыг үндэслэн 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг дуустал 19 сарын хугацааны 430 гишүүний татварт 104.448.732 ЗТН ОНӨААТҮГаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11-т заасантай нийцэхээр байна.

 

Хариуцагч тал “...ажилчдын цалин өөрчлөгдсөн тул Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд татвар төлөхийг зөвшөөрсөн талаар баримтгүй, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хэлэлцээрт Автобус-1 баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо төлөөлөн оролцоогүй, нэхэмжлэлийн шаардлага болох 560 гишүүний татвар 104.448.732 төгрөг нь хийсвэр тоо” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮГаас хамтын гэрээний үүрэгт 430 гишүүнд ногдох 104.448.732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗТН ҮЭХндолгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮГаас хамтын гэрээний үүрэгт 104.448.732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗТН ҮЭХндолгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 260.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 581.430 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ЗТН ОНӨААТҮГаас улсын тэмдэгтийн хураамжид 680.196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.СЭМЖИД