Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00002

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух, Х  овогт С.А  /-ын төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1964 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, Б  овогт Д.Б  

Хариуцагч: 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт Х.А  нарт холбогдох,

2.230.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00580/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Н , Х.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 14-24 тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, Дүдэл овогт Энхтайваны Алтан-Уяа, хариуцагч Х.А , Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Х.Н, Ш.Н  нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төлөөлж буй Х.Н , Ш.Н  нар нь 2017 оны 06 дугаар сард Х.А , Д.Б  нараас 39-17 УНГ улсын дугаартай, “Бонго пронтер” маркийн автомашиныг 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болно. Машины үнэнд урьдчилан 2 000 000 төгрөгийг төлсөн. Машины урд их гэрлийг нь солиулахаар Эрдэнэтийн “Танил” техникийн зах дээрээс 90 000 төгрөгөөр гэрэл авсан боловч уг гэрлийг хариуцагч нар авахгүй гэж буцаалгасан тул бараа буцаасан учраас 10 000 төгрөг хасуулж, үлдэх 80 000 төгрөгөө дараа авахаар тохирч орхисон. Хэсэг хугацааны дараа очтол Д.Б  нь уг 80 000 төгрөгийг бүгдийг нь авсан байсан. Мөн Х.А  нь Х.Н гийн цүнхнээс виза картыг нь хулгайлж аваад 06 дугаар сарын 17-ны өдөр 850 000 төгрөгийг авсан байсан. Үүнээсээ 700 000 төгрөгийг нь буцааж өгөөд 150 000 төгрөгийг нь өгөөгүй байна. Машины үнийг хэсэгчлэн төлөх явцад уг машины бичиг баримт нь Д.Б , Х.А  нарын нэр дээр биш өөр Одгэрэл гэдэг хүний нэр дээр буюу эрхийн зөрчилтэй машин байсан тул уг машиныг авахаа больж, урьдчилж өгсөн 2 000 000 төгрөг, хулгайлж авсан мөнгөний үлдэгдэл 150 000 төгрөг, их гэрлийн мөнгө 80 000 төгрөг, нийт 2 230 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н , Ш.Н  нар нь 2017 оны 06 дугаар сард Х.А , Д.Б  нартай 39-17 УНГ улсын дугаартай, “Бонго пронтер” маркийн автомашиныг 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Машины үнэнд урьдчилан 2 000 000 төгрөгийг төлсөн. Машины урд их гэрлийг нь солиулахаар Эрдэнэтийн “Танил” техникийн зах дээрээс 90 000 төгрөгөөр гэрэл авсан боловч уг гэрлийг хариуцагч нар авахгүй гэж буцаалгасан тул бараа буцаасан учраас 10 000 төгрөг хасуулж, үлдэх 80 000 төгрөгөө дараа авахаар тохирч орхисон. Дараа нь очоод авах гэтэл  Д.Б  нь уг 80 000 төгрөгийг бүгдийг нь авсан байсан. Мөн Х.А  нь Х.Н гийн цүнхнээс виза картыг нь хулгайлж аваад 06 дугаар сарын 17-ны өдөр 850 000 төгрөгийг авсан байсан. Үүнээсээ 700 000 төгрөгийг нь буцааж өгөөд 150 000 төгрөгийг нь өгөөгүй байна. Уг машины бичиг баримт нь Д.Б , Х.А  нарын нэр дээр биш өөр хүний нэр дээр буюу эрхийн зөрчилтэй машин байсан тул уг машиныг авахаа больж гэрээнээс татгалзсан. Иймд урьдчилж өгсөн 2 000 000 төгрөг, хулгайлж авсан мөнгөний үлдэгдэл 150 000 төгрөг, их гэрлийн мөнгө 80 000 төгрөг, нийт 2 230 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  2016 оны 9 дүгээр сард 39-17 улсын дугаартай “Бонго пронтер” маркийн авто машиныг 4 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. Уг машиныг худалдаж авахад урд купер, салхины шил зэрэг нь хагархай байсан учраас засаж сэлбэсэн. Х.Н , Ш.Н  нар 3 000 000 төгрөгийн зээл авлаа, машинаа зарчих гээд байхаар нь 3.500.000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Эхлээд  надад 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс Замын-Үүд явахдаа 200.000 төгрөгийг цувуулан зээлж авсан. Замын зардал болон үлдэгдэл мөнгөө хүрч ирээд тооцохоор тохиролцсон байсан. Замын-Үүдэд 2 хоноод тэд буцаж, би Хэнтий аймаг руу адуу авахаар явсан. Ингэж явахдаа машины түлхүүрээ тэдэнд үлдээгээд явсан. Араас мөнгө шилжүүлнэ гэж байсан боловч өгөөгүй. Тэд машиныг асааж чадахгүй байна гэж ярихаар нь би очоод асааж өгье гэж хэлсэн. Намайг Хэнтий аймагт явж байхад тэд нар Орхон аймгийн “Танил” захаас гэрэл авсан байсан. Гэрэл авах үед би хамт яваагүй. Хэнтий аймгаас ирээд 1 000 000 төгрөгөө аваад үлдэгдэл мөнгөнд нь мал авахаар тохиролцоод Ш.Н , Х.Н нарын гэрт очсон. Тэд нар малаа өөрсдөө зараад мөнгийг нь өгнө гээд миний машинд малаа ачаад Орхон аймаг руу Х.Н хамт  явсан. Орхон аймагт очоод Х.Н нь малаа заралгүй наймаагаа болъё гээд явчихаар нь буцаж ирээд нөхөр Нямдоржид малыг нь хүлээлгэж өгсөн. Би Х.Н , Ш.Н  нараас 2 000 000 төгрөг авсан. Үүнээс тэд нар 200 000 төгрөгийг нь зээлж авсан. Бидний дунд хургатай хонь 150 000 төгрөг, акумлятор 100 000 төгрөг, зуны дугуйны үнэ 120 000 төгрөгийн асуудал байгаа. Биднээс зээлж авсан мөнгөө тооцохгүй 2 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Х.А   шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Н гийн цүнхнээс виза карт аваагүй. Тэр үед Нансалмаа нь манайд ирэхдээ цүнхгүй ирсэн бөгөөд манайд 3 хоносон. Би виза картыг Нямдорж ахаас авсан. Учир нь Б  бид хоёрын хооронд таарамжгүй байдал үүсч бидний  дунд 1 сая төгрөгийн асуудал байсан учраас энэ талаар ах Нямдоржид хэлээд виза картанд байсан /Б ад өгөх/ мөнгөнөөс 850 000 төгрөгийг авсан. Х.Н эгч манайд ирээд мөнгө авсан уу гэж асуухаар нь авсан гэж хэлсэн. Б  тэд нарыг гэрт нь хүргэж өгөхөөр болсон бөгөөд Нансалмаа эгч түлшний мөнгө өгөөч гэхээр нь би 90 000 төгрөгийг нь өгсөн. Нямдоржийнх руу явах замдаа үлдсэн 760 000 төгрөгийг нь Нансалмаад буцааж өгсөн. Х.Н эгч Орхон сумын төв орж дэлгүүрээс  хэрэглээний зүйлээ худалдаж авч байсан. Гэртээ хариад мөнгөө тоолоод сууж байсан. Ингээд 10-аад хоногийн дараа Нансалмаа эгч утсаар яриад 700 000 төгрөг өгсөн байна гэж хэлэхээр нь та надаас эхлээд 90 000 төгрөг авсан гэж хэлэхэд утсаа салгаад эргэж яриагүй. Авсан мөнгөө буцааж өгсөн тул  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Х.Н , Ш.Н  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А  нь Х.А , Д.Б  нарт холбогдуулан  2.230.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2017 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Х.Н , Ш.Н  нар нь хариуцагч Д.Б аас 39-17 УНГ улсын дугаартай, “Бонго пронтер” маркийн автомашиныг 3500 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2000 000 төгрөгийг Д.Б ад өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч Д.Б  нь машиныг худалдан авагч талд шилжүүлэн өгөөгүй бөгөөд Х.Н , Ш.Н  нар нь машиныг худалдан авахаас татгалзаж  урьдчилан өгсөн  2000 000 төгрөг, машинд гэрэл худалдан авсан гэх 80 000 төгрөг, виза картнаас авсан гэх 150 000 төгрөг бүгд 2230 000 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Д.Б  тухайн үед би Хэнтий аймагт явсан тул машины гэрэл авсан гэх 80 000 төгрөгийг аваагүй, нэхэмжлэгч нар надаас зээлж авсан мөнгөө хасч тооцохгүйгээр 2000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Х.А  нь виза картыг хулгайлж аваагүй, ах Нямдоржид хэлж аваад картнаас авсан 850 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Н д буцааж өгсөн тул 150 000 төгрөгийг төлөхгүй гэж тус тус маргажээ.

Хариуцагч Д.Б  нь нэхэмжлэгч нараас 2000 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч  тайлбар гаргасан бөгөөд уг 2000 000 төгрөгөөс Х.Н , Ш.Н  нарын  Замын–Үүд явахдаа зээлж авсан 200 000 төгрөг, хургатай хонь 150 000 төгрөг, акумлятор 100 000 төгрөг, зуны дугуйны үнэ 120 000 төгрөг бүгд 570 000 төгрөгийг хасч тооцуулна гэж тайлбарлаж байгаа боловч  энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар нь машины гэрэл авсан гэх 80 000 төгрөг, виза картнаас авсан гэх 150 000 төгрөг бүгд 230 000 төгрөгийг  нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хариуцагч Д.Б  80 000 төгрөгийг “Танил” захаас очиж авсан, хариуцагч Х.А  виза картнаас авсан мөнгөнөөс 150 000 төгрөгийг Х.Н д дутуу өгсөн гэх үйл баримтын талаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч Д.Б , Х.А  нараас 2000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Н , Ш.Н  нарт олгож, нэхэмжлэлээс  230 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50630 /тавин мянга зургаан зуун гуч/  төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан Д.Б , Х.А  нараас 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Н , Ш.Н  нарт олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 230 000 /хоёр зуун гучин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50630 /тавин мянга зургаан зуун гуч/  төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2090 дугаартай захирамжаар хариуцагч Д.Б ын эзэмшлийн 39-17 УНГ улсын дугаартай, “Бонго пронтер” маркийн автомашиныг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН