Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 1342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Ганьтын 40С байрны 76 тоотод оршин суух, Луувар ХХК-ийн уурхай хариуцсан дарга ажилтай, регистр ЧЗ81040717, Харчууд овогт Цэнхэрийн Ган-Одын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Тоосгоны 13-268А тоотод оршин суух, МУИС-ийн 4-р курсийн оюутан, регистр УП95101204, Сүхболд овогтой Ганболдын Анужинд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн, Ц.Ган-Одод холбогдох хүүхдээ асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ган-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунням /үнэмлэх 1590/, хариуцагчГ.Анужин, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /үнэмлэх 0294/, гэрч С.Бадамгарав, З.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ц.Ган-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Анужинтай 2015 оны 9-р сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 10-р сарын 07-ны өдөр хуримаа хийжхамт амьдарсан. 2016 оны 3-р сарын 18-ны өдөр хүү Г.Хүлэгү мэндэлсэн. Бидний хамт амьдарч байх хугацаанд Г.Анужин хүмүүжил, төлөвшил муу, багадаа цусны өвчтэй байсан болохоор гэр орны ажил хийдэггүй байсан. Би гэр орны ажлаа хийдэг. Г.Анужин мансууруулах бодис хэрэглэдэг. Үүний улмаас бид хэрэлдэж, муудалцаж маргаан үүсдэг. Би удаа дараа хэлдэг байсан боловч Г.Анужин намайг сонсдоггүй, түүнийг 8 сартай жирэмсэн байхад багын найз нь мансууруулах зүйл авчирч хэрэглүүлж байгаад надад баригдсан. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Анужин олон төрлийн сэтгэцэд нөлөөлөх зүйл угсруулан хэрэглэсэн гэж 4 төрлийн онош гарч, сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хурцын тасагт 3 сар хэвтэж эмчлүүлсэн. Г.Анужин эх болон эхнэр хүнийхээ үүргийг биелүүлдэггүй. Намайг ээжтэйгээ нийлж гүтгэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байсан. Хүү мань төрөөд 10 гаруй хонож байхад нэг найз маань хуриманд чинь очиж чадаагүй, хүүтэй болсонд баяр хүргэе гээд бас нэг найз ирээд ажил дээр нь шөнийн 4 цаг хүртэл архи уусан. Тэгээд би гэртээ ирээд том өрөөндөө унтсан. Сэрэхэд Г.Анужин хүүгээ авч явсан байсан. Бид хоёрын хооронд тэгэхэд хэрүүл маргаан болоогүй. Г.Анужин мансууруулах зүйл хэрэглэдэг, олон янзаар боль гэж гуйж байсан. Одоо албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Хүлэгүгээ өөрийн асрамжид авна гэв.

 

Хариуцагч Г.Анужин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр танилцаж, 2015 оны 10 дугаар сард хуримаа хийж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Хүлэгү маань мэндэлсэн. Анх Ц.Ган-Одтой танилцаад машиныг нь барьж байгаад машинтай шүргэлцээд машинд нь хоносон. Тэгээд нэг хоног хариагүй болохоор айгаад Ц.Ган-Одын гэрт очсон. Тухайн үед надад гэртээ хариагүй, одоо яаж харина гэсэн айдас байсан, гэтэл Ц.Ган-Од надад нэг шингэн зүйлийг хэрэглүүлсэн. Тэгээд би айх мэдрэмжгүй болчихсон, тэдний гэрээс гаралгүй, хичээлд явуулаагүй 10 хоносон. Тухайн үедээ би хүнтэй дотно нөхөрлөж үзээгүй байсан, надад элдэв зан байхгүй. Ц.Ган-Од надаас 15 насаар ах, өмнө нь эхнэртэй, охинтой байсан, гэхдээ би түүнд хайртай байсан. Удалгүй би жирэмсэн болж, хичээлдээ явдаг болсон. Гэтэл хичээл ордог залуу багштай хардаж, уурладаг, дарамталдаг байсан болохоор ангийн хүүхдүүдээсээ ичээд гэртээ байхаар болсон. Намайг жирэмсэн, хүүхэд доошоо ороод явж чадахгүй байхад муудалцаж, хэд хэд алгадаж, хэл амаар доромжилж, би дутуу төрөх шахсан. Ц.Ган-Од жирэмсэн эхнэрээ хажууд нь суугаад явж байхад үргэлж машинаа согтуу барьдаг байсан. Зун нь манай зусланд байхад манай хамаатны надаас 3, 5 насны дүү хоёр эрэгтэй хүүхдийг Ц.Ган-Од хөзөр тоглож байгаад багалзуурдаад хананд шахаж унагасан, дүү нар маань эхлээд ах тоглож байна гэж бодоод байсан. Дараа нь намайг багалзуурдсан. Би унтахдаа аймар зүүд зүүдэлж, уйлж сэрдэг болсон. Би Ц.Ган-Одыг гаж зуршилтай хүн гэж боддог. Би одоо хүүгийнхээ төлөө амьдарна, өөртөө том зорилт тавьсан. Ц.Ган-Одын хэлснээр би Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн, учир байдлыг нь би ажил төрөл хийхээрээ шалгуулна. Надад Ган-Од мансууруулах бодис хэрэглүүлсэн, өөрөө хэрэглэдэг, ээжийнхээ уудаг винонд хийгээд уулгасан чинь хамаг юмаа ярьсан, чи ээждээ хэрэглүүлээд үздээ, хамаг юмаа ярина гэсэн. Би Ц.Ган-Одыг гаж зуршилтай хүн гэж үздэг болохоор хэзээ ч хүүгээ өгөхгүй. Намайг жирэмсэн 5 сартай байхад хүүхдээ авахуул, чи бие муутай болохоор чамаас тал хүүхэд төрнө гэж дарамталдаг байсан. Би эмнэлгээс гарч ирээд Ц.Ган-Одтой хамт амьдарна гэж бодсон боловч ээжид минь гар хүрсэн байсан. Тийм учраас би ээжид минь гар хүрсэн хүнээс хайраа татаж авсан. Намайг төрөөд нялх биетэй, төрөөд 20 хонож байхад шөнө согтуу ирээд судсаар чинь хий шахаж ална, хэн ч мэдэхгүй гэж айлгаж дарамталсан учраас би шөнө такси бариад гэртээ харьсан. Хүү минь миний хайраас илүү болохоор би эцэг эхийнхээ хамгаалтанд очсон. Би одоо төгсөх курсийн оюутан, намайг ямар оюутан бэ гэдгийг хүмүүс мэднэ, түүний яриад байгаа шиг мансууруулах бодис хэрэглэдэг хүн бишээ. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүгээ өөрийн асрамжид авна гэв.

 

Хариуцагч Г.Анужин шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдээ өөрийн асрамжид авч, Ц.Ган-Одоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ган-Од сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр Г.Анужингийн дэргэд бага насны хүүхэд өсч торних боломжгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн баримтад Г.Анужингийн хэвтэж эмчлүүлж байх үеийн түүх болон өвчний 4 төрлийн онош зэрэг тодорхой бичигдсэн байгаа. Өнөөдрийг хүртэл Г.Анужин мансууруулах бодис хэрэглэж байгаа. Иймд би Г.Анужингийн асрамжид хүүгээ үлдээхгүй. Түүнчлэн Г.Анужингийн ээж н.Энхсайхан хүүг минь удаа дараа зоддог тухай хадам аав н.Ганболд 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр утсаар залгаж мэдэгдсэн. Энэ талаар би Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандсан боловч энэ асуудлыг шүүхээрээ шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Ийм орчин нөхцөлд хүү маань өсөж, торних боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ган-Од нь З.Энхсайханд холбогдох хүү Г.Хүлэгүтэй уулзах, өөрийн асрамжиндаа авахыг хүссэн нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01-р сарын 31-ний өдөр гаргаж /хх 1/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2017 оны 3-р сарын 21-ний өдөр хариуцагч З.Энхсайханыг Г.Анужингаар сольж, Г.Анужинд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийг /хх 31/, хариуцагч нь Ц.Ган-Одод холбогдох хүүхдээ асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг /хх 46/ тус тус шүүхэд гаргажээ. Шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүү Г.Хүлэгүг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Ц.Ган-Од, Г.Анужин нар нь 2015 онд гэр бүл болж 2015 оны 9-р сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, амьдрах хугацаандаа 2016 оны 3-р сарын 18-нд хүү Г.Хүлэгүг төрүүлж /хх 6, 50/ өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин талууд хамт амьдрах хугацаандаа Ц.Ган-Од нь Г.Анужинг бусадтай харддаг, хэл амаар доромжилдог, улмаар бие махбодид нь хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулдаг, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулдаг, бие биенээ мансууруулах бодис хэрэглэдэг, хэрэглүүлдэг, айдас түгшүүртэй байлгадаг зэрэг маргааны улмаас 2016 оны 4-р сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Г.Анужин нь Ц.Ган-Одтой танилцаж гэрт нь очсоноор түүнд шингэн зүйл хэрэглүүлсэн, тэр үед машиныг нь барьж яваад шүргүүлсэн айдас байхгүй болсон, ийм зүйл ээждээ хэрэглүүлэхийг санал болсон, Ц.Ган-Од өөрөө хэрэглэдэг, үүнээс хойш нэг удаа баранд найзыгаа хүлээж байсан, гараад ирэхэд 2 залуу байсан, юу болсныг мэдэхгүй, айдас түгшүүртэй болсон гэх ба улмаар 2016 оны 12-р сардСэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлж байсан, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх 186-190/ талаар маргаагүй байна.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 565 тоот дүгнэлтээр Ц.Ган-Од нь сэтгэцийн өвчний учир хяналтад байдаг гэх баримтгүй, сэтгэцийн өвчингүй, 566 тоот дүгнэлтээр Г.Анужин нь сэтгэцийн өвчний учир хяналтад байдаг гэх баримтгүй, сэтгэцийн өвчингүй, СЭМҮТ-д 2016 оны 12-р сарын 11-нээс 2017 оны 02-р сарын 06-нд хэвтэн эмчлүүлсэн/ аливаа эм тариа сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай гэх баримт, шинж үгүйг тогтоосон /хх 88-92/ байна.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07-р сарын 27-ны өдрийн 6640 тоот дүгнэлтээр Г.Анужингаас авсан шинжилгээгээр мансууруулах бодис илрээгүй, 2017 оны 10-р сарын 30-ны өдрийн 9743 тоот дүгнэлтээр Ц.Ган-Одын шинжилгээгээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүйг /хх 108, 114/ тогтоожээ.

 

Ц.Ган-Од нь хамт амьдрах хугацаандаа эхнэр Г.Анужинг зодож биед нь хүчирхийлэл үйлдэж байсан нь хариуцагчийн тайлбар, гэрч З.Энхсайханы манай хүүхэд эхлээд нуудаг байсан, хэд хэдэн удаа зодсон, 2016 оны 1-р сард шанаа нь хавдсан ирсэн, ухаан алдтал нь багалзуурдсан байсан, Ган-Од буруугаа хүлээсэн тул хүүхдээ явуулсан гэсэн мэдүүлэг, З.Энхсайханы Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст 2017 оны 02-р сарын 16-ны өдөр гаргасан гомдлыг шалгах явцад Ц.Ган-Од нь З.Энхсайханы биед халдсан нь тус төвийн 2017 оны 2-р сарын 16-ны өдрийн 3/57 тот албан бичиг, илтгэх хуудас /хх 14-17/, Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нийгмийн ажилтны илтгэх хуудас /хх 22, 23/, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2017 оны 02-р сарын 22-ны 947 тоот тогтоол /хх 21/-оор тус тус тогтоогдсон, Г.Анужин нь төрснийхөө дараа шөнийн цагаар хүүхдээ аваад гэртээ харьсан нь ...судсаар чинь хий шахаж ална, хэн ч мэдэхгүй... гэсэн Ц.Ган-Одын айлган сүрдүүлсэн байдал, айдас түгшүүртэй холбоотой, үүнээс болж эцэг, эхийнхээ гэрт очсоныг буруутгах боломжгүй.

 

Энэ нөхцөл байдал нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах, эцэг, эх нь хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй боловч цаашид хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн, цаашид хамт амьдрах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд маргаж, тэдний хүсэлтээр шинжээч томилж Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс шинжээчийн дүгнэлтээ гаргасан байна. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэргийн оролцогч, тэдний гэр бүлийнхэнтэй ярилцах, ажиглах, нөхцөл байдалтай танилцах, хүүхдийн орчин нөхцөл, хүсэл зориг, сэтгэл зүйн сорилт хийх, эцэг, эхийн хайр халамж, тэдэнд дүгнэлт хийх замаар бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ гаргасан /хх 164-183/, үндэслэл бүхий байна.

 

Дүгнэлтээр Ц.Ган-Од, Г.Анужин нарт аав, ээж нь тусалдаг, хэн аль нь өөрийн гэсэн орон байртай, нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлдэг, хүү Г.Хүлэгү нь ээжийн талдаа ээнэгшин дассан, өсгөн хүмүүжүүлсэн давуу талтай бол хэн аль нь гомдомтгой, хувийн амьдралд нь хөндлөнгийн нөлөөлөл ихтэй, Ц.Ган-Од нь хүүхдэд тавих анхаарал халамж сул, тэдний талд ээнэгшээгүй, Г.Анужин нь бусдын нөлөөнд автахдаа амархан зэрэг сул талтай нь тогтоогдсон байна.

 

Нөгөө талаас, хүү Г.Хүлэгү төрсөн үеэсээ эхийн асрамжинд өссөн, бага насны, хүүхдийн ээнэгшин дассан орчин нөхцөл, эх Анужингийн хувийн байдал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй зэрэг байдлуудыг харгалзан хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь хадам ээж З.Энхсайхан нь 2018 оны 3-р сарын 9-ний өдөр хүү Хүлэгүг зодсон гэж тайлбарладаг боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын 2018 оны 3-р сарын 28-ны өдрийн 1045 тоот тогтоолоор хүүхдийг зодсон нь нотлогдоогүй /хх 208-209/ байна. Хүүхэд зодсон тухай бичсэн гэх 2018 оны 3-р сарын 09-ний өдрийн СД бичлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл, бусдын зөвшөөрөлгүйгээр бичигдсэн, хууль бус аргаар цуглуулсан баримт байна.

 

Түүнчлэн хариуцагч нь хүүхэд, эцэг, эхийн хамт хувийн хашаа байшинд амьдарч байгаа нь амьдрах орчин нөхцөл бүрдээгүй, орон байраар хангагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагчийн хүүхдээ асрамжиндаа авах сөрөг шаардлага нь үндсэн нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэл бөгөөд харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хуульд заасан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цэнхэрийн Ган-Од, Ганболдын Анужин нарын гэрлэлтийг цуцалж, 2016 оны 03-р сарын 18-нд төрсөн хүү Г.Хүлэгүг эх Г.Анужингийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Хүлэгүг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Ган-Одоор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА