Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 07

 

Х.Н, Ш.Н нарын итгэмжлэгдсэн

төлөөлөгч С.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                   

Хэргийн индекс 132/2017/00580/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ын нэхэмжлэлтэй, Д.Б, Х.А нарт холбогдох 2230000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:   

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

Хариуцагч Д.Б

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

Х.Н, Ш.Н нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төлөөлж буй Х.Н, Ш.Н нар нь 2017 оны 06 дугаар сард Х.А, Д.Б нараас ... улсын дугаартай, “Бонго пронтер” маркийн автомашиныг 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болно. Машины үнэнд урьдчилан 2 000 000 төгрөгийг төлсөн. Машины урд их гэрлийг нь солиулахаар Эрдэнэтийн “Танил” техникийн зах дээрээс 90 000 төгрөгөөр гэрэл авсан боловч уг гэрлийг хариуцагч нар авахгүй гэж буцаалгасан тул бараа буцаасан учраас 10 000 төгрөг хасуулж, үлдэх 80 000 төгрөгөө дараа авахаар тохирч орхисон. Хэсэг хугацааны дараа очтол Д.Б нь уг 80 000 төгрөгийг бүгдийг нь авсан байсан. Мөн Х.А нь Х.Н-ийн цүнхнээс виза картыг нь хулгайлж аваад 06 дугаар сарын 17-ны өдөр 850 000 төгрөгийг авсан байсан. Үүнээсээ 700 000 төгрөгийг нь буцааж өгөөд 150 000 төгрөгийг нь өгөөгүй байна. Машины үнийг хэсэгчлэн төлөх явцад уг машины бичиг баримт нь Д.Б, Х.А нарын нэр дээр биш өөр О гэдэг хүний нэр дээр буюу эрхийн зөрчилтэй машин байсан тул уг машиныг авахаа больж, урьдчилж өгсөн 2 000 000 төгрөг, хулгайлж авсан мөнгөний үлдэгдэл 150 000 төгрөг, их гэрлийн мөнгө 80 000 төгрөг, нийт 2 230 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н, Ш.Н нар нь 2017 оны 06 дугаар сард Х.А, Д.Б нартай ... улсын дугаартай, “Бонго пронтер” маркийн автомашиныг 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Машины үнэнд урьдчилан 2 000 000 төгрөгийг төлсөн. Машины урд их гэрлийг нь солиулахаар Эрдэнэтийн “Танил” техникийн зах дээрээс 90 000 төгрөгөөр гэрэл авсан боловч уг гэрлийг хариуцагч нар авахгүй гэж буцаалгасан тул бараа буцаасан учраас 10 000 төгрөг хасуулж, үлдэх 80 000 төгрөгөө дараа авахаар тохирч орхисон. Дараа нь очоод авах гэтэл  Д.Б нь уг 80 000 төгрөгийг бүгдийг нь авсан байсан. Мөн Х.А нь Х.Н-гийн цүнхнээс виза картыг нь хулгайлж аваад 06 дугаар сарын 17-ны өдөр 850 000 төгрөгийг авсан байсан. Үүнээсээ 700 000 төгрөгийг нь буцааж өгөөд 150 000 төгрөгийг нь өгөөгүй байна. Уг машины бичиг баримт нь Д.Б, Х.А нарын нэр дээр биш өөр хүний нэр дээр буюу эрхийн зөрчилтэй машин байсан тул уг машиныг авахаа больж гэрээнээс татгалзсан. Иймд урьдчилж өгсөн 2 000 000 төгрөг, хулгайлж авсан мөнгөний үлдэгдэл 150 000 төгрөг, их гэрлийн мөнгө 80 000 төгрөг, нийт 2 230 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  2016 оны 9 дүгээр сард ... улсын дугаартай “Бонго пронтер” маркийн авто машиныг 4 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. Уг машиныг худалдаж авахад урд купер, салхины шил зэрэг нь хагархай байсан учраас засаж сэлбэсэн. Х.Н, Ш.Н нар 3 000 000 төгрөгийн зээл авлаа, машинаа зарчих гээд байхаар нь 3.500.000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Эхлээд  надад 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс Замын-Үүд явахдаа 200.000 төгрөгийг цувуулан зээлж авсан. Замын зардал болон үлдэгдэл мөнгөө хүрч ирээд тооцохоор тохиролцсон байсан. Замын-Үүдэд 2 хоноод тэд буцаж, би Хэнтий аймаг руу адуу авахаар явсан. Ингэж явахдаа машины түлхүүрээ тэдэнд үлдээгээд явсан. Араас мөнгө шилжүүлнэ гэж байсан боловч өгөөгүй. Тэд машиныг асааж чадахгүй байна гэж ярихаар нь би очоод асааж өгье гэж хэлсэн. Намайг Хэнтий аймагт явж байхад тэд нар Орхон аймгийн “Танил” захаас гэрэл авсан байсан. Гэрэл авах үед би хамт яваагүй. Хэнтий аймгаас ирээд 1 000 000 төгрөгөө аваад үлдэгдэл мөнгөнд нь мал авахаар тохиролцоод Ш.Н, Х.Н нарын гэрт очсон. Тэд нар малаа өөрсдөө зараад мөнгийг нь өгнө гээд миний машинд малаа ачаад Орхон аймаг руу Х.Н хамт  явсан. Орхон аймагт очоод Х.Н нь малаа заралгүй наймаагаа болъё гээд явчихаар нь буцаж ирээд нөхөр Н-д малыг нь хүлээлгэж өгсөн. Би Х.Н, Ш.Н нараас 2 000 000 төгрөг авсан. Үүнээс тэд нар 200 000 төгрөгийг нь зээлж авсан. Бидний дунд хургатай хонь 150 000 төгрөг, акумлятор 100 000 төгрөг, зуны дугуйны үнэ 120 000 төгрөгийн асуудал байгаа. Биднээс зээлж авсан мөнгөө тооцохгүй 2 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Х.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Н-ийн цүнхнээс виза карт аваагүй. Тэр үед Н нь манайд ирэхдээ цүнхгүй ирсэн бөгөөд манайд 3 хоносон. Би виза картыг Н ахаас авсан. Учир нь Б бид хоёрын хооронд таарамжгүй байдал үүсч бидний  дунд 1 сая төгрөгийн асуудал байсан учраас энэ талаар ах Н-д хэлээд виза картанд байсан /Баясахад өгөх/ мөнгөнөөс 850 000 төгрөгийг авсан. Х.Н эгч манайд ирээд мөнгө авсан уу гэж асуухаар нь авсан гэж хэлсэн. Б тэд нарыг гэрт нь хүргэж өгөхөөр болсон бөгөөд Н эгч түлшний мөнгө өгөөч гэхээр нь би 90 000 төгрөгийг нь өгсөн. Н-х руу явах замдаа үлдсэн 760 000 төгрөгийг нь Н-д буцааж өгсөн. Х.Н эгч Орхон сумын төв орж дэлгүүрээс  хэрэглээний зүйлээ худалдаж авч байсан. Гэртээ хариад мөнгөө тоолоод сууж байсан. Ингээд 10-аад хоногийн дараа Н эгч утсаар яриад 700 000 төгрөг өгсөн байна гэж хэлэхээр нь та надаас эхлээд 90 000 төгрөг авсан гэж хэлэхэд утсаа салгаад эргэж яриагүй. Авсан мөнгөө буцааж өгсөн тул  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр:

   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан Д.Б, Х.А нараас 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Н, Ш.Н нарт олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 230 000 /хоёр зуун гучин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50630 /тавин мянга зургаан зуун гуч/  төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож,

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2090 дугаартай захирамжаар хариуцагч Д.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай, “Бонго пронтер” маркийн автомашиныг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарлаж,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

          Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо:

... Д.Б би Ш.Н, Х.Н нарын гуйснаар 4.000.000-д худалдаж авчаад баахан сэлбэг тавьсанаа тооцолгүй 3.500.000-д наймаа хийхээр тохирсон. Хамт Замын-Үүд явж ирээд машинаа авахаар тохирч 1.000.000 төгрөг бэлэн авч, замдаа надаас цувуулж авч хэрэглэсэн 200.000 төгрөг, замын зардалд 324.000 төгрөг зарцуулсан, ирсэн хойноо машиныг хөдөө гэрлүүгээ хүргүүлэхдээ аваачсан машины аккумлятор, дугуй, хонь /хургатай/ зэргийн үнэ 370.000 төгрөг эдгээрийг тооцож, хасаж нэхэмжлэл гаргаагүй болохоор Ш.Н, Х.Н нарыг шүүх хуралд биечлэн оруулахыг нэхэмжлэлийн хувь гардан аваад тайлбар гаргахдаа хүсэлт тавьсан. Шүүх хурал хийхэд хүртэл саналаа хэлэхэд хүлээж авсангүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, өмгөөлөгч Э.А нар нь энэ дотоод зөрчилдөөн өглөг, авлагыг сайн мэдэхгүй болохоор нэхэмжлэгч нарыг биечлэн шүүх хуралд оролцуулахыг хүссэн юм. Х.Н нь худлаа хүнийг буруутгаж, өөрийгөө зөвтгөж, өмгөөлж хуулийн хүмүүст итгүүлчихээд шүүх хуралд биечлэн оролцохоосоо зайлж, зугатааж хөдөө малтай завгүй гэж шалтаглаад 2017.12.25-нд шүүх хурал болох өдөр аймгийн төвд ирчихсэн, /өмгөөлөгч Э.А-ийн ярьсан надтай өнөөдөр Х.Н ирээд уулзсан гэж шүүх хурлын танхимд хэлсэн үгээр/ Х.Н нь хуралд биечлэн оролцож хуулийн өмнө иргэний үүргийг биелүүлж, үнэнээр нь хүүд өгсөн мөнгөө, буцааж авч хэрэглэсэн, зардлаа, залилж авсан юмнуудаа үнэнээр нь хэлж ярихаасаа татгалзаж, зугатаж, худал ярьж итгүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараараа шийдүүлэхийг бодож байна. Замын-Үүд, Сайншанд хот, Хамрын хийд ороод авахуулсан 4 ширхэг фото зураг баримт болгож өгсөн. Хүнээс авах мөнгөө сайн санаж, нэхэж чадаж байгаа улс, өөрсдөө буцааж авч хэрэглэсэн мөнгө, зардлаа авчаад байгаа юмнуудаа санаж хуулийн өмнө үнэнээр нь хэлэх байх гэж бодож хуралд биечлэн оруулах хүсэлт тавьсан юм. Иймд Ш.Н, Х.Н нарыг шүүх хуралд биечлэн оролцуулж үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.  

                                           

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Н, Ш.Н нар нь хариуцагч Х.А, Д.Б нарт холбогдуулан 2.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Н, Ш.Н нар нь 2017 оны 6 дугаар сард хариуцагч Д.Б-аас ... улсын дугаартай “Бонго пронтер” маркийн авто машинийг 3.500.000  төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2.000.000 төгрөгийг Д.Б-д өгсөн нь зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Харин нэхэмжлэгч нь урьдчилгаанд өгсөн гэх 2.000.000 төгрөгөн дээрээ нэмж хариуцагчаас машинд 80.000 төгрөгөөр гэрэл авсан, виза картнаас 150.000 төгрөг нийт 230.000 төгрөг, хариуцагч нь нэхэмжлэлээс нэхэмжлэгч нарын зээлж авсан 200.000 төгрөг, хургатай хонь 150.000 төгрөг, аккумляторын үнэ 100.000 төгрөг, зуны дугуйны үнэ 120.000 төгрөг нийт 570.000 төгрөгийг хасч тооцуулах талаар мэтгэлцсэн байсан боловч энэ талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдэрлэсэн нь Иргэний хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Д.Б-ын давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26.150.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.ХҮРЭЛБААТАР

 

                 ШҮҮГЧИД                                               С.УРАНЧИМЭГ

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН