Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00690

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 08 001/ХТ2021/00690

 

 

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын

Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00021 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 431 дүгээр магадлалтай,

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо /регистрийн дугаар 8096767, улсын бүртгэлийн дугаар 9074001053/-ны нэхэмжлэлтэй,

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох,

 

2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, Үйлдвэрчний эвлэлийн 427 гишүүнээс хурааж аваагүй татвар 60,789,636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Автобус нэг ОНӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн хороо нь 2012.12.15-ны өдрийн 01 тоот шийдвэрээр үүсгэн байгуулагдсан. 2013-2014 онд хэрэгжүүлэх автотээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээрийн 5.5 дахь хэсэгт Үйлдвэрчний Эвлэлийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Үйлдвэрчний Эвлэлийн татварыг бэлэн бусаар хурааж дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ. 2014.01.22-ны өдрийн Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, Үйдвэрчний Эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013.02.05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 2.7 дахь хэсэгт зааснаар Захиргаа Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож cap бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж дараа сарын 05-ны өдрийн дотор Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасныг тус тус зөрчин гишүүдийн татварыг 2015 оны 4 дүгээр сараас өнөөдрийг хүртэл огт шилжүүлэхгүй байна. Захиргаа нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүд баазуудын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн cap бүр хурааж дараа сарын 05-ны өдрийн дотор Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон боловч шилжүүлээгүй. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь 2015.06.29-ний өдөр ирүүлсэн татварын тухай албан бичгээр Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүдийн татвар төлөхийг зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн гишүүдийн татварыг үргэлжлүүлэн бэлэн бусаар суутгаж, тус хорооны дансанд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн албан бичиг ирүүлсэн боловч 2015 оны 04 дүгээр сараас хойш огт төлөөгүй байна. 2013.03.02-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сар хүртэлх 9 сарын татварыг тасалдуулж байсан болно. Иймд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиргаа нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын ажилтны ҮЭ-ийн хорооны татварыг тухайн он сард шилжүүлээгүйн улмаас учруулсан хохирол болох 2015 оны 12 сараас 2017 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны татварын хохиролд 60,789,636 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хороонд байгуулсан 2013.02.05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 2.7-д зааснаар Захиргаа ҮЭ-ийн хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож cap бүрийн цалингаас бэлэн бусаар суутгаж дараа сарын 5-ны өдрийн дотор шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан. Хамтын гэрээний 2.7-д гишүүдийн үндсэн цалинг 1.5 хувиар бодож татварын хэмжээг тооцохоор байгаа. Нийтийн тээвэр ухаалаг системд 2015 оны 7 дугаар сард шилжээд үүнтэй уялдаад жолооч шалгагч нарын цалин, байгууллагын цалин хөлсний журамд өөрчлөлт орсон. Цалин өөрчлөгдсөн учраас өөрчлөгдсөн цалингаар татвар төлөхийг зөвшөөрсөн гишүүдийн гарын үсэг байхгүй. Мөн 2015.06.05-ны өдрийн байгууллагын захиргаа, ҮЭХ-ны хооронд хийсэн тохиролцооны 7-д зааснаар захиргаа нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ҮЭХы гишүүд, баазуудын ҮЭ-ийн хорооны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн cap бүр хурааж, дараа сарын 05-ны өдрийн дотор ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон. Дээрх тохиролцоо болон өөрчлөгдсөн цалингаар татвар төлөхийг зөвшөөрсөн гишүүдийн гарын үсэггүйгээр захиргаа ажиллагсдын цалингаас ҮЭ-ийн татварыг шууд суутгах боломжгүй. Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийхээр хуульчилсан. Үүнд ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан. ҮЭ-ийн хорооноос нэр бүхий 560 гишүүний 133 гишүүн нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 60,789,636 төгрөг болгосон байна. Хариуцагч байгууллагын зүгээс нийт 560 гишүүнээс ажлаас чөлөөлөгдсөн 94 ажилтан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 57 ажилтан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоолоор Зорчигч тээврийн гурав ОНӨААТҮГ үүсгэн байгуулсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/723 дугаар захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын блансаас хөрөнгө болон эх үүсвэрийг шинээр байгуулагдаж байгаа Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын блансад шилжүүлэхийг даалгасан. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны А/64 тоот тушаалаар ажилтан болон хөрөнгийг, эх үүсвэрийн хамт шилжүүлсэн байдаг. Нэр бүхий 560 гишүүнээс 16 жолооч, 1 шалгагч, нийт 17 ажилтан шилжилт хөдөлгөөнд хамрагдаж, 134 ажилтны байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч нь 2013.07.09-ний өдрийн 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрийг байгуулахад оролцоогүй, хэлэлцээрт гарын үсэг зураагүй тул уг хэлэлцээрийн дагуу шаардах эрхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд тус шүүхийн 2018.12.24-ний өдрийн 00027 дугаар шийдвэрээр тарифын хэлэлцээрийг шүүхээс дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Мөн хэлэлцээрийн 5.5-д гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэхээр заасан ба татвар төлөхийг зөвшөөрсөн ҮЭ-ийн гишүүдийн хурлын шийдвэр хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд ажилтны цалин хөлснөөс суутгал хийх тохиолдлыг зохицуулсан бөгөөд хуулийн 63.1.1-д ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол, 2015.07.29-ний өдөр нийтийн тээврийн салбар ухаалаг системд шилжсэнээр байгууллагад ажиллаж буй ажилчдын цалин хөлсөнд өөрчлөлт орсон, цалин хөлсөнд өөрчлөлт орсноор ҮЭ-ийн татварын хэмжээнд өөрчлөлт орно. Энэ өөрчлөгдсөн цалингаас тухайн ажилтан ҮЭ-ийн гишүүнчлэлийн татвар төлөх, эсэхээ илэрхийлсэн гарын үсэг байхгүй. Хэрэгт авагдсан ажилчдын ҮЭ-ийн татвар төлөхийг зөвшөөрсөн гарын үсэг нь 2013 оных байдаг. Иймд ҮЭ-ийн хорооны гишүүн гишүүнчлэлийн татвар төлөхөө илэрхийлсэн баримтгүйгээр захиргаа цалингаас нь бэлэн бусаар хураах нь хуульд нийцэхгүй. Учир нь ҮЭ-ийн татвар бол ажилтан ҮЭ-ийн байгууллагад өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, сайн дурын үндсэн дээр төлдөг татвар юм. 2015.06.05-ны өдрийн тохиролцооны 7 дугаар зүйлд Зорчигч тээврийн нэгтгэл ҮЭХ-ны гишүүд баазуудын ҮЭХ-ны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хурааж ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ гэж заасан ба уг тохиролцооны 7 дахь хэсэгт зааснаар ҮЭХ-ны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсэг байхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00021 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг баримтлан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт холбогдуулан гаргасан, 2014-01-22-ны өдрийн хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, 427 үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс хурааж аваагүй татварт 60,789,636 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороо-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 841,430 төгрөгнөөс 532,098 /таван зуун гучин хоёр мянга ерөн найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан илүү төлөгдсөн 309,332 /гурван зуун есөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбатад олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2020/00431 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00021 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбатаас төлсөн 462,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримтаас хойш буюу хуульд заасан журмаар бүртгэгдсэн нэхэмжлэлд дурдсан хамтын гэрээнээс хойш байгууллагын бүтцэд өөрчлөлт оржээ гэж дүгнэсэн нь ямар ч баримтанд үндэслээгүй, бүтцэд өөрчлөлт ороогүй болно. Түүнчлэн шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй хэдий ч талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээр хийгээгүй, хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлаар маргаантай байгаа нь хэрэгт авагдсан 2015.01.07-ны өдрийн хамтын гэрээний төслийн талаар хуралдсан хурлын тэмдэглэл, хариуцагч байгууллагын 2016.03.30-ны өдрийн 1/1179 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. 2013.02.05-ны өдрийн хамтын гэрээ, 2014.01.22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд дараагийн хамтын гэрээ батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр байна гэж зааснаар маргаан бүхий хамтын гэрээ хүчин төгөлдөр хугацаан дахь татварыг тооцоолон нэхэмжилсэн болно. Түүнчлэн хэрэгт авагдсан 2015.06.05-ны өдрийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд хийсэн тохиролцоо. Нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн 2015.06.25-ны өдрийн 2010 дугаартай албан бичиг зэргийг харьцуулан үнэлвэл, хариуцагч нь Зорчигч тээврийн нэгтгэл нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвар төлөхийг зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн гишүүдийн татварыг үргэлжлүүлэн бэлэн бусаар суутгах, үйлдвэрчний эвлэлийн татвар нь хуулийн дагуу цалин хөлснөөс заавал суутгах суутгал биш тул тохиролцоог мөрдлөг болгон хамтран ажиллах санал гаргажээ. Гэвч нэхэмжлэгч нь гишүүдээс үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнчлэлийн татварыг цалингаас бэлэн бусаар хураахыг зөвшөөрсөн талаарх баримт бичгийг хариуцагч байгууллагад гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2015.06.05-ны өдрийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд хийсэн тохиролцоо гэх баримтыг 2017.02.14-ний өдрийн Улсын дээд шүүхээр өмнөх татварын асуудлыг шийдвэрлэхэд хариуцагч талаас уг тохиролцоог нотлох баримтаар гаргаж өгч, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй мэтгэлцэж байсан болно. Цоо шинэ баримт биш түүнчлэн хамтын гэрээний дагуу татварыг суутгахад хамаарах баримт биш. Шүүхээс иймээс хариуцагч нь үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдээс татварыг бэлэн бусаар хураах бичгийн зөвшөөрөл нэхэмжлэгч талаас гаргаагүй тохиолдолд гишүүдийн цалингаас татвар суутгах эрхгүй юм. Хэдийгээр талууд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамааралтай хамтын гэрээний үүргийн талаар маргаж байгаа боловч нэг талдаа үүрэг ногдуулж, тухайн үүргийг хурааж авах эрхийг тухайн үүрэг гүйцэтгэх талтай зөвшилцсөн тохиролцооны үндсэн дээр хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагч талд үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдээс татвар хураах эрх, үүрэг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзнэ гэснийг зөвшөөрөхгүй болно. 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-д ҮЭ-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн ҮЭ-ийн татварыг бэлэн бусаар хурааж, дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ, 2014.01.22-ны өдрийн Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2013.02.05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах Нэмэлт өөрчлөлтийн 2.7-д зааснаар Захиргаа ҮЭ-н Хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож, сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасныг харахад гарын үсгийг үндэслэнэ гэсэн агуулга байдаггүй. Гэхдээ 2017 онд байгууллагаас татварыг шилжүүлэхийг албан бичгээр хүсэхэд бүх гишүүдээр дахин гарын үсэг зуруулахыг шаардаагүй, шүүхийн шийдвэргүй бол татаж өгөхгүй гэж албан бичгээр хариу өгдөг. Хариуцагч нь дээрх хамтын гэрээ, хэлэлцээрийн дагуу үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн цалин, хөлснөөс гишүүнчлэлийн татвар суутгаж шилжүүлэх үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлээгүй тул өмнө нь шүүхээр шийдвэрлүүлж, авч байсан, гишүүдийн гарын үсгийг удаа дараа зуруулж байсан, татвар суутган шилжүүлэхийг байгууллагаас шаардаж байсантай холбоотой нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нотлогдож байхад нотлогдоогүй гэж үзсэнд гомдолтой байна. Түүнчлэн бие даасан хуулийн этгээд болох нэхэмжлэгч байгууллагын гишүүд цалингаас хууль бус суутгал хийсэн гэж нэг ч гомдол гаргаж байгаагүйгээр гишүүд татвараа төлөхийг зөвшөөрсөн байдал тогтоогддог юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хамтын гзрээнд хамаарах хуулийн зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байтал, мөн хуулийн 5.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд оруулж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2014.01.22-ны өдрийн Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, ҮЭ-ийн 427 гишүүнээс хурааж аваагүй татварын 60,789,636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хамтын гэрээний дагуу татвар татаж, өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол гэж тодорхойлон, 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны татварыг нэмж гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүхүүд маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 61 дүгээр зүйлийн 61.163 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Автобус-1 ОНӨААТҮГн төлөөлөл, ажилтнуудын төлөөллийн хооронд 2013.02.05-ны өдөр байгуулагдсан хамтын гэрээ болон уг гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт /2014.01.22-ны өдрийн/-ийг 2014.02.03-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар зохих журмын дагуу бүртгэжээ.

 

Нэхэмжлэгчээс урьд нь, Хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013.3.02-ны өдрөөс 2014.01 дүгээр сар хүртэл 9 сарын хугацааны татварт 23,884,206 төгрөг, 560 гишүүнд ногдох 27,559,849 төгрөг, нийт 51,438,055 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.9.28-ны өдрийн 816 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.05-ны өдрийн 1987 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.02.14-ний өдрийн тогтоолоор тус тус хянаж, 2014.01.22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт нь 2014.02.03-ны өдөр хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн гэж дүгнэн, энэ өдрөөс хойшхи хугацаанд хамаарах татварын 27,559,849 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүхийн дээрх шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримтаас хойш тухайн байгууллагын бүтцэд өөрчлөлт орж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болж зохион байгуулагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэхээр заасан байхад талууд энэ асуудлаар хэлэлцээ хийж шийдвэрлээгүй, хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлаар маргаантай байгаа үйл баримт тогтоогджээ.

 

2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээр-ийн 5.5-д ҮЭ-ийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн ҮЭ-ийн татварыг бэлэн бусаар хурааж, дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ гэж заасны дагуу 2014.01.22-ны өдөр Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, 2.7-д заасныг захиргаа ҮЭ-н хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1,5 хувиар бодож сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж, дараа сарын 05-ны дотор ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж өөрчилсөн байна.

Харин, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд 2015.06.05-ны өдөр хийгдсэн Тохиролцооны 7-д захиргаа нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ҮЭ-н хорооны гишүүд, баазуудын ҮЭ-н хорооны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хурааж, дараа сарын 05-ны дотор ҮЭХорооны дансанд шилжүүлнэ гэж заажээ. Дээрх хамтын гэрээ, хамтын тарифын хэлэлцээр, захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс үзэхэд захиргаа нь баазуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн үйлдвэрчний эвлэлийн татварыг цалингаас нь бэлэн бусаар хурааж, үйлдвэрчний эвлэлийн хороонд шилжүүлэх үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч нь үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдээс татварыг цалингаас нь бэлэн бусаар хураахыг зөвшөөрсөн талаарх баримт бичгийг хариуцагч байгууллагад буюу ажил олгогчид гаргаж өгч, зөвшилцсөн нь баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас, үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдээс татварыг бэлэн бусаар хураах тухай бичгийн зөвшөөрлийг гаргаж өгөөгүй байхад хариуцагч нь татварыг гишүүдийн цалингаас бэлэн бусаар суутгах эрхгүй, мөн Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.7-д заасан үүргийг биелүүлэхийг хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэх боломжгүй талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хамтын гэрээнд хамаарах хуулийн зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байтал, хэрэглэх ёсгүй мөн хуулийн 5.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг хэрэглэсэн, мөн маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00021 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 431 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ