Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 11

 

“Ж-М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                                                                       иргэний хэргийн тухай                                                                                                                     Хэргийн индекс 132/2017/00540/И

      Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаартай шийдвэртэй,

  “Ж-Мл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Б а-ийн П-ын газар, Ж.Н нарт холбогдох 900.000 төгрөг гаргуулах, “Ж-М” ХХК-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Б-ийн П-ын г-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж-М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Ж-М" ХХК нь Б а-ийн П-ын г-тай 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ХАГ0102/16 тоот "Зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулж 2 040 000 төгрөгийн үнэ бүхий гар утас, төхөөрөмж, дугаарыг 6 сарын хугацаатай зээлээр худалдсан. Гэвч дээрх гэрээний төлбөрөөс 1 440 000 төгрөгийг төлж, үлдэх 600 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байна. Үүнд:

Б.Э - 240 000 төгрөг, Ж.Н - 360 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ба төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч удахгүй төлнө гэсээр одоог хүрээд байна.

Б а-ийн П-ын г-аас ХАГ0102/16 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 600 000 төгрөгийг, гэрээний 3.3-т заасан "... гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө" гэж заасны дагуу алданги 300 000 төгрөг, нийт 900 000 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй улмаас компанид учруулсан хохирлыг арилгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ж-М" ХХК нь Б а-ийн П-ын г-тай 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ХАГ0102/16 тоот "Зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулж 2 040 000 төгрөгийн үнэ бүхий гар утас, төхөөрөмж, дугаарыг 6 сарын хугацаатай худалдсан. Гэвч дээрх гэрээний төлбөрөөс 1 440 000 төгрөгийг төлж, үлдэх 600 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байна. Уг төлбөрөөс Э 240000 төгрөг төлсөн учраас алданги 120000 төгрөг, бүгд 360 000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэгдэл төлбөр болох 360000 төгрөг, түүний алданги болох 180000 төгрөг, нийт 540000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна. "Ж-М" ХХК  нь хуулийн этгээд болох Б а-ийн П-ын газартай гэрээ байгуулсан учраас Ж.Н-г хариуцагчаар татахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б а-ийн П-ын г нь шүүхэд гаргасан тайлбартаа: "Ж-М" ХХК нь тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ. Тус П-ын газарт ажиллаж байсан Б.Э, Ж.Н нар нь "Ж-М" ХХК-иас гар утас болон тоног төхөөрөмжийг зээлээр  худалдан авах гэрээ байгуулан авсан. Тухайн үед нягтлан бодогч Д.Ц миний бие "гар утас, тоног төхөөрөмж худалдан авсан ажилтнууд нэг бүртэй гэрээ хий, байгууллага гэрээ хийхгүй" гэж хэлэхэд "Ж-М" ХХК-ийн төлөөлөгч “энэ хүмүүс төлбөрөө төлөхгүй байх нь танай байгууллагад хамаагүй. Төлбөрийн асуудал гарвал гар утас, төхөөрөмж худалдан авсан ажилтнуудтай  бид холбогдох болно” гэж хэлсэн.

Мөн байгууллагатай нь гэрээ хийж утсаа зарахгүй бол хувь хүмүүстэй гэрээ хийж өгөх боломжгүй гэсэн юм. Ингээд манай байгууллагын 6 прокурор, ажилтнууд гар утас, төхөөрөмжийг зээлийн гэрээгээр авсан. Гэвч дараа тооцоогоор авсан гар утаснууд нь сайн ажиллахгүй байсан тул Д.У, А.З, Б.Г, Ж.Э нар нь 2016 оны 02 сарын 18-ны өдрийн 2/105 албан тоотын хамт гар утсыг Улаанбаатар хотын “Ж-М” ХХК-ийн төв рүү шуудангаар хүргүүлсэн. Ж.Н нь тухайн үед эзгүй байсан тул утсаа өгч чадалгүй хоцорсон байсан. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж аваад Ж.Н-тай утсаар холбогдоход "би Улаанбаатар хот орохдоо /2016 он/ Сүхбаатар дүүргийн "Ж-М" ХХК-ийн салбарт авсан гар утсыг хүлээлгэж өгсөн, одоо ямар ч тооцоогүй. Б а-ийн П-ын г-т миний “Ж-М” ХХК-иас зээлээр худалдаж авсан гар утасны төлбөр хамаагүй, хэрэв надтай холбоотой төлбөр тооцоо байдаг бол би өөрөө хариуцаж төлнө хэмээн утсаар хэлсэн. Мөн Б.Э нь тухайн авсан төхөөрөмжөө хэрэглэж байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 05 сарын 09-ний өдөр 5082002472 тоот дансанд 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг шилжүүлсэн тул надад одоо ямарч тооцоо байхгүй. Шилжүүлгээр орж ирсэн орлогын гүйлгээгээ өөрсдөө хянаж тооцоог хааж бичилт хийсэнгүй гэж ярьсан. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч П.Ц-той энэ талаар хэлж утсаар холбогдоход Б.Э-аас 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг 2017 оны 05 сарын 09-ний өдөр шилжиж орж ирсэн байна. Бид танай П-ын газраас гэж төлбөр орж ирээгүй болохоор Б.Э-т холбогдох гар утасны төлбөрийг нэхэмжилсэн байна, харин Ж.Н нь утсаа буцаан хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй тул утасны төлбөрийг төлүүлнэ гэж хариу хэлсэн. /Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б.Э 240000 төгрөг гэж нэрийг буруу бичсэн байна/

Б а-ийн П-ын газар нь "Ж-М" ХХК-ийн нэхэмжилсэн Б.Э, Ж.Н нарын гар утасны төлбөр болох 600 000 төгрөг, алданги 300000 төгрөг нийт 900000 төгрөгийн хариуцан төлөх боломжгүй. Зээлээр худалдан авсан хүмүүс өөрсдөө хариуцан төлөх учиртай. Энэ үүргийнхээ дагуу Б.Э нь утасны төлбөр 240000 төгрөгийг төлж барагдуулсан, Ж.Н нь авсан утас, төхөөрөмжийг буцаан өгсөн гэж тайлбарласан. Мөн Б.Э нь төлбөрөө барагдуулсан байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ж-М" ХХК-тай Б а-ийн П-ын газар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5 ширхэг гар утас, 1 ширхэг төхөөрөмж худалдан авсан. Ж.Э, Ж.Н, Д.У, З, Г нар гар утас, а-ийн п Б.Э нь интернетийн тоног төхөөрөмж худалдан авсан. "Ж-М" ХХК нь П-ын газарт үйлчилгээ үзүүлсэн биш харин  тус байгууллагын ажилтнуудтай гэрээ хийсэн. Тухайн үед авсан утас, тоног төхөөрөмжийн төлбөрийг тухайн байгууллагын 5-аас дээш ажилтан авсан тохиолдолд тухайн байгууллагатай гэрээ хийж цалингаас нь суутган төлбөрийн тооцоог хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан бөгөөд дээрх ажилчид сар бүрийн 25-ны өдөр цалингаасаа 60000 төгрөг суутгуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж гар утсыг өөрсдөө хүлээн авсан. Худалдан авсан гар утсыг ашиглах явцад доголдол үүсч цалингаас төлбөрийг суутгахаас өмнө   Ж.Э, Ж.Н, Д.У, З, Г нар буцаан өгөхөөр тохирч, гомдол бичин 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2/105 албан тоотоор буцаан хүргүүлсэн.  Тухайн үед  Ж.Н п эзгүй байсан тул түүнтэй утсаар холбогдон ярихад “би очиж байгаад өөрөө шийднэ” гэж хэлсэн байсан. Гомдол дээр Ж.Н п-ын нэр байгаа боловч түүний гарын үсэг зурагдаагүй. Гомдлыг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр явуулсан байдаг.  Ингээд тэрээр 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж гар утасны төлбөрийг  цалингаас нь суутган авах боломжгүй болсон. 2017 оны 7 дугаар сард  "Ж-М" ХХК-иас гар утас, төхөөрөмжийн төлбөр 600 000 төгрөг төлөгдөөгүй талаар мэдэгдэл ирсэн бөгөөд Б.Э п-той утсаар ярихад 2016 оны 5 дугаар сард 240 000 төгрөгийг төлсөн гэж хариу хэлсэн.  Ж. Н-тай утсаар холбогдож энэ талаар хэлэхэд  тэрээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг дэх "Ж-М" ХХК-ийн салбарт гар утсыг хүлээлгэн өгсөн гэж хэлсэн.  Нэхэмжлэгч тал 240 000 төгрөг төлөгдсөн тул түүний алданги 120 000 төгрөг, төрөөмжийн үнэ 240 000 төгрөгөөс татгалзаж, гар утасны төлбөр 360 000 төгрөг, алданги 180 000 төгрөг бүгд 540 000 төгрөгийг манай байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх гар утсыг  худалдан авсан Ж.Н-аар төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ж.Н-г хариуцагчаар татахаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ж.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал намайг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр "Ж-М" ХХК  нь Б а-ийн П-ын газартай гар утас, тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг гэрээнд Б а-ийн П-ын газар тамга, тэмдэг дарж гарын үсгээ зурж баталгаажуулсан учир гэрээг хүчин төгөлдөр  бус гэж үзэхгүй. Б а-ийн П-ын газар 5 ширхэг гар утас, 1 ширхэг төхөөрөмжийг  хүлээн авч акт үйлдсэн. Ж.Н, Д.У, З, Г, Э, Э  нар хүлээн авсан гэсэн баримт  гарын үсэг огт үйлдээгүй. Ийм учраас "Ж-М" ХХК нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ж.Н намайг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагчаар Б а-ийн П-ын г-ыг татсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан.  Ж.Н надад гар утас хүлээлгэн өгсөн гэсэн баримт байхгүй. "Ж- М" ХХК-тай Б а-ийн П-ын газар гэрээ байгуулж гарын үсэг зурж тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан учраас надад хамааралгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж-М” ХХК нь Булган аймаг дахь салбараараа дамжуулан гар утас, интернет төхөөрөмж борлуулахаар манай байгууллагын ажилтнуудад сурталчилгаа хийж зээлээр худалдан авах боломжтой талаар танилцуулж манай байгууллагаас 5 ажилтан гар утас, 1 ажилтан интернет төхөөрөмжийг хувийн хэрэгцээндээ худалдан авсан. Гэтэл “Ж-М” ХХК нь гар утас төхөөрөмжийг байгууллагаар дамжуулан гэрээ хийж өгнө, цалингаас хуваарийн дагуу суутгаж төлбөрийг төлүүлнэ гэхэд нь манай зүгээс ажилтанууд хувийн хэрэгцээндээ ашиглахаар зээлээр худалдан авч байгаа тул манай байгууллага ямар нэг хариуцлага хүлээж гэрээ байгуулахгүй, хувь хүн тус бүртэй гэрээ байгуул гэж эсэргүүцэхэд прокурор ажилтанууд бид цалингаасаа суутгуулахад татгалзах зүйлгүй гэж зөвшөөрсөн тул 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж баталгаажуулсан байдаг. “Ж-М” ХХК нь Б а-ийн П-ын газар гар утас, тоног төхөөрөмж худалдан аваагүй, тус байгууллагын прокурор, ажилтанууд худалдаж авч байгааг мэдсээр байж цалингаас нь шууд суутгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бусадтай хийсэн гэрээгээ халхавчлах баталгаажуулах зорилгоор талууд мэдсээр байж  Б а-ийн П-ын газар 20 40 000 төгрөгийн гар утас, төхөөрөмж худалдан авсан мэтээр дээрхи гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул “Ж-М” ХХК-ийн Б а-ийн П-ын газартай 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Ж-М" ХХК нь Б а-ийн П-ын газраас 600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг гэрээнд оролцогч талууд хүсэл зоригоо илэрхийлж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан гарын үсэг зурж, тамга тэмдэгээ дарж баталгаажуулсан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Бараа материалыг хүлээн авсан баримтанд Б а-ийн П-ын газрын нягтлан Д.Ц, прокурор Б.Э нар гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан. Ийм учраас Б а-ийн П-ын г-аас гар утасны төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд гэрч Д.У мэдүүлэхдээ: 2016 оны 1 дүгээр сард ‘’Ж- М’’ ХХК-ийн ажилтан манай байгууллага дээр ирж сурталчилгаа хийхдээ гар утас сүлжээ унахгүй, нэг байгууллагын 5-аас дээш ажилтан зээлээр гар утас, төхөөрөмж авсан тохиолдолд байгууллагатай гэрээ хийж цалингаас нь суутган тооцоо хийнэ гэж ярьсан. Манай байгууллагын ажилчид ярьж байгаад 5  ажилчин гар утас, нэг прокурор төхөөрөмж авахаар болсон. байгууллагаараа дамжуулан ‘’Ж-М’’ ХХК-иас гар утас, төхөөрөмж авсан. Гар утсыг 7 хоног ашиглахад чанарын шаардлага хангахгүй сүлжээ нь унаад, цэнэгээ барихгүй байсан учраас цалингаас мөнгө суутгаж авахаас нь өмнө буцааж өгөхөөр ярьж гомдол бичиж гар утаснуудаа албан тоотын хамт “Ж-М” ХХК луу явуулсан. Тухайн үед Ж.Н прокурор хөдөө хэргийн газрын үзлэгт явсан байсан бөгөөд энэ талаар өөрт нь мэдэгдэхэд миний нэрийг бичээд явуулчих, би очоод утсыг нь өгнө гэж хэлэхээр нь би гомдолд нэрийг нь бичээд явуулсан гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б а-ийн П-ын газраас 540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж “Ж-М” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “Ж-М” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Б а-ийн П-ын газрын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26150 /хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Б а-ийн П-ын г-аас 16850 /арван зургаан мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж-М” ХХК-д олгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Б а-ийн П-ын газар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах гомдолдоо:

... Тус шүүхээс Б а-ийн П-ын г-т холбогдох гар утасны төлбөр, алдангийн хамт 900000 төгрөг гаргуулах тухай "Ж-м" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас "Ж.Н-г хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлүүлэх" талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 132/Ш32017/02196 дугаартай шүүгчийн захирамж гарсан.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжилсэн төлөөлөгч П.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа Ж.Н-г хамтран хариуцагчаар татахыг зөвшөөрч байсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хамтран хариуцагч Ж.Н-г хариуцагчаар татахаас татгалзсан, түүнийг шүүгч хүлээн авч Б а-ийн П-ын г-аас 540000 төгрөг гаргуулж "Ж-М" ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь "Ж-м" ХХК нь Булган аймаг дахь салбараараа дамжуулан гар утас, интернет төхөөрөмж борлуулахаар манай байгууллагын ажилтнуудад сурталчилгаа хийж, тухайн гар, утас төхөөрөмжийг зээлээр худалдах боломжтой талаараа танилцуулсан бөгөөд тус прокурорын газарт ажиллаж байсан Ж.Н, Б.Г, А.З, Ж.Э, Д.У нарын 5 ажилтан U6 маркын гар утас, Б.Э интернет төхөөрөмжийг хувийн хэрэгцээндээ худалдан авсан. Гэтэл тухайн гар утас, төхөөрөмжийг байгууллагаар дамжуулж гэрээ хийж байж өгнө, байгууллага ажилтнуудын цалингаас хуваарийн дагуу суутгаж төлбөрийг төлүүлнэ гэж хэлэхэд нь тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Ц нь прокурор, ажилтнууд хувийн хэрэгцээндээ ашиглахаар зээлээр худалдан авах гэж байгаа тул байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээж зээлийн гэрээ байгуулахгүй, хувь хүн тус бүртэй гэрээ байгуул гэж эсэргүүцэхэд прокурор, ажилтнууд "бид цалингаас суутгуулаад төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй" гэсэн, мөн Ж-м ХХК-ийн төлөөлөгч нь "утасны төлбөртэй холбоотой танай байгууллагад бид хохирол учруулахгүй" гэсээр байгаад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №ХАГ-0102/16 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж баталгаажуулсан байгаа юм. Ингээд прокурор, ажилтнуудын худалдан авсан гар утас нь доголдолтой, шаардлага хангахгүй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2/105 дугаартай албан бичгээр А.З, Д.У, Ж.Э, Б.Г нар гар утсаа буцаан хүргүүлсэн. Тухайн үед Ж.Н нь байхгүй байсан тул өөрт нь энэ талаар мэдэгдэхэд "би дараа нь өөрөө учраа олоод буцаагаад өгнө" гэсэн тул бусад 4 утсыг, гомдлын хамт "Ж-М" ХХК-д буцаан хүргүүлсэн байдаг.  Ж.Н нь гар утсыг буцаан өгөхөөр "Ж-М" ХХК-ийн Булган аймаг дахь салбар дээр очиход ажилтан нь авна гэхээр нь өгөөгүй, Улаанбаатар хот дахь төв дээр өгөхөөр очиход утсыг буцааж аваагүй гэж тайлбартаа дурьдсан нь тухайн гар утсыг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж авсныг гэрчилж байгаа бөгөөд гар утсыг огт аваагүй гэж маргаагүй, харин худалдах худалдан авах гэрээг П-ын газартай байгуулсан тул би төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Б а-ийн П-ын газар нь бодит нөхцөл байдал дээр Ж-м ХХК-аас гар утас, төхөөрөмж худалдаж аваагүй, харин манай байгууллагад ажиллаж байсан прокурор, ажилтнууд хувийн хэрэгцээндээ зориулан гар утас, төхөөрөмжүүдийг худалдан авч байгааг бүгд мэдэж байсан.

Нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Ц нь уг гэрээг байгууллага төлөөлж хийхгүй, байгууллагын зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэж эсэргүүцэхэд Ж-М ХХК-иас ажилтнуудын зээлээр авсан утасны төлбөртэй холбоотой асуудлаар танай байгууллагад ямар нэгэн хохирол учруулахгүй, байгууллагад хамаагүй, төлбөрийн асуудал гарвал авсан ажилтнуудтай л бид холбогдоно гэж хэлж төөрөгдүүлж гэрээ байгуулсан байдаг. Гэтэл мэдсээр байж гар утасны төлбөрийг ажилтнуудын цалингаас нь шууд суутгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ажилтнуудтай хийж байгаа худалдах, худалдан авах гэрээг халхавчилж баталгаажуулах зорилгоор Б а-ийн П г 2 040 000 төгрөгийн гар утас, төхөөрөмж худалдан авсан мэтээр дээрхи гэрээг байгуулсан нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Ж-м ХХК, Б а-ийн П-ын г-тай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №ХАГ-102/16 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг гэрээ нь Б а-ийн П-ын газрын хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй, үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, байгууллагын хувьд худалдан авалт хийгээгүй байтал хийсэн мэтээр хуурамч гэрээ байгуулсан нь байгууллагын эрх ашигт нийцэхгүй өнөөдрийн үр дагаварт хүргээд байна.

Анхан шатны шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол гэрээний хавсралт болох зээл төлөх баталгаанд Ж-ын Н нь 2016 оны 02 дугаар сарын 25-аас 6 сарын хугацаатай сар бүр 60000 төгрөг нийт 360000 төгрөгийг хуваарийн дагуу цалингаас хураалгаж төлөхөд татгалзах зүйлгүй гэж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байтал хамгийн гол нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй, жинхэнэ хариуцагчаар Ж.Н-г сольж хэргийг шийдвэрлэх талаар хариуцагч байгууллагын итгэмжилсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн     "хамтран     хариуцагч    Ж.Н-г    хариуцагчаар    татахаас татгалзсан” хүсэлтийг шууд хүлээн авсан. Өмнө гаргасан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 132/Ш32017/02196 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа талуудын эрх тэгш байх зарчмыг алдагдуулж нэг талыг барьж Б а-ийн П-ын г-ыг хариуцагчаар тогтоож төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Ж-м ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02/01-6946 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ "....Ж.Н 360000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч төлөхгүй байгаа талаар дурьдсан", нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа Ж.Н-г хамтран хариуцагчаар татахыг зөвшөөрсөн, "Ж-м"   ХХК-ийн   бизнес   хөгжил,   удирдлагын   газрын   захирал Ш.А нь 2018-02-01-ний өдрийн 02/01-390 дугаартай албан бичигт ".... хариуцагч Ж.Н-гаас гар утасны үлдэх төлбөр 360000 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэх,  "Ж-м" ХХК-ийн  2017.07.27-ны  өдрийн  05/02-5221   дугаар  албан бичгээр тус прокурорын газарт  Б.Э, Ж.Н нар зээлээр авсан утас, төхөөрөмжийн үнийг төлөхгүй байгаа талаар мэдэгдсэн, үүнд ....Зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй тул төлүүлэхээр Ж.Н-тай 99... дугаарын утсаар удаа дараа ярихад удахгүй төлнө гэсэн хариу өгдөг талаар  маш олон удаа дурьдаж төлбөрийг Ж.Н-аас шаардаж байгаагаа илэрхийлж байсан нь хуульд заасны дагуу Ж.Н-аас шаардах эрхтэй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэхь хэсэгт зааснаар "Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана" гэж заасан. Өөрөөр хэлбэл Ж-М ХХК нь гар утасны төлбөрийг Б а-ийн П-ын газар төлөхгүй тохиолдолд зээл төлөх баталгаа гаргаж өгсөн Ж.Н-аас шаардах ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч П.Ц нь Б а-ийн П-ын газартай худалдах худалдан авах гэрээ хийсэн учраас төлбөрийг төлүүлнэ, Ж.Н-г хамтран хариуцагчаар татахаас татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэхь хэсгийг зөрчсөн, мөн Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.5 дах хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхгүй" гэж заасан байх тул Ж.Н нь зээл төлөх баталгааг гаргасан тул Ж-М ХХК-ийн нэхэмжилж буй гар утасны төлбөр 360000 төгрөгийг, алдангийн хамт төлөх үндэслэлтэй байна.

Хяналтын прокуророор ажиллаж байсан Ж.Н нь Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул цалингаас суутгаж төлбөрийг төлүүлэх боломжгүй байдал үүссэн бөгөөд тус П-ын газраас 2016 оны 2 дугаар сарын цалинг "Цагаан сар"-ын баяр болохтой холбогдлуулан 2 дугаар сарын эхээр тооцож олгосон, прокурор, ажилтнууд зээлээр худалдан авсан гар утсыг доголдолтой байсан тул буцаах гэж байгаа тухайгаа санхүүд мэдэгдэж цалингаас суутгал хийлгээгүй зэрэг байдлууд нөлөөлсөн байсан. Гэтэл Ж.Н нь худалдан авсан утсаа өөрөө хариуцаж буцааж өгнө гэж хэлээд буцааж өгөөгүй, Ж-М ХХК-аас шаардаж албан мэдэгдэл ирүүлсэн талаар мэдэгдэж утсаар нь холбогдоход Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн салбар дээр хүргэж өгсөн, одоо ямар нэгэн тооцоогүй болсон гэж худлаа хэлж байсан зэрэг нь хууль хяналтын байгууллагад хариуцлагатай ажил албан тушаал эрхэлж байсан хүний хувьд ёс зүйгүй, ажиллаж байсан байгууллага хамт олныхоо итгэлийг эвдэж П-ын байгууллагыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй гэх ойлголтыг харилцагч байгууллагад төрүүлж байгууллагын нэр хүнд, эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Ж-м ХХК, Б а-ийн П-ын газартай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №ХАГ-0102/16 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар жинхэнэ хариуцагчаар Ж.Н-г сольж гар утасны төлбөрийг гаргуулан Ж-М ХХК-д олгуулах, гэрээг хүчин төлөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл Иргэний хуулийн 234 дүгээр зүплийн 234.4, 234.5 дах хэсэгт зааснаар "Зээл төлөх баталгаа" гаргаж өгсөн Ж.Н-аар гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар Б а д с д-н И х а ш ш-ийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах болон уг шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Н хариу тайлбартаа: ... “Ж-М” ХХК болон Б а-ийн П-ын г-ын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь агуулга болон хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний шаардлагыг бүрэн хангасан хүчин төгөлдөр хэлцэл болно.

Өөрөөр хэлбэл гэрээний гол нөхцлийг талууд харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч, улмаар гарын үсэг, тамга, тэмдгээрээ баталгаажуулан гэрээ байгуулсан байдаг.

Энэхүү гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хийгдсэн байх бөгөөд тухайн гэрээ байгуулагдсанаар бий болох үр дагаварыг талууд бүрэн ухамсарлаж, харилцан тохиролцож үйлдсэн байх тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрхи “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь нэг талаас худалдагч тал болох “Ж-М” ХХК, нөгөө талаас худалдан авагч тал болох Б а-ийн П-ын газрын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд миний бие Ж.Н нь тус гэрээний ямар нэгэн оролцогч, баталгаа гаргагч биш болно. Миний хувьд Б а-ийн П-ын г-ын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Ж-М” ХХК-нд баталгаа гаргасан зүйл огтхон ч байхгүй.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т баталгааны гэрээг бичгээр хийнэ гэж заасан байдаг бөгөөд миний хувьд “Ж-М” ХХК-тай байгуулсан ямар нэгэн баталгааны гэрээ огт байхгүй, бидний хооронд үүссэн ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй болно.

Иймд Б а-ийн П-ын газрын давж заалдах гомдолд намайг зээл төлөх баталгаа гаргаж өгсөн мэтээр дурдагдсан асуудлууд нь ор үндэслэлгүй, бодит үнэнд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. 

Б а-ийн П-ын г-аас гаргасан давж заалдах гомдолд “намайг худлаа хэлсэн, ёс зүйгүй хүн” мэтээр бичсэн байгаад үнэхээр гомдолтой байна.

Тайжууд овогт Ж-ын Н би, Монгол улсын П-ын байгууллагад тасралтгүй 16 жил 4 сар тогтвортойгоор ажилласан бөгөөд миний хувьд худлаа ярьсан, бусдыг хуурч мэхэлсэн, итгэл эвдсэн зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэх нь зүйтэй болов уу.

Миний бие Монгол улсын П-ын б-д 2000-2016 он хүртэл хяналтын П-оор ажиллаж байхдаа аливаа асуудалд шударгаар хандаж ирсэн ба өөрийн бие сэтгэл, оюун ухаан, хүч чадал, залуу насаа зориулсан байхад Б а-гийн П-ын газар нь 2012-2016 он хүртэл төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгоогүй, 2 жил ээлжийн амралт эдлээгүй, хүнд өвчтэй бага насны хүүхдээ Солонгос улсад эмчлүүлэхээр явуулахад цуг явах боломж олгоогүй гэх зэргээр миний ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байсан нь үнэн болно. Мөн Б а-ийн П-оор ажиллаж байсан Б.Э-ын талаар УЕПГ-т хандаж гомдол гаргаж, шийдвэрлүүлж байсан баримт бий.

Гэтэл Б а-йн П-ын газар нь хамт олныхоо нэгэн төлөөллийг ийм байдлаар үгүйсгэж, гүтгэн, өөрсдийн байгуулсан гэрээний үүргээс зайлсхийж, надад бүх хариуцлагыг үүрүүлэх гэж зүтгэж байгаад маш их харамсаж байна. Мөн гомдолд дурьдагдсан.. “сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах”, “..жинхэнэ хариуцагчаар солих”, “гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрт өөрчлөлт оруулах”, эсхүл “дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул тус гомдлыг эс зөвшөөрч, миний бие дээрх тайлбарыг үнэн зөвөөр гаргаж байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаартай шийдвэр нь хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь шинжлэн судалж, дүгнэлт хийсэн, хууль ёсны ба үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасны дагуу Б а-ийн П-ын г-ын давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Ж-М” ХХК нь Б аймгийн П-ын газарт холбогдуулан 900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 540.000 төгрөг болгон, хамтран хариуцагчаар Ж.Н-г татахыг зөвшөөрчээ.

 Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “Ж-М” ХХК-нь Булган аймгийн П-ын газартай  2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр ХАГО 0102/16 тоот “ зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, 2.040.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, төхөөрөмж, дугаарыг 6 ажилтан нь  6 сарын хугацаатай зээлээр худалдан авсан үйл баримт тогтоогдсон,талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан “зээлээр худалдах, худалдан авах” гэрээний харилцаа үүссэн  байна. /х.х-ийн 10-13/

Дээр дурьсан гэрээгээр Б а-ийн П-ын г нь байгууллагын прокурор, ажилтануудын  авсан гар утас, төхөөрөмжийг цалингаас нь суутгаж төлбөрийг барагдуулах талаар үүрэг хүлээж нэхэмжлэгч “Ж-М” ХХК-тай тохиролцон тухайн  гэрээг хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “ дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 Б а-ийн п-ын г нь Ж.Н цалингаасаа сар бүр суутгал хийхийг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаа гаргасан тул үүргийн гүйцэтгэлийг манай байгууллага хариуцахгүй талаар мэтгэлзэж байгаа боловч Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д ”үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно”  хуулийн 234.2-т “баталгааны гэрээг бичгээр хийнэ”  гэснээс үзэхэд Ж.Н нь  баталгаа гаргасан, баталгааны гэрээ байгуулагдсан гэж үзэх  үндэслэл тогтоогдоогүй байна./х.х-ийн 13/

Харин анхан шатны шүүх Ж.Н-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр хамтран хариуцагчаар татсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч Ж.Н-г хамтран хариуцагчаас татгалзсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүх дээр дурьдсан эрх зүйн харилцаанд үндэслэн хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн дээр дурьсан үндэслэлүүдээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ийн давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН

                          ШҮҮГЧИД                                                                  С.УРАНЧИМЭГ                                                                                                                М.ХҮРЭЛБААТАР