Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 567

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Ө.Мөнх-Өлзий, түүний өмгөөлөгч Г.Минжмаа,

шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Оийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.От холбогдох 1803005120298 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаан овгийн Өгийн О, 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 243 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

Ө.О нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын хойд замд “Тоёота Премио” загварын ... УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас Ө.Мөнх-Өлзийгийн жолоодон явсан “Kayo-T2” загварын ... дугаартай мотоциклыг мөргөснөөс Ө.Мөнх-Өлзийгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ө.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цагаан овогт Өгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өгийн Оийг 2500 /хоёр мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.От оногдуулсан 2500 /хоёр мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ө.Оийн “В” ангиллын 677515 дугаартай жолоочийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч Ө.От буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ө.О /РД:.../-ээс 2.461.449 /хоёр сая дөрвөн зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөг гаргуулан хохирогч Ө.Мөнх-Өлзийд /РД:УД83042979/ олгож, хохирогч Д.Мөнх-Өлзий нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ө.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, төлбөрт тооцуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар битүүмжилсэн Ө.Оийн өмчлөлийн ... УБС улсын дугаартай “Тоёото-Премио” загварын “zzт 2400135625” арлын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Оийн өмгөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчлийг заасан байдаг бөгөөд мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгыг анхан шатны шүүх зөрчин улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаасан, үгүйсгэсэн агуулгыг тусгаагүй байна. Улсын яллагчийг татгалзсан, магадлагаа гаргасан мөрдөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хэлэлцсэн талаар, шүүх хуралдаан дээр хэргийн нөхцөл байдалд тодорхой санал, хүсэлт яригдахад үүнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хохирогч нь 2018 оны 4, 5, 6 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэх мэтээр зөрчилтэй баримт гаргаж ярьсаар байгааг анхааралдаа аваагүй. Эмнэлгийн дүгнэлтэд шилбэний хашлага яс хугарсан гэж гурван эмчийн дүгнэлт зөрчилтэй байгааг бүдгэрүүлсэн. Хавтас хэргийн 107 дугаар хуудаст байгаа өмгөөлөгч Батбаярын магадлагааг танилцуулаагүй. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах гэсэн хүсэлтийг, мөн энэ хурал дээр дахин гаргасан бичмэл хүсэлтийг шүүх хэрхэн үгүйсгэсэн талаар баримт байхгүй байгаа зэргээр миний эрхийг зөрчсөөр байна. Миний хүсэлт хэрэгт байхгүй байж болзошгүй тул давхардуулан бичилгүйгээр тусгасан. Тиймээс гомдлын нэг хэсэг гэж ач холбогдол өгнө үү. Шүүгдэгч Ө.Оийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм. Гэрчийг байцааж, шүүх хуралдаанд оролцуулаагүй. С.Содномдоржийн гаргасан магадлагаа эргэлзээтэй байгаагаас гадна С.Содномдорж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрх үүргийг бүрэн хааж, өөрөө татгалзах үүргээ санаатай биелүүлээгүй хууль зөрчсөөр байгаа талаар нэг ч дүгнэлт бичээгүй байна. “Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй тул би буруугүй, хохирогч хажуу талаас ирээд мөргөсөн” гэж мэтгэлцсэн боловч хохирогчийг буруутай болохыг нотолсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул Ө.Оийг буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. Мөрдөгчийн иш татсан магадлагаанд мөргөсөн, мөргөөгүй талаар нэг ч үг үсэг байхгүй байхад шүүх яагаад орхигдуулсан, Ө.Мөнх-Өлзий мэдүүлэхдээ “урд крылог мөргөхөд, ...тоормос гишгээд амжаагүй очоод мөргөсөн” гээд бичсээр байгаа атлаа яагаад энэ үйлдлийг орхигдуулсан талаар дүгнэлт байхгүй байна. 31436 тоот шинжээчийн дүгнэлтийн 3-т баруун талын хаалга, крыло хонхойсон зэргийг бичсэн атлаа мотоцикл өөрөө ирэн крылог мөргөөд хойш савж, урд зүгт харж унахдаа хаалгыг нь хальт дугуйгаар хонхойлгосон үйлдэл байхад яагаад орхигдуулсан талаар дүгнэлт байхгүй байна. С.Содномдорж 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу нэг сарын дараа хэрэг хаах болсон үед яагаад магадлагаа гаргасан талаар дурдаагүй. Магадлагааг танилцуулаагүй талаарх дүгнэлт байхгүй. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгана гэвэл машинаа зогсоогоод өөрөө бууж шалгах үйлдэл хийхийг ойлгох байх. Тэгвэл хөдөлгөөнд яваа үед хамаарахгүй болно. Төв замаас туслах зам руу шилжин ороход өөдөөс нэг, хоёр тээврийн хэрэгсэл ирж байсан ч эргэх чиг рүү гэрлээрээ дохиж байхад төв замын эсрэг урсгалын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд зогсож зам тавих үүрэгтэй. Гэтэл мотоцикл зам тавилгүйгээр барахгүй хурдтай ирж мөргөсөн тул Ө.Оийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбартай санал нэг байна. Би мөргөөгүй, мөргүүлсэн юм. Дүрэм зөрчсөн зөрчилгүй. Үргэлжилсэн шугамаар эргэсэн үйлдэл байхгүй. Харагдах орчин хязгаарлагдаагүй байсан. Тиймээс намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ө.Мөнх-Өлзийн өмгөөлөгч Г.Минжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь, анхан шатны шүүхээс тодорхой хохирол тогтоож өгсөн. Энэ нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг, бодит хохирол биш юм. Хавтас хэрэгт авагдсан хохирлын давхацсан баримтуудыг хасаж тооцоход 1.679.191 төгрөг байдаг. Мөн хохирогч 4 сар ажлаа хийж чадаагүй юм. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн картын хуулбар хавтас хэрэгт байдаг. Үндсэн цалин нь 1.260.000 төгрөг. 4 сараар бодож үзэхэд нийтдээ 5.000.000 төгрөгийн цалин авах ёстой байсан. 3.820.026 төгрөгийг цалингийн хохиролд гаргуулах үндэслэлтэй байна. Хохирогч тухайн үед орон сууцны зээлтэй байсан ба сарын төлөлтөө хийхдээ 5 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлийг авч, одоог хүртэл төлж чадаагүй. Иргэний шүүхэд нэхэмжлэл өгсөн. Энэ бол хохирогчид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг. Иймээс хохирлыг барагдуулж өгөх нь зөв. Тухайн үеийн байдлаас болж эмчилгээ хийлгэхдээ өөрт байсан эд зүйлийг барьцаанд тавьж, асуудлуудаа шийдвэрлэдэг байсан. Эдгээрийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Нийт хохирол 6.852.130 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Ажилгүй байсан хугацааны төлбөрийг анхан шатны шүүх буруу тооцсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Ө.Мөнх-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Минжмаагийн тайлбартай санал нэг байна. Миний бие уг ослоос болж 2018 оны 6 дугаар сарын 10-наас 2018 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэл ажилгүй байсан. Одоо ажилгүй байгаа. Хохирол төлбөрт мөнгө аваагүй байгаа. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө төв замаар, чигээрээ явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс тухайн осол гарсан гэж үзэж байна. Заавал тээврийн хэрэгслээс бууж орчин тойрноо харж, биечлэн шалгавал зохистой гэж үзэж байна. Жолооч хөдөлгөөнийг эхлүүлэхдээ орчноо ажиглаж хөдөлгөөнд оролцоно. Ө.О тухайн туслах замаар орохдоо төв замаар явж байгаа тээврийн хэрэгслийг харсан байх боломжтой гэж дүгнэж байна. Тухайн 2 тээврийн хэрэгслийг харсан бол замын хөдөлгөөний заалтаар зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийг Ө.О харсан бол мотоциклтой зорчиж байгааг харсан байх боломжтой. Хохирогчийн мэдүүлэгт “миний хажууд нэг тээврийн хэрэгсэл огцом тоормосолсон. Тухайн тээврийн хэрэгслийг арай ч мөргөхгүй байх” гэсэн мэдүүлгээс харахад Ө.О туслах замаас орохдоо 2 тээврийн хэрэгслийг харсан ч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн осол гаргасан. Мөн хавтас хэрэгт зам тээврийн ослыг, тээврийн хэрэгслийн эвдрэлийг тодорхой тусгасан байдаг. Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн “тээврийн хэрэгслийн баруун талд гэмтэл учирсан байна” гэх дүгнэлтийг харахад Ө.О туслах зам руу бүрэн гүйцэт ороогүй нь нотлогдож байна. Туслах замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан гэдэг нь нотлогдсон. Ийм учраас анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Оийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө бусдад зам тавьж өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж дүгнэж, түүнд 2.500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирлын тооцоог нарийвчлан гаргасан байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирлын тооцоо зөв хийгдсэн гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ө.О нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын хойд замд “Тоёота-Премио” загварын ... УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчиж,  хөдөлгөөний чиг өөрчилж зүүн гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулснаас хохирогч Ө.Мөнх-Өлзий нь жолоодон явсан “Kayo-T2” загварын ... дугаартай мотоциклоор мөргөснөөс Ө.Мөнх-Өлзийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ө.Мөнх-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэгдүгээр эгнээгээр 35 орчим километр цагийн хурдтай ганцаараа явж байтал баруунаас зүүн чиглэлтэй эсрэг урсгалд явсан ... УБС улсын дугаартай “Тоёота Премио” загварын тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ туслах зам руу гэнэт эргээд шууд миний өмнө хөндөлдөөд ороод ирсэн. Миний зүүн гар талд буюу 2 дугаар эгнээнд явж байсан “Делика” билүү загварыг нь сайн санахгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн урдуур гэнэт нөгөө машин ороод ирэхэд тэр машин огцом тоормослоод зогсоход л урдуур нь ороод нэгдүгээр эгнээнд явж байсан миний мотоциклтой тулчихсан. Тоормос гишгэж ч амжилгүй очоод мөргөчихсөн. ...” /хх 20-21/,

гэрч А.Алтантогосын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүүн эргэхдээ замын голд дохиогоо өгч зогсоод урдаас ирж байгаа машинуудыг өнгөрөөгөөд зүүн эргээд ортол замын 2 дугаар эгнээнд том машин явж байсныг гэрлээрээ гуйгаад мөн жолооч Ө.О гараа өргөөд гуйтал нөгөө машин зогсоод өгсөн. Тэгээд тэр машины урд талаар ороод Ө.Оийн машин нэгдүгээр эгнээнд очих үед жолооч талаас буюу машины баруун гар талаас “тас” гээд л явчихсан. ...”  /хх 30/,

Ө.Оийн яллагдагчаар өгсөн: “...өөрийн эзэмшлийн “Тоёота Премио” загварын ... УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хойш буюу зүүн гар тийш тасархай шугамаар эргээд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан мотоциклтой ... жолооч талын хойд хаалга хэсгээр мөргөлдсөн. Тухайн үед мотоциклын жолооч шарваад газар шидэгдсэн. ...” /хх 87-89/ гэх мэдүүлгүүд,

мөрдөгчийн магадлагаа /хх 34/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/,

Автотээврийн үндэсний төвийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 31434 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 42-46/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7509 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 48-49/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ө.Оийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ө.Оийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ө.Оийн өмгөөлөгч Д.Даваасүрэн “...Ө.Оийг цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Ө.Оийг Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас жолооч Д.Мөнх-Өлзий мотоциклоо зогсоох боломжгүйгээр тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан ба энэ зам тээврийн осолд Ө.Оийн буруутай үйлдэл шууд шалтгаант холбоотой учраас гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хор учирсантай холбоотой хохирлыг Иргэний хуулийн 497, 499, 505, 510 дугаар зүйлүүдэд заасан агуулгаар гэм буруутай этгээдээс тооцож гаргуулахдаа анхан шатны шүүх хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг буруу тооцож дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хохирлын тооцоог өөрчлөх боломжтой гэж үзлээ. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн мотоциклын эвдрэл, хохирогчийн эмчилгээ, эрүүл мэндийн асаргаа сувилгаа, цалин хөлс дутуу авсан зэрэг нийт 4.946.924 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Мөн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2454 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Оийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилтод нийцсэн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болголгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ө.Оийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан “...Ө.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.О /РД:.../-ээс нийт 4.946.924 /дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Мөнх-Өлзий /РД:УД83042979/-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээрсарын 27-ны өдрийн 2454 дугаартай захирамжаар битүүмжилсэн шүүгдэгч Ө.Оийн өмчлөлийн ... УБС улсын дугаартай “Тоёота-Премио” загварын “zzt 2400135625” арлын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                               Ц. ОЧ