Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 000169

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ж ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Прокурорын газар, Ж.Н нарт холбогдох,

900.000 төгрөг гаргуулах, “Ж ” ХХК-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Булган аймгийн Прокурорын газрын сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00540/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, 1993 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, дээд боловсролтой, “Ж ” ХХК-ийн Булган салбарын үйлчилгээний ажилтан, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух, Ловогт П.Ц

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1982 онд Архангай аймагт төрсөн, 36 настай, дээд боловсролтой, Булган аймгийн Прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт М. С

Хариуцагч: 1976 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт оршин суух, Тайжууд овогт Ж. Н,  гэрч Д.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Ж " ХХК нь Булган аймгийн Прокурорын газартай 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ХАГ0102/16 тоот "Зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулж 2 040 000 төгрөгийн үнэ бүхий гар утас, төхөөрөмж, дугаарыг 6 сарын хугацаатай зээлээр худалдсан. Гэвч дээрх гэрээний төлбөрөөс 1 440 000 төгрөгийг төлж, үлдэх 600 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байна. Үүнд:

Б.Эрхэмбаяр - 240 000 төгрөг,

Ж.Н - 360 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ба төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч удахгүй төлнө гэсээр одоог хүрээд байна.

Булган аймгийн Прокурорын газраас ХАГ0102/16 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 600 000 төгрөгийг, гэрээний 3.3-т заасан "... гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө" гэж заасны дагуу алданги 300 000 төгрөг, нийт 900 000 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй улмаас компанид учруулсан хохирлыг арилгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ж " ХХК нь Булган аймгийн Прокурорын газартай 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ХАГ0102/16 тоот "Зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулж 2 040 000 төгрөгийн үнэ бүхий гар утас, төхөөрөмж, дугаарыг 6 сарын хугацаатай худалдсан. Гэвч дээрх гэрээний төлбөрөөс 1 440 000 төгрөгийг төлж, үлдэх 600 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байна. Уг төлбөрөөс Эрхэмбаатар 240000 төгрөг төлсөн учраас алданги 120000 төгрөг, бүгд 360 000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэгдэл төлбөр болох 360000 төгрөг, түүний алданги болох 180000 төгрөг, нийт 540000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна. "Ж " ХХК  нь хуулийн этгээд болох Булган аймгийн Прокурорын газартай гэрээ байгуулсан учраас Ж.Нхариуцагчаар татахаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Булган аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан тайлбартаа: "Ж " ХХК нь тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ. Тус Прокурорын газарт ажиллаж байсан Б.Э, Ж.Н нар нь "Ж " ХХК-иас гар утас болон тоног төхөөрөмжийг зээлээр  худалдан авах гэрээ байгуулан авсан. Тухайн үед нягтлан бодогч Д.Ц миний бие "гар утас, тоног төхөөрөмж худалдан авсан ажилтнууд нэг бүртэй гэрээ хий, байгууллага гэрээ хийхгүй" гэж хэлэхэд "Ж " ХХК-ийн төлөөлөгч “энэ хүмүүс төлбөрөө төлөхгүй байх нь танай байгууллагад хамаагүй. Төлбөрийн асуудал гарвал гар утас, төхөөрөмж худалдан авсан ажилтнуудтай  бид холбогдох болно” гэж хэлсэн.

Мөн байгууллагатай нь гэрээ хийж утсаа зарахгүй бол хувь хүмүүстэй гэрээ хийж өгөх боломжгүй гэсэн юм. Ингээд манай байгууллагын 6 прокурор, ажилтнууд гар утас, төхөөрөмжийг зээлийн гэрээгээр авсан. Гэвч дараа тооцоогоор авсан гар утаснууд нь сайн ажиллахгүй байсан тул Д.У , А.З , Б.Г, Ж.Э нар нь 2016 оны 02 сарын 18-ны өдрийн 2/105 албан тоотын хамт гар утсыг Улаанбаатар хотын “Ж ” ХХК-ийн төв рүү шуудангаар хүргүүлсэн. Ж.Н нь тухайн үед эзгүй байсан тул утсаа өгч чадалгүй хоцорсон байсан. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж аваад Ж.Нутсаар холбогдоход "би Улаанбаатар хот орохдоо /2016 он/ Сүхбаатар дүүргийн "Ж "ХХК-ийн салбарт авсан гар утсыг хүлээлгэж өгсөн, одоо ямар ч тооцоогүй. Булган аймгийн Прокурорын газарт миний “Ж ” ХХК-иас зээлээр худалдаж авсан гар утасны төлбөр хамаагүй, хэрэв надтай холбоотой төлбөр тооцоо байдаг бол би өөрөө хариуцаж төлнө хэмээн утсаар хэлсэн. Мөн Б.Э нь тухайн авсан төхөөрөмжөө хэрэглэж байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 05 сарын 09-ний өдөр 5082002472 тоот дансанд 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг шилжүүлсэн тул надад одоо ямарч тооцоо байхгүй. Шилжүүлгээр орж ирсэн орлогын гүйлгээгээ өөрсдөө хянаж тооцоог хааж бичилт хийсэнгүй гэж ярьсан. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч П.Ц энэ талаар хэлж утсаар холбогдоход Б.Эс 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг 2017 оны 05 сарын 09-ний өдөр шилжиж орж ирсэн байна. Бид танай Прокурорын газраас гэж төлбөр орж ирээгүй болохоор Б.Э холбогдох гар утасны төлбөрийг нэхэмжилсэн байна, харин Ж.Н нь утсаа буцаан хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй тул утасны төлбөрийг төлүүлнэ гэж хариу хэлсэн. /Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б.Э 240000 төгрөг гэж нэрийг буруу бичсэн байна/

Булган аймгийн Прокурорын газар нь "Ж " ХХК-ийн нэхэмжилсэн Б.Э, Ж.Н нарын гар утасны төлбөр болох 600 000 төгрөг, алданги 300000 төгрөг нийт 900000 төгрөгийн хариуцан төлөх боломжгүй. Зээлээр худалдан авсан хүмүүс өөрсдөө хариуцан төлөх учиртай. Энэ үүргийнхээ дагуу Б.Э нь утасны төлбөр 240000 төгрөгийг төлж барагдуулсан, Ж.Н нь авсан утас, төхөөрөмжийг буцаан өгсөн гэж тайлбарласан. Мөн Б.Э нь төлбөрөө барагдуулсан байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ж " ХХК-тай Булган аймгийн Прокурорын газар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5 ширхэг гар утас, 1 ширхэг төхөөрөмж худалдан авсан. Ж.Э, Ж.Н, Д.У , З, Г нар гар утас, аймгийн прокурор Б.Э нь интернетийн тоног төхөөрөмж худалдан авсан. "Ж " ХХК нь Прокурорын газарт үйлчилгээ үзүүлсэн биш харин  тус байгууллагын ажилтнуудтай гэрээ хийсэн. Тухайн үед авсан утас, тоног төхөөрөмжийн төлбөрийг тухайн байгууллагын 5-аас дээш ажилтан авсан тохиолдолд тухайн байгууллагатай гэрээ хийж цалингаас нь суутган төлбөрийн тооцоог хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан бөгөөд дээрх ажилчид сар бүрийн 25-ны өдөр цалингаасаа 60000 төгрөг суутгуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж гар утсыг өөрсдөө хүлээн авсан. Худалдан авсан гар утсыг ашиглах явцад доголдол үүсч цалингаас төлбөрийг суутгахаас өмнө   Ж.Э , Ж.Нарантуяа, Д.У , Золжаргал, Ганхуяг нар буцаан өгөхөөр тохирч, гомдол бичин 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2/105 албан тоотоор буцаан хүргүүлсэн.  Тухайн үед  Ж.Н прокурор эзгүй байсан тул түүнтэй утсаар холбогдон ярихад “би очиж байгаад өөрөө шийднэ” гэж хэлсэн байсан. Гомдол дээр Ж.Н прокурорын нэр байгаа боловч түүний гарын үсэг зурагдаагүй. Гомдлыг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр явуулсан байдаг.  Ингээд тэрээр 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж гар утасны төлбөрийг  цалингаас нь суутган авах боломжгүй болсон. 2017 оны 7 дугаар сард  "Ж " ХХК-иас гар утас, төхөөрөмжийн төлбөр 600 000 төгрөг төлөгдөөгүй талаар мэдэгдэл ирсэн бөгөөд Б.Э прокурортой утсаар ярихад 2016 оны 5 дугаар сард 240 000 төгрөгийг төлсөн гэж хариу хэлсэн.  Ж. Н утсаар холбогдож энэ талаар хэлэхэд  тэрээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг дэх "Ж " ХХК-ийн салбарт гар утсыг хүлээлгэн өгсөн гэж хэлсэн.  Нэхэмжлэгч тал 240 000 төгрөг төлөгдсөн тул түүний алданги 120 000 төгрөг, төрөөмжийн үнэ 240 000 төгрөгөөс татгалзаж, гар утасны төлбөр 360 000 төгрөг, алданги 180 000 төгрөг бүгд 540 000 төгрөгийг манай байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх гар утсыг  худалдан авсан Ж.Нарантуяагаар төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ж.Нарантуяаг хариуцагчаар татахаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ж.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал намайг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр "Ж " ХХК  нь Булган аймгийн Прокурорын газартай гар утас, тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг гэрээнд Булган аймгийн Прокурорын газар тамга, тэмдэг дарж гарын үсгээ зурж баталгаажуулсан учир гэрээг хүчин төгөлдөр  бус гэж үзэхгүй. Булган аймгийн Прокурорын газар 5 ширхэг гар утас, 1 ширхэг төхөөрөмжийг  хүлээн авч акт үйлдсэн. Ж.Нарантуяа, Д.У , Золжаргал, Ганхуяг, Эрхэмбаатар, Эрдэнэболд  нар хүлээн авсан гэсэн баримт  гарын үсэг огт үйлдээгүй. Ийм учраас "Ж " ХХК нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ж.Н намайг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагчаар Булган аймгийн Прокурорын газрыг татсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан.  Ж.Н надад гар утас хүлээлгэн өгсөн гэсэн баримт байхгүй. "Ж " ХХК-тай Булган аймгийн Прокурорын газар гэрээ байгуулж гарын үсэг зурж тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан учраас надад хамааралгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж ” ХХК нь Булган аймаг дахь салбараараа дамжуулан гар утас, интернет төхөөрөмж борлуулахаар манай байгууллагын ажилтнуудад сурталчилгаа хийж зээлээр худалдан авах боломжтой талаар танилцуулж манай байгууллагаас 5 ажилтан гар утас, 1 ажилтан интернет төхөөрөмжийг хувийн хэрэгцээндээ худалдан авсан. Гэтэл “Ж ” ХХК нь гар утас төхөөрөмжийг байгууллагаар дамжуулан гэрээ хийж өгнө, цалингаас хуваарийн дагуу суутгаж төлбөрийг төлүүлнэ гэхэд нь манай зүгээс ажилтанууд хувийн хэрэгцээндээ ашиглахаар зээлээр худалдан авч байгаа тул манай байгууллага ямар нэг хариуцлага хүлээж гэрээ байгуулахгүй, хувь хүн тус бүртэй гэрээ байгуул гэж эсэргүүцэхэд прокурор ажилтанууд бид цалингаасаа суутгуулахад татгалзах зүйлгүй гэж зөвшөөрсөн тул 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж баталгаажуулсан байдаг. “Ж ” ХХК нь Булган аймгийн Прокурорын газар гар утас, тоног төхөөрөмж худалдан аваагүй, тус байгууллагын прокурор, ажилтанууд худалдаж авч байгааг мэдсээр байж цалингаас нь шууд суутгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бусадтай хийсэн гэрээгээ халхавчлах баталгаажуулах зорилгоор талууд мэдсээр байж  Булган аймгийн Прокурорын газар 20 40 000 төгрөгийн гар утас, төхөөрөмж худалдан авсан мэтээр дээрхи гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул “Ж ” ХХК-ийн Булган аймгийн Прокурорын газартай 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Ж " ХХК нь Булган аймгийн Прокурорын газраас 600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг гэрээнд оролцогч талууд хүсэл зоригоо илэрхийлж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан гарын үсэг зурж, тамга тэмдэгээ дарж баталгаажуулсан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Бараа материалыг хүлээн авсан баримтанд Булган аймгийн Прокурорын газрын нягтлан Д.Ц, прокурор Б.Э нар гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан. Ийм учраас Булган аймгийн Прокурорын газраас гар утасны төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд гэрч Д.У  мэдүүлэхдээ: 2016 оны 1 дүгээр сард ‘’Жи- Мобайл’’ ХХК-ийн ажилтан манай байгууллага дээр ирж сурталчилгаа хийхдээ гар утас сүлжээ унахгүй, нэг байгууллагын 5-аас дээш ажилтан зээлээр гар утас, төхөөрөмж авсан тохиолдолд байгууллагатай гэрээ хийж цалингаас нь суутган тооцоо хийнэ гэж ярьсан.  Манай байгууллагын ажилчид ярьж байгаад 5  ажилчин гар утас, нэг прокурор төхөөрөмж авахаар болсон. байгууллагаараа дамжуулан ‘’Ж ’’ ХХК-иас гар утас, төхөөрөмж авсан. Гар утсыг 7 хоног ашиглахад чанарын шаардлага хангахгүй сүлжээ нь унаад, цэнэгээ барихгүй байсан учраас цалингаас мөнгө суутгаж авахаас нь өмнө буцааж өгөхөөр ярьж гомдол бичиж гар утаснуудаа албан тоотын хамт “Ж ” ХХК луу явуулсан. Тухайн үед Ж.Н прокурор хөдөө хэргийн газрын үзлэгт явсан байсан бөгөөд энэ талаар өөрт нь мэдэгдэхэд миний нэрийг бичээд явуулчих, би очоод утсыг нь өгнө гэж хэлэхээр нь би гомдолд нэрийг нь бичээд явуулсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

“Ж ” ХХК нь Булган аймгийн Прокурорын газар, Ж.Н нарт холбогдуулан 900000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 360 000 төгрөгөөр багасгаж, хамтран хариуцагч Ж.Н хариуцагчаар татахаас татгалзсан байна.

“Ж ” ХХК нь Булган аймгийн Прокурорын газартай зээлээр худалдах, худалдан худалдан авах гэрээ байгуулсан тул гар утсны төлбөр 360 000 төгрөг, алданги 180 000 төгрөг бүгд 540 000 төгрөгийг Булган аймгийн Прокурорын газраас гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч Булган аймгийн Прокурорын газрын ажилтнууд хувийн хэрэгцээндээ ашиглахаар гар утас худалдан авсан тул тухайн үед хяналтын прокуророор ажиллаж байсан  Ж.Нарантуяагийн худалдан авсан гар утсны үнийг тус байгууллага хариуцан төлөх үүрэггүй гэж маргажээ.

 “Ж ” ХХК нь  Булган аймгийн Прокурорын газартай  2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг  байгуулж 5 ажилтан гар утас, 1 ажилтан төхөөрөмж худалдан авсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ үйл баримтын талаар талууд мараагүй, харин гар утас төхөөрөмжийг байгууллагын хэрэгцээнд бус хувь хүн худалдан авсан тул байгууллага хариуцахгүй гэж маргасан байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл “Ж ” ХХК нь Булган аймгийн Прокурорын газрын ажилтан, албан хаагч нарт гар утас, төхөөрөмжийн талаар сурталчилгаа явуулж байгууллагын 5-аас дээш ажилтан гар утас, төхөөрөмж худалдан авбал зээлээр олгох ба төлбөрийг цалингаас суутгаж төлөх нөхцөлтэйгээр байгуулагатай гэрээ байгуулах санал гаргасныг Булган аймгийн Прокурорын газар хүлээн зөвшөөрч, байгууллагыг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээг  байгуулсан байна. /хх-ийн 11-13/

Гэрээгээр худалдагч тал гар утас, төхөөрөмж /утасны дугаар/-ийг зээлээр худалдах, худалдан авагч тал худалдан авсан бүтээгдэхүүний үнийг /гэрээний хавсралт-2/ тогтоосон хугацаанд цалингаас суутган төлөх нөхцөлтэйгээр  тохиролцож гар утас, төхөөрөмжийг /гэрээний хавсралт 3/ хүлээлгэн өгсөн байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч  байгууллага нь тус байгууллагад хяналтын прокуророор ажиллаж байсан Ж.Нарантуяаг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөхөд гар утасны үнийг түүний цалингаас суутган аваагүй, гэрээний 2.2.1-д /төлбөрийг хавсралт 2-т заасан хугацаанд төлөх/ заасан үүргээ биелүүлээгүй  болох нь зохигчдын тайлбар, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, тооцоо нийлсэн баталгаа, мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 11-13,89-93/ Өөрөөр хэлбэл “Ж ” ХХК-ийн гэрээ байгуулах нөхцлийг Прокурорын газар хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан атлаа тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Гэрээний 3.3-т зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор тохирсон байх тул алданги 180 000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар худалдагч тал шаардах эрхтэй байна.

Иймд гар утсаны төлбөр 360 000 төгрөг, түүний алданги 180 000 төгрөг бүгд 540 000 төгрөгийг Булган аймгийн Прокурорын газраас гаргуулж “Ж ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Булган аймгийн Прокурорын газар нь “Ж ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч “Ж ” ХХК нь хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж маргажээ.

 Хариуцагч Булган аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэлийн үндэслэлээ тус байгууллагын прокурор ажилтнууд гар утас, төхөөрөмж худалдан авч байгааг мэдсээр байж цалингаас нь шууд суутгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бусадтай хийсэн гэрээгээ халхавчлах, баталгаажуулах зорилгоор Булган аймгийн Прокурорын газар 20 40 000 төгрөгийн гар утас төхөөрөмж худалдан авсан мэтээр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хийсэн үеэсээ хүчин төгөлдөр биш, үндэслэлгүй, алдаатай байх хэлцлийг зохицуулсан байдаг бөгөөд  мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”-д талууд хуулиар эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй, тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, хууль зүйн ямар нэгэн үр дагавар бий болохгүй, хэлцлийн гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд хийгддэг ойлголт юм.

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг үзвэл “Ж ” ХХК-ийн байгууллагын 5-аас дээш ажилтан гар утас, төхөөрөмж худалдан авбал зээлээр олгох ба төлбөрийг цалингаас суутган төлөх саналыг Булган аймгийн Прокурорын газар хүлээн авч харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байгаа нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  Өөрөөр хэлбэл талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож, эрх үүрэг үүсч, хууль зүйн үр дагаварыг бий болгосон хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.  

Иймд “Ж ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр  /дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл/ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Булган аймгийн Прокурорын газрын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллага нь хамтран хариуцагч Ж.Нарантуяаг хариуцагчаар татахаас татгалзсан болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 /хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Булган аймгийн Прокурорын газраас 16850 /арван зургаан мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж ” ХХК-д олгох, хариуцагч Булган аймгийн Прокурорын газрын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газраас 540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж “Ж ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “Ж ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Булган аймгийн Прокурорын газрын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 /хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Булган аймгийн Прокурорын газраас 16850 /арван зургаан мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж ” ХХК-д олгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Булган аймгийн Прокурорын газар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН