Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 00315

 

  Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг,

Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн талын байранд оршин суух, Б овогт Б.Б  нарт холбогдох

Гэм хорын хохирол 33.869.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00195/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1975 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, Г овогт Д.М   

Хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1956 онд Ховд аймагт төрсөн, дээд боловсролтой, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух, М овогт Р. Н  

хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1962 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух, О овогт Ө.Э, иргэдийн төлөөлөгч И.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хань Б.М  нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр адуунд өшиглүүлэн хэвлий тус газраа гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн ирж мэс заслын хагалгаанд орж байгаад нас барсан. Энэ хэрэгт аймгийн Цагдаагийн газар эмч Х.Олзмөнх, Б.Б  нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийг иргэний хариуцагчаар татаж, 2 жил гаруй хугацаанд шалгасны эцэст 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Х.Олзмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Б.Б т холбогдох хэргийг 5/237 тоот прокурорын тогтоолоор Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай МУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Дээрхи хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоход хэргийн холбогдогч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсний дагуу Б.Б  нь хэргээ хүлээн хохирлоо төлөхөө илэрхийлсэн нь түүний хавтаст хэргийн 228 дугаар талд байгаа мэдүүлгээр тодорхойлогдож байна.

Гэвч өнөөг хүртэл хохирол төлөх талаар ямар нэг санаачлага гаргаагүй тул бидэнд эх үрийн хагацал, хань үр хүүхэд, ах дүүсийнх нь сэтгэл санааны хямрал хохирлыг юугаар ч нөхөж барахгүй ч эдийн засгийн хувьд бидэнд жаахан ч гэсэн дэмжлэг үзүүлээгүйд туйлаас гомдож хохирлоо гаргуулахаар хуулийн байгууллагад хандсан боловч ямарч тусыг олохгүй байгаа билээ. Гэхдээ би болоод талийгаачийн ах дүүс эцсийн дүнг гартал хөөцөлдөх тул тус шүүхэд дахин хандаж байна. Иймд хүүхдүүддээ дэм болох зорилгоор /эдийн засгийн хувьд учирсан бодит хохирол/ тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

-Талийгаачийн оршуулгын үйлд зарцуулсан зардал 6 067 220 төгрөг /баримт нь хавтаст хэргийн 1-ийн 156-168 хүртлэх хуудас/ Эрүүгийн хэрэг шалгах явцад хохирогчоор тогтоогдон оролцож байсан талийгаачийн төрсөн эгч Б.П  нь Төв аймгийн Заамар сумаас хэргийн материалтай танилцах, мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлттэй танилцах, шүүх хуралд оролцох зэрэг шалтгаанаар зарцуулсан шатахууны зардал баримтаар 982 000 төгрөг, нийт 7 049 220 төгрөг,

- Би одоо 4 хүүхдээ асарч Булган аймгийн төвд ажилгүй амьдарч байгаа тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бага охин Номинбулганыг 8 нас хүртэл асран хүмүүжүүлсэнд оногдох төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2014 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 75 сарын хугацаагаар гаруулах, 2014 оны 9 дүгээр сараас 2017 он хүртэлх 27 сар х 192 000 төгрөг=5 544 000 төгрөг, 2017 оноос 2020 оны 12 дугаар сар хүртэл 47 сар х 240 000 төгрөг=11 280 000 төгрөг, нийт 16 820 000 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар шаардаж байна.

- Бид сэтгэл санааны гүн хямралд байдаг тул сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг, нийт 33 869 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1246 тоот дүгнэлтэд Б.Б  нь Б.М д амь насанд нь аюултай үхэлд хүргэх гэмтэл учирсан байхад яаралтай хагалгаа хийгээгүйгээс өвчтөн нас барсан. Нэгдсэн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт муу, яаралтай үед ажиллах баг бүрэлдэхүүн эмч нарыг томилох ажил үүргийн хуваарийг гаргаж мөрдөөгүй алдаа тогтоогдож байна гэсний дагуу дээрхи 2 этгээдийг хариуцагчаар татаж хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Тухайн үед иргэн Б.М  нь адуунд өшиглүүлсэн гэсэн байдалтайгаар 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирснийг үзэж, албан үүргээ биелүүлж, өвчтөнийг хүлээн авч анхан шатны оношлогоог бүрэн хийж, гэмтлийн оношийг зөв тогтоосон. Эмчилгээ үйлчилгээний стандартын дагуу мэс засалд орох баг бүрдээгүй байснаас хагалгааг яаралтай хийх боломж бүрдээгүй нь надаас биш Нэгдсэн эмнэлгээс болсон. Амралттай байсан О эмч эмнэлэгтэй утсаар холбогдож яаралтай хагалгаа гарлаа, ирээч гэхэд “Одоо ингээд очъё” гэж хэлээд ирээгүйгээс эмчийг хүлээж цаг алдсан нь хагалгааны хүндрэлд нөлөөлсөн болохыг шинжээч нар тогтоосон. Би эмчилгээ үйлчилгээний стандартаа зөрчиж баг бүрдээгүй байхад хагалгаа хийхийг шийдвэрлэх эрх мэдэлгүй бөгөөд эмнэлгийн зүгээс ч ерөнхий эмч асуудлыг шийдэж, хагалгааг байгаа эмч нарыг томилж баг бүрдүүлэн хийх үүрэг чиглэл өгөөгүйгээс хагалгаа удааширсан болно. Би толгой мэдэн бусад эмч нараар зөвшөөрүүлж, тухайлбал Ц  эмчийг гуйсан бол тэр үед хагалгаанд орохыг зөвшөөрөх байсан эсэхийг одоо хэлж мэдэхгүй, баг бүрдээгүй байхад хагалгаа хийгээд өвчтөн нас барвал би жинхнээсээ эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчихөд хүрэх байсан. Чухам ийм учраас асуудлыг эмнэлгийн удирдлагад танилцуулж, тэд Орхон аймгийн Бүсийн эмчилгээ оношлогооны төв рүү ярьж тэндээс мэс заслын эмч Д.Лхагваа ирснээр мэс засалд орсон боловч иргэн Б.М  нас барсан. Прокурорын тогтоолын хувьд намайг ганцаар буруутай болгож шүүхээр оруулж ял өгөх бодолтой байсан. Прокурор намайг буруугаа хүлээж хохирол төлөхөө илэрхийлбэл хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо гээд байхаар нь би тухайн үед хохирол төлбөрийг барагдуулна гэж бичиж өгсөн. Шүүхийн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 11-ний 1246 тоот дүгнэлтэд “Б.М д амь насанд аюултай гэмтэл учирсан байхад яаралтай хагалгаа хийгээгүйгээс өвчтөн нас барсан” гэсэн дүгнэлт нь “Ходоод гэдэсний цус алдалтын оношлогоо, эмчилгээ” MNS 5665-4:2006 стандартыг үгүйсгэснээрээ эрх зүйн хувьд зөрчилтэй дүгнэлт болно. Би прокурорт бичиж өгч өршөөлд хамрагдсан үндэслэл нь “прокурор надаас шаардаж байсан, би өмгөөлөгчгүй учраас нарийн учрыг сайн мэдээгүй, нөгөө талаас миний зүгээс буруу байхгүй учраас хохирлыг эмнэлэг хариуцах юм байна гэж бодож тайлбар өгсөн. Иймд хохирлыг эмнэлэг хариуцна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг болон эмч Б.Б  нараас хохирол болох оршуулгын зардалд 7.049.220 төгрөг, Номинбулганыг 16 нас хүртэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр асрах зардал 33.869.220 төгрөг гаргуулахыг хүссэн Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Тухайн үед Д.Б  миний бие хөдөө орон нутаг руу дуудлагаар явж байсан тул өвчтөн хүлээн авах болон хагалгаа хийх, өвчтөний биеийн байдал хүндэрч нас барсан болон тусламж үзүүлсэн үйл ажиллагааг үнэлж дүгнэж мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр удирдлага зохион байгуулалттай холбоотой алдаа гарсан бол тухайн эмнэлгийн удирдлагууд хариуцлага хүлээх нь зүйтэй байх гэж бодож байна. Гэтэл тийм зүйл огт гараагүй бөгөөд Нэгдсэн эмнэлгийн төсөвт ямар нэгэн хохирол барагдуулах санхүүгийн эх үүсвэр байдаггүй тул дээрх нэхэмжлэлийг төлж барагдуулах боломжгүй гэжээ.

Хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед иргэн Б.М  нь адуунд өшиглүүлсэн гэсэн байдалтайгаар 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэхэд эмч Б.Б  өвчтөнийг хүлээн авч анхан шатны оношлогоог бүрэн хийж, гэмтлийн оношийг зөв тогтоож, албан үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг тус тусад нь тайлбарлъя. Үүнд: Талийгаачийн оршуулгын үйлд 6 067 220 төгрөгийн зардал гарсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Харин хохирогч Б.П мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралд оролцох зэрэг шалтгаанаар гарсан замын зардал 982000 төгрөгийг Д.М  нэхэмжлэх эрхгүй, түүнд  итгэмжлэл олгогдоогүй байна.  Эрүүгийн хэрэгт Пүрэвмаа нь нэхэмжлэл гаргаж байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52, 56 дугаар зүйлд зааснаар байцаан шийтгэх ажиллагааны зардлаа шаардан авах тул уг зардлыг гаргах боломжгүй юм. 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Номинбулганыг 8 нас хүртэл буюу  2014 оны 9 дүгээр сараас 2020 он хүртэл асран хүмүүжүүлсэнд оногдох төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 16 820 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь тэжээгчээ алдасны тэтгэвэр авдаггүй гэж байсан боловч өнөөдөр тэжээгчээ алдасны тэтгэмжийг Нийгмийн халамжийн сангаас авч байгаа тухай нотлох баримтыг гаргаж ирүүлсэн байна. Мөн 2014 онд орлого олж байсан гэсэн тодорхойлолт гаргаж ирүүлсэн боловч энэ нь цалин, орлоготой байсан гэдгийг нотлож чадахгүй байна. Иргэний хуулийн 508.3-т хэдий хэмжээний төлбөр шаардахыг зохицуулсан байх бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг тэтгэмж, цалин орлогын зөрүүгээс тооцон олгодог.  Гэтэл мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар төлбөр гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “нас барсан этгээдийн нэр төр, алдар хүндийг гутаасан бол учирсан гэм хорыг шаардах эрхтэй” гэж заасан. Гэтэл нас барагчийн нэр төр, алдар хүндийг гутаасан асуудал гараагүй учраас Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 511 дүгээр зүйлд зааснаар шаардах эрх үүсэхгүй. Харин хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус үйл ажиллагаанаас сэтгэл санаанд хохирол учирсан бол нэхэмжлэх боломжтой юм.  

Хариуцагч Б.Б  гэм буруутай эсэх асуудлын талаар: Шинжээчийн дүгнэлт 3 удаа гарсан бөгөөд хамгийн сүүлийн 1246 дугаартай дүгнэлт, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор  Б.Б ыг шууд буруутай гэж дүгнээгүй. Б.Б  нь Эрүүл мэндийн тухай хууль болон стандартад  заасны дагуу оношлогоог зөв тогтоож, хүлээх зарчимыг барьж ажилласан. Хууль болон стандартад заасан журмыг баримталж ажиллаагүй гэж үзвэл Б.Б ыг буруутгаж болох юм. Талийгаачийг эмнэлэгт хүлээн авч яаралтай тусламж үзүүлсэн хуудас, өвчний түүхээс үзэхэд түүний даралт болон амин үзүүлэлтүүд хэвийн байсан харагддаг. Дотуур цус алдалт гэсэн оношийг тогтоож мэс ажилбар хийх шаардлагатай байсан бөгөөд мэс заслын багийг бүрдүүлэхээр О эмчтэй утсаар ярьсан боловч ирээгүй. Ингээд өөр бүрэлдэхүүн дуудаж мэс ажилбар хийгдсэн. Эмнэлгийн удирдлагын зүгээс зохион байгуулалт муу байсан. Жижүүрийн эмч арга хэмжээ авч баг бүрдүүлэн ажиллах байсан. Б.Б  нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б  нь тус Нэгдсэн эмнэлэгт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Эмч мэргэжилтэн буруутай үйл ажиллагаа явуулсан бол Эрүүл мэндийн тухай хууль, сайдын тушаал, дотоод журмаараа хариуцлага хүлээх ёстой. Хөдөлмөрийн гэрээнд эмч мэргэжилтэн хийж гүйцэтгэх ажилдаа доголдол гаргаж байгууллагад хохирол учруулсан бол эд хөрөнгийн хариуцлага хүлээхээр заасан.Б  нь өвчтөнд яаралтай тусламж үзүүлж, мэс заслын баг бүрдүүлэн ажиллах, энэ талаар эмнэлгийн удирдлагад танилцуулах үүргээ биелүүлээгүй. Тухайн өдөр гарч байсан жижүүр эмч Ц  нь  эх барих, эмэгтэйчүүдийн эмч бөгөөд тус тасгийг хариуцан ажиллана. Тухайн үед ажиллаж байсан мэс заслын эмч Б  дуудлагаар Тэшиг сум руу явсан байсан. Б.Б  нь мэс заслын баг бүрдүүлэн ажиллах талаар эмнэлгийн удирдлагад мэдэгдсэн бол ийм асуудал болохгүй байх магадлалтай.  Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болоход Б.Б  нь буруугаа хүлээгээд гарын үсэг зурсан. Нэгдсэн эмнэлэг нь төсвийн байгууллага учир  төлбөрийг төлөх боломжгүй.  Б.Б  хариуцага хүлээх ёстой гэж үзэж байна гэв.

   Шүүх хуралдаанд гэрч Б.П  мэдүүлэхдээ: Хэрэг үүсээд 4 жил болж байна. Эрүүл мэндийн байгууллага биднээс өнөөдрийг хүртэл уучлалт хүсээгүй. Өмнөх шүүх хуралд би өөрөө нэхэмжлэгчээр орж байсан бөгөөд Б.Б  эмчийг шүүх хуралдаа ирж суугаач гэж хэлэхэд танай хүргэн эхнэрээ зодсоор байгаад алчихсан гэнэ лээ гэж хэлж байсан. Талийгаач Б.М г моринд өшиглүүлээд эмнэлэг  дээр ирэхэд Ц  эмч ЭХО-д харж, хатгалт хийж үзээд  дотуур цус алдаж байгааг оношилсон байсан. Яаралтай хагалгаа хийх ёстой байтал цаг хугацаа алдсанаас миний дүү нас барсан. Дотуур цус ихээр алдсанаас цусан хангамжийн дутагдалд орж зүрх зогссон байсан. Би дүүгээ нас барсны дараа орой 21 цагийн үед ирсэн. Бидэнд  гол нь мөнгө биш чадваргүй эмч ажиллуулаад байгаад гайхаж байна гэв.  

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Д.М  нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Б.Б  нарт холбогдуулан гэм хорын хохирол 33.869.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н  нар эс зөвшөөрч “эмч Б.Б  нь тухайн үед амь хохирогч Б.М оношийг зөв тогтоож, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан. Булган аймгийн Прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлтээр түүнийг буруутгаж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Э “эмч Б.Б  нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эмч мэргэжилтэний буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг эмнэлэг хариуцан төлөх үүрэггүй” гэж тус тус маргажээ.

Амь хохирогч Б.М  нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр моринд өшиглүүлэн хэвлийдээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн ирж, мэс заслын хагалгаанд орж байгаад нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Үүнтэй холбоотойгоор Б.Б , Х.О нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Булган аймгийн Прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/39 дугаартай тогтоолоор Х.Олзмөнхөд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/237 дугаартай тогтоолоор Б.Б т холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 9-10/

Нэхэмжлэгч Д.М  нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заажээ.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг нь төрийн байгууллага бөгөөд эмч Б.Б  нь тус эмнэлэгт хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, албан үүргээ гүйцэтгэхдээ амь насыг цаг алдалгүй аврах заалттай яаралтай хагалгааг хийлгүй цаг алдсан буруутай  ажллагааны улмаас Б.М амь нас хохирсон байх тул Б.Б ажиллаж буй байгууллага хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасан хохирогчийг оршуулах зан үйлтэй холбоотой гарсан зардал 6067220 төгрөг болон байцаан шийтгэх ажиллагааны зардал 982000 төгрөг нийт 7049220 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            -Хүүхэд асарсаны зардал буюу гэм хор учруулсны төлбөр 16 820 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “нас барагчийн 8 нас хүрээгүй хүүхэд ...-г” асран хүмүүжүүлж  байгаа байнгын цалин хөлс, орлогоггүй эцэг, эх, нөхөр /эхнэр/ гэм хор учруулсны төлбөрийг авах эрхийг, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т төлбөр гаргуулах хэмжээ, 508 дугаар зүйлийн 508.4.1-4.4-т гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлөх хугацаа, нөхцөлүүдийг тус тус тодорхойлон заажээ.

Нас барагч Б.М  нь 2014 онд орлого олж байсан гэх баримтыг  /хх-ийн 142-144/ ирүүлсэн боловч эдгээр баримтаар түүнийг хуульд зааснаар цалин орлоготой байсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нас барагч нь орлого олж олсон орлогоосоо татвар, болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

Харин  нэхэмжлэгч Д.М  нь 2014 оны 9 дүгээр сараас эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон сар бүр тэтгэмж авч байсан байна. /хх-ийн 149/ 

Нэхэмжлэгч Б.Д.М ын хүүхэд асарсаны зардал буюу гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тооцож үзэхэд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2014 онд 192000 төгрөг/ болон тэжээгчээ алдасны тэтгэмжийн хооронд зөрүү гарахгүй байгаа тул хүүхэд асарсны зардал 16 820 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна. /Өөрөөр хэлбэл нас барагч нь цалин хөлс, орлогогүй байсан тул 2014 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000 төгрөгийг  /гэр бүлийн  6 гишүүнд хувааж/= нэг гишүүнд 32000 төгрөг ногдох ба нас барагч болон хөдөлмөрийн чадвартай этгээдэд  нийт 64000 төгрөг ногдож, 192000 төгрөг-64000 төгрөг-172500 /тэжээгчээ алдасны тэтгэмж/ төгрөгийг =-44500 төгрөгийн хасах үлдэгдэл гарч байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2014 онд 192000 төгрөг/ болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хооронд зөрүү гарахгүй байна./

            Сэтгэл санааны гэм хор 10 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасана. Гэтэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд сэтгэл санааны хохиролыг арилгах асуудлыг зохицуулаагүй тул энэ талаар гаргасан 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс гэм хорын хохирол 7049220 /долоон сая дөчин есөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулж, 26819780 /хорин зургаан сая найман зуун арван есөн мянга долоон зуун ная/ төгрөг, хариуцагч Б.Б оос 33890200 /гучин гурван сая найман зуун ерэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Хариуцагч байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508,1, 508.2-т заасныг баримтлан Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс гэм хорын хохирол 7049220 /долоон сая дөчин есөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26819780 /хорин зургаан сая найман зуун арван есөн мянга долоон зуун ная/ төгрөг, хариуцагч Б.Б оос 33890200 /гучин гурван сая найман зуун ерэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.М  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс 127737 /нэг зуун хорин долоон мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.